2014-05-03Т.БАТСАЙХАН
Хуур урлаач Л.Дэмчиггаравыг урлагийн хүрээнийнхэн андахгүй. Урласан хуурыг нь эгшиглүүлж, хөгжмийн яруу сайхныг олон түмэнд мэдрүүлж буй уран бүтээлч ч цөөнгүй. Тэрээр Архангай аймагт уран бүтээлээ хийж байна. Хөгжмийн зэмсэг урлах хүсэлтэй залуусаар хүрээлүүлэн Л.Дэмчиггарав гуай гайхамшгийг бүтээхээр чармайн сууна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та олон төрлийн хуур урлажээ. Урлахуйн онцлог тань юу вэ. Хуур урлаач бүхэн өөрийн гэсэн хэв маягтай байдаг гэдэг?
-Би Архангайн Соёлын ордонд 20 гаруй жил бүжигчин хийлээ.
Тэтгэвэрт гарахынхаа өмнө сийлбэрийн урлал сурсан. Архангай аймгийн Хотонт сумын уран Л.Санжаа гэж алдартай хүн байсан. Тэр л хүний гарын шавь. Мөн Л.Чуваамэд багш минь бий. Одоо бодоход багш нараасаа олон зүйл сурч авч үлджээ. Тэр бүхэн минь намайг энэ цаг үед хийж бүтээх зүйлтэй сайхан амьдруулж байна. Мөн аавынхаа тухай дурсахгүй өнгөрч боломгүй. Аав маань Аймгийн клубт 1952 онд хөгжимчнөөр орж, дараа нь даргаар нь хүртэл ажиллаж явсан. Урлагийн салбарт 40 шахам жил ажилласан хүн дээ. Энэ бүх хүний хичээл зүтгэлээр л би хуур урлаач болсон. Үйл хэргийг нь ч өндөрт өргөж авч явах үүрэг хариуцлага надад оногдож байна.
-Гоёл чимэглэлийн гэхээсээ илүү мэргэжлийн хуур урлах юм. Энэ нь уран бүтээлчийг үнэлэх үнэлэмжийг харуулах байх?
-Тийм шүү. Харагдах байдал, гоё ганган гэхээсээ илүү дуугаралт, ая, дан чухал. Хөгжим гэдэг амьд зүйлийг төрүүлэх гээд суугаад байгаа юм. Мөн би түүхэн хөгжмийг сонирхон урлах дуртай. Чингис, Хубилай, Мөнххааны үед ордонд эгшиглэж байсан зэмсгүүдийг судлан урлаж байна. Ер нь манай үндэсний хөгжмийг модон, төмөр, чавхдаст аялгууны гээд дотор нь найман төрөлд хуваан авч үздэг. Тэр бүхнээс сорчлон хуурын төрлийг голлон урлаж байна.
-Ер нь хөгжмийн гол дуугаралт нь хаанаа байдаг вэ. Та олон жил урлаж байгаа болохоор одоо “ааш авир”-ыг нь андахгүй биз?
-Би одоо ч сурагч хэвээрээ байна. Хуурыг ер нь хийж сурна гэж байдаггүй юм билээ. Өнөөдөр гоё дуугарч байна, одоо болчихлоо гэж бодоход маргааш нь муухан болчихдог. Ер нь тэгээд ааш авирыг нь олно гэдэг хэцүү шүү. Нэг амь төрүүлж байгаатай л адил. Хар, цагаан адууны хялгасаар хийх өөр. Амьд адууны сүүлээр хийхэд ч өөр дуугарна.
-Тийм үү. Та хуурандаа ихэвчлэн ямар адууны хялгас ашиглаж байна?
-Би зах дээрээс сүүл худалдаж авахаасаа илүү малчны сүргээс авах дуртай. Амьд адууны хийморь шингэсэн мэт нэг л сайхан сонсогддог. Хуурын дуугаралт гэж дээр асуусан даа. Хүмүүс царандаа байдаг гэж ярьдаг ч зөвхөн цар биш, ишиндээ ч байх тохиолдол бий. Тэгэхээр энэ ажил маш нарийн байгаа юм.
