2014-08-18МУИС-ийн багш, эдийн засагч, доктор Ч.Хашчулуунтай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРИЙНХӨӨ ХИЙХ ЁСТОЙ АЖЛААС ЗУГАТААД БАЙГАА ЮМ ШИГ...
-УИХ-аас баталсан эдийн засгийг идэвхжүүлэх “ЭЗЭН-100” хоногийн хугацаа дуусч байна. Энэ хугацаанд эдийн засагт ямар эерэг үр дүн гарав аа?
-Эдийн засгийг эрчимжүүлэх, идэвхжүүлэх төлөвлөгөөг хийдэг. Гэхдээ энэ удаагийн Засгийн газраас амласан 100 хоног зохион байгуулалтийн хувьд алдаатай байсан гэж би бодож байна.
Эдийн засгийг сайжруулах ажлыг Засгийн газар хийх ёстой.
Түүнээс биш бизнесийн төлөөлөл, ТББ-ууд сайн дураараа хийх боломжгүй. Яагаад гэхээр энэ хүмүүс маань шийдвэр гаргаж чадахгүй.
Шийдвэр гаргах боломжгүй хүмүүст энэ ажлыг даалгачихаар Засгийн газар өөрийнхөө хийх ёстой ажлаас зугатаад байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлж байна.
Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан зөвлөлийн гишүүд тайлангаа тавьж байсан.
Гэхдээ тэр хүмүүсийн гаргасан тайланг сонсохоос илүү засаг, төр өөрөө юу хийсэн юм бэ гэдэг нь чухал. Хамгийн гол нь үр дүн харагдах ёстой. Үр дүн хараахан гараагүй, харагдахгүй байгаа учраас 100 хоногийн хугацаанд эдийн засаг сайжирсан юм байхгүй байна.
Эдийн засгийн өсөлт нэгдүгээр улирлаас хоёрдугаар улирлын хооронд эрс муудсан. Нэгдүгээр улиралд долоон хувьтай байсан бол одоо дөнгөж 5,3 хувьтай гарч байна.
Гадаадын хөрөнгө оруулалт муудсан хэвээр, нэг ч том төсөл эхлээгүй байна.
100 хоногт ямар нэгэн өөрчлөлт гарсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ сэтгэл зүйн хувьд эдийн засаг хүнд байна, ямар нэг юм хийх ёстой шүү гэсэн ойлголт байгаа нь л сайн байна гэж хэлэх байна даа.
ОЮУТОЛГОЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ТЭЗҮ-Г БАТЛААГҮЙ Л БАЙГАА
-Эдийн засгаа сайжруулахын тулд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх ёстой. Ингэхийн тулд мэдээж хөрөнгө санхүү хэрэгтэй. Гэтэл хөрөнгө оруулагчид буурсан байгаа энэ үед хөрөнгө оруулагчдыг татах ямар арга зам байна вэ?
-Хөрөнгө оруулалтыг бид гурав хувааж авч үзэх ёстой. Нэгдүгээрт, улсын төсвийн хөрөнгө оруулалт. Энэ нь манай улсад хийгддэг нийт хөрөнгө оруулалтын 10 орчим хувьтай тэнцдэг гэсэн тооцоо байдаг.
Хоёрдугаарт, хувийн хөрөнгө оруулалт. Хувийнх нь дотроо дотоодынх гэж байгаа юм. Дотоодын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтыг харахад нэг хэсэг нь төрийн хувь эзэмшлийнх.
Тэгэхээр төр өөрөө сайн ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлөө хурдан өгч, гэрээгээ хурдан байгуулах ёстой. Тэгж байж томоохон төслүүд урагшилна.
Удаан байна л гэж хэлмээр байна.
Төр, хувийн түншлэлийн биш хувийн хөрөнгө оруулалт бизнесийн орчноос шалтгаална.
Бизнесийн орчин гэхээр татвар, зөвшөөрөл олгож байгаа процесс хоёр л байгаа шүү дээ. Энэ хоёрт өөрчлөлт ороогүй бол хурдлах ямар нэгэн шалтгаан байхгүй.
Гуравдугаарт, төрөөс өөрөөс нь хүлээгдэх Тавантолгой, Оюутолгойн төсөл эхлээгүй л байна. Оюутолгойн хоёрдугаар ээлжийн ТЭЗҮ-г батлаагүй л байгаа шүү дээ.
Батлаагүй байгаа учраас энэ төсөл эхлээгүй. Хэн батлах ёстой юм. Төр засаг өөрсдөө батлах ёстой.
ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ 100 ХОНОГТ ТАВАНТОЛГОЙД ЯМАР Ч ҮР ДҮН ГАРСАНГҮЙ
-Эдийн засгийг өсгөх өөр ямар арга зам байна вэ?
-Хамгийн гол нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой. Монгол жижигхэн эдийн засагтай. Энэ эдийн засагт нөлөөлөх томоохон төсөл гэвэл хуруу дарам цөөн.
Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, Оюутолгой гээд. Бидэнд аж үйлдвэрийн төслүүдээ эхлүүлэх нэн чухал байна.
Тавантолгой манай улсын хамгийн том нөөц. Энэ нөөц одоо ашигтай ажиллаж чадахгүй байна. Нүүрсээ улам хямдруулаад зарж байгаа.
Хямд үнээр нүүрсээ борлуулж байгаа болохоор ганц улсын эдийн засаг ч биш салбарын бүх хувийн компаниуд хүнд байдалд байна.
Энэ нь төрийн буруу бодлоготой л холбоотой.
Тавантолгойд 2011 онд АНУ-ын компани цахилгаан станц, төмөр зам, боловсруулах үйлдвэрийг нь барьж өгье гээд бэлэн төлөвлөгөөтэйгөө орж ирсэн.
Дээрээс нь 500 сая ам.долларыг бэлэн мөнгөөр нь урьдчилаад өгье гэж байсан.
Гэтэл энэ саналыг хүлээж аваагүй.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөнд Тавантолгойд ямар ч үр дүн гарсангүй.
Оюутолгойн хувьд хоёрдугаар ээлжийн гүнийн үйлдвэрлэл хэрэгтэй гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ ажил хэрэг болж байж манай зэсийн үйлдвэрлэл эрс нэмэгдэнэ.
Зэсийн экспорт нэмэгдэхээр вальютын орлого нэмэгдэнэ гэдгийг бүгд мэдэж байгаа.
Гэтэл жил гаруйн хугацаа өнгөрч байхад ТЭЗҮ-г нь батлахгүй байгаа нь ямар учиртай юм. Ойлгохгүй байна.
ЭКСПОРТ НЭМЭГДСЭН ҮЕД АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙГ УНАГАСАН НЬ АРЧААГҮЙНХ
-Шаардлагатай хуулийн төслүүдийг нь батлаад өгчихлөө. Одоо албаныхан ажлаа хийх л үлдлээ гэж эрх баригчид хэлж байсан санагдана?
-Хууль бол ерөнхий л дүрэм. Эдгээр төслүүдэд Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй.
Зөвшөөрөл өгөхгүй байгаа юм чинь яаж урагшлах вэ. Зогсонги байдалд л байна шүү дээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан.
Энэ хуулийнх нь журам гарахгүй байсаар байгаад сая наадмаас өмнө гарлаа шүү дээ.
Ямар нэгэн хөрөнгө оруулалтын нөхцөл бүрдээгүй, хэвээрээ л байсан гэсэн үг байхгүй юу.
Маш их хугацаа алдаж байна л гэж хэлмээр байна.
-Төсөвт ам.долларыг 1380-д барина гэж тусгасан. Гэтэл өнөөдөр 1900 хүрчихлээ. Барина гэсэн тоондоо багтааж барих боломж байсан уу?
-Ам.долларыг барих бүрэн бололцоо байсан. 2009 оны хямралын үеэр ам.доллар 1200-1700 хүрээд суларсан.
Тухайн үед мөнгөний зөв бодлого явуулж, ОУВС-тай хамтран ажилласны дүнд долларын ханш 1300 хүртэл буурч байсан.
Тухайн үед төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Пүрэвдорж гуай үүнийг хийсэн.
Харин өнөөдөр оронд нь гарсан хүмүүс “манай улсын эдийн засаг хямраагүй. 2009 онд дэлхий нийтээрээ хямарсан байсан” гэх юм.
Одоо бол дэлхийн эдийн засаг хямраагүй.
Манай улсын зэсийн экспорт нэмэгдэж байгаа энэ үед мөнгөний ханшийг 40 хувиар унагасан нь арчаагүй байна л гэсэн үг.
Энэ нь юунаас болж байна вэ гэхээр асар их хэмжээгээр төв банк арилжааны банкуудаар дамжуулж орон сууц, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төгрөгөөр дүүргэсэн.
