Нээлтийн үеэр “Органик Монгол үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч Д.Ононгоос зарим зүйлийг тодрууллаа.
-“Органик хөдөө аж ахуйг дэмжих төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Энэ төсөл хоёр жил хэрэгжинэ. Монгол Улсад байгалийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай. Органик газар тариалан, мал аж ахуй, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүртээлтэй болгоход хэрхэн анхаарах вэ гэдгийг тодорхойлох зорилгоор одоогоос зургаан жилийн өмнө “Органик Монгол хөдөлгөөн” үйл ажиллагаа явуулж эхэлсэн. ҮХААЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран энэхүү хөдөлгөөнийг дэмжиж “Органик хөдөө аж ажуйг дэмжих төсөл” боловсруулсан. Энэ хөтөлбөрийн нээлт өнөөдөр болж байна.Монголчууд органик хүнс хэрэглэж, эрүүл амьдрахыг хүсч байна. Тэгэхээр анхан шатны хэрэгцээг хангагч органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүн бүр идэвх зүтгэлтэй оролцох хэрэгтэй. Дэлхий нийт хүнсний хомсдолд орж эхэллээ. Тиймээс монголчууд дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна олон улсад органик хүнс нийлүүлэх боломжийг эрэлхийлэх болсон.
-Төслийн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Органик хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд энэ төсөл хангалтгүй. Учир нь манайх шиг томоохон бүс нутгуудтай орон бол бүсчилсэн хөгжил бий болгоход урт хугацаа шаардлагатай. Тиймээс энэ төслөөр эхний ээлжинд Органик хүнсний тухай хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, баталгаажуулалтын системийг бий болгох, үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, нийтэд органик хүнсний тухай боловсрол олгох, дотоодын зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлэх юм. Монгол хүн генийн өөрчлөлтөд орсон, химийн бордоотой хүнс бус байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Цөөн хүн амтай манайх шиг улс органик хүнс хэрэглэх, органик мах сүү хэрэглэх нь чухал.
-Органик хүнс гэж ямар хүнсийг хэлэх вэ?
-Органик хүнс, ногоо нь пестицид, нийлэг бордоо, бохир усны сувгийн тунадас, био-инженерчлэл, йонжуулах цацраг туяа хэрэглэлгүйгээр тарьж ургуулсан байдаг. Органик хүнсний 95 хувь элдэв нэмэлт бодисгүй байх ёстой.
-“Органик Монгол хөдөлгөөн”-ний хүрээнд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ямар ажил хийсэн бэ?
-Органик үйлдвэрлэл эрхлэгчид тулгамддаг томоохон бэрхшээл бол санхүүжилт байдаг. Өмнө нь банкууд барьцаа хөрөнгөгүй жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгодоггүй байлаа.Бид жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Хас банк, Капитал банктай хэлэлцээр хийж зээл олгох боломжийг нь бүрдүүлж өгсөн. Мөн “Хаан банк” бидэнтэй хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 600 гаруй үйлдвэрлэгч зээл авсан. Мөн органик хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллах тухай зөвлөх хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Түүнчлэн хэрэглэгч нарт “ногоон боловсрол” олгох, аж ахуйн нэгжүүд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад нь туслах зэрэг олон үйл ажиллагааг явуулсан.
-Үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Дэд бүтэцийн асуудал хамгийн хүндрэлтэй. Органик бүтээгдэхүүн орон нутагт үйлдвэрлэгддэг. Гэвч авто замын сүлжээ муу учраас нийслэлд нийлүүлэх боломж хомс байдаг. Холоос шороон замаар тээвэрлэхэд өртөг нэмэгддэг. Бас муудах магадлал ч ихсэнэ. Өртөг нэмэгдэхээр бүтээгдэхүүний үнэ өснө. Нэн тэргүүнд үүнийг шийдвэрлэх хэрэгтэй.
-Та дээр яриандаа “органик боловсрол”-ыг нийтэд түгээх талаар дурьдсан. Хэрэглэгчдийн байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх мэдлэг нь ямар түвшинд байна вэ?
-Хэрэглэгчид органик хүнс гэж юуг хэлэх вэ гэдгийг ойлгосон. Химийн бодисоор хордоогүй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой юм. Аливаа бүтээгдэхүүн өөлхийн аргагүй цэвэр, цэмцгэр харагдаж байвал органик бүтээгдэхүүн биш гэдгийг ойлгож эхэлсэн. Өмнө нь аль болох өнгөлөг бүтээгдэхүүнийг нь сонгодог байсан. Аливаа бүтээгдэхүүн, тэр дундаа газар тариалангийн бүтээгдэхүүн хэдий чинээ өнгө үзэмж муу байна төдий чинээ органик байдаг гэж ойлгож болно. Алимаар жишээ аваад үз. Зарим лангуун дээр худалдаалагдаж байгаа алим өнгө, жин, хэмжээ нь бүгд адилхан байдаг. Учир нь түүнд зориулсан өнгө оруулагч, өсгөгч, хадгалах хугацааг уртасгагч бодис хэрэглэсний улмаас бүгд нэгэн жигд бүтээгдэхүүн болдог. Харин манай улсын хөрсөнд ургасан, химийн бордоо хэрэглээгүй төмс бол том жижиг хэмжээтэй, гаднаас нь харахад бохир харагддаг. Гэхдээ хүнсэнд хэрэглэхэд илүү эрүүл байна гэсэн үг. Гэхдээ органик хүнсний талаар огт мэдлэггүй иргэд ч бас цөөнгүй байна.
-Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн хэдэн хувийг хангаж байгаа талаар судалгаа бий юу?
-Байхгүй. Энэ төслөөр тодорхой судалгаа гаргахаар ажиллаж байна. Манай улсад хүн бүр үйлдвэрлэгч гэж болно. Өөрөөр хэлбэл, орон нутагт айл бүр сүү, цагаан идээ авдаг. Гэхдээ үүнийг нэгтгэх систем дутагдаж байна.
-Үйлдвэрлэгчид дотоодын зах зээл гэхээсээ илүү олон улсад нийлүүлэх сонирхол их байдаг?
-Манай улсад дотооддоо үйлдвэрлэж байгаа ихэнх бүтээгдэхүүнийг органик бүтээгдэхүүн гэж хэлж болно. Дотоодынхоо хэрэгцээг хангаад олон улсад нийлүүлэх боломжтой боллоо гэхэд сав, баглаа, боодлоос эхлээд тухайн орныхоо экспортын бүтээгдэхүүнд тавих шаардлагыг давж чаддаггүй. Тиймээс эхлээд органик хүнсний тухай хуулиа батлан, дагалдах дүрэм, журмыг нь давж чаддаг болсныхоо дараа олон улсын зах зээлд өрсөлдөх нь зөв.
Ч.Ариунболд
Гэрэд зургийг Б.Цэрэнжамц
montsame