2014-05-14Бетон зуурмаг, арматурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Карьер майнинг” компанийн ерөнхий захирал
Ж.Баяраатай ярилцлаа.
-Юуны өмнө та компаниа танилцуулахгүй юу?
-Манай компани 1984 онд үүсгэн байгуулагдсан. ЗХУ-ын зээл тусламжийн хөрөнгөөр өргөтгөн элс, хайргыг олон төрлөөр паракцлан ангилах хоёр ширхэг жимснарядыг ашиглалтад оруулсан. 1996 онд “Түшиг Уул” хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж нийт 250 гаруй ажилчидтай, компанийн үндсэн хөрөнгө 30 сая ам.доллар, эргэлтийн хөрөнгө 4.5 сая ам.доллар, нийт үйлдвэрлэлийн хүчин чадлын 60 гаруй хувийг ашигладаг, улсын төсөвт жилд долоон сая ам.доллар төлдөг. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн найдвартай түнш, чанарын гурван удаагийн алтан медальтай. Азийн холбооны чанар стандартын шаардлага хангасан байгууллага.
Япон улсаас Монгол улсад хэрэгжүүлсэн “Нарны зам” болон бусад төслүүдэд бүтээгдэхүүнээ 100 хувь нийлүүлснээс гадна Герман улсын төслөөр баригдсан Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын зам барилгын элс, хайргыг нийлүүлсэн.
-Манай улсад бизнес хийхэд маш олон саадыг даван туулж ард нь гардаг хэмээн олон бизнес эрхлэгчид хэлдэг. Та компаниа хөл дээр нь босготлоо олон бэрхшээлтэй тулгарч байсан байх. Тэдгээрийг хэрхэн даван туулдаг вэ?
-Бизнес хийхэд мэдээж бэрхшээл бий. Гэхдээ тэр нь юунаас шалтгаалж байгааг олж харах бэлгийн нүдтэй байх хэрэгтэй. Харин манай улсын төр сохорсон гэдгийг би хэлж чадна. Аливаа зүйлийн зөв, бурууг олж харж чаддаггүй. Бизнес гэж юу вэ гэдгийг мэддэггүй. Түүнийг мэдрүүлдэг газар нь эдийн засгийн шинжлэх ухааны институт байх ёстой. Гэтэл тэр газар нь өөрийнхөө статусаар ажилладаггүй юм. Зарчим нь тухайн институт нь төрийн чиг үүргийн өмнө нь явж байх учиртай. Яаж мөнгө олох аргыг Засгийн газартаа хэлж, зөвлөж, залах хэрэгтэй. Тухайлбал, Ерөнхий сайд, Засгийн газартаа зөвлөгөө өгдөг. Засгийн газар нь түүнтэй уялдсан бодлого боловсруулж зөв голдирлоор ажилладаг байх ёстой. Энэ нь дутагдаж байгаа учраас ямар ч баримжаа байхгүй, самуурсан байдалтай байгааг хүн бүхэн мэднэ. Эндээс юу харж болох вэ гэвэл бүх хүмүүс дур дураараа, өөр, өөрийнхөө байр суурь, үзэл бодолд нийцүүлж эдийн засгийн талаар ярьж байгаа нь сайн үр дагавар авчрахгүй байгааг бид нэлээд олон жил харсаар байгаа шүү дээ.
-Эдийн засгийн шинжлэх ухааны институт гэдэг нь одоогийн Эдийн засгийн хөгжлийн яам гэж олон хүн хараад байна л даа. Таны хувьд?
-Эдийн засгийн хөгжлийн яам өөрөө институт байх ёстой, яам биш. Эдийн засгийн хөгжлийн институттай байх ёстой гэдэг зүйлийг би байнга ярьж байгаа. Энэ нь мөнгийг хэрхэн олох, яаж үржүүлэх вэ гэдгийг тооцоолдог салбар бүрийн инженер, эрдэмтэд, мэргэжилтнүүд цугларсан газар байна. Энгийнээр ойлговол ТЭЗҮ боловсруулдаг газар гэж ойлгож болох юм. Тэр нь маш том үүрэг, хариуцлагатай байгууллага байдаг. Манай улсын хувьд жинхэнэ, сонгодог утгаараа ажиллаж чадахгүй байгаад харамсдаг. Бусад орнуудад мэргэжлийн институтууд бий. Аливаа бизнес эрхлэх гэж байгаа хүн тухайн харъяалагддаг институтдаа ханддаг. 1-2 сая ам.доллар төлөөд мэргэжлийн хүмүүсээр ТЭЗҮ-ээ боловсруулуулж авна. Бидний гаргасан зардал эргээд 100-200 сая ам.доллар болж орж ирэх учраас ямар ч бизнес эрхлэгч мэргэжлийнхэнд хандахыг бодно. Энэ нь улсын төсөвт оруулж буй томоохон хувь нэмэр шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн институт нь түүхэн замналаа сайн мэддэг, салбар, салбарын мундагчуудыг цуглуулсан газар байх ёстой. Яагаад мундагчууд, эрдэмтэн судлаачид байх ёстой гэхээр тэдгээр хүмүүсийн хийсэн судалгаа, ажил нь нэг мөнгөөр ч зөрөхгүй таарч байх ёстой. Тиймээс хариуцлага өндөр. Эндээс гарч буй заавар, зөвлөмж, тогтоолыг Засгийн газар нь урдаа барьдаг, хууль мэт дагадаг байх ёстой гэж боддог.
-Манай улсын эдийн засаг хямарсныг мэргэжлийн хүмүүс нь хэлээд байна. Таныхаар энэ нь институтээ зөв зохион байгуулж чадаагүйгээс болсон гэсэн үг үү. Өөр хүчин зүйл нөлөөлж байна уу?
-Яамд жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй, зөвхөн нэрийн хуудас төдийхөн байгааг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Уг нь тэд шинжлэх ухааны институттайгаар ажилласан бол одоогийн байдал өөр байх боломж байсан.
-Гэхдээ нэршлээс илүүтэй яамдын бүтэц, зохион байгуулалт, албан хаагчдын хувьд таны хэлж байгаагаас нэг их зөрүүтэй биш байх гэж бодогдлоо?
-Хамгийн гол нь тухайн газарт мэргэжилтэн, дарга хийж байгаа хүмүүс нь мэргэжлийн бус байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Тэнд шинжлэх ухааны бүтээлээр доктор, профессор хамгаалсан мэргэжлийн эрдэмтэн, судлаач алга. Одоогийн бодит байдлаас харахад жинхэнэ эрдэмтэд нь гудамжинд алхаж явна. Харин сонгуулийн сурталчилгаанд сайн гүйж чадсан нэг нь тэдний оронд ширээний ард суугаад, цалин аваад байгааг хэлээд байна.
-Сонгуулийн дараа ялсан намын төлөөлөл төрийн болоод төрийн өмчит компаниудын удирдлага болж очдог гэдгийг хүн бүр мэддэг. Үүнээс болж хувийн хэвшил хөгжихгүй байна уу?
-Миний яриад байгаа институт нь хөдлөшгүй, зөв зохион байгуулалттай байх ёстой юм. Тэгвэл ийм асуудал гарахгүй. Тухайлбал, хот төлөвлөлтийн шинжлэх ухаан өөрийн хийсэн зураг төсөл, ТЭЗҮ-ийг хамгаалж чаддаг, нягт ажилладаг, мэргэжлийн эрдэмтэн, инженертэй байх хэрэгтэй. Энэ нь ямар ч үед ганхахгүй маш сайн суурь байна.
-Аливаа ажлыг хийхдээ, төсөл боловсруулахдаа мэргэжлийн эрдэмтэн судлаачдын санал асуулгыг тусгахгүй байна гэдэг шүүмжлэл тасрахаа больсон. Та үүнийг нэгдсэн нэг системгүйгээс болсон гэж үзэж байгаа юмуу?
-Хүмүүс хэлээд байхад хүлээж авахгүй байгаад л бухимдаад байна. Шинжлэх ухааны том, том эрдэмтэд “Биднийг тоохгүй байна. Бидэнд өгөх мөнгийг салхинд хийсгэчихлээ” гэдэг гомдлыг хэлдэг. Шинжлэх ухааны хүрээлэн, Мэдээлэл технологийн парк гэж байдаг. Гэхдээ энэ биш гэдгийг бүх хүмүүс хэлж байна. Бүх яамдуудад мэргэжлийн инженер, эрдэмтэд зайлшгүй байх ёстой.
-Бизнесийнхэнд тулгамдаж байгаа олон асуудлын талаар ярьж болох байх. Хамгийн гол бэрхшээл нь юу вэ?
-Төр өөрөө учраа олохгүй байна. Намууд сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөө шинжлэх ухааны институтаар боловсруулж авах хэрэгтэй. Тэгээгүйгээс гарч байгаа үр дагавар өнөөдрийн нөхцөл байдал. Тодруулбал, Засгийн газар мухардалд орсноос ойр ойрхон солигдож байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэл ч үүнтэй шууд холбоотой. Гарах гарцгүй болчихоод, хувь хүний тоглолт дээр яваад байгаа учраас мухардчихдаг.
-Та уул уурхай, барилга гээд олон салбарт ажилладаг хүний хувьд тулгамдаж буй бэрхшээл юу байна?
-Монголын төр улс орноо эдийн засгийн шинжлэх ухаанаар удирдаж чадахгүй байгаагаас хүндрэл нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр байгааг хэлээд байгаа юм. Бүх зүйлийг шинжлэх ухаанаар удирдах хэрэгтэйг цаг хугацаа хангалттай харууллаа. Манай улсын төр дампуурсан төр гэдгийг хэлчихье. Яагаад гэвэл тэд шинжлэх ухаанаар яваагүй учраас.
-Бизнесийнхний нуруун дээрх ачааг хөнгөлөхийн тулд Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохоор төсөл шалгаруулсан шүү дээ?
-Энд шинжлэх ухааны үндэслэлтэй төсөл байхгүй. Шинжлэх ухааны институтээр боловсруулсан төсөл гэдэг чинь шал өөр зүйл бий. Нөгөө кинон дээр гардаг шиг “Биш ээ, Галсан мээрэнгийн эхнэр гэдэг чинь шал хөгшин чавганц байхгүй юу” гэдэг биз дээ. Түүнтэй адил гэж ойлгож болно. Бид боломжгүй зүйлийг боломжтой мэтээр харах гэж оролдсоор ирсэн. Одоо арай өөр байдлаар ажиллах цаг болжээ.
-Хоёулаа сэдвээ багахан өөрчилье. “Чингис”, “Самурай” бондыг үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зарахаар болсон. Энэ нь ч бас судалгаа, шинжилгээ дутмаг шийдвэр байв уу. Эсвэл...?
-Мөнгөө хэрхэн зарцуулахаа төлөвлөж чадахгүй байгааг ямар ч хүн хараад ойлгохоор байгаа. Ийм байхад би юу гэж хэлэх вэ. Эдийн засгийн шинжлэх ухаанаараа бүх зүйлийг төлөвлөөд, удирдаад явсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Тухайлбал, 1.5 тэрбум ам.доллар орж ирнэ. Түүгээр эдгээр зүйлийг хийнэ гэдэг маш нарийн төлөвлөгөө байх хэрэгтэй. Тухайлбал, ямар үйлдвэр, ямар төмөр зам барихаа төлөвлөөд, түүний үр дүн ингэж гарна гэдэг бүх зүйлийг нарийн тооцоолсон байх учиртай. Гэтэл тийм зүйл огт алга, харамсмаар байгаа биз. Хамгийн энгийн жишээ хэлье. “Нарантуул” захын наймаачин 10 сая төгрөгийн зээл аваад наймаандаа явахдаа бүх нарийн тооцоо, төлөвлөгөөгөө гаргачихсан байдаг юм шүү. Өрх айл ч мөн л ялгаагүй, сарынхаа орлогыг хэрхэн зарцуулахаа тооцоолсон байдаг. Нэг сая төгрөгийн орлого оллоо гэхэд 200 мянгыг нь хадгаламждаа хийнэ. Энэ нь жилийн дараа 2.4 сая төгрөг болно гэдгээ мэддэг. Микро эдийн засгаа тооцоолж чадахгүйгээр дураараа тараачихаж байгаа нь бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгааг харуулж байна. Тэгсэн хэр нь том төлөвлөгөө яриад сууж болохгүй л дээ. Бид ядуу буурай орны харанхуй системээр мөлхөж байна гэчихвэл буруудахгүй л болов уу. Эдийн засаг, инженерийн тооцоолол байхгүй Засгийн газар юугаа ч хийх вэ дээ.
-Та эдийн засгийн шинжлэх ухаан болон институтын талаар нэлээд ярилаа. Бид үүнийг яаж хөгжүүлэх ёстой вэ?
-Эдийн засгийн шинжлэх ухаан дотроос хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүй. Мөнгө олдог, бороо ордог цонхыг өөрсдөө сайн дураараа хаачихсан. Хөрөнгө оруулалтыг татдаг, үндэсний аюулгүй байдалд харшилж, нөлөөлөхгүйгээр мөнгө олдог арга нь хөрөнгийн зах зээл. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржээ ажиллуулж чадаагүй. Уг нь хөрөнгийн бирж нь ажиллах гээд байдаг ч Санхүүгийн зохицуулах хороонд хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаар мэдлэгтэй, чадалтай боловсон хүчин байхгүй. Гадны хөрөнгийг яаж татахыг мэдэхгүй. Хамгийн том, ноцтой алдаа энд явж байгааг хэлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүйгээс хэдэн арилжааны банкны мэдэлд орчихоод байна. Банк сарын таван хувийн хүүтэй зээл ав гэвэл бид үг дуугүй авахгүй л бол хоосон хоцорно. Угтаа бидэнд сарын биш жилийн таван хувийн хүүтэй зээл өгөх хэрэгтэй. Ингэж байж үндэсний үйлдвэрлэл хөл дээрээ босно шүү дээ.
-Банкны зээлийн хүү ярьсных нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар одоогийн олгож байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээл бол хүүгүй өгч байгаатай адил гэдэг. Таны бодлоор?
-Америк, Япон гээд бусад орнууд ард иргэддээ хэдэн хувийн хүүтэй зээл олгодог вэ гэдгийг интернэтээр ороод харчихаж болно. Тэд үсрээд л хоёр хувийн хүүтэй мөнгө өгч байгаа. Одоо чинь цахим ертөнц хөгжчихөөд өлгийтэй балчраас өтөл буурал нь ч хүртэл дэлхийн өнцөг булан бүрт юу болж байгааг цаг алдалгүй мэддэг болсон цаг.
-Тэгвэл манай арилжааны банкны зээлийн хүү буурах боломж танд харагдаж байна уу?
-Хөрөнгийн зах зээл хөгжчихвөл зээлийн хүү өөрөө л уруудаад ороод ирнэ. Банк, хөрөнгийн зах зээл хоёр уралдаж байгаа юм. Миний хувьд хоёр хувийн хүүтэй таван сая ам.долларыг банкнаас зээлсэн нь дээр үү. Эсвэл хөрөнгийн зах зээл дээр энэ мөнгийг хувьцаа эргэлдүүлж хөрөнгө босгосон нь дээр байна уу. Хамгийн гол нь хөрөнгийн зах дээрээс хүүгүй зээл олдоно, банк бол хүүтэй. Тэгэхээр үнэгүй мөнгөнд хүн бүхэн дуртай байдаг биз дээ.
-Уг нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр багагүй хөрөнгө зарсан шүү дээ?
-Эдийн засгийн эрх чөлөө байхгүй байна. Дээрээс нь би түрүүн хэлсэн мэргэжлийн боловсон хүчин, чадалтай эрдэмтэд ажиллахгүй байна. Мөнгийг баруун солгойгүй цацаад байгаа нь буруу. Үнэ тогтворжуулах хөтөлбөр бил үү, баахан мөнгө тараадаг. Шал дэмий зүйл хийж байгаа юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл л мөнгө босгодог гэдгийг дахиад хэлчихье. Жишээлбэл, нэг аж ахуйн нэгжид мөнгө хэрэгтэй болжээ. Гэтэл бүтээгдэхүүнээ хэдий хэмжээтэй борлуулсан бэ гээд асуудал хөвөрч эхэлнэ. Энэ нь менежмент, маркетинг муу, хүмүүс нь толгой нь ажиллахгүй, дээрээс нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл байхгүй. Тэд санхүүгийн хүндрэлээс гарахын тулд банкнаас зээл авах эсвэл хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэж ойлгодог. Одоо үүнийгээ л боль гээд байгаа юм шүү дээ. Миний хэлээд байгаа зүйл хөрөнгийн зах зээл дээр тухайн аж ахуйн нэгжийг хувьцаат компани болгоод 49-50 хувиа зарчих хэрэгтэй. Ашиггүй компанийг 100 хувь эзэмшиж байхаар ашигтайгаас нь ганцхан хувийг эзэмш. Тэгвэл өдөрт хэдэн зуун саяар бороо орно гээд бод доо. Хөрөнгийн чадамжтай газар бүх чадвартай, чадалтай мэргэжилтнүүдийг торгоох боломж бий. Ингэж чадвал салбартаа тэргүүлэх нь хормын төдийд л шийдэгдэнэ. Би Монголын хөрөнгийн биржийн анхны арилжааг 1995 оны есдүгээр сард хийж байлаа.
-Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүйгээсээ маш олон зүйлийг бид алджээ. Тэгвэл одоогийн эдийн засгийн хямралыг үүнтэй холбож ойлгож болох уу?
-Шууд холбоотой. Эдийн засгийн хямрал гэдэг чинь гаднаас цэвэр, бохир аль ч мөнгө орж ирэхгүй байгаагаас үүдэлтэй. Хөрөнгийн зах зээл дээрээс бидний гаргаж байгаа хувьцааг авах хөрөнгө оруулагч орж ирэхгүй байгаа юм чинь валют тасрах, хомсдох нь цаг хугацааны л асуудал.
-Бид тэгвэл эдийн засгийн хямралаасаа гарахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй юм байна. Гэтэл одоогийн нөхцөлд гадны хөрөнгө оруулагчид манайх руу хандах болов уу?
-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь хуулиа ойр, ойрхон өөрчлөөд байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээгээд байна. Гадны хөрөнгө оруулагчдыг татъя гэвэл хууль эрх зүйн орчин тогтвортой, ойлгомжтой, урт хугацаатай байх хэрэгтэй. Засгийн газар солигдсон ч түүнийг залгамж халаагаар үргэлжлүүлдэг байх нь чухал. Гэтэл өнөөдөр орж ирсэн хөрөнгө оруулалтыг маргааш нь ерөөсөө болилоо гар гээд хөөчихдөг байж болохгүй. Хорвоо жижигхэн шүү дээ. Манай улсаас гаргасан ганц буруу шийдвэр дэлхий нийтэд гэрлийн хурдаар тархдаг. Манай улсын эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй байдал нь эдийн засгийн хямралыг өдөөж, хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа гэж боддог.
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд яг юу хийх вэ?
-Хуучин баг нь хөдөлж өгдөггүй, юм хийдэггүй, санаачилдаггүй, идэвхгүй байгаа нь тээг болж байна. Мөн Үнэт цаасны тухай хуулиа хурдан хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлээ даруй хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.
-Бас нэг зүйл байна. Татварын өршөөлийн тухай хуулийн талаар ярих боллоо. Энэ сэдвээр ярилцлагаа төгсгөе?
-Татварын өршөөлийн хууль байх ёстой. Яагаад гэвэл хүний өөрийнх нь бүтээсэн баялгийг өгөөгүйн төлөө, санаатай, санаагүй нуун дарагдуулсан, орлогоо бүрэн мэдүүлээгүйн төлөө яллаж болохгүй. Хүн бүр мэргэшсэн нягтлан биш, хуульч биш. Мөн компанийн захирлууд аудит биш шүү дээ. Нөгөө талаас нь харвал хүн сэтгэл ханамжтай болтлоо хөрөнгөжиж, баялаг цуглуулж чадахгүй байна. Хөндлөнгөөс компанийн захирал гэж харагдах ч бөөн өртэй, сэтгэлийн дарамттай, ажилчиддаа өөдтэй цалин өгчихөж чадахгүй, захирал гэдэг нэр хүндээ хадгалж чадахгүй байгаа шүү дээ. Олсон жаахан ашгаа нийгмийн даатгал, татвартаа өгөөд л таардаг. Гэтэл татвар нэрээр биднээс авсан мөнгөө тэд буцаагаад дээрэмдчихэж байгаа юм.
Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/