2014-04-08-“Дараа нь дахиад өөр газар намын нүүр царайгаар томилогдчихоод сууж байж мэдэх хүн”-
Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Б.Билэгтийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилох шийдвэрийг гаргасан билээ.
Харин үүнээс жил хагасын дараа буюу өнгөрсөн гуравдугаар сард Хууль зүйн сайд Х.Тэмүүжин томилгоондоо эргэлзэж байгаагаа хэвлэлийн хуудсаар мэдэгдсэн юм.
Х.Тэмүүжин сайдын ярилцлага хэвлэгдсэний маргаашнаас багагүй дуулиан тарьсан билээ. Энэ мэдэгдлийн дараа “Сахал” хочит Б.Билэгтийн суудал ганхаж эхэлсэн талаар хэвлэлүүд шуугиж эхлэв. Гэвч төд удалгүй ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн суудал ганхаагүй гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаар асуудал тэгсхийгээд намжсан юм.
Тэгвэл Б.Билэгтийн асуудал намжаагүй төдийгүй тун удахгүй тодорхой болох тухай Х.Тэмүүжин сайд ярьжээ.
Миний ширээн дээр “Гранд” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын шинэхэн дугаар байна. Тус сэтгүүлд Х.Тэмүүжин сайдын ярилцлага нийтлэгджээ. “Grand Men”-ээр шалгарсан Х.Тэмүүжин сайд тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа олны анхаарлын төвд байгаа Б.Билэгтийн талаархи байр сууриа илэрхийлсэн аж.
Х.Тэмүүжин: Б.Билэгтийг томилохдоо би алдсан байж магадгүй
-Энэ хүн анх агентлагийн даргаар томилогдохдоо салбарын шинэтгэлийг дэмжинэ гэдгээ хэлж байж дээрх ажлыг авсан. Одоо цагдаа хуучнаараа байвал өөрт нь илүү ашигтай гэж хараад байна уу, хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан бидний үзэл бодол зөрөөд байна. Энэ бол эцсийн дүндээ хувь хүний биш, улс орны асуудал байхгүй юу. Түүнээс биш хувь хүний хувьд зөрчилдсөн юм байхгүй. Юутай ч хуулийн байгууллагад шаардлагатай байгаа шинэтгэлийг хийнэ. Магадгүй бодлогоо хамт боловсруулж, шинэтгэлээ хамтран хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшилгүй хүнийг энэ газрын даргаар томилсон нь миний алдаа юм шиг байна.
Цагдаагийн албаны тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын удирдлагуудын томилгоог шинээр хийж, албажуулах ёстой. Гэвч би Б.Билэгт гэдэг хүн дээр энэ томилгоог хийгээгүй. Мэдээж хэрэг, асуудлыг Засгийн газраар оруулж шийднэ. Гэхдээ асуудлыг яаж оруулах, энэ хүнийг дахин томилох, эсэхээ би шийдээгүй байна. /Эх сурвалж “Өнөөдөр” сонины 2014.03.18/
Х.Тэмүүжин: Миний амнаас санаандгүй үг унах ёсгүй
-Миний амнаас санаандгүй үг унах ёсгүй л дээ. Мэдээж санаатай хэлнэ. Ямар ч байсан надад хугацаа маш богино, хийх ажил маш их байна. Гэтэл амжиж болох байсан олон ажлыг хэн нэгнээс болоод алуулж болохгүй шүү дээ. Дараагийн сонгууль болоход надаас иргэд асууна. Энэ салбарт маш том өөрчлөлт явагдана гэсэн хүлээлт байсан, би хийж чадна гэж итгэл найдвар төрүүлсэн. Тэр итгэл найдварыг хэдий хэр хугацаанд хадгалах ёстой юм гэж. Гэтэл энэ өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхгүй үл тоодог, эсвэл улдаж эсэргүүцдэг, унагаадаг хэн нэгэн байх юм бол энэ 70-80 хувь чинь 30-40 рүү орох гээд байна.
Тэгээд унагааж байгаа хүн маань хэзээ ч өөрөө сонгуульд өрсөлдөхгүй, хэзээ ч өөрийнхөө хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээхгүй, ард түмнээр шүүн хэлэлцүүлэхгүй. Дараа нь дахиад өөр газар намын нүүр царайгаар томилогдчихоод сууж байж мэдэх хүн. Үүнд л бухимдаж байгаа байхгүй юу.
