2014-09-09Н.АЛТАНХУЯГ АЛДААГАА ХААЦАЙЛЖ, АРЬСАА ХАМГААЛАВ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр орой ард иргэддээ хандаж үг хэлсэн нь олны ярианы сэдэв болоод байна. Түүнийг талархан дэмжигч нам болоод алба нэгт хүмүүсийн өмгөөлсөн үгийг эс тооцвол түүний хэлсэн үг ерөнхийдөө шүүмжлэл дагууллаа.
Твийтэрийн орчинд л гэхэд түүний хэлсэн үг эхлэлээсээ эхлээд шүүмжлэлтэй тулгарав. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хувиар ард иргэддээ хандаж үг хэлсэн атал “Монгол ахан дүүсээ” гэж эхэлсэн нь туурга тусгаар монгол ахан дүүстээ хандаж буй мэт “хөндий” сонсогдлоо гэцгээв.
Нээрээ ч ард иргэд бидэндээ хандаж үг хэлэхдээ “ард иргэдээ” гэсэн бол Ерөнхий сайдын зангараг, бас иргэдийнх нь хүндлэл мэдрэгдэх байсан мэт.
Үнэндээ бол яг л маргааш сонгууль болох гэж байгаа мэт “бүтээн байгуулалт” тайлагнасан Ерөнхий сайдын үг ард иргэдийн хүсэн хүлээсэн хариултуудыг өгч чадсангүй.
Бүтээн байгуулалт тайлагнах, цаашдаа ч “бүтээнэ, босгоно” гэх ерөнхий том үгс сонгуулийн үед илүү үнэ цэнэтэй, хүмүүсийн анхаарлыг илүү татахаас өнөөдөр хэлэх нь тэр тусмаа Ерөнхий сайдын хувьд тийм ч үр ашигтай биш юм.
Яагаад гэвэл яг өнөөдөр Ерөнхий сайдын яриад буй бүтээн босголтууд ард иргэдийн талхны үнийг өсгөхгүй, ам.долларын ханшийг тогтоон барихад дэм болж чадахгүй байна.
Тэгээд ч ёстой богц богцоор нь бондын мөнгө аваад зарчихсан юм чинь энэ зэргийн бүтээн байгуулалт хийлгүй яахав гэлцэх нэгэн ч байна.
Хамгийн гол нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард иргэдийн амьжиргаа яагаад доройтов, юмны үнэ яагаад өсөв, ам.долларын ханш яагаад тэнгэрт хадав, бизнес юуны учир дампуурав гэдэгт огт тайлбар хэлж, хариулт өгсөнгүй.
Ёстой нөгөө арьсаа хамгаална гэгчээр “Бүх юм сайхан байна, удахгүй сайхан болно.Намайг дэмжээрэй. Хамтдаа л байя” гэсээр үгээ төгсгөсөн.
Ямар маргааш сонгууль болох гэж байгаа биш, бодит байдлаа яриад, цаашид яаж хүндрэлээс гарах вэ гэсэн итгэл төрөхүйц бодлого ярьсан бол ард иргэдийн хувьд ч Засгийн газар, Ерөнхий сайдад итгэл төрж болох байлаа.
Бас нэг алдаагаа тэр огт дурдсангүй. Бүр цухуйлгасангүй. Ерөөс Засгийн газар, Ерөнхий сайд улайм цайм нүдэн дээр хийсэн алдаануудаа огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тун олон хүний дургүйцлийг төрүүлж байгаа.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд төрийн албанд хийсэн холион бантан, ах дүү, үр хүүхэд,ахлах зөвлөх нь хүртэл орооцолдсон албан тушаал, авлига, хээл хахуулын хэрэгт /хэрэг гэж үздэггүй юмаа гэхэд ёс суртахууны үүднээс/ тайлбар өгч, уучлал гуйсан бол илүү эрүүл харагдах байв.
Түүний хэлсэн нэг ноцтой үг бол “Ордны хуйвалдаанаас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байна” гэлээ.
Сүүлийн үед Засгийн газрын асуудал зөвхөн улс төрийн хүрээний төдийгүй улс орны хэмжээний тулгамдсан асуудал болоод байна.
Засгийн газар нь улс орныг удирдан чиглүүлэхээс илүү амиа аргацаах хэлбэрт шилжсээр, тэр нь Ерөнхий сайдын өчигдөр хэлсэн үгээр бүр ч тод харагдлаа.
Ерөнхий сайдын хэлснээр бүх юм сайхан болно, тиймээс хамтдаа зүтгэе гэв.
Гэхдээ Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайд цаашдаа хамтдаа зүтгэе гэснээрээ наанадаж ёс суртахууны, цаанадаж хариуцлагын асуудлаар маргаан дэгдээж байна.
Энэ бүхнийг эс тооцвол Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг л таатай үг хэлэв. Тэр нь “Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлэнэ гэдгээ зарлаж байна.
Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдын суудлаас гадна засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно” гэсэн үг юм.
Энэ засгийн бүтэц хэт данхагар, сайдууд нь сэлгээний суудалд ч тохирохгүй хүмүүс байсаар байтал Ерөнхий сайд уг нь аль эрт ийм шийдвэр гаргах байсан.
Гэтэл хэт данхар засгийг өөрөө байгуулж, өчнөөн их төсөв мөнгийг үрчихээд “сэлгэж цомхотгох” санаачлага гаргая, өөрөө үлдье гэх нь бас л асуудалтай “санаачлага” юм.
Ёстой нөгөө Готов нь авна уу, Шадав нь авна уу гэдэг шиг Ерөнхий сайдаар Алтанхуяг л биш бол хэн ч яахав гэсэн хандлага байгааг тэр өдий хүртэл анзаараагүй л байгаа бололтой.
Аливаа ажлын хувь заяа түүнийг удирдан чиглүүлж байгаа хүнээс ихээхэн хамаардаг нь зүй тогтол. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газрын асуудал өнөөдөр иймдээ тулсан нь тэргүүнээс шууд хамаарч ирснийг үгүйсгэх боломжгүй юм.
Сураг ажигаар бол Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж Н.Батбаяр сайд ажлаа өгнө. Мөн зам тээврийн сайд А.Гансүхийг Засгийн газрын бодлогыг биелүүлэхээс татгалзсан, төмөр замын төслийг урагшлуулаагүй гэж үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй аж.
ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл ч цомхотголд өртөх гэнэ.
Гэхдээ түрүүний хэлснээр чиглүүлэгч өөрөө чиглүүлж чадахгүй бол хэнийг хэнээр солиод ч нэмэргүй. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр их асуудалтай сайд.
Эдийн засгийн хөгжлийн яам гээчийг байгуулж, “Чингис” бондын мөнгөөр тоглуулсны хариуцлага Ерөнхий сайдад ч бас давхар очих учиртай.
Ерөнхий сайд маань яг л сонгууль болж байгаа юм шиг “Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж үгээ төгсгөсөн.
Өнгөрсөн 2012 оны сонгуулиар АН-ын дэвшүүлсэн энэ уриа чихэнд хоногшсон болохоор дэндүү танил дотно сонсогдоно.
Гэвч танил болж, дассан бүхэнтэйгээ цаашдаа ч бас зууралдах хүсэлгүй цаг үе ирдэг.
Яг өнөөдөр бол АН-ын сонгуулийн уриа аягүй “хэрцгий” сонсогдож байна.
Тийм учраас Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдтай хүн шиг амьдарна гэдэг юу л бол...
Ц.Цэнэ
gereg.mn