Эргээд энэ нь төгрөгийг үнэгүйдүүлхэд хамгийн их түлхэц болсон.
Гадаадын хөрөнгө оруулалт багассан нь үнэн боловч гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийн тогтвортой байдал чухал.
Гэтэл өөрийнх улсын вальют 40,50 хувиар үнэгүйдээд байхад хэн ч манайх руу хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй.
Монголбанк зарчмын том алдааг хийсэн.
Тэр нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулсан, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлийг нь байхгүй болгосон.
-Цаашдаа ам.долларын ханш буурах болов уу?
-Нэгэнт их хэмжээгээр төгрөгийг гүйлгээнд гаргачихсан тохиолдолд гүйлгээнээс ямар нэгэн байдлаар татаж, цөөрүүлж байж эдийн засаг сэргэнэ.
Өөрөөр хэлбэл, урьд нь олгосон их хэмжээний зээлийн хөтөлбөрүүдээ зогсоох ёстой.
Өнгөрсөн жил эдийн засагчид үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны дэмжлэгээ болич ээ, Монгол банкны хийх ёстой ажил биш, төгрөгийн ханшаа эхний ээлжинд анхаарахыг их шаардсан.
Гэтэл үгүй манай банкнаа хэрэгжүүлж байгаа ажил зөв гэж Золжаргал ерөнхийлөгч зөрсөн. Тэгээд л өнөөдрийн ийм байдалд орчихлоо шүү дээ.
Энэ бүхний цаана хэн хохирч байна вэ гэхээр ард түмэн.
Ийм байдалд хүргэхгүй байх боломж бүрэн байсан гэж хэлмээр байна.
Одоо бол төгрөгөө татах арга хэмжээг л авах ёстой. Энэ олон хөтөлбөрөө зогсоож, олгосон зээлүүдийнхээ чанарыг сайжруулах ёстой байхгүй юу.
Мэдээж ингэсэн тохиолдолд манай эдийн засагт дахиад цохилт үзүүлнэ. Гэхдээ эдийн засгийг эрүүлжүүлэх арга зам нь энэ юм.
Тэгэхээр ийм байдалд оруулсан Монголбанкны буруу зуун хувь байгаа.
ШИЙДВЭР ГАРГАХ ТӨВШИНДӨӨ ШИЙДВЭРҮҮД НЬ ГАРАХГҮЙ БАЙНА
-Эдийн засгийн хямралыг өмнөх Засгийн гарын тавьсан сууринаас болсон гэх юм?
-Өмнөх Засгийн газрын үеэс гэвэл “Чалько”-гийн гэрээг ярьдаг. Уг гэрээний нийт дүн 300 орчим сая ам.доллар.
Одоогийн удирдлагууд энийг төлөлгүй хугацаа алдаж, дахиж гэрээ хийхдээ хоёр дахин муутгасан.
Өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн өсөлтийг хамгийн өндөр төвшинд хүргэсэн.
Жилд дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ордог нөхцөл бий болсон байсан.
Манай экспорт хоёр дахин өсч, төсөв ч одоогийнх шиг янз бүрийн бонд байхгүйгээр томоохон бүтээн байгуулалтийг хийгээд явж байсан.
Одоо бол эсрэгээрээ их хэмжээний өрөнд унасан, тэгсэн атлаа нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй байна.
Харин ч урьд нь эхэлсэн ажлууд бүгд гацчихсан байгаа.
Бусад руу бурууг түлхэхээс илүү өөрснөө юу хийсэн бэ гэдгээ эргэж харах ёстой.
Ерөнхийдөө 2012 оны сүүлээс эхэлсэн эдийн засгийн хүндрэл зогсохгүй байсаар байгаад өнөөдрийг хүрч байна.
Хамгийн гол нь шийдвэр гарахдаа төвшиндөө шийдвэрүүд нь гарахгүй байна.
-Бондын мөнгөний зарцуулалт буруу байсан нь эдийн засагт дарамт авчирсан гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Анхнаасаа бондыг босгохдоо сангийн яам, бусад яамдууд юу гэж ярьж байсан бэ гэхээр томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ гэж байсан.
Гэтэл цагаа тулахад нөгөө төслүүдийн тооцоо, төлөвлөгөө байхгүй байсан учраас нийтийн болсон шүү дээ.
Эргэж төлөх хугацаа нь ойртож байна. 2017 оноос эхлээд төлөх ёстой.
