2014-07-17 "Баяр аа, Баяр аа! Миний хүү хаана байна аа? Өвөө нь согтчихлоо, өвөөгийнхөө гараас татаарай. Миний хүү ээ, Баяр аа." Өвгөн босох гэж сарвалзсан боловч чадсангүй. Согтжээ.
Усан үзмийн дарсанд согтчихож. Орос дарсанд шүү.
Дандий өвгөн тэгтлээ нэг их архи уугаад байдаг хүн биш.Гэхдээ л өнөөдөр согтжээ.Баярласандаа согтчихсон хэрэг.Өвгөний хувьд сүүлийн хэдэн өдөр шиг гунигтай хоосон өдрүүд амьдралд нь таарч байсангүй,тийм болохоор өнөөдөр шиг баяр хөөртэй бүтэн өдөр бас таараагүй гэсэн үг.
Өвгөн ийнхүү дуудсаар байсан авч өвөөгийн ганц амин гол Баяр ач нь ирж согтсон өвөөгийнхөө гараас татаж босгосонгүй.
Хөндийн хөх салхин доор өеөдөж ойчсон өвгөн гараа хий л сарвайсаар.Өвгөнд бол ач хүүгийнх нь жоохон гар ойрхон харагдаад байгаа хэрнээ бариад авч арай л хүрэхгүй, өөрийинх нь баримжаагаар бол мухар сөөм л дутчихаад байлаа.
Өвгөн арга тасрахдаа Алекейг дуудлаа.Алексей өвгөний согтож унасан газраас холгүй эхнэртэйгээ инээлдэж хөөрөлдөөд байгаа нь дуулдаад байгаа хэрнээ өвгөн дээр хүрч ирсэнгүй.Дандий өвгөн дахиад л ачийгаа дуудав.Хоолой нь сөөжээ.Согтуу өвгөний нүдэнд ач хүүгийнх нь хөөрхөн гар заримдаа сар шиг харагдаад хэцүү байв.
Үнэндээ бол сартай саруулхан шөнө байлаа.
* * *
Уг нь Дандий өвгөнийг өдөр хонио хариулаад зүгээр явж байхад нь Алексей гэгч энэ орос хүү уруу татчихаж.Уруу татагдахгүй байж ч бас болсонгүй.Өвгөн энэ хүүгийн өмнө өөрийгөө буруутай гэж бодож түүндээ дээлийн гол болтлоо шаналж явсан хүн.
Тэгж бодохоос ч аргагүй.Аймаар юм болжээ.Өвгөний хаваржааны баруун дэнжээр төмөр зам тавьж байна гэж баахан орос хаваржингаа бужигналдаж.
“Хүнд гэмт хэрэгтэй хоригдлууд байгаа,сэрэмж болгоомж илүүдэхгүй,хот хороогоо сайн бэхэл,ер нь ч нутаг сэлгэж холхон буухад гэмгүй” гэсэн явган яриа нутгийн зон олны дунд түймэр шиг асч байлаа.Өвгөний хот айлын хувьд болохоор идээшиж дасссан нутгаасаа хахир хавраар хаашаа ч нүүхэв,тэгээд ч мал төллөөд эхэлсэн,хүн бүл муутай болохоор нүүдэл суудал хийх боломж үнэндээ байсангүй.Гэтэл нэг өдөр өвгөнийг хониндоо явж ирчихээд цайгаа ууж суутал хэрэг дэгджээ.Юу гэвэл,өвгөний таван настай ач хүү Баярын ноолж эрхлүүлдэг халтар ишиг алга болсон тухай яриа гараатхав.Ач уйлжээ.
“ Хаашаа алга болдог юм бэ,хониндоо сайн үзэхгүй юу?”
“ Зөндөө эрээд олсонгүй.Таныг хонь хариулж явахад оросууд хонины захаар
яваагүй биз?”
Бэр нь ингэж асуулаа.
“ Үгүй ээ...Үгүй ч юу байхав,нээрээ намайг овоон дээр адуу дурандаад сууж байхад
хоёр нөмгөн цэрэг хувцастай хүн хонины захаар явж байсан санагдах чинь”
“Тэд чинь л авсан даа,аав минь.Тэд өлсдөг,айлын нохой алж шарж идсэн сураг
байсан.”
“Хош,үгүй байлгүй,наад амаа тат!”
