2014-07-23Нидерландын ахмад экспертүүдийн холбооны Монголыг хариуцсан зөвлөх Макс Баристай ярилцлаа. Эдийн засагч мэргэжилтэй энэ
хүн долоон жилийн өмнө тэтгэвэрт гараад зүгээр суусангүй дэлхийд нэр хүнд бүхий уг байгууллагад ажиллахаар болжээ. Тэр цагаас хойш Ази, Африк, Латин Америкийн ядуу болон хөгжиж байгаа орнуудад-бизнесийн үнэтэй зөвлөгөө өгч иржээ. Түүнтэй Монгол орон. монголчуудын талаар ярилцсанаа хүргэе. Дашрамд хэлэхэд тэрбээр монголчуудад чин сэтгэлээсээ тусалж, сурч мэдсэнээ харамгүй хайрлах хүсэлтэй байгаа нь ярилцлагын явцад тод мэдрэгдэж байлаа.
-Танай байгууллагын гол зорилго юу вэ. Үйл ажиллагааны онцлог?
-Хөгжиж байгаа болон зах зээлийн харилцаанд шинээр орж ирж байгаа улс орнуудын антрепренёруудыг Нидерландын ахмад экспертүүдтэй холбоо тогтооход бидний үйл ажиллагааны гол зорилго оршино.
-Антрепренёр гэдэг үгийн утгыг манай уншигчдад тайлбарлана уу?
-Ерөнхийдөө шинэ санаачилга дэвшүүлэн гаргаж ирж түүнийгээ бизнес болгон өргөжүүлдэг хүмүүс гэж ойлгож болно.
-Нидерландын ахмад эксперт (шинжээч)-үүдийн холбоонд хэдэн насны хүмүүс ажилладаг вэ?
-Манай холбооны экспертүүд дор хаяж бизнесийн 30 жилийн туршлагатай хүмүүс байдаг. Онцлог нь сайн дураараа богино хугацааны тодорхой төслүүдэд зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудын антрепренёрүүдэд мэдлэгээ түгээж, бизнесийнхээ арга ухаан олоход нь тусалдаг гэсэн үг. Манай байгууллага 3200 сайн дурын ажилтантай бөгөөд жилд 2000 антрепренёрд зөвлөгөө өгч байна даа. Нийт хөгжиж буй болон ядуу 75-80 оронд өөрсдийн биеэр хүрэлцэн очиж зөвлөгөө өгдөг. Ойролцоогоор 70 салбар, тухайлбал хүнс, даатгал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, бусад жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын чиглэлийн зөвлөгөө өгдөг.
-Та Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ?
-Анх 3 жилийн өмнө ирж байлаа. Нийтдээ 6 удаа ирсэн. Жилдээ 2 удаа ирсэн гэсэн үг. Ер нь Монгол Улсад манай байгууллагаас жилдээ 25-30 зөвлөх ирж ажилладаг. Эхнийх нь жилдээ нэг удаа ирж 2 долоо хоног ажиллаад буцдаг бол дараагийнх нь үйл ажиллагааг нь хянадаг.
-Та бүхэн чухам ямар шугамаар Монголтой холбогддог вэ? Өөрсдөө тодорхой судалгааг үндэслэн ирдэг үү, эсвэл манай улсаас санал тавьдаг уу?
-Монголын хувийн компаниуд бидэнд хандаж хүсэлт тавьдаг. Түүнийх нь дагуу бид очиж ажилладаг.
-Яг ямар чиглэлийн бизнест зөвлөгөө өгдөг вэ?
-Голдуу жижиг, дунд бизнест зөвлөгөө өгдөг. Тухайлбал, гар урлал, зочид буудал, хөнгөн хүнс, газар тариалан, нийтийн хоол гэх мэт.
-Нарийвчлаад асуухад таны зөвлөгөө өгсөн компаниудын бизнесийн орчин ямар байна вэ?
-Бид хувьдаа маш нарийн зөвлөгөө өгдөг. Тухайлбал, хөдөө аж ахуйн компанийн бүтэц ямар байх ёстой вэ, зах зээл гарч ирэхийн тулд ямар арга хэрэглэх вэ гэх жишээтэй. Газар тариалан эрхлэгчдэд бол ямар үр сонгож вэ, түүнийгээ хэрхэн яаж суулгах вэ, дараа нь яаж орлого олох вэ гэдэг зөвлөгөө өгдөг. Бизнесийн орчинг ярихаасаа илүү тухайн байгууллага, иргэний бизнесийг хөлөө олоход нь бид туслах үүрэгтэй.
