-Аварга хүний хувьд энэ жилийн наадмын өнгийг хэрхэн харж байна вэ?
-Энэ жил зуншлага сайтай, нар хур тэгширсэн сайхан зун болж байна. Тийм учраас монгол наадам өргөн дэлгэр сайхан болох байх аа. Бөхчүүд маань бэлтгэл сургуулилтаа эртнээс базаасан. Гал болгонд эртэй, бяртай хүчтэй аймгийн арслангууд байна. Тэдулсын цолонд хүрнэ. Ер нь тэгээд цолтой бөх болгон л цолоо ахиулж сайхан барилдахыг бодно шүү дээ. Тэгээд л төрийн наадмаараа хэн сайн бэлтгэлтэй, ухаан гаргаж барилдана тэр бөх л түрүүлж цол авдаг жамтай.
-Та хаана бэлтгэлдээ гарсан бэ. Эсвэл “Чингис хаан” тэмцээн болоод бэлтгэлээ хийх завгүй байв уу?
-Манай “Увс нуур” гал болоод бусад бөхчүүдийн бэлтгэл сайн байх шиг байна. Харин миний хувьд “Чингис хаан” тэмцээнд оролцох тамирчдаа зусланд гарч бэлтгэж байгаад ирлээ. Гэхдээ үндэсний бөхийн бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд хийсэн гэж бодож байгаа.
-Мэдээж та зүлэг ногоон дэвжээндээ хүндэтгэл үзүүлж энэ жилийн наадмаар зодоглоно биз дээ?
-Тэгэлгүй яахав. Хийморио сэргээгээд цолоо дуудуулчих юмсан гэсэн бодолтой байна.
-Сүүлийн үед зарим залуу бөхчүүд монгол бөхөө хүндэтгэхгүй, ёс жудаггүй авир гаргаж ард түмнийхээ дургүйцлийг хүргэдэг байдал нэг бус удаа гаргасан. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Бөхийн клуб, дэвжээ, галууд байгуулагдаад бөхчүүд жилийн дөрвөн улиралд бэлтгэлтэй болсон. Түүний хажуугаар залуу бөхчүүд монгол бөхийнхөө ёс жаяг уламжлалыг хүндэтгэж дагаж явах ёстой. Угаасаа үндэсний бөх өөрөө хүмүүжлийн их ач холбогдолтой шүү дээ. Тэр дагуу эрэмбэ дараа жудаг, ахмад бөхөө хүндлэх энэ бүхэн үндэсний спортууд монгол ёс заншлаа дагаж яваа. Үүнийгээ л сайн биелүүлж явах хэрэгтэй. Мэдээж олон бөхчүүд дотор нэг нь хааяа алдаа гаргаж л байгаа байх. Энэ нь монгол бөх нэрээрээ гарч байгаа учраас бүхий л бөхчүүд юм шиг хавтгайруулж харагддаг байх. Түүнээс нэг их алдагдаад байгаа зүйл байхгүй болов уу гэж бодож байна.
-Аварга маань наадмын гоёлоо бэлдсэн үү. Таны эхнэр дээл хувцас урладаг. Тэгэхээр та ханийнхаа оёсон дээлээр олон наадамд гоёсон байлгүй дээ?
-Хань маань дээл, бөхийн зодог, шуудаг оёдог. Намайг ид барилдаж байхад олон сайхан дээл оёж өгсөн дөө. Гэхдээ энэ жилийн наадмаараа ямар дээл өмсөхөө мэдэхгүй байна.
-Та залуу үеийнхээ ид бяр амтагдаж байсан онгодтой барилдаануудаасаа дурсахгүй юу?
-Төрийнхөө их баяр наадамд 20 гаруй жил барилдаж байна. Энэ хугацаанд 17 удаа шөвгөрч байсан барилдаанууд маань хамгийн дурсамжтай санагддаг юм. Цагаан сарын болон улсын баяр наадмын барилдааны давталтуудыг хараад л баясаад сууж байх юм байна шүү дээ. Улсын наадамд анх барилдсан наадамд би хоёр давсан юм. Гурвын даваанд гарах гээд нэрээ чагнаж байтал дууддаггүй. Очоод асуусан чинь миний нэрийг хасчихсан байсан. Учрыг нь тодруултал миний давсан бөхийг шүүгчид андуураад давснаар биччихсэн юм билээ. Тэр үед бөх сондгойруулж болохгүй гэсэн хатуу дүрэмтэй байсан болохоор надад гурвын давааны бай өгөөд хасах тогтоол бичсэн. Тэгж л анх удаа улсын наадамд барилдаж байгаа хүн юугаа ч мэдэхгүй, байгаа өвөртлөөд харьсан сонин тохиолдол байдаг юм.
-Зургаан залуу зааныг энэ жил зодоглоно гэсэн хүлээлт их байна. Ялангуяа Далай аварга А.Сүхбат, заан Б.Гантогтох нарын бөхчүүдийг зодоглоно гэсэн яриа байна лээ ?
-Зодоглолгүй яахав. Бидний араас гарч ирсэн залуу заанууд одоо 40 гараад л явж байгаа. Тийм учраас зүлэг ногоон дэвжээндээ зодоглож ард түмнээ баясгах байх аа гэж бодож байна.
-Бас бөхийн түүхэнд 32 луу жилтэн байдаг. Тэд ч бас наадмын өнгийг чимэх болов уу ?
-Дархан аварга Б.Бат-Эрдэнээс өгсүүлээд П.Сүхбат заан, Д.Мөнх- Эрдэнэ нарын луу жилтнүүдийг барилдаж наадмынхаа өнгийг чимэх байх гэж бодож байна.
-Учраа бөхөө ямар мэхээр давдаг байв?
-Тухайн барилдаж байгаа бөхийнхөө онцлогт тааруулж мэхээ хийдэг байсан. Тухайлбал хоёр талдаа дунгуйлдаж татдаг, тонгорч хутгадаг байлаа. Эдгээр мэхүүдээр л учраа бөхөө давдаг байсан даа.
-Таны наадмын өглөө хэрхэн эхэлдэг вэ?
-Наадмын өглөө эрт босдог. Түүнээс наадам гэхээр нэг их онцгойлсон ёс үйлдээд байдаггүй.
-Бодвол аваргынхаар олон хүн гарч, орж зочилдог байх?
-Найз нөхөд,бөхчүүд шавь нар гээд олон хүн орж гардаг.
-1984 онд таныг улсын начин цол хүртэж байсан гэдэг. Тэр үед өөрийгөө энэ цолонд хүрнэ гэж бодож байв уу?
-Өмнө нь заалны болон улсын наадамд гайгүй барилддаг байсан болохоор зааны тааварт хүртэл орж явсан. Тэр жил улсын заан Д.Цэнд- Аюушаар тав давсан.
-Таныг 1989 онд улсын арслан цол хүртчихээд цолоо хураалгачихсан гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн тухайн оны нэгдүгээр сард болсон юм. Тэр тэмцээнд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж алтан медаль хүртэж, би мөнгө, Улсын заан Ц.Баярсайхан хүрэл медалийн эзэд болсон. Тиймээс надад заан, Ц.Баярсайханд начин цол өгсөн. Ингээд Улсын баяр наадмаар шинэ заан хүч үзэж бас л Б.Бат-Эрдэнэ аваргатай тэргүүн байрны төлөө барилдаж билээ. Тэгээд Баагийд Аварга цол өгөөд надад Арслан цол олгосон. Би ч нэг жилд хоёр цол хүртчихлээ гээд баярласан амьтан асар дотроо хувцсаа өмсөөд сууж байтал бөхийн барилдааны комиссоос нэг хүн орж ирээд “Маргааш хурал хийж байгаад үнэмлэхийг чинь өгнө гэж байна” гээд аваад явчихсан. Маргааш нь хурал лболсон чинь арслан цол олгохгүй гэсэн хариу гарсан. Ингээд арслан цолны үнэмлэхийг хөлстэй гартаа түр атгасан. Гэхдээ 1991 онд түрүүлж тэр цолоо дахин авч чадсан даа.
-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Б.Бат-Эрдэнэ аварга байсан шүү дээ. Та түүнтэй төрийн наадамд найман удаа барилдахад ганц ч давж чадаагүй нь сонин санагддаг юм?
-Б.Бат-Эрдэнэ аваргатай би цэргийн цолтой байхаас нь Дархан аварга болтол нь барилдсан. Бат- Эрдэнэ бол үнэндээ цагийг эзэлсэн их аварга хүн. Би түүнд найман жил дараалан өвдөг шороодсон. Харин Эрдэнэтэд болсон болон заалны барилдаанд тус бүр нэг давсан. Гэхдээ тэр барилдааныг давсан гэж боддоггүй. Ясны бөх шийдвэрлэх барилдаанд ямар ч цочоогүй, шийдэмгий, уран барилддаг шиг Бат- Эрдэнэ аварга тэгж л барилддаг. Баагийгийн давуу тал нь чацтайгаас гадна цуцаа багатай. Түүнийгээ ч сайн ашигладаг.
-Таны сэтгэлд үлдсэн наадам тань?
-Улсын баяр наадмаар 70 жилийн ойдоо түрүүлэхдээ сэтгэл догдолж байлаа. Мөн шавь нар маань улсын найдамд түрүүлээд, дэлхий олимпиос медаль авах бүрд нь баярлах гээд нэрлээд байвал олон сайхан дурсамжит мөчүүд байна даа.
-Бөхчүүд морь их уядаг. Та ч бас зүгээргуй биз?
-Би морь уяж үзээгүй. Гэхдээ хөдөөний хүн болохоор хурдан морины уралдаан үзэх дуртай.
-Бөх болоход авьяас бэлтгэл чухал. Таныхаар яавал сайн бөх болох вэ?
-Хамгийн гол нь маш хөдөлмөрч байж амжилтанд хүрдэг. Олон бэрхшээл саадыг давж байж сайн бөх болно.
Д.Нэргүй