Гэрт ийм яриа болж байхад нохой хуцаж,морьтой хүн ирэх дуулдав.Төдхөн хаврын хавсарга салхитай цуг хүрээд ирэв үү гэлтэй,хаалга үүд сүр сархийлгэн хүн орж ирсэн нь ноднинхон цэргээс ирсэн,өнөө хүртэл цэрэг ногоон өмд,бахиал гутлаасаа салж амжаагүй,багийн дарга,өлбөлзсөн өндөр хөх хүү цүнхээ санжигнуулан ороод ирэх нь тэр.
Өвгөн,багийн даргатай,мал төл,ногоо бороо гэхчлэнгийн ой зуурын юм ярьж суутал морь юүлэхээр адуу руу явсан хүү нь ороод ирэв.
“Аав,миний халтар ишгийг оросууд шараад идчихсэн...”
“Юу???”
“Халтар ишиг нь алга гэнэ ээ.Хониндоо сайн үзсэн юм уу?”
Хэргийн эзэн өвгөн яриаг өөр тийш нь булзааруулах гэж ачaa “түлээ оруул!” гэж хөөж гаргав
Багийн дарга төмөр зам тавьж байгаа улсын дотор дайны цагт урвасан,Сталины хуулиар алах ялтай улс байгаа,бас тэнд орчуулагч хийдэг өөрийнх нь таньдаг хүн бий гэж ярьсан боловч тэр нь ямар хүн байгааг хэлсэнгүй.Хэлээд ч таних биш.Таниад ч яахав.
Харин төмөр зам тавьж байгаа бүх хүн дайны цагийн хуулинд захирагддаг гэж гээд “ дайны цагийн хууль” гэгчийнхээ талаар нэлээд сүржин юм ярив.
Багийн дарга жаал цай ууж аваад морджээ.Мордоод Булгийн эх рүү сажлуулж явсанаа,гэнэт зүгээ өөрчлөн төмөр замын оросууд руу цүнхээ савчуулан давхисныг нь Дандий гуайн хот айлынхан анзаарсангүй.
“Хөөрхий,хэний ч үр ялгаа юу байхав.Дайны газар буугаад өгчихсөн улс юм гэсэн.Үгүй ер,өөрөөсөө хамаагүй олон тоотой дайсанд бөөн,бөөнөөрөө алуулчихсантай адил байхав.Өршөөгөөд орон гэрт нь хариулчилтай билээ.Аав,ээж нь бас л бидэн шиг хөгшин хөвөө юмнууд байгаа даа.”Өвгөн ингэж бодож суулаа.
* * *
Маргааш өглөө нь өвгөнийг чөдөртэй морьдоо авчирч уячихаад гэр рүүгээ майцарч байтал
төмөр замын оросуудын чигээс машин ирж байгаа харагдаатхав.Юун машин ирдэг билээ гэхшүү юм бодож гайгүй сайн саравчилж харвал хоёр хул адуу элдсэн машин ирж яваа харагдлаа.
“Баяр аа,миний хүү өвөөгийнхөө дуранг аваад ир ээ”
Хүүг гэрээс дуран аваад харайлгаж гарвал юу байсан гэж бодно оо,хоёр явган хүн хөөсөн машин
зэлний цаагуур тойрч өвгөний гэрийг зүгэллээ.Хонь,хурга үргэн хуйларч,морьд хуухиран уяагаа тасалчих шахав.
“Хөөе,таминь ээ,энэ чинь яаж байна аа...?”
Ингэж хашгираад өвгөн өөдөөөс нь майжигнав.Холоос хурдан унаанд ааг амьсгаагүй хөөгдсөн
хоёр залуу өвгөнд тулж ирүүт хоёр хөлийг нь нэг нэгээрээ тэвэрч,орилж бархиран газар самардаж тэр гэхийн тэмдэггүй юм болов.Өвгөн ч золтой л ар тийшээ суучихсангүй,нөгөө хоёрын мөрөн дээр тулж арай чарай тогтлоо.Машин зогсуут бүхээгнээс нь нэг дарга хувцастай хүн бууж ирэнгээ гартаа барьсан буугаараа өвгөнийг “холд” гэж дохих шиг болов.