-Анх үүсэн байгуулагдаж байгаа компаниуд уу, эсвэл олон жилийн туршлагатай компани та бүхэнд хандаж зөвлөгөө авдаг уу?
-Шинээр бий болсон компаниудаас илүү бизнес нь эхлээд удсан, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгдөг. Тухайлбал, энэ удаад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтраад мэргэжлийн түвшиний тодорхой сургалт явуулсан. Жишээ нь, "Жуулчин" компанид зориулж зочид буудлын үйлчилгээ, нөхцлийг сайжруулах сургалт буюу барууны улс оронд зочид буудлын үйлчилгээ ямар байдаг талаар сургалт хийсэн. Мөн Edelweiss зочид буудлын тогоочдод сургалт явуулсан.
-3 жилийн өмнөхтэй харьцуулбал таны нүдээр манай улсад ямар өөрчлөлт гарсан байна вэ?
-Тодорхой ялгаа, ахиц дэвшил гарсан байна. Би хувьдаа нөхцөл байдал сайжирч байна гэж хэлмээр байна. Нийслэл Улаанбаатарт оффисийн зориулалттай томоохон барилга байгууламж олон бий болж. Үүнийг дагаад бизнесийн хамтын ажиллагааны нөхцөл байдалд өөрчлөлт орох нь ойлгомжтой. Үйлчилгээ ч сайжирсан байна. Нэг талаас энэ бол Монгол Улс дэлхийд нээлттэй болж байгаагийн илрэл юм. Өөр нэг дэвшил гэвэл 3 жилийн өмнөхтэй харьцуулбал интернэт сүлжээ сайжирчээ. "WiFi" хаа сайгүй болж. Гэхдээ сул тал бас байна. Зохион байгуулалт муу, цаг барьдаггүй, төлөвлөгөөгүй ажиллаж байгаа зүйл цөөнгүй ажиглагдлаа. Замын хөдөлгөөн замбараагүй хэвээр байна. Мөн англи хэлний түвшин хангалтгүй байна. Гадаад хэл сурахгүйгээр хувь хүн ч тэр, улс орон ч тэр урагшаа ахихгүй шүү дээ. Ялангуяа Монголын ирээдүй болсон хүүхэд залуус хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.
-Монгол Улс хүн ам цөөнтэй, зах зээл багатай орон. Таныхаар ямар бизнес эрхлэвэл урагшаа явах бол?
-Танай улсын хүн ам цөөн, түүнээс болоод зах зээл бага. Гэхдээ тодорхой салбарт дэлхийн түвшинд хүрэх бололцоо их бий. Түүхий эдээ тэр чйгээр нь урагшаа зөөх биш боловсруулаад экспортловол илүү бололцоо бий. Тэмээний ноосоо түүхийгээр нь гаргах биш наад зах нь цамц болгоод гаргах хэрэгтэй. Тэр үйлдвэрлэлээ улам өргөжүүлэх хэрэгтэй. Гадаад улсаас ноосон цамц авахгүй байх бололцоо байна шүү дээ. Ашигт малтмалын хувьд л гэхэд нүүрсээ түүхийгээр нь зөөх биш угаагаад гаргавал илүү ашигтай санагдана.
-Манайд ноос, ноолууран бүтээгдэхүүн дагнасан үндэсний үйлдвэрүүд хэд хэд бий. Таны хувьдаа тэр үйлдвэрүүдээс илүү боломж олж харав уу?
-Би хэдэн жишээ татая. "Говь" тэргүүтэй сайхан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани олон байна. Мөн савхин хувцас үйлдвэрлэдэг аж
ахуйн нэгжүүд ч нэлээд хэд байна. Эдгээр үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ загвар хийц, чанарыг улам сайжруулаад гадаадын зах зээлийг байлдан дагуулах хэрэгтэй. Тийм бололцоо бий.
-Таныг Замын-Үүд суманд ажиллаад ирсэн гэж сонссон. Ямар сэтгэгдэл төрөв. Тэнд манай экспорт, импортын томоохон хэсэг төвлөрдөг учраас асуухгүй байж чадсангүй?
