2014-04-25Засгийн газраас импортыг орлож экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлого
хэрэгжүүлж, 2014 оныг "Монголдоо үйлдвэрлэе" жил болгон зарласан билээ. Монголдоо үйлдвэрлээд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах' боломжтой нь барилгьш материалын үндсэн түүхий эд болсон цемент юм. Манай улс жилд хоёр сая тонн цементийн хэрэглээтэй бөгөөд хэрэгцээ шаардлага улам нэмэгдэх хандлагатай байна. Манайд нойтон аргын буюу хуучин технологитой хоёр үйлдвэр байгаа ч бид хэрэгцээт цементийнхээ гуравны хоёрыг гадаадаас авдаг. Өнөөдөр дэлхий нийтэд цементийн технологи шинэчлэгдэж, улс орнууд хуурай аргын технологид шилжсэн.
Энэ нь нойтон аргаас дөрвөөс тав дахин бага ус ашигладаг, хоёр дахин бага түлш зарцуулдаг, эрчим хүчний хэрэглээг 30 хувь хэмнэдэг, тоосжилт багатай, хаягдлаа дахин ашиглах боломжтой, нэг үгээр эко технологи юм. Дэлхийн дэвшилтэт технологийн ид шидийг монголчууд бид тун удахгүй мэдэрч эхэлнэ. Учир нь Дорнын говьд хамгийн сүүлийн үеийн хуурай аргын технологитой цементийн үйлдвэрүүд босч байна. Засгийн газраас ч хэрэгцээ шаардлагад нийцсэн технологитой цементийн үйлдвэрлэлийг дэмжихээ илэрхийлсэн. Энэ бодлогынхоо хүрээнд эхний ээлжинд дэмжлэг үзүүлэх боломжтой цементийн гурван үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Засгийн газрын тэргүүн НАлтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын хамт энэ долоо хоногт газар дээр нь очиж таншщаад, ажил хариуцсан төр, хувийн хэвшлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн. Ерөнхий сайд дээрх бүтээн байгуулалтыг бүхий л талаараа дэмжинэ гэдгээ баялаг бүтээгч, үндэсний компаниудад амлалаа.
УДАХГҮЙ САЙН ЧАНАР, ХЯМД ҮНЭТЭЙ ХИЙТ БЕТОНООР ХАНГАНА
Ерөнхий сайдын багийнхан эхлээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй "МАК" ХХК-ийн Хийт бетонын үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцсан. Энэхүү үйлдвэрийн бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн, бүтээн байгуулалтын явц 90 гаруй хувьтай байна. Энэ эрчээрээ явбал ирэх долдугаар сард бүрэн ашиглалтад оруулах гэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор эхний шатандаа хоногт 900 шоо м, жилд 270 мянган шоо м, хоёрдугаар шатандаа хоногт 1350, жилд 405 мянган шоо м бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аж. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 73.2 тэрбум төгрөг бөгөөд одоогоор 58.4 тэрбум төгрөг буюу 79,7 хувийг нь санхүүжүүлээд байгаа гэнэ. Мөн тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад МАК өнгөрсөн хугацаанд гааль болон НӨАТ-т 5.76 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Уг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын технологиороо дэлхийд тэргүүлэгч "НЕ5S" групп нийлүүлж байгаа бөгөөд байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үед байгальд нөлөөлөх хортой хог хаягдал гарахгүй, үйлдвэрээс гарах хаягдал бүтээгдэхүүнийг эргүүлэн ашиглах давуу талтайг төслийн ажилтнууд танилпуулж байна. Хийт бетонын үйлдвэр ашиглалтад орсноор 150 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, олон тооны мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхийн сацуу улсын төсөвт жил бүр 7,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм. Тус үйлдвэрт ажиллах боловсон хүчнээ "МАК" ХХК өөрийн зардлаар гадаад дотоодын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургасан аж.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор барилгын салбарт хэрэглэж байгаа чанарын шаардлага хангаагүй хөөсөн бетон, тоосго зэрэг ханын дүүргэгч материалуудыг орлох, олон улсын стандартад нийцсэн, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, дулааны алдагдалгүй эрчим хүчний хэмнэлттэй шинэ дэвшилтэт материалыг Монголдоо үйлдвэрлэнэ. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр ирээдүйд өсөн нэмэгдэх зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах, үнийн өсөлтийг тогтворжуулах сайн талтай юм. Тус үйлдвэрийн шинэ технологийн бетоныг ялангуяа амины орон сууц барих төслүүдэд ашиглавал үр дүнтэйг Засгийн газрын тэргүүн онцлоод, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд хамруулах талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
ХӨХ ЦАВЫН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР ЭНЭ ОНД АШИГЛАЛТ ОРНО
Засгийн газрын гишүүдийн очиж танилцсан газрын нэг нь барилгын салбарт хэрэгжүүлж буй "МАК"-ийн бас нэг томоохон төсөл болох Хөх цавын Цементийн үйлдвэр.
Уг үйлдвэрийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн барьж буй бөгөөд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Цаашид цементийн хэрэгцээ шаардлагаас хамаарч хоёр сая тонн болгон өргөтгөх боломжтой гэнэ.
Хөх цавын цементийн үйлдвэр европ стандартын хуурай аргын технологитойгоос гадна захиалагчийн хүсэлтийн дагуу өндөр чанартай тусгай зориулалтын цементийг үйлдвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн барилгын ажил 70, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 100, тоног төхөөрөмжийн татан авалт 93 хувьтай байгааг "МАК"-ийнхан Ерөнхий сайдад танилцуулсан. Зураг төсөл, үндсэн техник тоног төхөөрөмжийг нь цемент үйлдвэрлэлийн технологийг дэлхийд тодорхойлогч, энэ чиглэлээр 130 гаруй жилийн туршлагатай Дани улсын "FLS midth" компани нийлүүлжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор төсөвт жилд 50 шахам тэрбум төгрөгийн орлого оруулж, 700 гаруй ажлын байр шинээр бий болгоно. Харин хүчин чадлаа нэмэгдүүлж хоёрдугаар ээлж ашиглалтад орсноор төсөвт жилд 90 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх аж. Түүхий эдээ ойроос нийлүүлэх учраас бүтээгдэхүүний өртөг хямд байж, шинээр барих барилгын нэг ам метр талбайн өртгийг бууруулахад бодитой нөлөө үзүүлэхийн хамт, импортын хэрэглээ буурч, гадагшлах валютын урсгалыг хаах нь хамгийн гол үр дүн юм. Уг үйлдвэр 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босч, зургаан жилийн дотор зардлаа нөхнө. Өнөөдрийн байдлаар цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад 152 сая ам.долларын санхүүжилт дутагдаж байгаа гэнэ. Энэ хөрөнгийг Засгийн газраас шийдвэрлээд өгвөл Хөх цавын цементийн үйлдвэр 2014 онд багтаад ашиглалтад орчих бүрэн боломжтойг "МАК"-ийн удирдлагууд хэллээ. Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх, гадаадын нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгөх нь томоохон дэмжлэг болно гэдгийг дуулгав.
Ерөнхий сайд НАттанхуяг "Хувийн хэвшлийнхний барьж байгуулж байгаа, ач холбогдол өндөртэй иймэрхүү үйлдвэрүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулахын тулд Засгийн газар бүх талаар дэмжинэ. Монголдоо хийж бүтээж болдгийг хувийн хэвшлийнхэн хийсэн бүтээснээрээ үлгэрлэж чадаж байна. Импортыг орлох ийм бүтээн байгуулалтад ажиллах, гадаадын ажиллах хүчний асуудлыг шийдсэн. Тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг ч бид шийднэ. Үнэхээр бодитой зүйл хийж байгаа учраас хил гааль дээр гацаад байгаа тоног төхөөрөмжүүдийг гааль, НӨАТ-ын татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх талаар ярилцаж нааштайгаар шийдэх арга замыг хайх болно" гэсэн нь бүтээн байгуулалт хийж буй үндэсний компанийханд урам зориг өглөө.
"ГЕРМЕС ГАХИУР"-ИЙН ЖИЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ 240 МЯНГАН ТОНН
Ерөнхий сайдын танилцсан бас нэг шинэ үйлдвэрийг "Гермес гахиур" ХХК-ийнхан барьж буй юм. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Билүүтийн-2 шохойн чулууны орд газрыг түшиглэн барьж байгаа цементийн үйлдвэрийн хүчин чадал "МАК"-ийн барьж буйтай харьцуулахад харьцангуй бага. Жилдээ 240 мянган тонн цемент үйлдвэрлэх хэдий ч орон нутгийн барилга, бүтээн байгуулалтын ажилд ойрын ханган нийлүүлэгч болж чадах сайн талтай юм.
Үйлдвэрийн барилгын ажлыг 2011 онд эхлүүлж, одоогийн байдлаар шаардлагатай дэд бүтцийн асуудлуудаа шийдсэн бөгөөд 2015 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ.
"МОНЦЕМЕНТ" ЭХНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ИРЭХ ЖИЛИЙН ӨДИЙД ГАРГАНА
Засгийн газрын тэргүүн 170 жил ашиглах шохойн чулууны нөөцтэй Сэнж худаг ордыг түшиглэн босч буй "Монцемент" цементийн үйлдвэрийн төслийн явцтай мөн танилцсан. Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах энэ үйлдвэрийг "Монполимет" грушийн охин компани "Сэнж-Сант" барьж байна. Шинэ үйлдвэр орчин үеийн дэвшилтэт хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх аж. Ойрын жилүүдэд дотоодынхоо хэрэгцээг хангаад цаашид бүтээгдэхүүнээ экспортлохоор тооцоолж байгаа.
