системээр дагнан мэргэшсэн улстөрчдийн нэг юм.
-Ойрын үед парламентын төвшинд сонгуулийн хуулийн ажил нэлээд ахих төлөвтэй байна. Энэ асуудал дээр МАН ямар байр суурьтай байгаа вэ. 2016 оны сонгуулийг ямар тогтолцоогоор зохион байгуулах нь оновчтой бол. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Ардын намын байр суурь маш тодорхой байгаа. "Нэг тойрог-Нэг мандат" буюу мажоритар. Ард түмний итгэлийг хүлээж чадах хүнээ жижиг тойрог дээр сайн шүүж гаргах зарчим нь зөв юм байна. Ингэж ард түмэндээ ойртуулахгүй бол тойрог томсох тусам ард түмэн-ард түмний элч хоёрын хоорондын зай холдож байна. Асуудлаа ярих зарчим алдагдаж, ойлголцол ондоошдог юм байна.
-Та намын өнцгөөс бус, яг судлаачийнхаа хувьд миний дараагийн асуултад хариулаач. Буцаад 76 тойрог бүхий жижиг мажоритар руу шилжихээр мөнгөний хүчин зүйл нэмэгдэж, нөгөө л жалга довны үзэл дахиад сэргэх юм биш үү. Өөрөөр хэлбэл, бид урагшаа биш хойшоо алхахгүй юү?
-2012 оны сонгуулийн хууль бидэнд дэвшил авчирсангүй. Туршиж үзлээ. Харамсалтай нь, энэ их үнэтэй туршилт боллоо. Эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлыг л авчирлаа. Энэхүү нөхцөл байдлаас болгоомжлон гадаадын хөрөнгө оруулалт дайжиж, улмаар бүтээн байгуулалт зогслоо. Одоо гадаадын хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татахад дахиад 10 жил хэрэгтэй. Мөнгөний бодлогын алдаанаас болж төгрөгийн хадгаламжтай иргэд хохирч, гадаад болон дотоод худалдаанаас ихээхэн алдагдал хүлээж, иргэдийн худалдан авах чадвар буурлаа. Иргэд, аж ахуйн нэгж алдагдсан бүхнээ засгаас нэхэх өдөр мөдхөн ирэхийг үгүйсгэхгүй. Энэ бол сонгуулийн хуулийн цоорхой, сонгуулийн буруу тогтолцооны үр дагавар. Энэ байдал удаан үргэлжилбэл засаглалын хямрал руу орно. Сонгуулийн аль ч тогтолцоонд мөнгөний нөлөөг хуулиар хааж болно. Хяналт тавьж болно. Зөвхөн мөнгөтэй холбоотой асуудлаас гадна аливаа маргаантай зүйлийг санал өгөх өдрөөс өмнө хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг тогтолцоо руу явах хэрэгтэй. Нэгэнт сонгогчид саналаа өгсний дараа шүүхийн шийдвэрээр сонгуулийн дүнг хүчгүйдүүлдэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сонгогчдын санал эцсийнх байдаг зарчим шударга ёсонд нийцэх учиртай.
-Та сая эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал удаан үргэлжилбэл засаглалын хямрал болно гэлээ. Үүнээс гарах гарц юу вэ?
-Монгол Улсын Үндсэн хууль болон бусад органик хуулиудаар зохицуулагдсан хэм хэмжээний хүрээнд заавал 2016 оныг хүлээхгүйгээр ээлжит бус сонгууль хийж болно. Улс эх орон, ард түмний том эрх ашгийн үүднээс улс төрийн бүх намууд зөвшилцөн энэ асуудлыг шийдэж болно.
-Сонгуулийн маргаантай холбогдуулж асуухад 2012 онд санал тоолох автомат машинтай холбоотой гомдол бишгүй гарч байсан. Энэ асуудлыг тавьсан нэг улс төрийн хүчин нь МАН шүү дээ?
-Аливаа эргэлзээтэй зүйл хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлдэг. Бид мэдээлэл, технологийн эрин зуунд амьдарч байгаа ч тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа тэргүүнд тавих ёстой. Саналыг автомат машинаар тоолох нь хэдий дэвшил боловч машины программыг хүн л зохиож байгаа. Тэр программыг зохиож буй хүн хэн нэгэнд худалдагдах, хэн нэгний нөлөөнд автах, хэн нэгний захиалгаар ажиллах өндөр магадлалтай. Иймд саналыг машинаар тоолохоос гадна гар тооллогыг заавал давхар хийе. Хэрэв машин, гар тооллого хоёрын дүн зөрсөн тохиолдолд гараараа барьж, нүдээр харсан дүнгээ зөв гэж явъя. Нэг удаа энэ хардлагыг тайлчих хэрэгтэй. Энэ бол олон түмний захиалга учраас МАН энэ зарчмын байр сууриа тууштай хамгаална.Түүхийг өнгөрснөө баримтжуулан үлдээхээс гадна ирээдүйгээ баримжаалж үндэстнийхээ том эрх ашгийг уртын циклээр харж байх хэрэгтэй. Магадгүй 30 жилийн дараа бидэнд Украинд үүссэн асуудал тохиолдвол яах юм. Манай тусгаар тогтнолыг автомат машинаар шийдэж болохгүй биз дээ.
