2014-08-13Халхголын байлдааны Ахмад дайчин Гончигийн Хандамтай уулзлаа. 1939 оны Халхголын байлдаанд оролцож явсан Ахмад
дайчдаас эдүгээ Дорнод аймгийн хэмжээнд амьд сэрүүн үлдсэн хоёрхон хүний нэг нь юм. Тэрээр өдгөө 90 гаруй насалж, Дашбалбар суманд охиныхоо асрамжинд аж төрж байна. Өнгөрөгч улсын баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж урамшуулжээ. Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн уур амьсгал хэдүйн орсон энэ өдрүүдэд түүнтэй ярилцлаа.
-Хандам гуай, зуншлага сайхан уу, бие данги биз дээ?
-Сайхан даа. Ингээд л сууж байдаг хүн дээ. Олон жилийн өмнө явганаас унаж хөлөө бэртээснээс хойш санаагаараа гарч орж чадахаа байсаан.
-Халх голын байлдаанд оролцож явсан баатарлаг гавьяаг тань төр үнэлж, хамгийн сүүлд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Шагналаа өөрөө гардаж авсан уу?
-Тэгэлгүй яахав, аймагт очиж, шинэ сайхан театрт хурал болж тэнд гардаж авсан. Төрийнхөө сүлдэнд өдөр бүр л залбирч, төр засагтаа ухаангүй ихээр баярлаж сууна даа.
-1939 оны байлдаанд оролцсон тухайгаа хуучлаач. Тэр үед та хэдэн настай байв?
-Арван зургаатай байсан. Юугаа ч мэдэхгүй хэр нь байлдаан болж байгаа тэр газарт очиж ажиллая гээд манай сумын 16 бүсгүй гараад өгсөн хэрэг.
-Анх энэ саналыг хэн нь гаргав?
-Биднээс арай эгчмэд нь Чимэдцэрэн байсан. Тэр анх ийм санал гаргаж, бусад нь дэмжсэн. Тэр үедээ 20-иод хүн гар өргөж дэмжсэн ч яг явдаг дээрээ 16 болсон. Би тэднээс арай дүүмэд болохоор нарийн ширийн учир явдлыг тэр үедээ сайн ойлгоогүй. Тэнд очиж ажил хийнэ гэсэн бүдэг бадагхан ойлголттой л явсан.
-Та ингэхэд эхээс хэдүүл вэ?
- Би өргөмөл ганц дүүтэй, айлын ганц охин.
-Хорь хүрээгүй ганц охиноо дайтна байлдана гээд явахад эцэг эх тань хорьсонгүй юу?
-Айлын ганц болохоор жаахан дураараа байсан юм болов уу даа. Намайг явна гэхэд хэн ч хориогүй. Тэр бүү хэл, ээж минь надад мөнгөн эмээл, хазаартай морь бэлдэж сумын захиргаан дээр хүргэж өгч байсан.
-Мөнгөн тоногтой морь унаад гараад өгсөн хэрэг үү?
-Тэгсэн. Эдлэл хэрэглэл нь дутагдалтай байсан юм болов уу даа, морийг маань буцааж байсан. Сүүлд мөнгөн эмээл, хазаарыг бүрэн бүтнээр нь ар гэрт хүргүүлсэн байсан шүү.
-Тэр үед та сурч байв уу?
-Ямар юм нь сурах вэ, хөдөөний бид чинь бичиг үсэг мэдэхгүй тун бүдүүлэг байсан үе шүү дээ. Харин яг тэр үеэр эвлэлийн үүрээс залуучуудыг бичиг үсэгт сургахаар сумын төвд авчирч байсан.
-Та нарын дайнд оролцоё гэсэн анхны саналыг эвлэлийн үүрийн дарга чинь дээш нь уламжилж зөвшөөрүүлсэн гэдэг яриа байдаг?
-Тэгэлгүй яахав. Нанзадын Аюуш гэж бид үеийн зон л доо. Хоолтой минь залгуулсан хүн гээд түүнд хүндэтгэл үзүүлж жил бүр би шинийн нэгэнд эвлэлийн даргатайгаа очиж золгож, залуу насаа дурсан ярьж хөөрдөг л юм.
-Тэгээд бичиг үсэг хэр сурав даа?
-Юу гавих вэ, дөнгөж л дөрвөн аргын тоо заалгаж, үсгээ сайтар нүдэлж амжаагүй байтал дайн болсон.
-Сумаасаа морьтой гарсан улс хэд хонож аймаг орж байв?
-200 гаруй км замыг бид хоёр өдөр, шөнө туулсан.
-Замдаа ядрав уу?
-Ядарсанаа мэддэггүй юм аа. Харин замын айлд хоол хийлгэж байсан нь мах татаж зогссон охины нус төө хэрийн унжиж байснаа махан дээр уначихсан. Түүнээс нь ухаангүй сэжиглэж тэр айлд хоол идэлгүй дараагийн айлд бууснаа мартдаггүй юм.
-Хүрэх газраа яваад очдог, ямар орчин угтав даа?