-Өнгөрөгч зургадугаар сард Замын-Үүдэд очсон. Хятадаас цемент оруулж ирж байхыг харсан. Төмөр замын өргөн, нарийн царигаас болоод Монгол руу шууд ачихад хэцүү байсан. Түүнээс болоод Монголын хил дээр хэд хоног саатаж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, ихээхэн цаг, хүч хөдөлмөр алдаж байна гэсэн үг. Гэхдээ одоо Монголын талд цементийн үйлдвэр бий болгосон гэж сонссон.
-Дэд бүтэц, зам харилцаанд ямар өөрчлөлт гарсаныг та ажиглав?
-Хоёр, гурван жилийн өмнөхтэй харьцуулбал Чингис бондын ачаар хар зам тавьсан байна лээ. Гэхдээ нэг жилийн өмнө өчнөөн өртөгөөр тавьсан зам гэхэд зарим газраа эвдэрсэн байх юм. Үнэхээр хайран. Мэдээж зам тавьж, бүтээн байгуулж байгаа нь зөв л дөө. Хамгийн гол нь тэр замын чанарт анхаарах хэрэгтэй байлаа. Магадгүй цаг агаарын хатуу ширүүн нөхцөл байдал, хүнд даацын машинууд замын эвдрэлд нөлөөлсөн байх. Гэхдээ л эхэндээ замынхаа чанарт анхаарах ёстой байсан юм.
-Төмөр замын өргөн, нарийн цариг ихээхэн маргаан дагуулж байна. Та хувьдаа манайд аль нь ашигтай гэж бодож байна вэ?
-Өмнөд хөрштэйгөө бизнесийн хамтын ажиллагаагаа сайжруулахад нарийн цариг нь байхад яагаад болохгүй гэж.
-Та бол олон улс оронд ажиллаж байсан туршлагатай ахмад эдийн засагч. Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихөд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу бол?
-Чингис бондоос жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар төр засгийн хэмжээнд их яригдаж байгаа мэдээллийг би олж уншсан. Гэхдээ одоохондоо дорвитой үр дүн харагдахгүй байна гэж би хувьдаа харсан. Жишээлбэл, Чиигис бондын зарцуулалтын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 1200-1300
өргөдөл ирснээс 888-ыг сонгож банкинд өгсөн гэсэн. Гэвч зээл нь олгогдохгүй гацсан бололтой. Уг нь банк сонгож авсан төсөлдөө зээлийг хурдан шуурхай олгох шаардлагатай байсан.
-Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд анхаарахаа мэдэгдсэн. Манай улсад энэ салбар хөгжихөд ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?
-Хятадад хөдөлмөрийн бүтээмж маш өндөр, бага зардлаар их зүйл хийдэг. Энэ талаасаа монголчуудын хувьд тэдэнтэй өрсөлдөхөд хэцүү. Гэхдээ давж гарахын тулд илүү хурдан, илүү эрч хүчтэй ажиллах хэрэгтэй. Өөр арга байхгүй. Вьетнамд хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна. Тэгвэл Монголчууд яагаад өөрсдөө хямд үйлдвэрлэж болохгүй гэж. Аль болох хурдан хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шатруу орох хэрэгтэй. Ер нь монголчууд юу хийж бүтээв? Чингис хаанаас өөр дэлхийд юугаараа танигдсан бэ? Ингэж нэг эргэцүүлж бодоосой. Өнөөдөр хүүхэд, хөгшингүй Чингис хаанаа л ярьж байна. Өнгөрсөн түүхээ яриад л гараа хумхиад суувал урагшаа явахгүй шүү дээ.
-Та Монголоос гадна өөр ямар оронд ажиллаж байсан бэ?
-Би Нидерландын ахмад экспертүүдийн холбоонд орсон цагаасаа хойш Африк, Латин Америкийн улсуудад ажиллаж байлаа. Харин одоо бол Монгол Улсыг хариуцан ажиллаж байна даа.
-Монгол орон, монголчуудын талаар юу хэлмээр байна даа?
-Монгол бол маш үзэсгэлэнтэй сайхан орон. Ирээдүй их бий. Гагцхүү зохион байгуулалт муу байна. Үүнийг шууд өөрчлөхөд хэцүү. Цаг хугацаа шаардах болов уу. Тодорхой үе гарч ирэх биз ээ.
-Цаг зав гаргаж, сонирхолтой ярилцлага өгсөн танд баярласнаа илэрхийлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Д.Дорж /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/