- Газар олголтын асуудал юу болсон бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ-аас баталсан. Уг төлөвлөгөөг батлах хүртэл НИТХ-аар шинээр газар олгохгүй байх шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хүртэл хотын төвийн 1300 га газарт газар олгохгүй юм. Түүнчлэн өнгөрсөн жил НИТХ-аар нийслэлийн 52 байршилд төлөвлөлт хийсний дараа газар олгохоор болсон. Төлөвлөлт хийнэ гэдэг амар ажил биш. Өндөрлөг цэгүүдийг тогтоох, геодезийн зургийг бэлэн болгохоор ажиллаж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар эхний ээлжинд онлайн хэлбэрээр газрын байрлалыг тогтооно. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 93 мянган хүн газраа өмчилж авсан. Үлдсэн 1 сая 100 мянган иргэн газраа өмчлөөгүй байна. Тиймээс ийм олон хүнд газар өмчлүүлнэ гэдэг нэг амьсгаагаар хийчих ажил биш юм. Аль болох иргэдэд чирэгдэлгүйгээр газар өмчлүүлэхийн тулд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тухайлбал Улиастайн амд газар өмчлөх газрыг дугаарлаад интернетэд байршуулна. Тухайн иргэн авах гэсэн газраа онлайнаар сонгох юм. Нэг дугаар дээр нэгээс дээш хүн байвал сугалаа явуулна. Тиймээс нийслэлээс газар өмчлөлийн асуудлыг маргаангүй аль болох эерэгээр шийдэхээр ажиллаж байна. Ирэх 6 дугаар сараас эхлэн газар олгоно. Энэ дашрамд хэлэхэд өнгөрсөн оны тавдугаар сараас өмнө нийслэлийн иргэнээр бүртгэгдсэн иргэд газар өмчлөлд хамарна. Харин тавдугаар сарын 30- наас нийслэлд шилжин ирэгсэд газар өмчлөлд хамрахгүй.
-Дэд бүтэц очихгүй уулын орой дээр газар олгоод нэмэр байна уу?
-2030 он хүртэлх төлөвлөгөөгөөр нийслэлд дэд бүтэцгүй газар байхгүй болно. Тэр үед дэд бүтцэд холбогдоогүй айл байвал Улаанбаатараас гаргана. Гол нь дэд бүтэц тавих зорилгоор дээрх 52 байршлыг тогтоосон.
-Энэ жил нийслэлд зам засвар бүтээн байгуулалтын ажил хэр өрнөх вэ. Хөрөнгө мөнгөний асуудлыг хаанаас санхүүжүүлж байгаа вэ?
- Нийслэлээс энэ онд 230 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дулаан, цахилгаан, бохирын шугмын шинэчлэл болон замын ажилд зарцуулахаар төсөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгөөр их тойруугийн цахилгааны 110-ын шугмыг барьж дуусгана. Ингэснээр цахилгааны дутагдалтай байгаа захын хороолол гэрэлтэй болно. Харин үүнээс хойш шинээр суурьших хүмүүст зориулан цахилгааны шинэ шугам тавихгүй гэдгийг энд онцолж хэлье. Энэ онд зам барилгын ажил, “Гудамж” төсөл үргэлжилнэ. Тодруулбал Богд уулын арын зам ашиглалтад орно. Наадмаас өмнө Яармаг, Биокомбинатын замын төгсгөлийн хучилтыг хийнэ. Өнгөрсөн жил дээрх замын суурь хучилтыг хийлгээд зогсоосон. Тиймээс хүмүүс энэ замыг чанаргүй боллоо гэсэн гомдол тавиад байгаа. Ер нь бусад орнуудад нэг жилд багтааж зам барьдаггүй юм билээ. Жилийн дараа сүүлийн хучилтыг хийдэг жишиг бий. Дууссан болохоор замын тэмдэглэгээ тавиад байна гэх хүмүүс олон байсан. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхдээ аль болох иргэдэд төвөг учруулахгүйгээр хийнэ. Тиймээс нийслэлийн вэб сайтад хотоос өрнүүлж байгаа бүх ажлыг олон нийтэд урьдчилан мэдэгдэж байгаа юм.
-Мөнгө хуримтлуулж орон сууцанд орж чадахгүй байна. Залуу гэр бүлд орон сууцны зээлийг орох байрыг нь барьцаалаад 100 хувийн лизингээр олгох боломж бий юу?
-Цалингийн орлогоос өөр хуримтлалгүй хүмүүст зориулан орон сууцны шинэ хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Орон сууцны санд мөнгөө хийгээд 3-5 жилийн дараа лизингээ төлөөд явах нөхцөл бүрдүүлнэ. Тогтмол сарын орлоготой хүн бүхэнд зориулсан эл хөтөлбөрийг ирэх 6 дугаар сард НИТХ-аар хэлэлцэнэ. Тиймээс удахгүй захиалга авч эхэлнэ.
- СӨХ сайн ажиллахгүй байна. Гомдлоо хаана гаргах вэ?
-СӨХ бол цэвэр иргэдийн байгууллага юм. Тиймээс оршин суугчид ажиллаж чадахгүй байгаа даргаа солих нь тэдний эрх. Хуралдаад л асуудлыг шийдэх хэрэг. Үүнд бид хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хүмүүс СӨХ-ын төлбөр өндөр байна гэдэг. Оршин суугчид өөрсдөө төлбөрөө тогтоох бүрэн эрхтэй шүү дээ.
-Гэрлэх ёслолын ордны хашаа болон хашааны гадна явган хүний зам байхгүй. МАХН-ын байрны урд хэсэгт авто машиныг дуртай газраа тавьж байна. Энд хүн явах зам талбай алга. Замын цагдаагийн газарт энэ асуудлаар хандсан ч нэмэр алга байна?
-“Гудамж” төслөөс гадна “Хашаа” арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Яг үнэндээ мөнгө төлж байвал миний эрх гэсэн бугшмал үзлийг зогсоох гэж үйлээ үзэж байна.Нийтийн эзмшлийн талбай дээр барьсан барилгыг буулгах ажлууд шүүх дээр очоод унах тал бий. Дүүргүүдэд явган хүний замыг сайжруулах ажлыг өрнүүлж байна. Гэхдээ өргөс авсан юм шиг нэг өдөр бүх ажлыг хийчихгүй юм.
-Машины зогсоолын асуудлыг нийслэлээс цаашид хэрхэн шийдвэрлэх вэ. Төрийн байгууллагуудын гаднах зогсоолоос мөнгө авдаг болсон нь хэр оновчтой хувилбар юм бол?
-Төрийн байгууллагын гаднах зогсоолоос олсон мөнгөний 20 хувийг тухайн байгууллагад нь өгч байгаа. Өмнө нь төрийн байгууллагынхны машин эгнэчихсэн учраас иргэний машин орох боломжгүй байлаа. Энэ байдал эрс өөрчлөгдсөн. Дэлгүүрийнхэн гаднаа машинаа тавьчихвал хүн үйлчлүүлэх үү гээд асуудал үүснэ. Түүнтэй агаар нэг юм.
-Кадастрын компаниудын цэг тогтоох үнэ өндөр байна. Үүнийг шийдвэрлэх боломжтой юу?
-Кадастрын үнийг ихэсгэх, багасгах асуудал миний хэрээс хэтэрсэн ажил. Кадастрын бүртгэлийн үнийн асуудлыг хуулиар шийднэ.
-Гадуур зэрлэг ноход их байна. Устгах ажлыг хэр хийж байна вэ?
-Нохойг буу шийдэм бариад хүүхдүүдийнхээ дэргэд устгадаг явдлыг халж байгаа. Баянзүрх дүүрэгт нохой хорьдог тусгай байр барьж байна. Амьтныг зовоохгүйгээр устгал хийх аргыг хэрэглэнэ. Мөн айлын нохой өмнө нь устгалд орчихдог тал байсан. Тэгвэл Баянзүрх дэх нохой хорьдог газраас олж авах боломжтой.
-Та нийслэлийн ногоон байгууламжийг хангалттай гэж үзэж байна уу?
-Энэ онд ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн хүрээг хоёр дахин нэмэгдүүлнэ. Хүмүүс ногоон байгууламжид их мөнгө зарцуулж байна гэж шүүмжилдэг. Иргэдэд эерэг сайхан сэтгэгдэл төрүүлж тав тухыг хангахын тулд үүнд мөнгө хайрлах хэрэггүй. Наад зах нь хүмүүсийг хүмүүжүүлж байна. Зүлгэн дээр гишгэхээ больсон гээд хүмүүст хотын хүмүүжил суулгаж байна. Тоосжилт багаслаа. 2020 он гэхэд манай байгууламж бусад хотын жишиг рүү очно. Түүнчлэн Туул голын доторх ногоон байгууламжид барилга барьж байгааг зогсоосон. Энэ асуудал шүүх дээр явж байна. Туул голын далан дотор аялал жуулчлалын бүс байгуулахаар ажиллаж байна. Мөн Яармагийн хадан хошуунаас Баянзүрх хүртэл дугуйн замтай болно. Ингэснээр иргэд тав тухтай орчинд зугаалах нөхцөл бүрдэнэ. Зүгээр салхилах биш хүүхэд залууст байгаль экологийн чиглэлээр боловсрол олгохоос эхлээд олон ажил өрнүүлнэ.
-Зурагтаас Гандан руу уруудахад явган хүний зам гаргах уу?
- Явган хүний замгүй газруудад байгаа барилга, айлуудыг газраа чөлөөлөхийг мэдэгдэж байгаа. Зурагтаас Гандан руу уруудахад явган хүний зам барина.
- Утааны асуудал хүнд байгаа энэ үед барилгажилтад анхаарч байгаа нь сайн хэрэг. Нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хичнээн орон сууц ашиглалтад орох вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 80-100 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна. Нэг иргэн л газраа чөлөөлөхгүй бол тэр ажил зогсох учраас энэ нэлээн амаргүй ажил. Хашааны эзэн хөрөнгө оруулагч хоёр тохирох замаар өрнөж буй ажил юм. Арай гэж тохироод ажил явж байтал дунд нь улс төр орж нэрмээс болж байна. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил Гинессийн номонд орохоор хурдтай явж байна. Япон ийм алыг хийхийн тулд 16 жил зарцуулсан байдаг.
-100 айлын барилгын захыг хэзээ нүүлгэх вэ?
- Эхний ээлжинд авто худалдааны төвийг нүүлгэнэ. Налайх руу барилгын захыг удахгүй нүүлгэхээр бэлтгэл ажлуудыг хийж байна. Налайхад барилгатай холбоотой төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлнэ.
- Нийслэлийн үйлчилгээ иргэдэд хэр ойртож байна вэ?
-Иргэдийн хүсэлт өргөдөл хаана удаад байна вэ гэдэг нь харагддаг болсон. Тиймээс төрийн үйлчилгээ муу үзүүлж буй хүмүүст арга хэмжээ авахад амар болсон. Бүх хороодод интернет тавихаар ажиллаж байна. Ингэснээр хороон дээрээс тодорхойлолтоос эхлээд бүх үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
- Энэ онд ахмадад зориулж хичнээн айлын орон сууц ашиглалтад оруулах вэ?
- Энэ онд 396 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Өнгөрсөн онд 300 айлын орон сууцыг ашиглалтад өгч, орон гэргүй ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оруулсан. Ахмадуудад орон сууц олгох асуудлыг дүүргүүд рүү шилжүүлж байгаа. Хүнээ таньдаг гэдэг утгаар нь шилжүүлэхээр болсон. Орон сууц олголт арын хаалга руу шилжих вий гэдгээс болгоомжилж сугалаа суглуулах хэлбэрийг сонгож байна. Ирэх жил ахмадын 1000 айлын орон сууц ашиглалтад орно. 2020 он гэхэд 6800 айлын орон сууц барих төлөвлөгөө гарсан.
-Машин ачих үйлчилгээ тааруу байна. Заавал машин ачих хэрэг байна уу?
- Иргэдээс хүсч байгаа зүйл нь нотлох баримт гаргаж өгөх юм. Нотлох баримттай бол машин ачиж буй хүмүүст хариуцлага тооцно. Ажилтнуудын хувьд мэдэгдэл өгөөд таван минут хүлээж байна гэдэг. Тэгэхээр хаана асуудал байгааг хэлэхэд бэрх. Машин ачуулсан хүн мэдээж ууртай байна. Гэхдээ машин ачиж эхэлснээр машинаа нэгдүгээр эгнээнд тавьдаг байсан нь эрс багассан. Миний зүгээс машин тавих хэвтээ тэмдэглэгээг сайн тавьж өг хэмээн холбогдох албаныханд үүрэг болгосон.
-Нийтийн тээврийн асуудал хүнд. Монгол автобусыг хэзээ явуулж эхлэх вэ?
- Энэ сарын 6-наас эхлэн төмөр замын автобус явна. Богд уулын урдуур төмөр зам барьчихвал нэг минут тутамд төмөр замын автобусыг явуулах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр нийслэлд хурцаар тавигддаг гурван асуудлын нэг нь нийтийн тээвэр юм. Том оврын автобус мал ачиж байгаа юм шиг явдаг, цагаа барьдаггүй гэсэн шүүмжлэл бий. Энэ байдлыг удахгүй хална. Тухайн компанийн ашгийг бодохгүй суудлын тооноос 10 хувийн хэтрэлттэй байх юм бол нийтийн тээвэрт явуулахгүй. Энэ зунаас эхлэн Монгол автобус явж эхэлнэ. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээнд ахиц гарна.
- Эзэмшлийн эрхтэй газрыг өмчлөл рүү шилжүүлэх боломжтой юу?
-0.7 га дотогшоо газар бол эзэмшлийг өмчлөл рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
-Хогны уут тарааж ашиг олж байна гэсэн шүүмжлэл бий. Энэ тухайд?
-Хогны уутыг Эрээнээс авчраагүй. Үндэсний үйлдвэр хийж байна. Эндээс нэг төгрөгийн ч ашиг олоогүй. Харин ч ажлын байр бий болох хөшүүргийг нэмэгдүүлсэн.
-Нийслэлчүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Хог хаягдал бол хотын нэг номерын асуудал. Хамгийн их бохирдуулагч нь хүн олон саяар нэг дор цуглаад ирэхээр мэдээж хэрэг бохир үйлдвэрлэгдэнэ. Энэ тал дээр бид тэмцэж байна. Хаа байсан Солонгосын иргэн хогны уут бариад хог цэвэрлэж байгааг хараад ичих юм. Энэ чинь бидний гэр шүү дээ. Айлын хүн ирээд хог цэвэрлэнэ гэдэг бол байж боломгүй. Тиймээс хотын иргэд хоноцын сэтгэлээр хандаж боломгүй юм. Сэтгэлгээгээ өөрчилж хотын хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэе.
Б.Заяа
монцамэ