“
Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусладаг…” хэмээх энэхүү зүйр үг асар их зам туулж үе үеийг дамжиж өнөөд ирсэн билээ. Энэхүү богинохон хэллэг хүмүүсийн тоолж баршгүй туршлагаас улбаалагдан гарсан нэгэн үнэнийг илэрхийлж буй юм. Өөртөө туслах оюун ухаан бол хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын чулуу мөн. Өөрөө өөртөө туслах ухаан олон хүний амьдралын хөрс суурь болж, тэгснээрээ амьдралын эрчим буцалсан хүчтэй төр улсыг байгуулахад цааш хөдөлгөх хүч нь болж өгдөг бизээ. Гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Хүнд сайн тус хүргэе гээд гараа сунгаад байвал нөгөө тал өөрөө хөл дээрээ босох сэтгэлээ алдаж, өөртөө туслахын чухлыг мартдаг. Халамж бөөцийлөл хийгээд хатуурхаж барих аль аль нь хэрээсээ хэтрэхээр тус биш ус болж хүч чадалгүй хүмүүнийг бий болгодог.
Хүмүүс аз жаргал мандан бадралд хүрэх нь өөрийн үйлдлээр бус системийн хүчээр болох зүйл хэмээн итгэсээр ирэв. Тиймээс ч “хууль цаазыг бий болговол хүмүүс дэвжиж хөгжинө” гэх мэт асар том дүгнэлт мэдээжийн зүйл шиг байх болов. Мэдээж хэрэг, хууль цааз сайтар хэрэгжвэл хүн хувьдаа золиос бололгүй, өөр өөрсдийнхөө хөдөлмөрийн /оюун сангааны болон биеийн хүчний/ үр шимээ хүртэж чадах юм. Гэвч ямар ч хүчирхэг хууль тогтоолоо гэсэн залхуу этгээд ажилсаг болон хувирч, үрэлгэн хүн тооцоотой болж эхлэх, архичин архиа болихын учир үгүй билээ. Өөрийнхөө гэмийг ухаарч, хэмнэхийн утга учрыг мэдэж, архинд живсэн амьдралаа буруушааж эхэлсэн хүн л өөрчлөгддөг. Хүн бүр илүү шилмэл амьдралын үзэл санааг өөртөө шингээгээгүй цагт ямар ч зөв хууль тогтоолоо гэсэн хүн хувьсаж өөрчлөгдөж чадахгүй бус уу.
Гадна талаас нь биш дотор талаас нь эзэмд
Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний төвшинд хүртэл доошилдог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлбэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог. Энэ нь ус нам дор газарруу урсдагтай адилхан үнэн юм.
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ ба хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу.
Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэнч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. “Нийгмийн муу муухай явдал” хэмээн бидний нэрлээд байгаа тэр зүйлийн томоохон хувь нь угтаа бол бидний доошилж унасан амьдралаас үүсч бий болдог. Тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлвэл иймэрхүү нийгмийн муу муухай байдал арилах жамтай. Нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүмүүнлэг тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. Харин ард түмэн өөрийгөө өөд нь татаж авъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгүй илүү үр дүнтэй болох юм.
Хамгийн дээд “боловсрол” өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг.
Эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг хүн бусдын амьдрал, үйлдэлд хүчтэй нөлөөлж байдаг. Тэнд л хамгийн практикч боловсрол оршдог. Сургууль зэргийг түүнтэй харьцуулахад боловсролын өчүүхэн бага анхны алхмыг зааж өгдгөөс хэтэрдэггүй. Амьдралд түшсэн боловсрол үр өгөөжөөр хавьгүй их байдаг. Айл гэрт, зам дээр, дэлгүүр, үйлдвэр, тариалангийн талбай гээд л хүмүүс цуглардаг л газар бол хаана ч гэсэн өдөр тутмын амьдралын боловсрол туршигдаж байдаг. Тэр боловсрол нь нийгмийн нэг гишүүн болохын төлөөх сургалт юм. Түүнийг германы жүжгийн зохиолч Шиллер “хүн төрөлхтний боловсрол” гэж нэрлэсэн байдаг. Бодит ажилд суралцангаа хүмүүнлиг чанараа зүлгэж, өөрийгөө эзэмдэх сэтгэлийг тэтгэж чадвал хүн зөв хэв ёсыг биедээ авч, өөрийн үүрэг хийгээд ажлаа сайн гүйцэлдүүлэх чадвартай болдог. Ийм боловсролыг номын сурах бичгээс сурдаггүй.
Бэкон: “Ямар ч шинжлэх ухааны судалгаа нь түүнийг өөрийг нь яаж хэрэглэвэл дээр вэ? гэдэг тухай зааж өгдөггүй. Харин түүний нөгөө тал, бодит амьдралыг сайн шинжвэл шинжлэх ухаан дөхөж очоогүй, шинжлэх ухаанаас хавьгүй илүү мэдлэг ухааныг хүн өөртөө олж авч чаддаг”. Бэконы энэхүү үгэнд бодит амьдралын утга учир зөв илэрхийлэгдсэн байна. Хүн зөвхөн бичиг номоор бус ажил хөдөлмөрөөр өөрийгөө төгсжүүлдэг. Гайхамшигтай хүмүүсийн намтар цадигаас суралцаж, амьдралын гарын авлага болгож , бас сэтгэлээ өөд нь татахын тэжээл болгож ашиглах зүйл ч бий. Гайхамшигтай хүн чанартай хүн бол өөртөө туслахын ухаан хийгээд зорилгодоо хүрэх тэвчээр, зорьсон ажилаа хийж дуусгах зориг хүч, бас амьдралаа дуустал үл хувирах шургуу хичээнгүй чанар сэлтийг тааруулж тохируулж эзэмшсэн байдаг.
Намтар цадиг ховор чухаг хүний нэг насны амьдралыг ойлгомжтой үгээр дамжуулж , бид зорилгоо хэрэгжүүлэхэд юу чухал болохыг тодорхой өгүүлж байдаг. Бас гол баатар таатай бус орчин ахуйгаас биеэ өндийлгөж алдар хүнд, нэр төрийг хэрхэн ялж олсон алхмыг өөдрөг зураглаж, өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөртөө итгэх итгэл чухал болохыг уншиж буй хүнд ухааруулдаг.
Туйлын ядуу тавилангаас үл шалтгаалж, хамгийн дээд өндөрлөгт гарч чадсан хүний жишээг үзвэл, ямар ч хатуу хэцүү бэрхшээл хүн амжилтанд хүрэхэд гайтай саад болдоггүй гэдгийг харуулдаг. Олонхи тохиолдолд иймэрхүү бэрхшээл цаад талаасаа эргэж хүнийг өөд нь татдаг. Өөрөөр хэлбэл гачигдлыг тэсвэрлэж хөдөлмөрлөе гэх хүслэн бий болгодог бөгөөд бэрхшээлтэй тулгарахгүй бол унтсан чигээрээ хоцрох бололцоотойг ухааруулж өгдөг.
“Зориг байвал мянган хэргийг бүтээнэ” гэдэг шиг саад тотгорыг даван туулж ялалтанд хүрсэн хүмүүсийн жишээ олон бий: Ричард Аркрайт утас ээрэгч машин бүтээгч, хөвөнгийн үйлдвэрлэлийн хөгжлийн үндсийг тавьсан хүн юм. Бас Дендатен английн хуулийн хүрээлэнгийн тэргүүн шүүгчийнхээ хувьд алдартай байсан. Тэд цөм борчуудын гэрээс гарч ийм нэр алдарт хүрсэн юм.
Шекспирийн эцэг нь малчин, мал нядлагч байсан тул тэр залуудаа хонины арьс элдэх ажил эрхэлдэг байсан гэлцдэг. Мөн сургуулийнхаа жижүүрээр ажиллаж байсны дараа нэгэн нотариатын нарийн бичгийн дарга хийж байсан гэсэн мэдээ ч бий. Угтаа бол Шекспир хувь хүний шинж төрх төдий бус улмаар янз бүрийн хүний бичил загварыг өөрийн хүн чанарын дотроо аваачиж тааруулсан мэт санагдана. Зохиол бүтээлд нь гарч буй далайчны хэллэг маш зөв оновчтой тул усан онгоцны талаар их мэддэг нь зохиолч далайн аянд дуртай байснаас зайлахгүй гэцгээдэг. Үнэн алдартны шашны нэг лам Шекспирийн бүтээлийг уншаад тэрээр санваартан байсан хэмээн батлахыг оролдож байлаа. Нөгөө талаар түүнийг морь адгуулж, наймаа хийдэг байсан гэж нотлохыг оролдсон хүн ч бий. Энэ бүхнээс харахад Шекспир лавтайяа агуу их од бөгөөд түүний амьдрал хүмүүст ихээхэн нөлөөлсөн. Тэр өргөн салбараар туршлага хийж ажиглалт хуримтлуулж, түүнээсээ гайхалтай өргөн мэдлэгийг эрж олсон байна. Тэрээр ямар ч ажлыг гүнзгий анхааран судалж, хичээнгүйлж, ажилдаа улайрч байсан нь гарцаагүй. Тиймээс өнөөг хүртэл түүний бүтээл бидний араншин бүрдэж төлөвшихөд гүн гүнзгий нөлөө үзүүлсээр ирсэн билээ.
Одон орны шинжлэх ухаанд ихээхэн зүтгэл гаргасан хүмүүсийн дотор ч үгээгүй ядуучуудаас төрж гарагсад олон бий. Коперник Польшийн малчны хүү байв. Кепел Германы архины мухлагийн эзний хүү бөгөөд өөрөө архины газрын үйлчлэгч байлаа. Бас Даламбер өвлийн шөнө Парисын сүмийн чулуун шатан дээр орхигдож хаягдсан хүүхэд агаад түүнийг шилчний гэргий хүн болгож өсгөжээ. Ньютон тариачны хүү байв.
Тэд цөм бага балчир үеэсээ хар бор орчны дарамтанд уналгүй, төрөлхийн авъяасаа хөгжүүлж бат нот, өнө мөнхийн алдрыг олж авсан. Тэдний нэр алдар дэлхийн баялгийг бүгдийг цуглуулавч үл дарагдах цуутай юм. Эд баялаг бол ядуу буурай байхаас илүүгээр хүний өсөлт хөгжилтөд садаа тотгор болох нь олонтоо. Лагранжийн эцэг Италийн Торинод түшмэл байв, тэр буруу замаар будаа тээснээс эрх мэдлээ алдаж, гэр орныхон нь ядуу амьдралд унажээ. Хожим өвгөн болсон хойноо Лагранж би алдар нэр олж, аз жаргалд хүрсэн нь энэхүү бэрх хүнд орчин нөхцлийн маань ач тус байсан гэж дурссан байдаг. “Хэрвээ би баян чинээлэг байсан бол өнөөгийн би байхгүй байсан” гэжээ.