-Морин хуурыг модоор урлахаас гадна сүүлийн үед ясаар хийх боллоо. Хуурыг яс, модоор урлахын ялгаа нь юу вэ?
-Их ялгаатай. Гэхдээ урлаач хүн өөрөө хуураа юугаар ч хийх чадвартай байх хэрэгтэй. Сэтгэлгээ сайн, өргөн хүрээнд хийх чадвар урлаач хүний хамгийн чухал дадал. Зарим хүн морин хуурыг амархан хийдэг гэж боддог нь эндүүрэл. Маш их ажиллагаатай.
-Өнгөрсөн жил Худалдаа аж үйлдвэрийн танхимд бие даасан үзэсгэлэнгээ гаргасныг санаж байна. Молор хуурь тань хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байх шиг байсан?
-Алдарт зураач Х.Тэнгисболдын “Их хөлгөн туульс” гэж алдартай зураг бий. Түүн дээр молор хуур байдаг. Тэгээд Х.Тэнгисболд надад энэ хуурыг урлаад дуугаргах санал тавьж байлаа. Тэр үед бүтэхгүй санаа мэт санагдаж шууд л татгалзсан. Гэхдээ л дотор бодогдоод байсан учраас хийхээр зориглоод суусан даа. Хоёр жилийн турш оролдож байж дуугарсан. Одоо эх хувилбар нь Театрын музейд бий. Мөн Луун хуур минь тэнд байгаа.
-Та луун, морин, шоор хуур гээд бүгдийг нь урлаж байна. Аль нэгийг нь урлал, түүх талаас нь онцолж ярихгүй юу?
-Давсган, тэмээн, төв Халхын гээд үргэлжилнэ шүү дээ. Алдарт хуурч н.Балчин гуайн хуураас ч санаа авч хийж байна. Хийхэд амархан хуур гэж байсангүй. Бүгдийг нь л биедээ байх бүх л хүч чадлаа гарган урласан. Гэхдээ одоо анзаарч байхад би шанаган хуураараа илүү ажилласан байна. Хүмүүс ч миний бүтээлүүдийг үнэлдэг. Манайхан “Урлагийн тэнгэр Янжинлхам бурхны тоглодог биба хөгжим” гээд л ярьдаг. Энэ бол жинхэнэ монгол хөгжим. Гэтэл энэ хөгжмийг тоглож байгаа хүн Монголд алга. Биба хөгжмийг тоглолтод эгшиглүүлэхсэн гэж боддог. Би дээр үед биба хөгжим урлаж, “Дорнын цагаан саран” дуугаа энэ хөгжмөөр тоглож дуулаарай гээд Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам найздаа бэлэглэсэн. Тэр үед хөгийг нь сайн тааруулж чадаагүй. Энэ удаа дахин урлахдаа хөгийг нь гайгүй сайн тавьсан гэж бодож байгаа.
-Хөгжлийн явцад морин хуурын зарим зүйл алдагдаж байна гэдэг. Та морин хуурын түүхийг сонирхон хардаг хүн. Анзаарагдаж байх юм уу?
-Хэв шинжээ хадгалж байх нь хамгийн чухал. Хөгийн баяжилт, тоглох техник талаас ишний байрлал зэрэг тогтсон байрлалдаа байвал зүйтэй юм. Энэ талын зарим зүйл алдагдаж байгаа нь үнэн. Тэр ч утгаараа залууст сургалт явуулвал сайн байна. Манай хөдөөд морин хуур сонирхон судлах хүн олон бий. Гэхдээ хөгжмийн мэдрэмж дутагдалтай байдаг.