-Та түрүүнд асуусан 76 тойрог бүхий жижиг мажоритар нь буцаад л жалга довын үзлийг сэргээх юм биш үү гэсэн асуултад хариулт өгөөч. УИХ-ын гишүүд нь дахин сонгогдохын тулд тойрогтоо төсвөөс мөнгө татаж, тэрбум, тэрбумын улс төрийн авлига үргэлжлэх бус уу.
-Жалга довын үзэл гэдгийг одоо өөрөөр ойлгох цаг болсон. Би хувьдаа хэдэн жилийн өмнө юмыг жаахан төвлөрүүлье гэж боддог байсан. Хүн амыг нягтаршуулъя, 330 сум, 21 аймгийг цомхон болгох хэрэгтэй юм байна гэж боддог байлаа. Гэтэл улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, улсынхаа эзэн гэдэг том зургаараа харвал хумих биш тэлэх ёстой юм байна. Суманд оршин сууж байгаа хүмүүсийг болон эх орныхоо зах хязгаарыг хамгаалан манаж суугаа малчдыг урамшуулах ёстой. Ингэж байж бид газар нутагтаа эзэн болж, тусгаар тогтнолоо хамгаална. Газар нутаг эзэнгүй болох тусам л хэн дуртай нь орж ирээд ухдаг, байрладаг, амьдардаг болчихож. Бид Монгол Улс гэдэг хил дотроо ширхэг чулуу, атга шороондоо эзэн байхын тулд томрох ёстой юм байна. Сумыг улам өргөжүүлж, хөгжүүлэх ёстой юм байна. Энэ өнцгөөс харсан ч 76 тойрогтой, тойрог тус бүр нэг мандаттай мажоритар тогтолцоо илүү зохимжтой юм байна.
-Сонгуулийн хууль улс төрийн зөвшилцлөөр гарах ёстой. Гэхдээ олонхийн эрх ашиг, бодлого илүүтэй тусгалаа олох магадлалтай. Одоо бол АН ч, "Шударга ёс" эвслийн бүлэг ч ялгаагүй 50:50 гэсэн холимог тогтолцоог сонгох тал дээр саналаа багцалж байна. Үүнийгээ хүч түрээд батлах хангалттай кноп тэдэнд байгаа шүү дээ?
-Сонгуулийн хуулиар улс орны хөгжил, ард түмний аж амьдралтай холбоотой үр дүн хийгээд үр дагавар шууд гардаг учраас тоглоом биш. Ганцхан хүний саналаар Монгол төрийн эрх мэдэл, засаглалын чадамж шийдэгдэж болох нарийн төвөгтэй процесс. Ийм хариуцлагатай асуудал дээр хүч түрж болохгүй. Хэрэв АН-ыхан цөөнхтэй төдийгүй УИХ-д суудалтай намууд, суудалгүй улс төрийн бусад намтай зөвшилцөж байж л хууль батлагдана. Хүчээр шийднэ гэвэл, уучлаарай сонгуулийн хууль батлагдахгүй. Манай нам улс төрийн болон нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэн аливаа хүчирхийлэлд хүлээцтэй, тэвчээртэй хандаж байгааг зориуд хэлэхийг хүсч байна. Шаардлага гарвал ард түмнийхээ дэмжлэгийг хүсэх болно. Үүнээс өөр аргагүй. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан оронд хэрэглэдэг бүхий л аргыг бид хэрэглэнэ. Тийм учраас үүн дээр эрх баригчид хүч түрж явахгүй болов уу. Хүч түрэх тусмаа л тэд сонгогчдын итгэлийг алдана. Ард түмнийг басамжилваас нэг ч суудалгүй үлддэгийн сургамжийг эрх баригчид мартмааргүй юм.
-Хэрэв сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй бол ямар хүчин зүйл үүсэх вэ. Холимог тогтолцооноос салахгүй гэвэл яах вэ?
-Одоогийн 28:48 гэсэн мажоритар нь давамгайлсан холимог хувилбараа сайжруулж болно. Мажоритарын 48-ыг нэг тойрог-нэг мандат гэсэн зарчим руу оруулж болох юм л даа.
-Тойрог дахиж зурахад хүндрэл гарах уу?
-Ямар ч хүндрэл гарахгүй. Одоо байгаа 48 мандатаа л 48 тойрог болгочихно шүү дээ.
