шохоорхсон, ширтсэн харц угтсан юм. Бүгдээрээ амьд гэмээр. Зураач бүсгүй хөрөг зурдаг ажээ. Зураач Б.Насанцэнгэл амьдралынхаа ихэнх хугацааг энэ урланд өнгөрөөсөн. Түүнд урландаа ганцаараа суугаад, намуухан хөгжмийн аялгуунд зурагаа зурах нь хамгаас сайхан байдаг гэв. Харин чөлөөт цагаараа үзэсгэлэнт байгалиар аялах дуртайгаа ярьсан. Түүнтэй уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
-Зун ирж байна. Энэ үед та ихэвчлэн юу зурдаг вэ?
-Зуны улиралд би цэцэг их зурдаг юм. Мөн зурахаасаа илүү үзэсгэлэнт байгалиар аялах дуртай. Хөдөө судалбарт явна. Тэндээс уран бүтээлийн сэдэв, санаа, онгод төрдөг юм. Харин яг түүнийгээ бүтээл болгоод суух нь өвөл байдаг. Нэг үгээр хэлбэл ичээндээ орж байгаад зурна шүү дээ.
-Энэ жил та хаагуур явах төлөвлөгөөтэй байна?
-Би Монголынхоо ихэнх нутгаар аялчихсан. Буйр нуур, Алтай таван богд, Хөвсгөлийн Хатгал, Хонгорын элс гээд манай улс чинь хаана ч байхгүй, байгалийн өвөрмөц тогтоцтой, хараад ханамгүй сайхан байгальтай нутаг. Багшилдаг байхдаа оюутнуудаа аваад хөдөө явдаг байлаа. Хүүхдүүдийн сэтгэл их хөдөлдөг. Бид Өвөрхангай, Архангайгаар явсан.
-Аялж байсан үзэсгэлэнт нутгуудаас тань хэд нь бүтээл болж үлдсэн бол?
-Бүтээл болсон нь олон бий. Алтай таван богд, Ээж хайрхныг зурсан. Манай зураачид Ээж хадыг өөр, өөрийнхөөрөө зурсан байдаг. Миний хувьд есөн тогоог нь илүү тодотгож зурахыг хүссэн.
-Урланд орж ирснээс эхлээд олон хүнтэй хамт байгаа юм шиг содон мэдрэмж төрөх юм?
-Миний урын сангийн 70 гаруй хувийг хөрөг зураг эзэлдэг. Энэ төрлөөр дагнаж зурдаг гэж ойлгож болно. Би ч ялгаагүй урландаа ганцаараа байгаа гэж боддоггүй. Бүтээлүүд минь үргэлж надтай хамт байна.
-Ихэвчэн ямар хүмүүс хөргөө зуруулдаг вэ?
-Манай эрчүүд хөргөө зуруулах сонирхолтой болсон. Гэхдээ би залуу бүсгүйчүүдийг зурах дуртай. Тэднээс эрч хүч, гоо үзэсгэлэн мэдрэгддэг юм.
-Хүмүүс өөрсдөө ирж зуруулдаг уу. Эсвэл та зурагнаас нь хараад зурчихдаг юм уу?
-Анх хүмүүс ирж зуруулдаг байсан. Харин орчин үед ажлаасаа болдог ч юмуу зурагнаас харж байгаад зураад өгөөч гэдэг болж. Гэхдээ би өөрийг нь суулгаж байгаад зурах дуртай. Учир нь тэндээс жинхэнэ амьд харьцаа, мэдрэмж төрдөг юм. Тухайн хүнтэйгээ дотно яриа үүсгэнэ, сэтгэлийг нь мэдэрнэ.
-Тэгвэл зурагнаас харж зурсан хөрөг жинхэнэ бүтээл болж чаддаггүй гэсэн үг үү?
-Зурагнаас хараад өөрөө зохиомжлоод, тавилт хийгээд зурвал бүтээл болно. Түүнээс биш авчирсан зургийг нь тэр хэвээр нь зурчихвал хуулбарласан гэнэ шүү дээ.
-Хүний гадаад үзэмжийг зурах амархан байх. Харин дотоод сэтгэлийг нь та яаж илэрхийлдэг вэ?
-Хүний дотоод сэтгэлийг илэрхийлэгч толь нь нүд шүү дээ. Би зурахдаа нүдэнд илүү анхаарал хандуулдаг. Хүмүүс ч хэлдэг юм. Гадаад төрх хамаагүй, зөвхөн дотоод сэтгэлийг минь адилхан зураад өгөөч гэж. Гэхдээ гадна тал нь бас адилхан байж дотоод сэтгэлийг нь илэрхийлнэ. Аль аль нь холбоотой. Зарим хүн зүгээр л зургийг нь хуулбарлачихдаг. Энэ нь амьд биш, хүйтэн хөндий харагддаг тал бий. Өөрчилнө гэхээр гадаад үзэмж, царайг нь өөрчлөх биш, зураач өөрөө сэтгэж, бодож, арай өөр өнцгөөс гаргах нь чухал.
-Та цэцэг зурдаг шүү дээ. Цэцэг зурах амархан уу?
-Би өөрийн гэсэн цэцэг зурах арга, барилтай болсон. Тэр үеэс эхлээд цэцэг зурах болсон. Гэхдээ хөрөг зургуудынхаа дундуур зурдаг. Цэцэг зурахаар алжаал тайлагдаж, амрах шиг болдог юм.
-Та ямар цэцгэнд дуртай вэ. Хүмүүс ихэвчлэн ямар цэцэг зуруулдаг бол?
-Цэцэг бүхэн сайхан, өөр өөрийн бэлгэ тэмдэгтэй. Манайхан ихэвчлэн охин хүүхэддээ зориулж цээнийн цэцэг зуруулдаг. Энэ цэцэг бүсгүй хүнд аз жаргал бэлгэддэг юм гэнэ лээ.
-Бүсгүй хүн, цэцэг хоёрыг зурахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хоёулаа их эмзэг. Тийм болохоор хооронд нь адилтгадаг байх. Аль аль нь надад нэг л өөр мэдрэмжийг төрүүлдэг юм. Зурахад их гэгээлэг, сайхан сэдэв шүү дээ. Уурлаж бухимдсан биш, амар амгалан сэтгэлээр зурдаг.
-Таныг хөгжимчин болохыг хүсдэг байсан гэж сонссон. Яагаад хөгжимчин болоогүй юм бэ?
-Бага байхдаа хөгжмийн дугуйланд дөрвөн жил сурсан. Хөгжим бүжгийн сургуульд шалгуултал тэнцээгүй. Тэр үеэс зургаараа явах нь дээр гэдгийг ойлгосон. Хөгжимчин болоогүйдээ харин ч баярладаг. Өнөөдөр би уран бүтээлээ зөвхөн өөрийнхөө хүссэнээр л хийж байна. Хэн ч саад болдоггүй, дэндүү эрх чөлөөтэй.
-Та зураг зурахдаа хөгжим сонсдог уу?
-Би зурах үедээ аль болох ганцаараа байж, хөгжим тавиад суудаг. Магадгүй, хөгжим миний уран бүтээлийн нэг хэсэг болдог байх.
-Одоо та ямар зураг зурж байгаа вэ?
-“Гэрэлт галав” гэдэг зураг зурахаар эхлүүлж байна. Өөр ертөнцийн тухай зураг. Би эртний болон шашны сэдэвтэй ном унших дуртай. Тэдгээр номд манай гаригаас гадна өөр олон гариг, ертөнц байдаг гэж гардаг юм. Жишээлбэл, сахиусан тэнгэрүүдийн ертөнц. Тэнд байгаа хүмүүс манай дэлхий рүү үргэлж бурханлаг сэтгэлийн тухай мэдээлэл илгээдэг зэрэг сонирхолтой олон түүх өгүүлдэг нь миний сонирхлыг татдаг.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: Зууны мэдээ