2014-05-20-Дотоодын нүүрс олборлогч компаниуд хоорондоо өрсөлдөх биш хамтарч ажиллах хэрэгтэй-
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Уул уурхайн салбарын нээлттэй өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Салбарын дэд сайдын хувьд та энэ удаагийн арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
-Манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд энэхүү арга хэмжээнд оролцлоо. Өөрөөр хэлбэл, бүх талын оролцоог нэгтгэсэн нээлттэй өдөрлөг болж өндөрлөлөө. Нээлттэй өдөрлөгийн гол онцлог бол уул уурхайн салбарын бодлого, энэхүү салбарт маань үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, нээлттэй, ил тод чиглэлээр ойлголцох ийм чухал арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд манай улсын урдаа барьдаг, гол гол үйлдвэрлэлийн ажиллагаа явуулдаг компаниуд, төр засгийн байгууллагууд, нөхөн сэргээлт хийдэг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод оролцлоо. Тухайлбал, "Эрдэнэс Монгол" компани, "Эрдэнэт" үйлдвэр, "Багануур" ХК гэх мэт манай томоохон аж ахуйн нэгжүүд оролцсон. Мөн ШУТИС, уул уурхайн чиглэлээр сургалт явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд ч хүрэлцэн ирж нээлттэй мэдээлэл хийлээ.
-Уул уурхайн яам 2014 онд ямар зорилт хэрэгжүүлж байна вэ? Хамгийн голлох зорилт?
-Уул уурхайн яам байгуулагдсан цагаасаа хойш уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчинг тогтвортой болгох, ойлгомжтой болгох, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бүх анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Тухайлбал, бид гол гол бодлогын баримт бичгүүдээ УИХ-аар батлуулаад ажиллаж байна. Энэ бол хөренге оруулагч болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн итгэлийг сэргээсэн алхам болсон. Нөгөө талаас Уул уурхайн яамнаас энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр, нөгөө талаар аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
-Үүнтэй холбоотой жишээ татахгүй юу?
-Би хоёр гурван тоо хэлье. Оны эхний улирлын байдлаар манай зарим нэрийн бүтээгдэхүүний гадаад зах зээлийн үнэ хэдийгээр сул байгаа ч гэсэн экспортын хэмжээ 29 хувиар нэмэгдсэн. Экспортын өсөлтөд манай түүхий нефтийн экспорт, зэсийн баяжмалын экспорт голлох нөлөө үзүүллээ. Нөгөө талаар нүүрс болон төмрийн хүдрийн үнэ бага байгаа хэдий ч биет хэмжээгээрээ төлөвлөгөөгөө хангаад ажиллаж байна. Энэ жилийн хувьд Монгол Улс 31 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 5.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Бид оны хоёрдугаар хагаст төлөвлөгөөгөө илүү шахаж экспортын зорилтоо биелүүлэх чиглэлээр ажиллана. Энэ хүрээнд боомтын нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлээр олон ажил хийж байна.
-Нүүрсний экспорт нэмэгдэж байгаагийн хажуугаар үнэ ханшид нь өөрчлөлт орох болов уу? Одоо харьцангуй хямд үнээр гаргаж байгаа шүү дээ?
-Ний нуугүй хэлэхэд гадаад зах зээл, ялангуяа өмнөд хөрш дэлхийн нүүрсний хэрэгцээний 51 хувийг дангаараа хэрэглэдэг. Хятадын дотоод зах зээл дээр нүүрсний хэрэгцээ бага хэмжээгээр буурсан. Нөгөө талаар нүүрсний үнэ унасан ийм үед бид өрсөлдөхөөс өөр арга байхгүй. Тэгэхлээр бид дотоод нөөц бололцоогоо дайчлах ёстой. Тухайлбал, өөрсдийн үйл ажиллагааны зардлаа бууруулах, тээвэрлэлтийн хурдаа нэмэгдүүлэх чиглэлээр ямар ч байсан хэмжээгээ барих түвшинд ажиллана. Нүүрсний зах зээл 2012, 2013 онуудад таатай байсангүй. Үйлдвэрлэлийн, тэр дундаа гангийн үйлдвэрлэлийн салбарт өсөлт ажиглагдаагүй болохоор кокжсон нүүрсний зах зээл уналттай байна. Тиймээс бид ийм үед дотоодын нөөц, бололцоогоо ашиглаад зардлаа бууруулах арга хэмжээ авах нь зөв гэж үзсэн.
-Нүүрснйй экспорт нэмэгдсэн нь сайн хэрэг ч үнийг нь өсгөхгүйгээр ашигтай байж чадах уу. Хятадын "Чалко" компанид төлөх ёстой зээлээ барагдуулсан гэсэн мэдээлэл албан ёсоор гарсан?
-Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Тухайлбал, Хятадын "Чалко" компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад урьдчилаад мөнгөө авсан. Энэ гэрээгээ дуусгах ёстой. Энэ ажлыг манай "Эрдэнэс Таван толгой" компани хариуцаад ажиллаж байна. Цаашдаа ч гэсэн бид олон худалдан авагч нарт бүтээгдэхүүний өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд дотоодын нүүрс олборлож буй компаниуд хоорондоо өрсөлдөх биш хамтарч ажиллах хэрэгтэй. Нэг нэгдсэн үнийн бодлогоор экспортод гаргах зорилгоор манай улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар үнийн бүрдэлд гол нөлөө үзүүлдэг. Тээврийн зардлыг бууруулах шаардлагатай. Өнөөдөр нэг тонн нүүрсний тээврийн зардал 40 хувийг эзлээд байна шүү дээ. Тэгэхлээр төмөр замаа барих, боомтын төмөр замыг барих шийдвэр гарлаа. Цаашдаа ч гэсэн төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах, автозамыг бий болгох ажлуудыг шийдэх ёстой.
-Төмөр замын цагиргийн хувьд нарийн, өргөн гээд маргаантай байна л даа. Уул уурхайн яам ямар байр суурьтай байгаа бол?
-Төмөр замын царигийн асуудлын хувьд гэвэл Засгийн газар, тухайн асуудлыг хариуцсан Зам тээврийн яам бодлого боловсруулж оруулж ирнэ. Манай улсад Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг байгаа: Хятад улс руу бүтээгдэхүүн, нийлүүлэх тохиолдолд царигийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж шийдүүлнэ гэсэн заалт бий. Үүний дагуу шийдвэр гарах байх. Дараа нь бид үйл ажиллагаагаа уялдуулан ажиллана.
-Аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг хэрхэн хийж байна вэ. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гадна Уул уурхайн яам мэдээж баталсан дүрэм журмынхаа дагуу хяналт, шаардлага тавьдаг байх?
-Байгаль орчныг нөхөн сэргээх асуудал дээр өнгөрсөн жилүүдэд хариуцлагагүй үзэгдэл цөөнгүй гарсныг үгүйсгэхгүй, 1990 оноос хойш энэ салбарын үйл ажиллагаа либеральчлагдаад уул уурхайн салбарт бүх чиглэлийн, нэг ёсондоо мэргэжилтэй, мэргэжилгүй хүмүүс орж ажилласны хор уршгаар нөхөн сэргээлтийн асуудлыг орхигдуулсан тал бий. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 5000 орчим га талбай доройтсон байна. Мэдээж нөхөн сэргээх шаардлагатай. Уул уурхайн яам 2017 он гэхэд доройтсон га газрыг бүрэн нөхөн сэргээж дуусах чиглэлээр ажиллаж байна. Нөгөө талаар уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд тавьж буй эхний шаардлага бол нөхөн сэргээлтийг үйл ажиллагаагаа эхэлсэнээсээ хойш шууд хийгээд явах ёстой. Мөнгө төгрөгөө байршуулдаг, өөрсдөө нөхөн сэргээлтээ хийдэг байх ёстой. Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Ашигт малтмалын газраас уулын ажлын төлөвлөгөөг баталдаг. Үүндээ байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн
асуудлыг онцгой анхаарч оруулсан. Уул уурхайн яамнаас баримталж, ярьж байгаа зорилго чиглэл бол нэгдүгээрт, хариуцлагатай уурхай, тэр дотор хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хоёрдугаарт, байгаль орчны асуудал, гуравдугаарт, эдийн засагтай холбоотой асуудал юм.
-Усны ашиглалтын асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Говь нутагт газрын гүний усыг ашиглаж байна. Гүний ус дуусах аюул бий шүү дээ. Тэгэхлээр өөр ямар гарц хайж байна вэ?
-Манай Монгол Улсын хувьд усны нөөцийн хувьд хязгаарлагдмал орон шүү дээ. Ялангуяа говийн бүс нутагт гадаргын ус багатайгаас газрын гүний усыг ашигладаг тохиолдол байна. Цаашдаа манай холбогдох байгууллагууд, Байгаль, орчин ногоон хөгжлийн яамтай хамтраад саарал ус буюу газрын гадаргын усыг уул уурхайд түлхүү ашиглахыг дэмжиж ажиллаж байна. Одоогоор бид газрын гүний усыг ашиглах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Хэрхэн дэмжин ажиллаж байна вэ. Жишээ татаж болох уу?
-Дэмжиж ажиллаж байгаа хэлбэр гэвэл урсацтай гол мөрнүүдээс зарйм үед цөөрөм үүсгэж ашиглах, зарим үед хурын усыг тогтоож ашиглах чиглэлээр санал санаачлага гарч байгаа юм байна лээ. Энэ чиглэлээр манай яам хамтарч ажиллана. Та бүхэн мэдэж байгаа. Усны асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Усны газар хариуцдаг.
С.Сайнсанаа /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/