-АН хотод, МАН хөдөөд илүү рейтингтэй байдаг. Тэр агуулгаар уу, эсвэл үнэхээр хүн амынх нь тоо их учраас тэгдэг юм уу хотоос сонгогдох гишүүдийн тоог нэмье гэдэг. Одоо ч тийм яриа явж байна.
-Хүн амын механик төвлөрлөөр далимдуулан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн статусыг хүчгүйдүүлж болохгүй. Тиймээс хүн амын тооноос илүү засаг захиргааныхаа бүтэц, зохион байгуулалтад суурилсан тойрог нь илүү оновчтой. Тэгэхээр хотын гишүүдийн тоог нэмнэ гэдэг алсаараа муу үр дагавартай гаднын удирдамжийг биелүүлэгчдийн харьжсан санаа байхыг үгүйсгэхгүй. Аяндаа хуулийн хэлэлцүүлгийн үер ил болно.
-Яг энэ хувилбараар явсан тохиолдолд жагсаалтын 28 дээр намуудын босгын асуудал яригдана. Энэ дээр та судлаачийн хувьд ямар байр суурьтай явдаг вэ?
-Намуудын босго таван хувь байгаа. Энэ хэвээрээ байг. Дээр нь дахиад нэг босго тавьж болно. Улс төрийн намуудыг илүү хариуцлагатай, төлөвшилтэй болгох зорилгоор тойрогт нэг суудал авсан байх босгыг нэмж болох юм. Тэгвэл арай өөр болно. Зөвхөн Улаанбаатарт ажилладаг намаар яах юм бэ. Ядаж нэг тойргоос нэг суудалтай, таван хувийн босго давсан намд суудал хуваарилж болох юм л даа. Тэгж байж парламент руу хэтэрхий олон жижиг нам орж засаглалыг хүчгүйдүүлдэг саналаа худалддаг, үймүүлдэг, улс төрийн тогтворгүй байдлыг цэгцэлж болох талтай.
-Тойрогт нэр дэвшээд унасан хүмүүс нь жагсаалт руугаа шилжих хувилбар яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ нь оновчтой юу?
-2012 оны орон нутгийн сонгуулийн хуулийн хувилбар. Сонгуулийн хууль иргэд, сонгогчдод аль болох ойлгомжтой, энгийн байх тусмаа сайн. Хүндрүүлж, сонгогчдын тархи толгой эргүүлсэн юм их байх тусам парламентад сул гишүүд олноор орох цоорхой гарна л гэсэн үг. УИХ-ын хууль тогтоох дээд эрх мэдлийн эрх зүйн чадамж улам суларна.
-Сонгуулийн санал авах өдрийн тухайд МАН ямар байр суурьтай байгаа вэ. Одоо бол УИХ, НИТХ-ын сонгууль нэг өдөр болж байна. Үүнийг өөрчилж УИХ, орон нутгийн сонгуулийг бүхэлд нь нэг өдөр явуулъя гэж байна шүү дээ?
-УИХ-ын сонгуулийн том кампанит ажилд аймаг, дүүрэг, сум, хорооных нь бүдгэрчихдэг. Хүмүүс сонголт хийхдээ алдаа гаргадаг. Хэтэрхий нэг тийшээ туйлширдаг, савдаг нөлөөтэй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар нийслэл, аймаг, сум, дүүргийн статусыг тодорхой зааглачихсан учраас тус тусдаа л явсан нь дээр.
-Тантай уулзсаных энэ өдрүүдэд болж байгаа МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөний талаар мэдээлэл өгөөч. Ямар учиртай хурал хийж байгаа юм бэ?
-1973 оноос хойш МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөнийг зургаан удаа хийсэн байдаг. Намын анхан шатны байгууллагын ажлыг эрчимжүүлэх, удирдах ажилтнуудыг чадваржуулах зорилгоор энэ зөвлөгөөнд МАН-ын удирдлага, намын удирдах зөвлөлийн гишүүд, УИХ дахь бүлгийн гишүүд, МАН-ын хяналтын ерөнхий хорооны удирдлага болон гишүүд, Намын удирдах зөвлөлийн ажлын албаны газрын дарга нар, улс төрийн ахлах ажилтнууд болон улс төрийн ажилтнууд, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, дэд дарга нар, намын хяналтын хорооны дарга, дэд дарга нар, намын ахмадын холбоо, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоодын удирдлагууд, удирдах зөвлөлүүдийн гишүүд, эдгээр байгууллагын аймаг, нийслэл, дүүргүүдийн дарга нар, мөн нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн намын анхан шатны 152 үүрийн дарга нарын оролцоотойгоор нийт 600 гаруй намын удирдах ажилтнуудын бүрэлдэхүүнтэй томоохон арга хэмжээ болж байна.
