2014-07-04Аливаа зүйлийн эхлэлийг тавина гэдэг их утга учиртай. Жишиг тогтоодог гэдэг утгаараа.
Тэгвэл УИХ өчигдөр баталсан тогтоолоороо маш буруу жишиг тогтоож өглөө. Уг тогтоол гарснаар Стратегийн ордын жагсаалтад багтсан Цагаан суваргын орд 100 хувь МАК-ийн мэдэлд шилжиж, төр “хүсвэл” 350 сая ам.доллар төлж байж 34 хувь эзэмших боломжтой үлдсэн юм.
Тодорхой хэлбэл, үр дагавар нь 100 жилд ч арилахааргүй тогтоолыг УИХ баяр далимдуулж байгаад гаргачихлаа.
Энэ тогтоол ардаа асуултын нэг, анхаарлын нэг том тэмдэг үлдээлээ.
Асуултын тэмдэг нь, “Стратегийн орд”-ын жагсаалтад багтсан бусад ордын хувь заяа энэ маягаар шийдэгдэх үү гэсэн эргэлзээ.
Нөгөө нь, гадны хөрөнгө оруулалт татах боломж багасч, төр тэдний өмнө гараа өргөн бууж байгааг харуулах нэг илрэл болж өгч байна. Энэ хоёр хоёулаа үнэн бол стратегийн бусад ордод хөршүүдийн ашиг сонирхол мэдэгдэхүйц нэмэгдэх болно.
Яагаад гэвэл төр тэр бүрий хөрөнгө гаргаж хувь эзэмших бололцоо одоохондоо хомс байгаа.
Азийн Катар болох нь худлаа болов
Стратегийн орд үйл ажиллагаанд орно гэдэг мэдээж сайн мэдээ. Харин төр хувь эзэмшихгүй байна гэдэг ард түмний хувьд муу мэдээ юм.
Эрх баригчид энэ шийдвэрийг гаргаснаар 2008, 2012 оны сонгуульд боловсруулж орсон мөрийн хөтөлбөр, амлалтаа үндсээр нь зөрчсөн гэдгээ сайн мэдэж байгаа. Монгол Улс уул уурхайн баялгаа ашиглаж хөгжих үзэл баримтлал анх гарсны дараа эрх баригчид “Стратегийн орд газар”-ын жагсаалт баталж, “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан билээ.
Стратегийн ордын жагсаалтад багтсан ордуудын 34-51 хувийн хувьцаа “Эрдэнэс Монгол”-д цугларч, тэндээс монголчууд ногдол ашиг хүртэх замаар “Азийн Катар болно” гэж ард түмэнд Стратегийн бусад орд “Цагаан суварга”-ын араас орох уусурталчилж байлаа.
Стратегийн ордод төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газруудыг оруулсан болохоор энэ бүрэн боломжтой сайхан санаа байв. Оюутолгой дээр манайхан өөрсдөө мөнгөө гаргаж хайгуул хийгээгүй болохоор 34 хувиа худалдаж авахаас өөр аргагүй болсон. Гэсэн ч оруулах ёстой хувиа "Рио Тинто"-гоор даалгахаар тохиролцсон учраас ямар ч байсан хувиа эзэмших бололцоо нь бүрдсэн.
Гэтэл 10 хүрэхгүй жилийн дараа 180 хэм эргээд “төр уул уурхайгаас болж өгвөл хувь эзэмшихгүй байх” талаар ярьж байгаа нь хачирхалтай. Төр аж ахуйн ажлаас холхон байсан дээр гэдэг уг нь үнэн л дээ.
Гэвч иргэдээ утопи мөрөөдөлд оруулсан “Азийн Катар” төслөө хэрхэх вэ. Нэгэнт ингэж байгаа бол “Өмнө нь бид худлаа ярьж байсан юм аа” гэх юм уу “Бид хийх гээд чадсангүй, биелсэнгүй” гэж хүлээн зөвшөөрөөд дараагийн сонгуульд шинэ төлөвлөгөөгөө танилцуулах хэрэгтэй.
Төрийн эрх гарт нь байдаг гэдэг үнэн бол ард түмэн сонголтоо хийгээд цаашаа явах нэг зам байна. Ард иргэд ядаж л хий хоосон юмны араас явахгүй, нүд нь нээлттэй байх эрхийг эдлэх ёстой л доо.
