2014-06-16"ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2014" олон улсын үзэсгэлэн яармаг болж байгаа сургаар
"Мишээл экспо"-г зорилоо. Гаднаас эхлээд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Худалдаа , нийтийн хоолны тоног төхөөрөмж, лабораторийн зориулалттай багажнаас эхлээд гоёмсог хээ угалзтай үндэсний гэрүүд хүртэл байна. Дотогш орж, бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцвал Тайвань, Полышийн болон дотоодын жар гаруй, ӨМӨЗО-ы хорь гаруй, энэтхэгийн гуч орчим компани, байгууллага бүтээгдэхүүн үчилгээгээ дэлгэсэн байв. Уг үзэсгэлэн зургаадугаар сарын 12- ноос эхлэн таван өдөр үргэлжилж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч Зээлийн батлан даалтын сан үйл ажиллаагааны дундуур бяцхан хэмжээний урлагийн тоглолтууд зохион байгуулж дуу хуураар хөг нэмж байв.
"Мишээл экспо"-д ирсэн зочдын ихэнх нь "Бат Байгаль" ХХК болон ӨМӨЗО-ы олон улсын монгол эмнэлэг дээр цугласан байлаа. Тус эмнэлгийн эмч нар яриа хийх, судас барих, бумба таших зэрэг үйлчилгээг үнэгүй хийж байсан нь хүмүүсийг ихээр татаж, далимд нь Монгол дахь салбараа сурталчлахад нь дөхөм болж байв. Энэ удаагийн үзэсгэлэн нь Монгол-БНХАУ-ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын арав дахь удаагийн чуулган, Монгол-Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалттай зэрэгцэн олж байгаагаараа онцлог гэнэ.
Үзэсгэлэнг МҮХАҮГ, ҮХААЯ, хөдөлмөрийн яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаагаараа дамжуулж чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадна дотны байгууллагад сурталчлан экспортын гарцыг нэмэгдүүлэх болон импортлогчдод нь гаднаас ирж оролцож буй зорилго нэгт байгууллага, хүмүүстэй түншийн харилцаа тогтоох боломжийг нээж байна хэмээн үзэж байгаа аж.
Мөн яармагт оролцогч, гадны бизнес эрхлэгчидтэй уулзах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийн уулзалт болон хөнгөн үйлдвэр, үйлчилгээ, импортын бүх оролцогчдын шалгаруулалтыг зохион байгуулж байв.
Бараа бүтээгдэхүүн сонирхох зуураа үйлдвэрлэл эрхлэгчдийн сэтгэгдлийг сонслоо. "Хөдөө арал" компанийн ажилтан Халин:
-Хаанаас ирсэн бэ. Үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож байна вэ?
-ӨМӨЗО-ы Шилийн гол аймгаас ирсэн. Манай компани гуч гаруй нэр төрлийн үхрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тосонд шарсан борц, жантай борц, давсалсан борц зэрэг бүтээгдэхүүний амталгаат худалдааг явуулж байна.
-Үзэсгэлэнгийн зарыг хаанаас авсан бэ. Хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Манай аймгаас дөрвөн компани ирсэн. Биднийг удирдах байгууллагаас нэгдсэн журмаар авч ирсэн. Манай компаний хувьд анх удаагаа Монголд ирж байна.
-Танай бүгээгдэхүүнийг хүмүүс хэр сонирхож, худалдан авч байна вэ?
-Хүн цөөхөн явж байгаа учраас борлуулалт тааруу байна.
ЖДҮ-ийг дэтжих Сонгинохайрхан төеийн тэргэжилтэн Д.Ганхуяг:
-Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манайх дүүргийнхээ шинээр ЖДҮ эрхэлж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжиж ажилладаг төрийн байгууллага байгаа юм. Хоёр жилийн хугацаанд сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх, санхүүжилт олоход нь туслах зэргээр дэмжлэг үзүүлдэг.
-Энэ удаагийн үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүнээр оролцож байна вэ?
-Арьсан эдлэл, уран зураг, хүүхдийн өлгий, үнэт чулуун хөөрөг, гутал, бүс зэрэг төвийнхөө бойжигчдын олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Тухайлбал, энэ битүү зүү ороосон мөнгөн тоногтой бүсийг бүтэн жил урласан. Энэ мэтчилэнгийн бүтээгдэхүүнүүдээрээ манай төв урд жилийн үзэсгэлэнгүүдэд олон удаа байр эзэлж байсан.
"Хайнаг толгой" хоршооны ахлагч Г.Гэрэлцэцэг:
-Ямар бүгээгдэхүүн, үйл- чилгээгээр оролцож байна вэ?
-Монгол хувцас, арвайн гурил, гар урлал, гар урлал дотроо зэс домбо, модон хувин, оньсон тоглоом, тулга,. шүрэн урлал зэрэг бүтээгдэхүүнээр оролцож байна.
-Хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Анх 2012 онд оролцож байсан. Оролцсон эхний жилдээ өөрсдийн бүтээсэн арвайн гурилын тээрмээр тэргүүн байр эзэлж байлаа. Түүнээс хойш алгасалгүй оролцсон.
-Энэ удаагийн үзэсгэлэн өмнөхүүдээсээ хөл хөдөлгөөн хэр байна. Эхний хоёр хоногт хэр борлуулалт хийв?
-Харьцуулахад хөл хөдөлгөөн хамаагүй бага байна. Гэхдээ хоёр зуугаад мянган төгрөгний бараа зарчихаад байна.
-Худалдан авалт муу байгаа нь юутай холбоотой гэж бодож байна вэ?
-Ер нь сүүлийн жилүүдэд ЖДҮ эрхлэхэд валютын ханшны огцом өсөлт хүчтэй нөлөөлж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад хүнд байна. Ялангуяа импортын компаниудад. Үүнээс улбаалан бараа үйлчилгээний үнэ өсчихөөр хэрэглэгчдийн худалдан авах чадвар эрс муудахад хургэж байна гэж бодож байна. ЖДҮ-ийн үзэсгэлэнд үндэсний болон гадаадын олон компани оролцож, бараа бүтээгдэхуүнээ дэлгэн тавьжээ. Гэвч энэ тав хоногт үзэсгэлэнгийн танхим хөл хөдөлгөөн бага, бараа бүтээгдэхүүний борлуулалт муу байсан нь Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй байдаыг давхар нотлон харуулж байх шиг.