-Зөвлөгөөнөөр голчлон ямар сэдвээр ярилцаж байна вэ?
-МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, мэдээлэл хийж, намын удирдах ажилтнуудын үүрэг, хариуцлагын талаар мөн намын цаашдын бодлого, үйл ажиллагаанд баримтлан ажиллах зарчим, намын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэн сайжруулах тодорхой үүрэг даалгавар, чиглэлээ өглөө. Тухайлбал УИХ болон аймаг, нийслэл, дүүрэг, сумдын шат шатны сонгуулиудад нэр дэвшигчдээ аль болох эрт тодруулж, бүх төвшний бэлтгэлийг сайн хангуулна гэдэг бодлогоо маш тодорхой хэлж байр сууриа илэрхийллээ. Нэр дэвшигчдээ сонгон шалгаруулахдаа аль болох нийгмийн бүх давхарга, төлөөллийг хамруулсан судалгаа болон намын анхан, дунд шатны байгууллагын саналд тулгуурлан олон түмний дунд нэр хүндтэй ажлын дадлага, туршлагатай, мэдлэг, боловсролтой чадварлаг хүмүүстээ итгэл хүлээлгэх зарчим баримтална гэдгээ хэллээ. Удахгүй намын удирдах зөвлөлөөр намын дотоод сонгон шалгаруулалтын журмыг батална. МАН-ын XXVII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тайлан илтгэл тавилаа. Мөн намын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг намын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа танилцууллаа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын намын бүлгийн ажлын тайлан, бүлгийн цаашдын ажлын талаархи мэдээлэл хийлээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Н.Цагаанхүү намын үндсэн дүрмийн хэрэгжилт, сахилга бат, эв нэгдэлтэй холбоотой мэдээлэл хийлээ. Эдгээр таван асуудлаар хоёр өдрийн турш өргөн хэлэлцүүлэг хийсэн үр дүнтэй арга хэмжээ болж байгаа талаар зөвлөгөөнд оролцогчид ярьж хэлж байна лээ.
-Урьд урьдын намын удирдах ажилтны зөвлөгөөнөөс энэ удаагийн зөвлөгөөн юугаараа онцлог болсон бэ?
-Ач холбогдол, агуулга, зохион байгуулалтын хувьд сайн байсан. Манай намын шат шатны удирдлагуудад байсан хүлээлт болон асуудлууддаа тодорхой хариу, мэдээлэл, чиглэл авлаа. Намын шинэ бүтцээр Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Нийслэлийн бүсчилсэн зохион байгуулалтад орж бүс хариуцсан намын нарийн бичгийн дарга нар ажиллаж байгаа. Энэ бүтэцдээ тулгуурлан намын анхан болон дунд шатанд ажиллаж байгаа удирдлагуудынхаа оролцоог нэмэгдүүлэх, аль болох олон хүний санал, бодлыг сонсч бодлого, шийдвэртээ тусгах зорилгоор таван бүсэд хуваагдан бүсчилсэн хуралдаан оновчтой шийдэл байж хүссэн үр дүнгээ өглөө. Аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга мөн дэд дарга нарын, намын хяналтын болон ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны гэсэн долоон бүлэгт хуваагдан төрөлжсөн семинар хийж, дотоод асуудлаа ярилцаж, тулах цэгээ тогтоож, замын болон хандлагын зураглалуудаа гаргалаа. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг хөрш орнууд болон бүс нутаг, дэлхийн улс орнуудтай харьцуулсан чиг хандлага, улс төрийн намуудын үзэл баримтлал тэдгээрийн чиг хандлага, мэдээлэл, технологийн эрин зуунд цахим болон олон нийтийн мэдээллийн орон зайд хэрхэн ажиллах, сонгуулийн кампанит ажлын технологи, стратеги, тактик, намын дотоод архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт зэрэг сэдвээр салбар салбартаа мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаар лекц уншуулан намын удирдах ажилтнуудаа сүүлийн үеийн мэдээллээр хангаж сургалт зохион байгууллаа. Хураангуйлан дүгнэвэл манай намын шат шатны удирдлагууд улс орны эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлаас хамааралтай ард түмний язгуур эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх хариуцлагаа ухамсарласан, өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийсэн, эв нэгдлээ сахиж нэгэн зорилгын төлөө нэг баг болж нэгдэн нягтарч чадсан, асуудлаа нээлттэй ярьж, хамтын шийдвэртээ тууштай зогсч чадах хүсэл тэмүүлэлтэй болсон зориг шулуудсан зэрэг нийтлэг хандлага байгаа нь ил тод харагдлаа. Эдгээр чанар улс төрийн тэргүүн фронтод байгаа хүмүүст оршин буй цаг амжилт заавал гардаг.
Ч.Гангэрэл
secret.mn