2014-06-23
Японы нэгэн жуулчин саяхан хэдэн сумаар явжээ. Тэрээр “Монголын хөдөөд наяад онд цаг зогчихжээ” хэмээсэн гэнэ.
Тэр үеийн сумд ямар байсан, өнөөдөр яг л тэр янзаараа байгааг япон жуулчин ийн дүгнэсэн байна. Гэхдээ энэ жилээс хэд хэдэн сумын өнгө төрхийг сэргээн шинэчилж байгаагийн нэг нь Дундговь аймгийн Гурвансайхан сум. Тус сумынхан наяад оны төрхөөсөө салж шинэчлэл, бүтээн байгуулалтуудыг хийж тэртээх 20-иод жилийн өмнө зогссон цагийн зүү цохилж эхэлжээ. Тухайн үеэс хойш хөдөөд хөрөнгө оруулалтгүй байсныг Засгийн газар анхаарч хэрэгжүүлж буй сумдыг шинэчлэх, шинэ сум байгуулах төсөлд Гурвансайхан багтсан нь энэ юм.
“Сумын төвийн шинэчлэл төсөл: Хамтын хөрөнгө оруулалтын загвар” хөгжлийн түншүүдийн уулзалт тус суманд хоёр өдөр болж, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон аймаг, орон нутгийн удирдлагууд бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн Гурвансайханд шинэ бүтээн байгуулалт хийхэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлж юу НҮБ болон Монголд суугаа донор орнуудын төлөөлөл нийлсэн 100 орчим хүн оролцсон юм.
Манай улсад ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Хаолянь Шу зөвхөн хотод дарга нартай уулзахаас гадна хөдөөгийн ажилтай, тэр тусмаа сумын иргэд өөрсдөө орчин тойрноо өөрчлөх ажилд оролцож байгаа сумыг зорьж очсон нь Гурвансайхан байлаа.
Говийн сум хангайтай харьцуулах биш дээ. Хажууд өвс, мод ургана гэх биш. Өөрсдөө л арчилж тордохос өөр замгүй байгалийн зүй тогтол. Тиймээс Гурвансайханы ойролцоох Дэлгэрцогт сумаас хүрэн шороо зөөж сумын төвийг бүхэлд нь ногооруулж байгаа аж. Шороогоор шуурах сумын төвд “Цэцэрлэгжилт” компани зүлэг тарьж, нутгийнхан арчилж тордож байна. Нэлээд хэдэн бут сөөг ч тарьжээ. Үхэр мал, нохойгоо ногоон байгууламжаас холдуулж малтай айлуудыг нүүлгэжээ.
Сумын төвд хатуу хучилттай зам тавьж, гэрэлтүүлэг, явган хүний зам, замын гарцыг сайтар хийсэн байв. Энэ бүхнийг “Атмор” компани Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хоёрхон сарын дотор хийжээ. Нийт хоёр км хатуу хучилттай зам тавьж, зургаан га газрыг ногоон байгууламж болгож байгаа юм.
Зарим айл олон жил амьдарсан бууриа сэлгэж зам, талбай, ногоон байгууламжийн газрыг чөлөөлж өгсөн байна. Тэгэхдээ иргэд ойр тойрноо ч эмхлэн өнөөх наяад оны хуучирч муудсан модон хашаа, байшингаа өөрчилж эхэлжээ. Гадаад, дотоодын зочид иргэн Ш.Адъяагийнхаар орж шинэ тоосгон хашаа байшинтай, байшин дотроо халаалттай, халуун хүйтэн ус, угаалтуур душьтэй амьдарч байгааг харлаа. Хот, хөдөөгийн ялгаа арилж, хот руу нүүлгүй, хөдөөд тухтай амьдрах орчин тэнд бүрджээ.
Энэ бүхэн хөрөнгө мөнгөгүйгээр бий болохгүй. Иймд НҮБ-аас анх 200 мянган ам.долларын тусламж үзүүлж, дараа нь Орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө нэмэрлэж нутгийнхан цуглаж хүний, өөрийн мөнгөөр юу хийж болох вэ гэдгээ хамтдаа ярилцаад шийдсэн нь Гурвансайхан сумаа ийн хөгжүүлж, амьдрах орчноо өөрчлөн ирээдүйд олны хөлийн газар болгоход ойртсон байна.