Ямар, орлогоор яаж төлөх гэж байгаа юм гэдэг талаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нэг ч үг ороогүй байгаа. Ерөөсөө эргэж төлөхгүй юм шиг, байхгүй юм шиг яриад байгаа юм.
Нэгдүгээрт, хөгжлийн бодлого байхгүй, хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын бодлого байхгүй. Мөнгө байлаа гээд юунд хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй нөхцөлд мөнгө цацах нь эрсдэлтэй.
2012 онд экспортийн өндөр орлоготой байсан. Эдийн засаг эрүүл, төгрөгийн ханш унаагүй байсан.
Гэтэл хоёрхон жилийн дотор хөрөнгө оруулалт ч үгүй, төсөв нь алдагдалтай, төгрөгийн ханш уначихсан байдалтай л байна. Хамгийн гол нь 2,4 тэрбум ам.долларын өртэй болчихсон байна.
Юунд зарцуулсныг нь хэн ч мэдэхгүй, ямар үр өгөөжтэй төсөл вэ гэхээр төсөл нь байхгүй л байна.
Эдийн засгийн алуурчид гэж гадныхныг голдуу ярьдаг. Одоо бол эдийн засгийн алуурчид манай дотоодынх болчихоод байна.
-Бондыг төсвөөс гадуур зарцуулсан. Одоо болохоор төсөвтэй нийлүүлнэ гэх юм. Энэ нь эргээд төсөв дарамт болох уу?
-Анхнаасаа бондыг зарцуулахдаа хууль эрх зүйн орчныг нь сайн бэлдэх ёстой байсан. Бонд юун хэрэгтэй юм, хөгжүүлэхэд л хэрэгтэй ш дээ.
Мөн маш сайн тооцооны үндсэн дээр хийх ёстой байсан. Зүгээр нэг зөвлөл байгуулахдаа гол нь биш. Зөвлөл эрх зүйн хувьд ямар ч чадамжгүй шүү дээ.
Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг яамдууд бэлдээд УИХ-д өгсөн гэж байгаа юм. Гэтэл олонхийн бүлэг түүнийг нь хэлэлцэхгүй жил гаран боллоо.
Тэгэхээр Монгол Улс яаж хөгжих гээд байгаа нь тодорхойгүй, ямар хөрөнгө оруулалт хийх гээд байгаа нь бас л тодорхойгүй.
Тэгсэн атлаа хамаагүй мөнгө зээлж, үрэн таран хийдэг болчихсон.
Тэр их өрнийх нь хүүг ирээдүй хойч л төлөх болчихоод байна шүү дээ.
-Урд, хойд хөршийн ерөнхийлөгчийн айлчлал удахгүй эхэлнэ.
Айлчлалын хүрээнд багагүй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх байх. Энэ нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлт байх шиг байна?
-Ард иргэд ямар асуудлыг хэлэлцэхийг нь тодорхой мэдэхгүй байгаа.
Мэдэхгүй байгаа юм чинь ямар хүлээлт үүсэх вэ дээ. Эрх баригчид л өөрсдөө хүлээж байгаа байх.
Үнэн хэрэгтээ хоёр хөршийн ерөнхийлөгчтэй ярилцах сэдэв, гэрээ хэлцэл нь олон нийтэд ил тод байх ёстой.
Хөрөнгө оруулалтын тооцоо, төлөвлөгөө гэсэн юм байхгүй ийм үед гэрээ хэлцэл хийх нь үр дүнгээ өгөхгүй.
-Таны хувьд ямар асуудлыг голчлон анхаараасай гэж хүсч байна вэ?
-Хятад улстай ярих юм бол манай улсын экспортын нөхцөл байгаа. Нэгдүгээрт тээвэр. Транзит тээврийг баталгаажуулах.
Гуравдагч орон руу Монголын барааг гаргахад туслалцаа дэмжлэг үзүүлэх. Татвар ногдуулахгүй байх гэх мэт олон зүйл байгаа.
Энэ бүхнийг ярьдаг боловч ажил хэрэг болдоггүй.
Эх баригчид Хятадаас их хэмжээний зээл авна гэж горьдож, хүлээж байгаа.
Зээл авлаа гэхэд ямар ч тооцоогүй энэ үед улам л дарамт болно.
Сая Тажикстан улс Хятадаас зээл аваад өрөө төлж чадахгүй өчнөөн газраа өрнийхөө тооцоонд өгсөн.
Энэ мэт зүйлээс болгоомжлох ёстой.
Ярилцсанд баярлалаа.
С.Дуламсүрэн
gereg.mn