2014-05-20Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрлийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх вэ?
-Энэ оны эхээр төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого гэж гарсан байгаа. Бодлогыг гаргахдаа уул уурхайн хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгахад чиглэгдсэн. Энэхүү бодлогыг 2025 он хүртэл баримталж ажиллах чиг шугамыг тогтоож өгч байна. Тиймээс холбогдох хууль, дүрэм, журмыг боловсронгуй болго гэсэн чиглэлийг УИХ-аас өгсөн.
Үүний дагуу Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Эхний ээлжинд алтны худалдаанд ил тод байдлыг хангах арга хэмжээ авсан. Бид дараагийн шатны ажлыг хийгээд эхэлсэн. Гол нь уул уурхайн салбарыг идэвхижүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхийг хориглоод дөрвөн жил өнгөрч байгаа. Хайгуулын зөвшөөрлөөр хязгаарлагдаж байсан талбайн хэмжээ буурсан. Өмнө нь газар нутгийн 40 гаруй хувийг эзэлдэг байсан бол одоо 7-8 хувьтай байна. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар тусгай зөвшөөрлийн хориг тавигдана. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, хооронд нь шилжүүлэх эрх нээлттэй болно гэсэн үг. Ингэснээр хайгуулын салбарын ажил идэвхжиж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ.
-Хайгуулын 106 лиценз цуцлагдсан. Үүнийг тойрсон олон маргаан бий. Энэ асуудал юу болж байна вэ?
-Уул уурхай, хууль зүйн сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Бид тал талаас нь судалж үзсэн. Ерөнхийдөө ажлын хэсгээс ашигт малтмалынхаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол болохгүй юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Учир нь лиценз олгох, шилжүүлэх эрх нь хаалттай байгаа учраас эдгээрийг нээх хэрэгтэй байна. Цаашилбал, сонгон шалгаруулалтын журмыг мөрдөхөөр нийтлэг зүйл болох гээд байна. Тиймээс төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан асуудал учраас Засгийн газар хариуцлагыг нь үүрч, тухайн асуудлыг шийдэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Энэ чиглэлээр судал, холбогдох газруудын саналыг авсан байгаа.
-Дээрх 106-д цуцлагдах ёсгүй лиценз бас байгаа гэдэг гомдол гарч байсан. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Тал бүрээс нь судалж байгаа. Үнэхээр төрийн албан хаагчийн буруугаас болоод хувь хүн, албан байгууллагыг хохироосон нь тогтоогдвол төрийн зүгээс нөхөн төлбөрийн асуудал гарч ирнэ. Тиймээс асуудалд бодитоор хандаж аль, аль талдаа хохиролгүйгээр шийдүүлэх хэрэгтэй.
-Эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөх салбарын нэг нь нүүрс гэдэг. Нүүрсний экспортыг дэмжих талаар танайхаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нүүрс эдийн засгийн чухал салбарын нэг. Тиймээс экспорт болон олборлолтыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч байгаа. Ерөнхий сайдаар удирдуулан нүүрсний томоохон компаниудын удирдлага, нүүрсний салбартай холбоотой ажилладаг төрийн байгууллагуудын удирдлагууд оролцон тулгарч буй асуудлуудаа ярьж байна. Өнөөдрийн байдлаар 5.6 сая тонн нүүрс экспортлосон байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад долоон хувиар өссөн дүн. Манай улсын нүүрсний экспорт Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтоор гарч байгаа. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” 1.2 орчим сая тонн, “Энержи ресурс” 2.6 сая тонн, “Тавантолгой” 500-600 мянган тонн нүүрс гаргасан байдаг. Энэ он гарснаас хойш урд хөршөөс хамааран экспорт саарсан тал бий. Ерөнхийдөө зах зээлийн үнэ бага. Хятадын талын нөөц их зэрэг шалтгаан нүүрсний экспортод нөлөөлсөн ч бид гаргасаар байгаа. Бидний гол худалдан авагч бол яах аргагүй урд хөрш. Тэд нүүрсний салбартаа өөрчлөлт хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, жижиг, байгаль орчинд хохирол учруулдаг уурхайнуудаа хаах, том уурхайгаа дэмжих бодлого явуулж байна. Хэдийгээр нөөц ихээр хуримтлагдсан ч зах зээл эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Тийм учраас цаашид манай улсын экспорт өсөх хандлага ажиглагдаж байгаа.
-Нэг тонн нүүрсийг хэдээр гаргаж байгаа вэ?
-Угаагүй нүүрсийг 35 ам.доллараар гаргаж байгаа байх. Нүүрсний үнийн тодорхой дүнг экспортлогч компаниудаас авах хэрэгтэй.
-Нүүрсний үнэ нэлээд хэл ам дагуулаад байгаа шүү дээ. 70 гаруй ам.долларын үнэтэй байсныг 50 хувь буулгачихлаа гэдэг шүүмжлэл ч бий. Үүнийг тайлбарлаач?
-Зарчмын хувьд үнэ бууруулсан гэдэг нь маш буруу ойлголт. Учир нь 70 ам.доллараар экспорт хийж байх үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 90 ам.доллар байсан. Тухайн үед Хятадын зах зээлд дөрвөн төрлийн үнэ бий. Түүнийг дундачлан 70 гэсэн суурь дээр коэффицентээр нөлөөлүүлээд үйлчлүүлдэг томьёог тохирсон байдаг. Тиймээс одоогийн ханш 70 дээр хатуу зогсох ёстой гэсэн үг биш. Зах зээлийн зарчимтай уялдсан үнийн механизм ашиглаж байсан юм. Тэгэхээр 70 байсан үнийг 35 болгосон гэдэг нь ташаа ойлголт гэдгийг эндээс харж болно. Тэр үеийн жишгээр бол магадгүй 25 хүртэл буурч болно.