Сөрөг хүчин яагаад дуугүй өнгөрөв
УИХ тогтоолын төслийг батлах явцад сөрөг хүчин таг дуугүй өнгөрсөн. Уг нь Ц.Нямдорж гишүүн энэ талаар хамгийн чанга үг хэлэх ёстой хүний нэг.
УИХ 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын төсөл баталж, 39 ордыг хамруулахад Цагаан суваргын орд 10 дугаарт жагсч байжээ.
“Цагаан суварга Зэс, молибдени Дорноговь, Мандах Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна” гээд цагаан дээр хараар биччихэж.
Цагаан суваргын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авч байжээ.
Энэ баримтыг үндэслэн Стратегийн ордод бүртгэж авсан байна. Энэ тогтоолыг Ц.Нямдорж баталж гарын үсэг зурсан байдаг. Цагаан суваргыг хувийн хэвшилд найр тавьж өгч болохгүй гэдгийг сөрөг хүчний дарга нар мэдэж байсан ч дуугүй өнгөрлөө.
Үүний цаана тохироо явагдсан байхыг ч үгүйсгэх аргагүй.
Төр хувь эзэмшсэн бол Цагаан суварга ашиглалтад орохгүй байсан уу
Зарим эх сурвалжийн баталж байгаагаар, МАК Цагаан суваргын ордод хийсэн хөрөнгө оруулалтын ихэнхийг зээлээр бүрдүүлсэн. Бас төр хөрөнгө оруулахгүйгээр шууд 34 хувийг эзэмшчихвэл хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчид санаагаа өөрчлөх байсан гэнэ.
Товчхондоо Төр хувь эзэмшсэн бол Цагаан суварга ашиглалтад орохгүй байсан гэсэн ойлголтыг төрүүлэх гэсэн бололтой. Магадгүй, хөрөнгө оруулагчдын зүгээс шахалт дарамт байсан л биз.
Гэхдээ, Монголын хууль тогтоомж, дүрэм журмыг хүлээн зөвшөөрөөд орж ирсэн хөрөнгө оруулагч л бидэнтэй тогтвортой хамтран ажиллаж чадна. Харин дарамталж, “Гарч явлаа, болилоо” гэж айлгадаг хөрөнгө оруулагчид хэзээ ч хань болохгүй. Улс төрийн голлох хоёр намыг нь буулгаж авч, зарчмаас нь ухраасан тэд цаашдаа жижиг сажиг зүйл дээр бүр ч эрэмгий хандах нь тодорхой.
“Тийм том асуудалд буулгаж болсон юм, энэ зэрэг дээр гайгүй байна” гээд л үзээд байх биз. Тиймээс бид “Монгол гэдэг чинь хэдэн улстөрчид л байгаа юм” гэсэн ийм этгээдүүдийг өөхшүүлэхгүй байхын тулд эхнээсээ зөв жишиг тогтоох ёстой юм.
Төр хувиа эзэмших үү
Бас нэг асуулт. Төр хувиа эзэмшихийг хүсэх үү. Хэрвээ Цагаан суваргад хувь эзэмшье гэвэл 350 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Ийм боломж “Эрдэнэс Монгол” компанид байгаа юу.
Миний мэдэхээр л манай улсын төсөв сүүлийн хэдэн жил илүүдэлтэй гараагүй. Харин ч жил болгон алдагдалтай гардаг. Алдагдал бол ирээдүйгээсээ зээл тавьж байгаа гэсэнтэй агаар нэг зүйл. Ирээдүйд илүүдэлтэй гарсан ч өмнө аладагдалтай баталж байсан хөрөнгөө нөхөх ёстой.
Тэгэхээр Цагаан суварга дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээ ойрын 10-20 жилд “0” байх магадлал өндөр. Үнэхээр харамсалтай. Боломж байхгүй бол төр бусад 39 ордоосоо хувь эзэмшихийг хичнээн хүсээд яах билээ. Цагаан суварга дээр 350 сая ам.доллар гаргах хэрэгтэй болж байна.
Үүнийг дундаж гэж үзвэл бусад “Эрдэнэс Монгол” 39 орд дээр 15 тэрбум ам.доллар төлж байж бүх ордынхоо 34 хувийг цуглуулах нь. Энэ бол үнэнийг хэлэхэд энэ зуундаа ч бүтэхгүй. Монголын төр байнга л бусдаас царайчилж, илүү харж, билүү долоож явах тавилантай гэж үү. Эсвэл төрийн толгойд гарсан хэдэн болдоггүй нөхдүүд тийм байлгах гээд байна уу.
Х.Батсайхан
Монголын мэдээ