Гэнэтийн энэ айхавтар юманд цочирдсон өвгөнийг хөдөлж цөхөж байх хооронд буу хэд хэд дуугараатхалаа.Дарины хурц,эхүүн үнэр,газар руу сад тавьсан цус,их л эв хавгүй таталдан хөдөлж амь тавьж байгаа хоёр сайхан залуу өвгөнд тэрхэн зүүд юм шиг санагдаж,ер тэрхэн агшинд тэнгэр дээр байгааг л бүүр түүрхэн мэдэхээс цаашгүй болоотхов.
“ Ээ..элий..халаг...”Өвгөний амнаас ийм хэдэн үг унаад тас гөлөрчээ.
Нөгөө буудсан дарга оросоор хэдэн үг хэллээ.Хэдийдээ хаанаас гараад ирэв,хоёр,гурван хүн нөгөө хоёрын амьгүй болсон биеийг газраас авч машин дээр чулуучихаад юу ч болоогүй юм шиг машинаа хүржигнүүлээд алга болж өглөө.
Өвгөн зогссон газраа чулуу мэт хөшсөн хэвээр хоцорчээ.
* * *
Гэнэтийн энэ айхавтар явдалд цочирдсон Дандий өвгөнийх тэр өдөртөө нутаг сэлгэхээр ачаалав.Ачаагаа ачиж дуусаад хөдлөх гэтэл муу пөөнөгөр хөгшин хар нохой нь хойт овоо руу хуцаад болдоггүй.Уг нь тэнд хадны хөмөг доор жаахан нүх ухаад хурга,ишиг усалж байхаар цас нөөцөлж байсан нь одоо бараг хайлаад дуусанаас өөр юу байхав.
“Баяр аа,миний хүү,нохойгоо дууд,хөдөлж үзье”
“ Банхаар ..Банхаар!”
“ Хөтлөөд ир,миний хүү,яадаг улиан бэ,наадах чинь,ороолгоод ав,болохгүй бол..”
Хүү гүйгээд явчихлаа.Нохой хүүгээс зугтааж хадны энгэр өөд шогшив.Нохой,хүү хоёр ямар нэг юм хараад зогсчихлоо.
“ Ээж..”
“Яах гээд байгаа юм бэ,бушуул!”
“Үгүй ээ,ээж...!Нааш ир дээ.”
Бэр нь жаахан залхуурч яршигласан боловч сониуч зан нь дийлж хормойгоо өшигчин гүйв.
“Хүүе,аав,Балдир,энийг хараа!”
“Юу харуулах гээд байгаа юм бэ?”Нөхөр нь уцаарлалаа.Ер нь өглөөний айхавтар явдалд цочирдсон хэд бие биендээ их л ширүүн болсон нь илт.
“ Халтар энд байна”
“Юун халтар?”
“ Халтараа,Халтараа..!”
Хүүгийн дуу цангинаад явчихав.Өвгөн,Балдир хоёр хүрч очлоо.Нөгөө алга болсон хэргийн эзэн халтар ишиг цас тогтоож байсан тогтоол нүхэнд уначхаад хоносон болотой,нэлээд даарч зутарчихсан амьтан царайчлангүй майлж зогсох нь тэр.Өвгөн ягхийтэл бөгсөөрөө газар суучхав.Амьд явна гэдэг утгаа алдсан мэт өвгөнд санагдаад ирлээ.
* * *
Балдирынх нутаг сэлгэсэн боловч хүн болгоны сэтгэл тавгүй,тэр дундаа өвгөн” хөөрхий дөө,мөн ч залуухан,ёстой хүүхдээрээ хоёр байсан даа” гэж хааяа шогширч ганцаараа ярихаас өөрийг дуугарахаа болив.Ер нь өвгөний дуу цаашаа оржээ.Насаараа жудаг журам сахиж,ер түүний төлөө л амьд яваа юм шиг бодож амьдарч ирсэн өвгөний тухайд тэр нэг өглөөний болоод өнгөрсөн явдалтай яавч эвлэрч чадахгүй байлаа.Тэр өглөө өвгөн нэгийнх нь царайг гайгүй сайн харж авчээ.Хаа нэгтэй таарвал таних ч юм шиг санагдаад байв. Тэгсэн атлаа буудуулаад үхчихсэн хүнтэй дахиад уулзана гэж байх биш,ер нь ч юу гэж таарах вэ гэж бодно.Гэтэл нэг л зөн совин татаад байв.”Амьд байсан юм биш байгаа..шархдаад...анги дээрээ очоод...эмч сувилагч аминд нь орсон байж бас болох биш үү.Оросын эмч нар мундаг гэсэн.Ийм хол газар илүү л мундаг доктороо явуулна даа.”Тэгснээ,”тиймхэн юманд,хүний нялх үрийг хөнөөчихгүй байлгүй дээ,тэр багийн дарга хүү л будлиан хутгалаа даа.Түүний гайгаар буруу ойлгож хардаад тэр муу хоёрыг намайг айлгах гэж зориуд шархдуулаад аваачаад эдгээчихсэн байж бас болох юм” гэж бодох болов.”Ер нь маргаашнаас сүү аваад хүрээд очьё,асууж сураглая.Арай алчихаагүй байлгүй дээ.Эмнэлэгт байгаа хүнд сүү сайн даа.”Өвгөн ийм юм бодож байлаа.
* * *
Нэг өдөр өвгөнийг оройхон хонио гэр өөдөө дөхүүлдэг ч юм бил үү гэж бодоод овоон дээр сууж байтал билчээрлэсэн хониных нь цаад дөрөлж дээгүүр хоёр хүний толгой шоволзож байснаа алга болчихов.
“Зүггүй золигнууд.Дэмий тэнэж явж хэрэгт орох вий дээ,та нар.”
Өвгөн ингэж ганцаараа ярилаа.”Хөөрхий,хоригдол хүүхдүүд юм бол өлсөлгүй яахав.Гэрт хүрээд ирдэг юм бол хэл мэдэхгүй ч борц дэвтээгээд шар будаа ч болов чулуудаад нэг сайхан хоол хийгээд өгөх юмсан,гэдэс гарна даа” гэж бодсоноо,”нээрээ нутаг сэлгэж бараг өртөө хол нүүчхээд байхад энд эд нар явж байдаг чинь юу болж байна аа .Нөгөө оргодол,босуул..” гэж бодуут жаахан айдас төрөөд явчихав.Өвгөнийг ийнхүү үүлгэртэж суутал хуучин цэрэг шинелэрхүү хувцасны энгэр задгай тавьсан хоёр шар банди тулаад ирэх нь тэр.
“Сайн байна уу,өвөө?”
“Сайн,сайн байн уу?Хөөш,та хоёр чинь одоо..зүгээр үү?”
Өвгөн сайхь хоёрыг шууд танив. Өвгөний хувьд хүний зүс царай байтугай,хонины зүс царайг андана гэж үгүй.
“Зүгээр ээ,өвөө.Таныг санаа зовж байгаа байх гэж бодоод уулзахаар ирлээ.”
“Еэ,чухам зовохоор барах уу даа.Өвөө нь бүр...”
Өвгөнд хэлэх үг олдсонгүй.Баярласандаа болоод шал мангар тэнэг хүн шиг болчихов.Аянганд цохиулсан хүн амьд гарчихсан юм шиг хэсэг мэлэрч зогссоноо гэнэт сэхээ орж нэг их чанга дуугаар “миний хүүхдүүд шарга сорви нь эдгэсэн үү,тэгээд?”гэж асуув.
Нөгөө хоёр бие биен лүүгээ харж инээлдлээ.”Үгүй мөн залуу хүүхдүүд гэдэг цаанаасаа өөр юм аа.Өвөө нь та хоёрыг чинь одоо буудуулаад байхгүй болчихлоо л гэж бодож байлаа шүү дээ.Одоо өвөөгийндөө очих юм байгаа биздээ.Нөгөө цаг чөлөө чинь юу болж байгаа вэ,дахиад янз бүрийн юм болох вий дээ,хууль цааз чанга байлгүй яахав.”
“ Өвөө,бид хоёр таныг аваачихаар ирсэн.”
“ Юу гэсэн үг вэ,танай анги дээр чинь одоо над шиг өвгөн хүн яваад очиж
болдог хэрэг үү?”Өвгөн ингэж асуухдаа нөгөө сүү аваад очно гэж бодож байснаа санав.”Үгүй дээ,өвөө минь,манай анги дээр биш,бидний гэрт.Та бид хоёрын нэрийг сонссон бил үү,намайг Алексей,үүнийг Эмиль гэддэг шүү дээ.
