2014-05-06...Сүүлийн үед интернет орон зайгаар "Хошин шогийн жүжигчин Алдармаа, бас нэг жүжигчин Туул
руу халуун ус цацаж шалбалсан" тухай эмгэнэлт хэрнээ бахархалт маягийн мэдээлэл урсав. Уг асуудал нь өдгөө Монголд "гамшиг" болон мэдрэгдэж буй эдийн засгийн хямралын хэмжээнд шахуу мэдээлэгдэх аж.
Халамцуудаа ч юм уу тавьтаргүйтэж гаргасан араншин нь тэдний хувийн асуудал болохоос улс орны хэмжээнд мэдээлэгдэж хэлэлцэгдээд байх асуудал биш байлтай.
"Хошин шогийн жүжигчин Цэнд-Аюуш хэн нэгэнд зодуулсан байж магадгүй тухай" таавар маягийн хөгжилтэй мэдээлэл, "хошин шогийн жүжигчин Ундармаа хамтлагаасаа гарч байгаа тухай" сандруу маягийн сүржин мэдээлэл, "хошин шогийн том одууд эхнэрээ залуужуулж сольж байгаа тухай" атаархал, хардлага дагуулсан мэдээллүүд тасрахгүй.
Нийгмийн бүх салбарт нь "хошин шог" үзэгдэл нэвчсэн монголчуудын хувьд, хошин шогийн жүжигчид "Од" мэтээр төсөөлөгддөг бололтой.
Тэд ч олон нийтийн зүгээс "урсаж" байгаа ийм маягийн хандлагад дасч, өөрсдийгөө "жинхэнэ од" мэтээр төсөөлөх болсон нь, малийтлаа таргалсан тэдний ихэмсэгдүү царай, зурагтын рекламаар урсаж байгаа эрээ цээргүй марзганал, элдэв хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр өгч байгаа хээ шаагүй маягийн тэнэгдүү ярилцлагуудаас мэдэрч болох аж.
Миний бодлоор "ОД" гэдэг...
Телевизээр ганц нэг удаа гарсан, эсвэл ямар нэгэн үйлдлээрээ олны танил болсон хэн нэгнийг "Од" гэж төсөөлдөг нь монголчууд бидний үүсмэл араншин.
"Эртүүд чи зурагтаар хальт гарч "од" болов оо" хэмээн хэн нэгнээ егөөдөх марзандуу ярианы уршгаар, муу сайн ямар ч аргаар хамаагүй "зурагтаар гарч од болох" гэсэн хүсэлтэй хүмүүс эрс нэмэгдсэн л дээ.
Бараг өдөр өнжилгүй театрууд, ордонгуудаар "хошин шог"-ийн тоглолт үргэлжилж, хүмүүс уулзах бүрдээ бие биендээ "Үгүй чи тэр хошин шогийг үзэв үү? Манайхан мөн ч алж байна шүү" хэмээн мэндэлдэг болсон цаг үед, хошин шогийнхон "Од" болон гялалзах нь аргагүй шүү дээ.
Аль болохоор хурдан нэрд гарч "Од" болохын хүслэнд мансуурч яваа залуус, хошин шогийн жүжигчин болохыг илүүд үзэх болсон нь баараггүй шүү дээ. "Maрзганал", "урлаг" хоёроо ялгаж салгаж ойлгохоо больсон бидний хувьд.
Ямар нэгэн авьяас билэг, ур чадвар, эрдэм мэдлэгээрээ олны анхаарлын төвд орж ирж, бусдын сонирхлыг татах хүмүүс зөндөө. Бусдын зүгээс ирж байгаа хайр хүндлэлийг "дааж явна" гэдэг амаргүй. Үүнд чинь их ухаан, их тэвчээр, уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай.
Учир нь хүмүүс чамаар бахархаж, чамайг үлгэр жишээ болгон дуурайх учраас. Бусдын хайр хүндлэлийг хүлээж байгаа хүн нь, хувь хүнийхээ хувьд төлөвшиж чадаагүй бол шууд л "ихэмсэглэж", биеэ тоож эхэлдэг.
Бусдын хайр хүндлэлийг хүлээж байгаа хүн нь, мэдлэг чадварын хувьд дулимагхан бол шууд л "тэнэгтэж", буруу зөрүү ярьж эхэлдэг. Бусдын хайр хүндлэлийг хүлээж байгаа хүн нь ухааны сав нь дундуур бол шууд л "солиорч", эрээ цээрээгээ алдаж эхэлдэг.
Өөрийн мэдлэг ухаан, авьяас билэг, ур чадвараараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, бахархал, үлгэр дуурайлал нь болж байгаа олон хүмүүс бий. Нэгэнт олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа бол магтаал, шүүмжийн аль алиныг нь дааж чадах ухааны тэнхээтэй байх ёстой.
Алхаа гишгээ болон хэлж ярьж байгаа бүхнийхээ төлөө хариуцлагаа үүрч чаддаг байх учиртай. Магтаалд ташууралгүй талархаж, шүүмжлэл доромжлолд уцаарлаж гомдолгүй уучилж чадна гэдэг амаргүй.
Хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшиж, зовлон жаргалын дэнсэн дээр тэнцэж чаддаг хүмүүс л, сайн муу тохиолдол болгонд барьц алддаггүй. Тэгэхээр "од" гэдэг хүсэвч олдохгүй гялалзах хэрнээ, мунхарлын хариуд хусавч үл арилах муу нэрийг үлдээдэг аж.
Хошин урлаг
...Өнгөрсөн оны сүүлчээр хошин урлагийн "Маск" продакшин АНУ-ын нилээд хотуудаар "Шинэ жил"-ийн баярын тоглолтоо "сүр дуулиан" бадруулан байж хийв.
Сиэтл, Лос-Анжелес, Чикаго, Оакланд, Вашингтон ДС хотуудад болсон энэ тоглолтыг олон олон монголчууд, уламжлал болгон ёсолдог байсан Монголчуудын Холбоодынхоо "шинэ жил"-ийн цэнгүүнийг "таслан" байж үзсэн. Харамсалтай нь "их санасан газар 9 шөнө хоосон хонох"-ын үлгэрээр, олон хүмүүс сэтгэл дундуур үлдлээ.
Хүмүүсийн хүсэн хүлээсэн "хошин шог"-ийн тоглолтын оронд, "нэр хэмээсэн" 2 мааздуу үзүүлбэр, үлдсэнд нь өөрсдийгөө "рок дуучдын хамтлаг" хэмээн дөвийлгөсөн байрын дуу хуураар "аргалав".
"Хошин шогийн тоглолтоо үзүүлсэнгүй" хэмээн бухимдсан үзэгчийн өмнөөс "энэ чинь цэнгүүн" гэж хээв нэг тайлбарлачихаад л хөөрхий монголчуудын халаасны хэдэн долларыг авч одов. Монголын хошин урлагийн хөгжлөө харьд байгаа монголчуудад ингэж л мэдрүүлэв дээ.
Хошин урлагийн сайн үзүүлбрүүд, сайн жүжигчид бий. Нийгэмд оршиж байгаа сөрөг муу үзэгдлүүдийг хошин шогдуу хэлбрээр үзүүлж, хүмүүст эргэцүүлэл, ухаарал өгдөгт энэ урлагийн үнэ цэнэ хэмжигдэх байх.
Тайзан дээрээс элдэв бүдүүлэг үг хэллэг, хараал зүхэл урсгаж, арчаагаа барсан архичин эр, нууц амрагтайгаа байж байгаад баригдаж байгаа завхай хүмүүсийн тухай улиг болтол үзүүлээд байвал энэ нь ухаарал өгөх биш, буруу муу үзэгдлийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд сурталчилж байгаа хэрэг.
Эрэгтэй жүжигчид нь эмэгтэй болж тоглоход хүмүүс баярлаж бахархаад байгаа гэж бодоод "хөөрөөд" байвал бас л эндүүрэл. Өнөөгийн Монголд ухамсар дорой, хэт задгай, соёлгүй бүдүүлэг, хэтэрхий заваан залхаг үзэгдлүүд бий болон төлөвшихөд Монголын хошин урлаг, ТВ-үүдээр гарч буй Солонгос сериалууд багагүй нөлөө үзүүлж байгаа.
Марзганал, мөнгө хөөсөн, нэр хэмээсэн, тасралтгүй үргэлжлэх хошин шогийн тоглолтууд сонгодог урлаг, драмын урлагийг "дампууруулахад" хүргэж байгаа нь цаг зуурын л үзэгдэл. Сонгодог урлагаар бус хошин урлагаар дагнаж хөгжсөн орон гэж байхгүй л дээ.
Нийгэм улстөр нь тэр чигээрээ "хошин шог" болсон Монгол оронд нүүрлэж байгаа "сэтгэлгээний хямрал"-д Монголын хошин шогийн гүйцэтгэж байгаа сайн муу оролцоо их бий. Гэхдээ ямарваа зүйл хэмжээнээс хэтрэхээрээ утга учраа алдаж эхэлдэг.
Хаврын шар усны үер хавь ойрынхоо хог хаягдлыг хамж урсдаг шиг. Алив зүйлс хэм хэмжээндээ, байх ёстой зүйл нь байх ёстой газраа оршиж байвал юутай сайн сан. Голын ус гольдролоороо урсаж байхдаа юутай тунгалаг, юутай эрчтэй харагддаг билээ.
Яг үнэндээ бид худлаа хөөрөгдөөд байгаа болохоос Монголын хошин шогийнхон "Одууд" биш л дээ. Тэдний бие биенийхээ үсийг зулгааж, халамцуудаа хараал зүхэл урсган байж бие биенээ шалзлах нь тэдний хувийн л асуудал. Бид түүнийг дагаж хөөрөх хэрэггүй дээ. Цаг хугацаа бүхнийг элээнэ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com