Боловсрол бол нийгэмшлийн чухал бүрэлдэхүүн төдийгүй хүний хөгжлийн үндэс суурь юм. Одоо цагт боловсрол хүмүүсийн
ажлын бүтээмж, ашиг орлого цаашлаад нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлогч хүчин зүйл болоод байна.
Жил бүр олон мянган залуус мэргэжил, боловсрол эзэмшихээр гадаадын их дээд сургуулиудыг зорьдог билээ. Харин бидний дунд тэтгэлэг олдож л байвал ямар ч хамаагүй гадаадын их дээд сургуульд суралцъя гэсэн бодолтой залуус их болсныг нуух юун. Гэвч дуртай мэргэжлээрээ өсөн дэвжих бас нэг чухал түлхүүр бол суралцах орноо зөв сонгох явдал юм.
Иймээс бид дэлхийд боловсролын тогтолцоогоор тэргүүлэгч, шилдэг 10 орныг та бүхэнд танилцуулж байна.
10. Энэтхэг
Энэтхэг улс бол дэлхийн анхны их сургуулийн өлгий нутаг билээ. Хамгийн алдартай сургуулиудын нэг болох Наландагийн Их Сургуульд одоогоос 1500-гаад жилийн өмнө гадаад дотоодын 10 мянга гаруй оюутан очиж шинжлэх ухааны голлох хичээлүүдийг заалгаж байсан түүхтэй аж. Эдүгээ 340 гаруй их сургууль, 17 мянга орчим коллежид 10 сая гаруй оюутан суралцаж хагас сая гаруй эрдмийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.
Англи хэл нь төрийн албан ёсны хэл тул баклавр, магистр, доктор гээд бүх шатны сургалт англи хэл дээр явагддаг билээ. Сургалтын төлбөр дунджаар 500-6000 ам.долларын хооронд байдаг бөгөөд Малайз, Сингапуртай харьцуулахад 1.5 дахин, Австрали улсаас 4 дахин, АНУ-аас даруй 6 дахин хямд төлбөртэй гэсэн үг юм. Энэтхэг улс нь дүрслэх урлаг, технологи болон архитектурын салбарт тэргүүлэгч боловсролын системтэй орнуудын нэг билээ.
9. Бразил
Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч орнуудын нэг болох Бразил улсын хүн амын бараг 100 хувь нь португал хэлээр ярьдаг байна. Харин томоохон хотуудад англи болон испани хэлийг түгээмэл хэрэглэдэг аж.
Бразилд 2300 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн топ 800 сургуулийн 17 нь Бразилд байдаг аж. Түүнчлэн баклаврын боловсрол 3-6 жил байдаг бөгөөд сургалтын төлбөрийн хувьд хувийн эсвэл улсынх гэдгээс хамаараад харилцан адилгүй байдаг.
8. ХБНГУ
Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд үүссэн түүхтэй. Мөн Герман улсын мэргэжлийн хосолмол тогтолцоо нь өндөр ур чадвартай, хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэдэг гэдгээрээ алдартай юм. Учир нь Германы дунд сургуулийн сурагчид үйлдвэрийн газруудад дадлага хийж, сургалтад явснаар дунд боловсрол болон мэргэжлийн боловролыг зэрэг олгодог онцлогтой ажээ.
Германд 340 гаруй улсын болон төрөөс магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль байдаг бөгөөд 12 мянга гаруй сургалтын чиглэлтэй аж. Баклаврын сургалт ихэвчлэн 3-4 жил үргэлжилдэг байна. Герман улс нь урлаг, эдийн засаг, байгалийн шинжлэл, физик, техникийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд жил бүр 230 мянга орчим гадаад оюутан Германд суралцахаар ирдэг аж.
“Times Higher Education” хийсэн судалгаагаар дэлхийн шилдэг 200 сургуулийн 10 нь ХБНГУ-ын их дээд сургуулиуд юм байна.
7. БНХАУ
Хятад улсын эдийн засаг хурдацтай хөгжиж, олон улсын тавцан дахь тус улсын нөлөө нэмэгдэхийн хэрээр Хятадад ирж суралцах гадаад оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Одоогийн байдлаар Хятадад 3000 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Хятадын боловсролын чанар дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд уламжлалт анагаах ухаан, бие хамгаалах урлаг, түүх, гүн ухаан, спорт зэрэг түгээмэл салбаруудаас гадна математик, инженерчлэл, эдийн засаг, худалдааны чиглэлийн боловсролоор дэлхийд нэр хүндтэйд тооцогддог.
Жил бүр тус улсын их, дээд сургуулиудыг төгссөн 20 мянга гаруй залуус Хойд Америк, Европ, Япон, Австрали болон бусад өндөр хөгжилтэй орнуудын их, сургуульд магистр, докторын зэрэг олгох сургалтад хамрагддаг. Түүнчлэн бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад сургалтын өртөг харьцангуй хямд бөгөөд нэг оюутны жилийн дундаж зардал суралцаж буй хот, орон нутгаасаа шалтгаалаад жилд 6000-9000 ам.доллар байдаг байна.
6. Австрали
Дээд боловсрол бол Австралийн нийгэм, эдийн засгийн тэргүүлэгч чиглэл гэж хэлж болно. Австралийн хэмжээнд нийт 47 их, дээд сургууль байдаг бөгөөд сургууль тус бүрд хамгийн багадаа 20 мянган оюутан суралцдаг аж. Их сургууллиуд нь чиглэл тус бүрээрээ төрөлжсөн байдгаараа онцлог юм.
Үүнээс гадна Австралийн Сидней хотод дэлхийн 180 гаруй орны 140 гаруй хэлээр ярьдаг нийт 4 сая орчим гадаад дотоодын иргэд оршин суудаг төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол олгодог нэр хүндтэй сургуулиуд Сидней хотод төвлөрдөг билээ.
Сургалтын төлбөрийн тухайд суралцах чиглэл болон зэргээс хамаараад харилцан адилгүй байх ба баклаврын боловсролын жилийн дундаж төлбөр 10000-18000 австрали доллар. Тус улс гадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт бичигддэг аж.
5. Итали
Итали улс нь дэлхийд тэргүүлэх өндөр боловсрол олгодог орнуудын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Нийтдээ 89 их, дээд сургуультай бөгөөд 32 мянган гадаад оюутан солилцоогоор суралцдаг байна.
Түүнчлэн Итали нь Германы нэгэн адил улсын их сургуулиуд нь үнэ төлбөргүй байдаг ба зөвхөн бүртгэлийн хураамж болгож 500-1000 евро төлдөг аж.
4.Канад
Ажиллаж амьдрахад хамгийн таатай орны нэгд тооцогддог Канад улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, амьдралын чанар, аюулгүй байдал болон эрүүл мэндийн үйлчилгээгээрээ алдартай аж. Математик болон шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд дээгүүр үзүүлэлттэй явдаг бөгөөд Англи хэлээр ярьдаг улс орнуудтай харьцуулахад сургалтын төлбөр харьцангуй багад тооцогддог. Нийт оюутнуудын 15 хувийг гадаадын оюутнууд бүрдүүлдэг.
Канадын цагаачлалын систем нь гадаад оюутнууд Канадад суралцаж төгссөний дараа ажлын тодорхой туршлагатай бол Канад улсад байнгын оршин суух эрхийг өгдгөөрөө бусад улсаас давуу талтай.
Шанхайгаас гаргадаг “ARWU” үнэлгээгээр дэлхийн 100 шилдэг сургуулийн жагсаалтад Канадын 4 их сургууль, өндөр түвшний боловсролын дэлхийн хэмжээний үнэлгээгээр Канадаас 5 их сургууль шилдэг 100 сургуульд багтжээ.
3. Франц
Францад нийт 83 улсын их сургууль байдаг бөгөөд диплом олгох нарийн чанд тогтолцооноос хамаараад төрөөс санхүүжүүлдэг байна. Сургуулиудад бүртгүүлсэн оюутны 29 орчим хувь нь гадаад оюутан байдаг аж.
Харин хувийн сургуулиуд тэр дундаа худалдааны сургуулийн төлбөр харьцангуй өндөр буюу жилийн 3000-10000 еврогийн хооронд хэлбэлздэг байна.
2. Их Британи
Их Британийн боловсролын тогтолцоо нь практик сургалтыг голлодог бөгөөд Английн соёлын олон талт байдал, амьдралын хэв маяг нь гадаад оюутнууд тус улсыг сонгох нэг шалтгаан болдог аж. Үүнээс гадна дэлхийд алдартай Оксфорд болон Кембриж зэрэг сургуулиудын боловсролын чанартай маргах хүн гарахгүй биз.
Британийн эдийн засагт жил бүр 4 тэрбум фунт стерлингийн орлого ордог байна. Эдийн засгийн ийм шууд үр ашгаас хамаараад Британийн их сургуулиудад эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг ажээ.
Түүнчлэн тус улс гоц авьяастай гадаадын оюутан, сурагчдыг татан авч тэтгэлэгээр сургах, эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох зэргээр академик судалгааны ажилд хамтран ажилладаг сонгодог уламжлалтай.
Харин сургалтын төлбөр харьцангуй өндөр буюу ойролцоогоор 9000 фунт стерлинг байдаг билээ.
1. АНУ
Дэлхийн шилдэг 10 сургуулийн зургаа нь АНУ-д байдаг гээд боддоо. Түүнчлэн АНУ-ын хэмжээнд таван төрлийн эрдийн зэрэг цол олгодог нийт 4352 коллеж, их сургууль үйл ажиллагаа явуулж байгаа нь тухайн улсын боловсролын систем хэр өндөр түвшинд хөгжсөнийг харуулж байна.
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс инженер, анагаах ухаан, урлаг, матетатик, компьютер зэрэг боловсролын тэргүүлэгч чиглэлээр суралцахаар 780 мянга орчим гадаадын оюутнуудууд ирдэг гэнэ.
Үүний зэрэгцээ элсэн суралцаж буй оюутнуудад тавих шаардлага болон сургалтын төлбөр дэлхийн өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад нэлээд өндөрт тооцогддог. Дунджаар нэг жилд сургалтын төлбөрт 50 мянга хүртэлх ам.долларын төлбөр төлдөг аж.
Гэсэн хэдий ч оюутнуудыг дэмжсэн маш олон тэтгэлэг зарлагддаг билээ. Хамгийн чухал үзүүлэлт бол Америкт суралцсанаар дэлхийтэй хөл нийлүүлэн алхах чанартай боловсон хүчин болж гарах төдийгүй бие хүний хувьд ч өөрийгөө нээх, цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх өргөн боломж нээгдэх юм.
Б.Нямзул