Үйлдвэрийн ус, цахилгаан, зам зэрэг дэд бүтцийг шийдсэн. Барилгын ажлаа энэ сард багтаагаад эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хөрөнгө санхүү болон бусад асуудалд Засгийн газраас дэмжлэг үзүүлбэл ирэх онд ашиглалтад оруулж, эхний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх боломжтой гэдгээ "Сэнж-Сант"-ынхан хэлж байна.
ХОЁР ДАХЬ ЭРДЭНЭТИЙГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БОСГОЖ БАЙНА
"Эрдэнэт", "Оюутолгой" үйлдвэрийн дараа орох гурав дахь мега төсөл болох Цагаансуваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэрийг "МАК" ХХК Дорноговь аймгийн Мандах суманд бүтээн байгуулж байна. Цагаансуваргын ордыг 1950-иад онд нээж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ашиглалтын нөөцийг нь баталгаажуулаагүй байсан. 1979 онд улсын бүртгэлд үйлдвэрлэл эрхлэх, байгуулах хэмжээний А,В зэрэглэлээр бус С1 буюу таамаг маягаар нөөцийг нь баталж 1995 онд Австралийн "Молопо" компани энэ ордын тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байжээ. Тус компани манай Засгийн газартай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн учраас тусгай зөвшөөрлийг цуцалсан. Харин "МАК" ХХК Цагаан суврагын ордын лицензийг авснаас хойш 2001-2008 он хүртэл хайгуулын ажлыг хийж, 2009 онд нөөцийг тогтоон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд 240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй аж.
"МАК"-ийн хэрэгжүүлж буй тэрбум 31 сая ам.долларын хөрөнгө оруулачт бүхий Цагаансуврагын төсөл нь жилд 16.9 сая тонн хүдэр боловсруулж, 300 мянган тонн катодын зэс, 5000 тонн молибдени үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийн 65 хувьтай тэнцэх гэнэ. Уг орд нь Оюутолгойгоос 27.8, Эрдэнэтээс долоо дахин бага орд юм. 2016 оны сүүлч гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бүтээн байгуулалтын 45 хувийг хэдийнэ гараас гаргаад байна. Мөн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл нь 80 хувьтай яваа аж. "Эрчим хүчний хангамжийг дотоодоос буюу Тавантолгой, Оюутолгойн чиглэлийн эрчим хүчний шугамаас авна, шугамын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Усны хайгуулын ажлыг хийж дууссан. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгож, одоогийн байдлаар 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Үйлдвэрт 1200 гаруй хүн ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт жилд 178 тэрбум төгрөгийг төвлөрүулэх боломжтой" гэж "Монголын алт" ХХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан.
Мөн монголчууд байгалийн баялгаа өөрсдөө ашиглах, дэлхийн дэвшилтэт техник технологийг эх орондоо нутагшуулах, монгол залуус ажиллуулж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулахыг зорьж буйгаа тэд хэлсэн. Ингэснээр цаашдаа бид ашигт малтмалын орд газруудаа өөрсдөө ашиглах, хөрөнгө оруулалтыг татах, үр өгөөжийг нь Монголдоо үлдээх нь чухал гэдгийг ч онцолсон. Тийм ч учраас уг төслийг хэрэгжүүлэхэд төрийн зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Мөн л үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, гадаадын нарийн мэргэжлийн ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зэрэг дэмжлэгийг компанийн зүгээс Засгийн газраас хүссэн. Энэхүү асуудлуудыг шийдээд өгчихвөл дээрх төсөл төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж тэр хэрээр богино хугацаанд үр өгөөжийг нь монголчууд хүртэх учиртай гэдгийг ч хэлнэ билээ.
Түүнчлэн Цагаансуварга нь стратегийн ордод хамаардаг учраас хуулиараа бол төрийн оролцоо шаардлагатай. Энэ оролцоог тодорхой болгох, татварын бодлогоор дэмжих, холбогдох бусад асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг "МАК"-ийн зүгээс хүсч буйгаа албаныханд уламжилсан юм. Төрийн эзэмшлийг улсын төсөвт ямар нэг ачаалал үүсгэхгүйгээр шийдэхээр ажиллаж байгааг Эдийн засгийн хөгжлийн болон Уул уурхайн сайд нар энэ үеэр онцлон хэлсэн.
Б.МАЙЦЭЦЭГ /ӨДРИЙН ШУУДАН/