-Дайны байдалтай байсан ч Баяндунгийн 16 охин ирнэ гэдгийг дарга, цэрэггүй цөм мэдчихсэн, цэргүүд жагсаж тун сүртэй угтаж авч, хоёр эсгий гэрт биднийг хуваарилсан. Гэр орноо дор нь төвхнүүлээд маргаашаас нь тус тусын ажилд очицгоосон.
-Та ямар ажилд очив?
-Би аймгийн төв эмнэлэгт хуваарилагдсан. Тэнд асрагчаар ажиллах болсон.
-Ажлын ачаалал хүнд байв уу?
-400 гаруй шархтны дунд ганц орос эмч, орчуулагч, бид гурвуул ажилладаг байсан. Өдөрт л гэхэд шархатсан цэрэг ачсан машин тав, зургаагаараа цуваад орж ирдэг байсан. Өглөөнөөс үдэш болтол борви бохисхийх завгүй ажиллана. Би эмчийн заавраар өвчтөнөө асарна, хооллоно, ундална, угааж арчина, ор дэрний хэрэглэлийг солино, гаднаас эм тариагаа ойртуулах гээд бүхий л ажлыг амжуулдаг байсан. Энэ бүхэнд дан ганц эмчийнхээ заавраар хөдөлнө.
-Бусад тань хаагуур байв?
-Хээрийн эмнэлэг, угааврын газар гээд энд тэнд хуваарилагдсан.
-Хоорондоо уулзалдах уу?
-Нэг гэрт амьдарч байсан хэр нь хоёр нарны хооронд ажилладаг байсан болохоор өдөржин ажилдаа үүртэж ядарсан хүмүүс ярьж хөөрөх ч тэнхэлгүй орондоо ороод өглөөтэй золгоно. Тав тухтай ярьж хөөрөх зав бидэнд үнэндээ олддоггүй байсан.
-Тэр үеийн санаанд үлдсэн хөгтэй явдлаас яриач?
-Хөглөж явсан л байлгүй дээ. Санаанд орох нь муу л байна. Зарим өвчтөнийхөө нэрийг хэлж чадахгүй их сандарна. Одоо бодохноо казах цэргүүд байсан байх. Орос эмч өвчтөний нэр асуухад нь тонгойгоод зогсчихдогсон. Бүр хожим шүү дээ, баруун аймгаас Халхголын дайнд оролцож явсан хүн Баяндунгийн 16 охин ирж цэргийн эмнэлэгт ажиллаж, биднийг маш сайн асарч сувилж байсан гээд сураг ажиг тавьсан байдаг юм.
-Дайны талбараас хэдийд бууж гэртээ ирэв?
-Долдугаар сарын дундуур нутгаас гарсан бид дайн дууссаны дараа 12 дугаар сар гаргаад нутагтаа ирж байсан.
-Дайны талбарт сурсан мэдсэн зүйл энх цагт бас хэрэг болсон л байх даа?
-Хэрэг бололгүй яах вэ, би чинь Чулуунхороот сумын эмнэлэгт асрагчаар 10 шахам жил ажилласан хүн шүү дээ. Хүнтэй харьцах, хүнийг асрамжилж, халамжлах бүхий л ажилд гаршсан байсан.
-Тэр үед ойр тойрныхон чинь Халх голын байлдааны ахмад дайчин эмэгтэй гэдгийг мэддэг байсан уу?
-Тэд юугаа мэдэхэв дээ. Би ярьж хөөрсөн ч биш. Үнэндээ тийм гавьяатай хүн гэдгээ өөрөө ч мэдэхгүй явсан үе.
-Баатарлаг үйлс бүтээж явснаа ер нь тэгээд хэдийнээс мэдрэв?
-Халхголын ялалтын 45 жилийн ойгоор юм. Намар оройхон хадлан дээр байсан нь нэг нөхөр “Ахмад дайчин Хандам байна уу?” гэж сурахад нь “Бүү хүнээр наадагтий” гэсэн нь үнэхээр тийм үг үсэгтэй урилга хүргэж ирсэн байсан. Тэгээд сумандаа баярын хуралд оролцсон. Түүнээс хойш аймаг, улсад тэгш ойд уригдаж оролцох болсон. Одон медаль ч олныг авсан даа. Тээр жил бидэнд улсаас орон байртай дүйхүйц мөнгөн тэтгэлэг өгсөн. Төр засгийн буяныг их л хүртэж сууна даа.
-Хандам гуай амьдрал ямар байна даа.
-Өөрийн дураар орж гарч чадахгүй л болохоос биш ууж идэх өмсөх зүүхээр дутагдаж гачигдсан зүйлгүй, хэдэн зээ нартаа эрхэлж тунирхаад байж л байна даа. Өнгөрсөн жил одонгоо авахад зээ хүүхдүүдээрээ хүргүүлээд аймагт очиж гардаж авсан. Энэ жил ойдоо өргүүлээд ч болов очиж оролцоно гэсэн бодол байна.
Таван жилийн өмнөхийг бодвол Хандам гуайн бие жаахан чилээрхүү санагдсан. Тийм болохоор бидний яриа ингэсхээд өндөрлөлөө.
Ойдоо заавал ирээрэй. Хамгийн хүндтэй зочин байх таныг олон хүн тэнд хүлээнэ.
Б.Туяа / Дорнод сонин/