-Их урлагаа дагаад хотод очоод уран бүтээлээ хийж болдоггүй юм уу. Ер нь хөгжмийн захиалга олон газраас ирдэг үү ?
-Танил талгүй над шиг хүн хотод юм хийх хэцүү дээ. Өөртөө итгэлгүй байна. Нэг хөгжим хийчихээд түүнийгээ бариад зах дээр гаралтай биш. Тендер энэ тэрд танил талтай хүн л ялдаг юм шиг байна билээ. Хөдөөгийн уран бүтээлчдэд нэг зовлон байдаг юм. Сонин, телевизээр гарч, хүмүүст танигдаагүй болохоор хийж бүтээснийг маань харахаасаа урьтаж хөдөөгийнх гэдгийг маань хараад байдаг юм. Хөдөөгийн хүн хийсэн болохоор бүтээл нь сайн биш гэсэн байдлаар ханддаг.
-Тиймээс л та хот орох хэрэгтэй юм биш үү?
-Үгүй дээ. Өнгөрсөн жил хотод үзэсгэлэнгээ гаргасан. Хүмүүс сайхан хүлээж авсан. Гэхдээ урлагийн төлөө сэтгэл минь хот хөдөөд ялгаагүй шүү дээ. Тэгээд ч миний насан дээр дуу шуугианаас ангид эндээ байх сайхан байна.
-Та олон хуур хийсэн байх. Энд тэнд хадгалаастай байгаа байх. “Тэр хуур минь хаана байдаг бол доо” хэмээн санаж өгүүлэх хуур бий юу?
-1976 онд Залуу уран бүтээлчдийн улсын уралдаан болсон. Тэр уралдаанд анх сийлбэртэй морин хуур хийж оролцон, тусгай шагнал авч байлаа. Энэ хуурыг маань Герман улсад болсон олон улсын үзэсгэлэнд оролцуулж, дараа нь Урчуудын эвлэлийн дүрслэх урлагийн салбар урын сандаа авсан юм. Тэгээд сураг тасарч, би ч бараг мартаад байтал хэдэн жилийн өмнө телевизээр гарсан юм. Мэдээ үзээд сууж байтал гайхалтай ур хийцтэй, давтагдашгүй бүтээл, эзэн нь энэ бүтээлийг хийгээд бурхан болсон” гээд нэг хуурыг жигтэйхэн магтаж байна. Сонирхоод хартал миний 1976 онд бүтээсэн хуурыг Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт залж байдаг байгаа. Тэгэхээр нь телевиз рүү утасдаж, “Наад хуурыг чинь би хийсэн юм. Худлаа гэвэл өрөөсөн чихийг нь хар. Сүүлд сольсон байгаа” гэж хэлсэн. “Тийм байна” гэж байна билээ. Зах зээлийн бужигнаанаар Урчуудын эвлэлийн сан хөмрөгт байсан бүтээлийг бужигнуулахад нэг овсгоотой нь авч хадгалсан шиг байгаа юм.
-Хятадууд морин хуурыг өөр нэрээр соёлын өвдөө бүртгүүлнэ гэсэн асуудал гарч байсан. Та үүнд ямар бодолтой байв?
-Монгол хүн монгол морин хуураа мэддэг. Хятад хуур, монгол хуур хоёрын дуугаралт хийц донж ялгаатай байдаг. Монгол хүн өөрийнхөөрөө сэтгэж хуураа урладаг байхад хятадууд бидний сэтгэлгээнд хэзээ ч хүрэхгүй. Монголчуудад морин хуурын төрөл, хөг аялгуу олон янз байдгаараа гайхалтай, дахин давтагдахын аргагүй. Үүндээ хуур урладаг хүний хувьд сэтгэл хангалуун байдаг юм. Тиймээс монгол ухаанаар хийсэн морин хуурыг гадныхан манайх гэж хэлж арай ч чадахгүй. Тэдэнд тийм зүрх зориг үгүй.
ЗУУНЫ МЭДЭЭ