Тухайн үед ашиглаж байсан үнийн коэффициентийг зах зээлийн хамгийн бага үнэтэй зах зээлийн үнийн үнэлгээний 60 хувьтай тэнцэхээр тооцсон байдаг.
-Тухайн үед байгуулсан гэрээний заалтад нүүрсний үнэ тогтвортой байна гэсэн заалт байхгүй гэсэн үг үү?
-Тийм. Зах зээлийн үнийн хөдөлгөөнтэй уялдаад буурахаар тооцоолсон байдаг.
-Гаднаас 200 гаруй сая ам.долларын нүүрсний төлбөрийг аваагүй байгаа тухай ярьж байсан. Хэдийд өрөө авах вэ?
-Нүүрсний зах зээл хүндрэлтэй байгаатай холбоотойгоор энэ өр үүссэн гэж ойлгож байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд “Чалко”-той байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа болгон хүүтэй зээл авсныхаа төлбөрт нүүрсээ өгч байгаа учраас орлого орох боломжгүй. Нийт 350 сая ам.долларын зээл авснаас 130 орчим сая гэж сонссон. Бусад компаниудын хувьд гэрээтэй аж ахуйн нэгжүүд төлбөрийг дараа нь шилжүүлнэ гэж байгаа тухай хэлж байсан. Ямартай ч нүүрсний ачилт хэвийн явж байгаа
-Тэгвэл нүүрсний экспортоос орж ирэх 200 сая ам.доллар Чалкод төлөх өрөөс тусдаа дүн гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Нүүрс экспортолдог том, жижиг нийлсэн олон компани бий. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой гэдэг компаниуд тус тусдаа гэрээ байгуулан, өөр, өөр газруудтай хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр тэдний хооронд хийсэн гэрээнүүд энэ бүгдийг шийднэ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” өглөгтэй байхад, “Энержи ресурс” авлагатай байна. Монголбанк, Сангийн яамнаас хэлээд байгаа мөнгөн дүн нийт нүүрсний салбартай холбоотой гэж ойлгох хэрэгтэй.
-Гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд танай яамны зүгээс ямар арга хэмээ авч байна вэ. Учир нь уул уурхайн салбар уналтад орчихоод байна л даа?
-Лондонд болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцоод ирсэн. Тэнд 200 гаруй хөрөнгө оруулагчид цугларсан байлаа. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн орчныг тогтвортой, боловсронгуй болгох чиглэлээр хийж буй ажлыг дэмжиж байгаа нь харагдсан. Жишээлбэл, Алтны ил тод байдлыг хангах хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг тэд сайн хүлээж авч байсан. Бид хөрөнгө оруулалт чухал гэдгийг ойлгож байгаа учраас манай яамны зүгээс хууль эрх зүйн орчныг тогтвортой болгохоор ажиллаж байна. Юуны өмнө Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ хуулийн төслийг батлуулах нь чухал байгаа юм. Энэ хууль гарснаар зогсчихоод байгаа хайгуулын ажил сэргэнэ. Гацаанд орсон тусгай зөвшөөрлүүдийн асуудлыг ярих бололцоо нээгдэнэ.
-Энэ жил уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж харж байгаа вэ?
-Бодит тоо хэлэхэд төвөгтэй. Зах зээлийг удирдаж тодорхой тоо хэлэхэд хэцүү. Бид хууль эрх зүйн орчноо боловсронгуй, ойлгомжтой болгох нь чухал юм. Үүний дараа гадаадад төдийгүй дотооддоо сурталчлах хэрэгтэй. Энэ хэрээр хөрөнгө оруулалт өсөх боломж бий. Дэлхийн эдийн засаг хямралтай үед хөрөнгө оруулалт орж ирэх магадлал бага гэдэг нь ташаа ойлголт гэж боддог.
-Төмрийн хүдрийн үнэ унаад экспорт зогсонги байдалтай байгаа тухай яриад байна. Энэ тал дээр танайх ямар арга хэмжээ авч байна?
-Ганц төмрийн хүдэр төдийгүй салбар бүрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж тэдний холбоодтой нь хамтарч ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Учир нь аль нэг компани, аж ахуйн нэгжийг биш, тухайн салбарыг бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор төмрийн олборлогчдын хувьд төмөр хайлуулах чиглэлээр санхүүгийн талын дэмжлэг үзүүлэх саналыг холбогдох яаманд уламжилсан байгаа.
-Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн сайн мэдээ бий. Энэ жил хэдэн тонн алт олборлох боломж байгаа вэ?
-Энэ жилийн тухайд 30 гаруй тонн алт авна гэсэн нэлээд өөдрөг төлөвлөгөө тавьсан байгаа. Аж ахуйн нэгжүүд маш сайн тушааж байгаа гэсэн мэдээг Төвбанкнаас бид авсан. Одоогоор 2040 кг алт Монголбанк авсан байна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байх жишээтэй. Цаашид өөдрөг байх болов уу гэсэн горьдлого бий. Алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэлээд идэвхжсэн. Одоогийн байдлаар 38 компани ажил нь жигдрээд явж байна.
Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/