Ингэхдээ хямд зардлаар их зүйлийг хийх төлөвлөгөөг иргэд ярьж шийдээд, мөн гар хумхилгүй өөрсдөө оролцож байгаа нь хандивлагчдын талархал, яамны анхааралд орсон байна. Ер нь бол төр засаг баахан мөнгө барьж очоод өмнөөс нь хийж өгөөд байхгүй болохоор иргэд өөрийн хийсэн юмандаа хайр гамтай ч ханддаг.
Дээр дурдсан Гурвансайхан сумын төвд хийсэн бүтээн байгуулалт зөвхөн нэгдүгээр үе шат. Дэд бүтцийн ажлууд үндсэндээ дуусч байгаа болохоор цаашид юу хийх вэ гэдгээ тэд ярьж эхэлжээ.
Заавал хүний гар харж, хандив мөнгө гуйгаад байхгүй айл бүр хашаа хороогоо шинэчлэх мөнгөө олохоор сумын төвийн ойр илэрсэн мөнгөний ордод нэлээдгүй нь ажил хийж байгаа гэнэ.
Сумын төвийн Соёлын төвд болсон “Сумын төвийн шинэчлэл төсөл: Хамтын хөрөнгө оруулалтын загвар” хөгжлийн түнш нарын уулзалтад оролцсон Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан салбарынхаа ажлын талаар донор орнуудын төлөөлөгчдөд товч танилцуулсан юм. Манай улс “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа ч ихээхэн хөрөнгө хэрэгтэй учир сумдын төвийг шинэчлэхээр болсон нь энэ аж. Ингэхдээ иргэдээс хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй талаар санал асуухад инженерийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй байжээ. Иймд Засгийн газар нийт 16 сумыг сонгон авч шинэчилж эхэлсэн юм. Нэг суманд таван тэрбум төгрөг хуваарилсан ч Гурвансайханд энэ хөрөнгө хүртээгүй байна. Иймд олон улсын байгууллага, НҮБ зэргээс дэмжлэг хүсэх ажлыг нутаг орноос төрсөн төр, засгийн өндөр албан тушаалтнууд идэвхтэй хөөцөлддөг юм байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Хаолянь Шу энэ суманд өмнө нь зарцуулсан хөрөнгө Солонгосын Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр дамжин Гурвансайханд хүрснийг онцлов.
Хот, хөдөөгийн амьдралын чанар тэгш бус байгаа учир дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад донор байгууллагуудаа уриална гэдгээ Хаолянь Шу дарга онцолж байлаа.
Одоо Гурвсайханыг илүү гоё болгоход гурван тэрбум төгрөг хэрэгтэй байгаа аж. Ийм хэмжээний мөнгийг иргэд өөрсдөө босгож чадахгүй болохоор хандивлагч олон улсын байгууллагуудаас тусламж хүсч байгаа юм. Хэрэв мөнгөтэй болчихвол өнгө будаг төдийхнийг засах биш өнө удаан жил болж, үр хүүхдэдээ тохилог орчин үлдээхэд зарцуулна гэдгээ ч нутгийнхан гадаад, дотоодын олон даргын өмнө ажил хөдөлмөрөөрөө харуулсан тул НҮБ-аас энэ суманд дахин тусламж үзүүлнэ гэдгээ амалсан.
Их газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт цогцолбортой энэ нутаг гадаад, дотоодынхны хөлийн газар болох эрхэм зорилготой. Энэ эрчээрээ ажиллаж хөдөлмөрлөвөл олон хүн амралтаараа зөвхөн Гурвайханыг зорьдог өдөр ойрхон биз.
Энэ бүгдийн эхлэлийг тавьж, олны анхаарлыг татаж, сум орон нутгаа өөд нь татах ажлыг үндсэнд нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн удирддаг байна. Тэрээр Гурвансайханых юм.
М.ГАНЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин