2014-05-08Борог өвс нь цэнхэртсэн зүсэн буурал хавар нутгаа зорив. Дэрэнгийн хаврыг сонжих гэж л. Сумын
дарга нарт малчин айлаар орохсон гэхэд Тэгш чиглэвэл Балдангийнхаар орчихвол зүгээр шүү. Манай урьдаа барьдаг малчны нэг гэсэн юм.
Замд энхэр тал нутгийнхаа энгүйд бахархан ганц танил нөхөртэйгөө уулзана гэж хөөрч явлаа. Нутаг орноор маань хавар шинэдэж ногоо цухуйжээ. Мал, малчин хоёрын жаргал ирсэн мэт. Энэ бүхнийг ажин явсаар “хөл” Балдангийн гадаа буулаа.
Балдан жаахан өвгөрснөөс биш хэвээрээ л байна. Харин намайг эхлээд танихгүй янзтай. Урам хугарах шиг. Гэтэл хэдэн үг солиод урьдын танил дүрээ сэтгэлдээ үзэв бололтой. Хашаа хороонд нь хонь хургасах, олон төл шаагих дуу юутай хөгжимлөг. Хөдөөг анирдахуйн сайхан эндээс л эхэлнэ.
Өглөөгүүрийн алтан нарны цацраг атгах шиг хаваржааны өнгө бүр содон. Эгнүүлж барьсан гурван гэр дунд цагаан Ланд сойгоостой. Айл бүрийн гэр дээр нарны илч хураагуур байна. Өнөө үеийн хөдөөгийн тийм дүр зураг дасал болжээ. Өөрийг чинь сурвалжлах гэж ирлээ гэхэд мань хүн:
-Би чинь одоо малнаас алхам алхмаар хөндийрэх үедээ ирчихээд байна. Ер нь ч тэгээд угийн бүдүүн барагхан хүн дээ гэснээр бидний яриа эхлэвэй.
-Өөрийг чинь удам дагасан малчин гэдэг юм билээ?
-Дээд удам маань жинхэнэ малчин хүмүүс байсан. Эцэг П.Жамбалсүрэн, эх С.Нягт нар мал малын захтай сайхан айл байлаа. Миний хувьд 1969 онд цэргээс халагдаж ирээдл нэгдлийн мал авч эр сувай малтай 5-6 жил болоод сүүлдээ голдуу төллөх малтай байлаа.
Аав, ээжийнхээ жишгээр л малаа маллаж өдий хүрлээ. Энэ тэр гэж гайхуулах арга туршлага гэж ч юу байхав.
-Мундаг малчин гэгдэж явсан үе бас ий биз дээ?
-Яахав малын буян юм даа. Сум, аймгийн аварга малчин болж явлаа. Бас мянгат малчны эгнээнд ороод 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Хөгшний чинь гавьяа гэвэл энэ дээ. Харин нэг удаа гадаадад явсан. Тэрнээс биш Тэгшийнхээ хонхороос гараагүй нэгэн.
-Гадаадад гэнэ ээ. Хаагуур явсан бэ?
-Москвагаар ороод Киев зэргээр дамжаад Болгарт очоод эргэсэн. Хол явсан нь тэр. Сайн малчдын хурал зөвлөгөөнд сум, аймагт олон очсон. Нэг хүү маань улсын зөвлөгөөнд оролцсон. Эхнэр Чанцалням маань саальчныхаа хувиар улсын хэмжээний бас нэг хуралд явж байлаа.
-Мал дээд тал нь хэд хүрч байв даа?
-Мянга л давж байлаа. Сүүлдээ хүүхдүүддээ малаа тасдаж өглөө. Одоо Түвшинцог гэдэг хүүгийнх мянгат малчин. Амартүвшингийнх өнгөрсөн жил 900 гаруй мал тоолуулсан.
Энэ жил мянгат болчихно байх. Их охин маань бас малчин. Энүүхэн зүүн хойно Мөнхцэндийнх гэдэг айл бий. Хүүхдүүд сайн явбал манийн гавьяа тэр дээ.
-Мал маллагааны арга туршлагаа хэлж өгнө үү гэвэл хэлэх юм их биз?
-Өө бага даа хө. Туршлага муршлагасаад байх юмгүй. Эцэг, эхээс олж авсан мэдсэнээрээ л зүтгэж өдий хүрсэн. Буруу яваагүй юм шиг байгаа юм. Яахав тухайн үед хөрвийн арга гэж байсан. Манай мал, төл голдуу хээрээр байдаг байлаа.
Тэр нь уг аргатай нийцэж байв. Дулаан цагт хонио хотлуулах нь ховор. Бас малаа чанаржуулах гэж оролдож ноосны чиглэлийн хонь шохоорхож нэг үзэв. Тэгж байтал нэгдэл тардаг юм.
-Нэгдэл тарах үед хэр олон мал авсан бэ?
-Нэг хүнд 15 толгой мал өгч байлуу даа. Эхнэр бид хоёр найман хүүхэдтэйгээ 150-иад мал авсан юмдаг. Амины бас хэдэн юм байсан. Түүнийгээ бөөцийлж өсгөөд буяныг нь хүртэж явна.
-Одоо хэдэн төрлийн малтай вэ?
-Адуунаас бусад нь.
-За тэгэхээр та малдаа мориор, мотоциклиэр бас “Ланд”-аар давхиад байна уу?
-Тэд чинь энэ хүүхдүүдийн унаа. Миний хувьд тэмээ гэж сайхан унаа бий. Хоёр атаа л сэлгээд байдаг.
-Тэгтэл танай аав, бас дээд удам чинь адуутай, нэртэй уяач хүмүүс байсан гэдэг. Гэтэл та адуугүй гэх?
-Хэдэн адуу байсан юмаа. Сүүлчийн зуднаар “арчуулчихсан”. Уг нь манай авга ах Пэлжид их нарийн уяач. Хурдан бор азаргатай хүн байсан. Эцэг Жамбалсүрэн ч бас л уяач. Хурдтай ч байлаа.
-Балдан та өөрөө морь уяж байсан уу?
-Би морь уях дургүй. Дургүй ч гэж. Залхуу л амьтан байхгүй юу. Залхуу хүнд морь уяна гэдэг огт таардаггүй ажил.
-Манайх хурдтай ч байсан гэж тал хэлсэн. Үүнийгээ жаахан тодруулаач?
-Нэг хурдан хар азарга аавын маань шүтээн байсан. Түүний төл нэг улаан морь сав л хийвэл айраг амсуулчихдаг хурдан хүлэг байв. Бас нэг хонгор морь соёолондоо айрагдаж байлаа. Хар азарга гэснээс нэгийг хэлэхэд Цэндийн Чимэддоржийн “Дэрэнгийн хар азарга” гэдэг шүлгийн гол баатар нь манай хар азарга шүү дээ.
Тэр хар азаргыг , түүний төл хурдуудыг Чимэддорж л унаж хурдлуулж байсан юм. Ирээдүйн том найрагч байсан тэр долоон настайдаа гэзэгтэй жаал бор хүү манай морийг унаж эхэлсэн. Моринд хүнддэх хүртлээ манай аавын морины хүүхэд байв даа.
Дэрэнд хурдан хар азарга олон байсан болохоор алиныг нь шүлэглэснийг хүмүүс мэддэггүй биз. Тэгвэл Чимэддорж унаж хурдлуулж байсан хар азаргаа магтсан нь тэр.
Манай хар азарга шүлгэнд амилсан бол одоо дуу болж “хурдалж” байгаа гэж би боддог. Бас нэг шүлэгт нь Жамбалсүрэн гуайн халамцуу явах хамаагүй ээ гэж аавыг маань дурссан мөр бий.
-Та Ц.Чимэддоржийг хамгийн сайн мэдэх хүн юмаа даа?
-Мэдэлгүй дээ. Ээжтэйгээ хоёул манайтай айл олон жил болсон доо. Мал ахуйн мэдлэгийг эндээс л олж гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрсэн хүн.
-Өөрөө миний мэдэхээр харин бөх хүн шүү дээ?
-За даа. Базаалтай барилдаагүй дээ. Цэрэгт байхдаа цэргийн начин болж ирсэн. Сумандаа цөөн жил барилдаж нэг үзүүрлэсэн. 1964 онд байхаа даа.
Бас нэг удаа манай сумын наадамд улсын арслан Ж.Чойжилсүрэнг ирж барилдахад би гурав даваад дөрөвт тэр хүний аманд очоод өнхрөөд өгсөн. Яахав бас ч улсын арслангийн зодогноос нэг барьж үзсэн нь аз юм даа.
Энэ ярианаас хэнэггүйхэн нэг монгол хүний дүр зураг тодорч байгаа биз. Малчид гэж Балдан шиг л амгалан хүмүүс байдаг даа. Арга ч үгүй юм.
Нийслэлийн бидэн шиг сонин хэвлэлийн хэрүүл уншиж, улстөрчдийн бүрхэг царайг уйдатлаа харж, үнэн худал ярианд нь бялуурч өглөө оройн цаг заваа гарзаддаггүй болохоор илүү дутуу бодох юмгүй ам нээвэл малаа, ус бэлчээр л ярих юм. Тэр нь сайхаан.
Харин малчин Н.Балдангийн ярианаас бидний хойч үеийнхэн машин техник рүү их хошуурч тэр нь малаасаа хөндийрэх эхлэл болж байна. Энэ чинь хөгжил биш гажуудал руу түлхэж байгаа юм гэсэн санаа цухалзаж байв. Малчин хүний малаа хайрлах ухааныг эрдэм гэнэм.
Аргалд явсан ээжийнх нь араг, саврын мөр, адуунд явсан аавынх нь уурганы сүүдрийг хадгалсан Ёлын зүүн гол орчмын хөндий Н.Балдангийн төрөлх нутаг. Дундговь аймгийн Дэрэн суманд ийм нэгэн өгөөмөр айлынхан малч удмын хөсгөө өөд нь хөтөлсөөр явна.
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: