тус газрын дарга Г.Гантөмөртэй ярилцлаа.
-Стандартчилал, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны талаар иргэдэд тэр бүр сайн мэдээлэл байдаггүй. Энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Манай байгууллага хэмжлийн нэгжийн олон улсын системийг Монгол Улсад бүрэн нэвтрүүлж, хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг олон улсын төвшинд хүргэх, олон улсын жишигт нийцсэн итгэмжлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх. Мөн стандартчиллын эрх зүйн баримт бичгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоход үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.
-Танай агентлаг олон салбарт шинэлэг зүйлийг хийж байгаа гэсэн. Энэ жилийн хувьд ямар ажлууд хийж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны ISO9000 стандартыг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” 256 дугаар тогтоол байдаг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын чанарын удирдлагын тогтолцоог олон улсын ISO9001:2008 (MNS ISO 2001:2010) стандартыг нэвтрүүлэх тушаал гарсан. Одоогоор миний бие удирдлагын ажлын багаа удирдан ажиллаж байна. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засаг, эрх зүйн зохицуулалт, шинжлэх ухаан, техник технологийн бүтцэд их өөрчлөлт орж байгаа тул манай улсын Стандартчилал, хэмжил зүйн хууль эрх зүйн орчинг шинэчлэн, олон улсын жишигт нийцүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран боловсруулж шадар сайдад танилцуулж, Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Харин “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хууль”-д оруулах өөрчлөлтийн төсөл дээр Германы Физик техникийн хүрээлэнтэй хамтран арга зүйн зөвлөгөө аван боловсруулалт хийж байна. Тун удахгүй хуулийн төслийг өргөн барьж Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн хууль, эрх зүйн орчинг орчин цагийн шаардлагад нийцүүлэх нөхцөл бүрдэх болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Стандартчилал, хэмжил зүйн газар гадаадын олон төсөл дээр хамтран ажиллаж байгаа гэсэн?
-Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр зэхэж байгаа томоохон төслийн нэг бол гурван жилийн хугацаатай “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төсөл юм. Европын холбооны төсөл хэрэгжүүлэх баг хүрэлцэн ирж, хамтарсан уулзалт хийж ажлаа эхлүүлсэн. Уг уулзалтаар хоёр тал танилцаж, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцсон. Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад стандартчиллын үйл ажиллагаа олон улсын зөвлөмж, удирдамж, стандартын дагуу буюу олон улсад хүлээн зөвшөөрсөн нийтлэг жишгийн дагуу явагдаж, стандартчиллын одоогийн тогтолцоог эрс шинэчлэх юм. Ингэснээр стандартын талаар төрийн захиргаа, орон нутгийн байгууллагуудын үүрэг улам өндөржих, хүнсний аюулгүй бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, иргэний аюулгүй байдлын шаардлагыг олон улсын жишгээр баталгаажуулах юм. Өөрөөр хэлбэл, стандартыг хөгжлийн түлхүүр болгон хэрэглэх нөхцөл бүрэлдэнэ.
-Одоогоор манайд хэдэн стандарт мөрдөгдөж байна вэ?
-Өдөр тутмын нийгмийн амьдралыг эмх цэгцтэй байлгах нөхцлийг бүрдүүлэхэд дэвшилтэт стандарт чухал үүрэгтэй. Стандарт бол өрсөлдөх чадварын дээшлүүлэх гол хэрэгсэл гэж ойлгож болно. Монгол Улсын хэмжээнд ойролцоогоор 5900 үндэсний стандарт бүртгэлтэй байдаг. Үүнээс бид стандартын үзлэг хийсний үндсэн дээр 500 стандартыг хүчингүй болгосон. 800 орчим стандартыг ахин хянах, 1000 гаруй стандартыг нэмж боловсруулах шаардлагатай дүгнэлт гаргасан. Стандартыг дахиж хянах болон нэмж боловсруулах ажилд сонирхогч талуудын оролцоог идэвхжүүлэх үүднээс олон улсын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “ISO SOLUTION” стандартчиллын үйл явцыг цахим программаар явуулах гурван талын гэрээ хийсэн. Үүнд Стандартчилал, хэмжилзүйн газар, Олон улсын стандартын байгуулага, Канадын стандартын зөвлөл орж байгаа. Энэ гэрээний дагуу олон улсын стандартын байгууллага нь манай улсын онцлогт тохируулсан стандартын цахим программыг боловсруулж ашиглалтад өгөх юм.
-Программын ач холбогдол нь?
-Энэ программыг ашигласнаар бидний дахин хянах болон шинээр боловрсуулах стандартад өгөх саналын тоог нэмэгдүүлэх. Цаашлаад олон нийтэд стандартын ач холбогдлыг мэдэх, мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагыг өсгөхөд хувь нэмрээ оруулах бас нэгэн том алхам болно гэж үзэж байгаа.
-Танай агентлаг “Чанарын удирдлагын тогтолцоо” нэвтрүүлэх болсон гэж байна. ЧУТ гэж юу вэ. Энэ талаар товч танилцуулахгүй юу?
-ЧУТ буюу чанарын удирдлагын тогтолцоо нь сахилга, хариуцлага, дэгийг тогтоож, төрөөс иргэдэд сахилга баттай, шуурхай, хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлэн, сайжруулж төрийн байгууллагад нэвтрүүлэн, хэрэгжүүлэх нэг чухал хэрэгсэл юм.Энэ зорилтот ажлын хүрээнд манай агентлаг өнгөрсөн оноос эхлэн жилийн хугацаатай олон улсын жишигт нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Төсөл маань батлагдаж, боловсруулалтын үе шатандаа явж байна. ISO-9001 стандарт нь одоогийн байдлаар дэлхийн 178 орны нэг сая 64 мянган байгууллагад хамгийн их хэрэгжсэн чанарын удирдлагын тогтолцооны стандарт болоод байна.
-Манайд энэ стандартыг хэрэгжүүлж байгаа байгууллага хэр олон байна вэ?
-Манай улсад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, гэрчилгээжсэн байгууллага 59 байна. Үүнээс 16 нь буюу 27 хувь нь төрийн байгууллага байгаа. Түүнчлэн гурван төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газар ISO-9001 гэрчилгээтэй байна.
-Стандартыг хаанаас олж авах боломжтой вэ. Иргэд чөлөөтэй танилцах боломж бий юу?
-Монгол Улсад хэрэглэж байгаа бүх үндэсний стандартуудыг манай газрын мэдээний лавлах, стандартын лавлагааны цахим хуудас www.estandard.mn-аас үзэх боломжтой. Стандартын тухай мэдлэгээ дээшлүүлэх, амьдралд хэрэгжүүлэн нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор бас нэгэн том өөрчлөлт хийсэн. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд стандартыг хүртээмжтэй байлгах үүднээс стандартын үнэ төлбөрийн тогтолцоог өөрчилсөн. Өнгөрсөн сараас эхлэн заавал мөрдөх стандартуудыг хэвлэмэл хэлбэрээр худалдаж авах үнийг 70 хувиар бууруулсан буюу зөвхөн үйлчилгээний зардлын мөнгөн хэмжээг төлдөг болгосон. Тухайлбал, өмнө нь 11 хуудастай Монгол Улсын стандартыг 10 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан. Одоо хэвлэлийн цаасны төлбөр, үйлчилгээний ажилтны зардалд 3000 төгрөг төлдөг боллоо. Үүний гол зорилго нь стандартыг олон нийтэд таниулан түгээх, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх боломжийг олгож буй явдал юм.
-Стандартчилал, хэмжил зүйн газрын гадаад харилцаа хэрхэн өргөжин тэлж байна вэ?
-Манай үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь гадаад харилцаа байдаг. Гадаад харилцааны хувьд Солонгос, Чех, Унгар, Герман, Олон улсын болон Ази номхон далайн бүсийн стандартчиллын байгууллагуудыг хэлж болно. Бид Монголын уул уурхайн үндэсний ассосиацитай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “MNS OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (ХЭМАБ)-ын удирдлагын тогтолцоо, шаардлага” стандартын нэвтрүүлэх Хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх арга зүйн зөвлөгөө сургалтыг агентлаг дээрээ болон Орхон аймагт зохион байгуулсан. Түүнчлэн Германы Стандартчиллын институт (DIN)-тэй хамтран, Германы стандартчиллын институтын барилга, иргэний байгууламжийн салбарын төлөөлөл “Зам тээврийн салбарын стандартчилал” сэдэвт семинарыг өнгөрсөн сард зохион байгууллаа. Тус семинараар Герман улсын стандартын тотолцоо, өнөөгийн байдал цаашдын хандлагын талаар холбогдох салбарынханд танилцуулж, зөвлөгөө өгсөн. Энэ ажлын үр дүнд замын стандартыг Европын замын шаардлагад нийцүүлэхийг зорьж байгаа. Мөн бид Германын Физик техникийн хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлэх хүрээнд гадаадын мэргэжилтэнг урьж Хэмжил зүйн бодлого эталоны хэлтэс, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын хэлтсийн мэргэжилтнүүдэд “Европын холбооны стандартын дэд бүтэц”, “Хэмжлийн эргэлзээ”, “Цахилгааны хэмжил түүний чиг хандлага” сэдвээр сургалт зохион байгуулаад байна.
-Гадаадын төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр манайд ямар ач холбогдолтой вэ?
-Бид олон улсын (ISO) болон бүс нутгийн (APLAC, APMP) олон улсын стандартын байгууллагуудтай хамтарч ажилладаг гэж дурьдсан. Үүний үр дүнд манай агентлагт тус салбарын олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр улиралд Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Монгол Улсад цаг, давтамжийн эталоны чадавхийг нэмэгдүүлэх” гэсэн төсөл хэрэгжлээ. 2007 оноос хойш Чех улсын Стандарт, хэмжил зүйн сорилтын хүрээлэн болон Фотоник электроникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд амжилттай ажилласан. Ингээд АНУ, Европын стандартад нийцсэн цагийн эталоны хэмжлийн төхөөрөмжөөр тоноглосон иж бүрэн лабораторийг байгуулж, хүлээлгэн өгсөн. Энэ эталон лаборатори нь улсын хэмжээнд цаг, давтамжийн нэгж, үндэсний цагийн хуваарийг гаргах, хадгалах, хэрэглэгчдэд дамжуулах, цагийн дохиог хиймэл дагуулаас хүлээн авах 24 цагийн байнгын ажиллагаатай. Мөн тухайн хэмжлийн төрлөөр хяналт шалгалт явуулах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж ажилладаг. Цаг гэдэг улсын тусгаар тогтнолын гурван билэг тэмдгийн нэг. Тиймээс улс орон болгон өөрийн гэсэн цаг тоололтой байх нь зайлшгүй чухал учир бид энэ төсөл хэрэгжсэнд Монгол Улсын хувьд томоохон амжилт гэж үзэж байгаа.
-Стандартын талаар мэдлэг олгох, олон нийтэд түгээх тал дээр ямар ажил хийж байгаа бол?
-Манай агентлаг нь дотоод хүчээ ашиглан олон нийтийг нийгмийн стандартын мэдлэгтэй болгох, стандартын боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн сургалтууд зохион байгуулдаг. Агентлаг дээр болж байгаа бүх сургалтын талаархи мэдээллийг Стандартчилал, хэмжил зүйн газрын цахим хуудас болон сургалтын албанаас авч болно. Цаашид манай агентлаг төрийн үйлчилгээг ил тод нээлттэй байлгах үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан стандартын болон хэмжил зүйн талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх болно. Мөн асуулт, хүсэлт болон тодруулах зүйл байвал манай мэдээллийн төв, www.estandard.mn болон www.masm.gov.mn цахим хуудсаар дамжуулан лавлагаа авах боломжтой.
Д.ЦЭЦЭГ
Эх сурвалж: Зууны мэдээ