2014-07-28Эдийн засаг хэзээ өсөх вэ. Засгийн газрын тэргүүн одоогоос 81 хоногийн өмнө яг энэ асуултад “100 хоногийн дараа” хэмээн итгэлтэйгээр хариулж байлаа. Гэтэл хоног хугацаа өнгөрөхийн хэрээр итгэл нь буурсаар наадмын өмнө “100 хоногийн дотор бүх юм гял цял болчихно гэж бодож болохгүй” гэж мэдэгдэн шүүмжлэлд өртөөд авсан.
Гэхдээ яах вэ, УИХ тогтоолын төслийг баталж байх үед эдийн засагчид ч, олон нийт ч итгэхгүй байсан учраас Ерөнхий сайдын эргэж буцсан мэдэгдэлд тэгтлээ уурлаж бухимдсангүй.
Хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн 23 ажил нь бүхэлдээ бизнесийн орчныг сайжруулах, гадны хөрөнгө оруулалтыг татах хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд хийгдэх байсан, түүний ихэнхийг нь УИХ хийгээд өгчихсөн болохоор үр дүн нь цаашид гарах байх гэж бодъё.
“Хоёр литрийн бидонд хоёр литр л ус орно” гэдэг шиг Монголын эдийн засагт ч гэсэн тэлсээр, тэлсээр эцэст нь тулах нэг хэмжээ байгаа нь ойлгомжтой. Хэрвээ тэр хэмжээ нь болсон бол хүссэн хүсээгүй буцаад зохистой хэмжээндээ очихыг тэмүүлнэ
Гэхдээ хэзээ вэ. Хэрвээ Ерөнхий сайд үнэнээ хэлсэн бол тогтоол батлагдах үед л “Эзэн 100”-г амжуулах нь бид өөрсдөөс шалтгаалах асуудлаа шийдэж байгаа хэрэг, цаашид хэрхэх нь гадны хүчин зүйлээс хамаарна. Бодит үр дүн гартал хугацаа шаардлагатай” гээд шууд ойлгочих байсан.
Гэтэл тэгээгүй. Ард түмэн ч “Сүх далайтал үхэр амар” гэгчээр 100 хоног дуусч сайн сайхан цаг ирэхийг хүлээж, “101 хоногийн дараа амьдрал сайжраагүй байвал барьж иднэ дээ чамайг” хэмээн занаж сууна.
УИХ “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн хуулиудын ихэнхийг нь батлаад өгчихсөн учраас гадны хөрөнгө оруулагчид одоо манайд бизнес эрхлэхэд илүү таатай болсон. Гэвч ингэлээ гээд байдал сайжрах уу.
Эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг worldeconomics.com цахим хуудсанд энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын талаархи нэгэн мэдээлэл тавигдсаныг УИХ-ын “жиргээч” гишүүд олноороо шэйрлэсэн байв. Зах зээлийн өсөлт, худалдаа, бизнесийн итгэл найдвар /өөрөөр хэлбэл, Монголд аливаа нэг бизнес эрхлээд амжилтад хүрнэ гэсэн итгэл/ зэрэг үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг “Худалдааны менежерийн индекс” хэмээх үзүүлэлтээр Монгол Улс сүүлийн нэг жилийн турш тасралтгүй уруудаж байгаа талаар уг мэдээлэлд өгүүлжээ.
Худалдааны менежерийн индекс 2013 оны дөрөвдүгээр сард 78 байсан бол өнгөрсөн жил гаруйн хугацаанд 30 гаруй нэгжээр буурч, энэ сард 45 болон, хамгийн доод төвшиндээ хүрээд байгаа юм байна. Хөрөнгө оруулагчдад хамгийн чухал үзүүлэлт байх учиртай Бизнесийн итгэлийн төвшин жил гаруйн өмнө 94 байснаа энэ сард 40 болж хоёр дахин буурсан байна.
Үйлдвэрлэл, гадаадын хөрөнгө оруулалт гээд эдийн засгийн бүх л тулгуур үзүүлэлтүүд буурч, үнэ ханш өсөн, цалин, тэтгэвэр л хэмжээндээ үлдсэн байна. Худалдаа л өмнөх сарынхаасаа үл мэдэг нэмэгдсэн боловч жилийн өмнөхтэй харьцуулшгүй байгаа юм.
Хамгийн ноцтой нь, энэ байдал ойрын хэдэн сард сайжрахгүй, улам ч муудах шинжтэй гэсэн байх юм.
“World Economics”-ын гүйцэтгэх захирал Эд Жонс “Монгол Улсын эдийн засгийн идэвхи сул хэвээрээ байгаа учир долдугаар сард индекс нь үргэлжлэн уналаа. Худалдаа өнгөрсөн сарыг бодвол үл ялиг нэмэгдсэн нь л цорын ганц гялайх шинж тэмдэг болж байна” хэмээн хэлсэн байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор манай эдийн засгийн идэвхи удааширч, тэр нь өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн дүгнэлтийг дээрх мэдээллээс хийж болохоор байна. Гадны хөрөнгө оруулалт буурч, валютын үнэ нэмэгдсэн энэ үе дотоодын үйлдвэрлэгчдэд бага ч гэсэн ашигтай туссан нь магад. Гэтэл одоо дотоодын үйлдвэрлэгчдийн идэвх ч саарах болчихоод байна.
ОУВС, Дэлхийн банкнаас Монголбанкинд “Бодлогын хүүгээ нэм” гэж зөвлөх болсон. Монголбанкны бодлогын хүү нэмэгдэхэд арилжааны банкуудын зээлийн хүү нэмэгдэж, дотоодын эдийн засгийн идэвх саарна. Гадаад нь явахгүй байгаа дээр дотоод нь саарчихаар эргэж сэргэтлээ удах нь тодорхой.
Эдийн засаг ийнхүү удааширч байгаа нь өмнөх Засгийн газруудын явуулсан “Эдийн засгийг тэлэх” бодлоготой зайлшгүй холбоотой. Сүүлийн хэдэн жил манай улс эдийн засгаа дээд чинээнд нь тултал тэлэх бодлого баримталж ирсэн. Эдийн засгийн өсөлт өндөр байсан 2010 оноос хойш бид эдийн засгаа тэлэхийг байнга эрмэлзэж, энэ чигт үйл ажиллагаагаа чиглүүлж байлаа.
Өнгөрсөн хугацаанд бодит инфляциа гүйцэж чадахгүй, өсөлтийг бий болгохоор хичээж иржээ. Дараа нь, “Чи ядуурсан ч хамаагүй, эдийн засгийг өсгөж байгаа намыг л сонго” гэсэн шаардлагыг ард түмэнд хүчээр тулгадаг байв. Одоо үүсээд байгаа хүндрэлийг бий болгосон нэг үндсэн шалтгаан нь энэ.
Хэт тэлсэн эдийн засаг буцаад байх ёстой хэмжээндээ очихоор тэмүүлж байна. Ямар нэг зүйл чинээндээ тулахаар буцаж харвадаг жамтай. Мөнхийн зүйл гэж байдаггүй. Тэгэхээр хамтарсан засгийн үед асар их хөрөнгө, мөнгө зарлагадан байж тэлсэн эдийн засаг одоо буцаж агшихаар тэмүүлж байна. Энэ бол тун зөв гаргалгаа.
УИХ-ын гишүүн Сү.Батболд Бороогийн алтны ордыг ашиглахаар төсөл боловсруулж байхдаа алтны үнийг зах зээлийн үнээс хамаагүй өндөр тооцсон нь хөрөнгө оруулагчдад таалагдсан гэдэг. Алтны ханш тухайн үед түүхэн дэх хамгийн бага үедээ ирээд байсан болохоор “Үнэ буцаад өсч л таарна” хэмээн хар ухаанаар бодсон гэдэг. Энэ нь ч яг оносон.
Аливаа зүйлд өөрийн гэсэн хэмжээ бий. “Хоёр литрийн бидонд хоёр литр л ус орно” гэдэг шиг Монголын эдийн засагт ч гэсэн тэлсээр, тэлсээр эцэст нь тулах нэг хэмжээ байгаа нь ойлгомжтой. Хэрвээ тэр хэмжээ нь болсон бол хүссэн хүсээгүй буцаад зохистой хэмжээндээ очихыг тэмүүлнэ.
Манай эдийн засаг сүүлийн хэдэн жилд хэд дахин өсч томорсон. Энэ байдлыг хараад Ардын намынхнаас ядаж л Сү.Батболд гишүүн “Эдийн засаг буцаад агшиж л таарна“ гэсэн тооцоог тун төвөггүй хийсэн байх учиртай. Эндээс үзвэл, эдийн засаг хямраагүй, харин сүүлийн хэдэн жилд явуулсан “эдийн засгийг тэлэх” бодлого л буцаж байгаа хэрэг.
Монголын улстөрчид, тэр дундаа МАН-ынхан дандаа “хойшоо харж” ярьдаг, харин Ардчилсан нам хэт алс ирээдүйн асуудал ярьдаг. Иргэдийн амьдралд нөлөөлөх эерэг нөлөөллийг сонгуулийн жил байхаар тохируулдаг жишиг тогтоод удлаа. 2012 оны сонгуулийн өмнө МАН иргэдэд сая төгрөг тараасан нь цэвэр өр байсан.
Нөхдүүд ялалт байгуулсан бол аль нэг ордоо тавьж өгөөд аргалах байсан нь тодорхой. Харин АН МАН-ыг бодвол зах зээл цаашид төрийн оролцоогүй гольдирлоороо яваад байх нөхцлийг бүрдүүлэх гэж илүү хичээж байна. Их ч ажил хийж байна.
Гэхдээ л эдийн засаг яриад байгаа шиг нь хурдан сайжирчихгүй, харин ч зохистой хэмжээндээ очтолоо “агшина” гэдэг таамаглал хамгийн үнэн санагдана. Ямар нэг аргаар мөнгө олж өсөлтийг хангаж чадлаа ч хэдэн жилийн дараа барьцгүй муриулж мэдэхээр хатуу боорцог юм байна, эдийн засгийн “зохиомол” тэлэлт гэдэг чинь.
Х.Батсайхан
Монголын мэдээ