Эхлээд та манайхаар,дараа нь Эмелийнхээр орно.Өвгөн ахыгаа дайлна.Аав
ээжтэйгээ танилцуулна.Та ингэхэд орос айлд очиж үзсэн үү?”
“Үгүй чиш”.Өвгөн орос гэнгүүт өөрийгөө яагаад орос хүнтэй ярьж чадаад байгааг гэнэт гайхсан боловч цаад хоёр нь монголоор яриад байгааг сая л анзаарлаа.
“Би чинь тэгээд хонио яах болж байна?”
“Удахгүй ээ,нар шингэх болоогүй байна шүү дээ.”
“ Өвгөн ах нь ер ойлгохоо болилоо.Яаж би чинь тэр хол орос газар очих юм бэ?”
“ Бид хоёр хурдан унаатай яваа.Нисээд очичхоно.Буцаагаад таныг аваад ирнэ.”
Хоёр хүү үнэн хэлсэн байлаа.Хонио идээшлүүлдэг хотгорынх нь цаахана онгоц буучихсан харагдав.
* * *
Орос айлд өвгөн дайлуулж цайлуулж үзээгүй болохоор их л сонин байлаа. Тэднийх өвгөнийг дайлж байгаа дарсаа “ усан үзмийн дарс” гээд хүүгээ ирэхийг хүлээж олон жил дарсан болц нь гүйцсэн дарс гэж тайлбарлалаа. Алексейн аав гэж өөр шиг нь өвгөн дайнд оролцож явсан тухайгаа хуучлав.
Хөгшин нь ч бас яггүй наргианч самган аж.Дандий өвгөн хүүг нь алуулчихсан гэж айж,санаа сэтгэлээр унаж явснаа хөгшчүүлд ярьж оройжингоо инээлдэж ууж,идэж наргицгаав.Алексейн эхнэр гэж бэр шиг нь жаахан охин өвгөнийг их л хүндэлж “ид,уу” гэж хөл алдах нь өвгөнд таатай байлаа.Тэгтэл Алексейн хүү,ач шиг нь томоогүй амьтан өвөр дээр нь ирээд суучхав.Бишүүрхэнэ,барина ч гэж байхгүй амар амьтан аж.
“Миний ач Баяр гэж яг чам шиг нэг дайсан бий дээ,хө.Та хоёрыг тэгж
байгаад нэг уулзуулна аа,чухам.Ёстой нэг буулгаж өгөх байх даа,та хоёр.”
Өвгөн ингэж ярив.
“ Дараа ирэхдээ өвөө нь чамд хурга бэлэглэнэ ээ.Үгүй ер чи хурга авах
уу,ишиг авах уу?”
Дандий өвөө нэлээд согтож байлаа.Арга ч үгүй юм,орос айлд анх удаагаа дайлуулж усан үзмийн дарс хүртэж суугаа юм чинь.”Дараа нь нөгөө хүү Емилийнхээр орно.Нөгөө хонь ч юу болж байгаа билээ.За яахав,хонь орой болохоор гэр рүүгээ цувчхана биз.Ганц орой яав л гэж.Чоно нохой гайгүй дээ” гэж бодож тайвшрав.Дандий өвгөн гадаа гарлаа.Тэнгэрт од түгчихэж.Өвгөн гадаа гараад аль хэр удсанаа мэдсэнгүй. Ер нь л согтчихсон байлаа.
“ Баяр аа,миний хүү өвөөгөө татаарай.Энэ муу хөл хүртэл согтчих юм.
Алив гараа өг!”
* * *
Хонь нь орой эзэнгүй ирж явахыг хараад бэр,ач хоёр нь сандралдаж орь дуу тавьцгаасан боловч юу ч хийж чадхгүй байж байтал харанхуй болчихов.Ядахад нутаг гүйсэн морины хойноос явсан Бальдар эрлээ олоогүй юу,байдаггүй.
Харин Баяр,” өвөө хоёр цэрэгтэй цуг хонио туугаад явган ирж явах шиг харагдсан” гэж худлаа ярьж ээжийгээ бүр айлгачихав.
Маргааш нь “усан үзмийн дарсанд согтоод уначихсан” өвгөнийг хонины бэлчээрээс олжээ.Хайртай ач нь жинхэнээсээ өвөөгийнхөө гараас татаж орилж бархирсан боловч сэрсэнгүй...
Төмөрийн Дашбалдан