Надтай адилхан сонгуульд өрсөлдөөд, ард түмнээр дэмжүүлээд эсвэл дэмжлэг авахгүй унадаг бол өөр хэрэг. Хэдий улстөрчдийг муу муухай гэж хэлдэг ч эцсийн эцэст тэд чинь ард түмнээр дүнгээ тавиулдаг. Гэтэл тэдний цаана ард түмнээр хэзээ ч дүн тавиулахгүй хэрнээ үр шимийг нь хүртэж явдаг, томилгооны үр дүнд албан тушаал хашч байгаа хүмүүс, сонгогддог хүмүүсийн хийж байгаа ажил, амласан амлалтыг үрж, хаяна гэдэг ардчилсан зарчим яавч биш. Тиймээс ч би тэр хүнд “Энэ бодлогыг хэрэгжүүлэх үү, яах вэ” гэдэг асуултыг тавьж байгаа. Гэвч тэр хэрэгжүүлнэ гэж лав хэлсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Тиймээс ч би салбар хариуцсан сайдын хувьд шийдвэрээ бараг гаргачихаад байна даа. /Эх сурвалж “Гранд” сэтгүүл 2014 оны дөрөвдүгээр сар/
Түүний анхны сэтгэгдэл эдүгээ тэс өөрөөр эргэж, 2016 оны сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд амласан амлалтынхаа ядаж 70-80 хувийг биелүүлэхийн төлөө садаа учруулж байгаа нэгнийгээ “өшиглөхөөр” шийдсэн бололтой.
Энэ бүхнээс харвал Б.Билэгтийн томилгоог Засгийн газарт оруулж, асуудлыг шийдвэрлэх нь бараг тодорхой болчихоод байгаа аж. Харин түүний суудлыг хэн залгамжлах, томилгоо хэнийг онилж байгаа нь одоогийн байдлаар асуултын тэмдэг үлдээж байна.
Анхлан түүнийг энэ албан тушаалд тавьж байх үедээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Цагдаагийн байгууллагад бий болсон авлига, албан тушаал, бизнесийн сүлжээг таслахад түүн шиг зоригтой, элдэв асуудлаар барьцаалагдаагүй, нэг үгээр хэлбэл хувийн айдасгүй хүн хэрэгтэй” хэмээн үнэлж байсан. Гэвч түүний анхны сэтгэгдэл эдүгээ тэс өөрөөр эргэж, 2016 оны сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд амласан амлалтынхаа ядаж 70-80 хувийг биелүүлэхийн төлөө садаа учруулж байгаа нэгнийгээ “өшиглөхөөр” шийдсэн бололтой.
Ардчилсан хувьсгалын партизануудын нэг гэгддэг “Сахал” хочит Б.Билэгт гэж ингэхэд хэн бэ. Б.Билэгтийн хувьд өмнө нь Ардчилсан нам засгийн эрх барилцаж байх үед РТХЭГ-ын дарга, дараа нь ТЕГ/Тагнуулын ерөнхий газар/-ын даргаар ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа салбартайгаа бол нэг их гүн гүнзгий харилцаатай байгаагүй нэгэн юм.
Түүнийг “сахал”, “сандал” зэрэг олон гуншин дагалддаг. Учир нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн үед өмнөд хөршид захиалж хийлгэсэн 400 гаруй сандлыг хүлээж авсан генерал Б.Билэгт тэр даруйд нь үйлдвэрлэгчдэд нь буцаахын оронд аймаг, нийслэлийн бүх цагдаагийн хэлтэс, сумдын төлөөлөгч нарт хуваарилан ачуулснаас болж Хууль зүйн сайд дэлбэртлээ уурлаж, олон нийтийн зүгээс ч “Ийм шийдвэр гаргасных нь төлөө цагдаагийн даргыг огцруулах ёстой” гэж үзэж байсан ч Б.Билэгтийн оронд дэд дарга нь хариуцлага хүлээгээд өнгөрсөн билээ.
Энэ үеэс л хуучин, шинийн хоорондох гол зөрчил эхэлсэн хэрэг. Хууль зүйн сайд нэг удаа өөрийн твиттертээ “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж, шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр хар малыг тэвчих арга алга” хэмээн жиргэж, бухимдлаа тайлсныг бодоход багагүй тэвчээр алдсаных биз ээ.
Ямартай ч Б.Билэгт хэлсэн амандаа хүрээгүйнхээ горыг амсах нь нэгэнт тодорхой болсон бололтой.
Х.Жаргал
/Монголын мэдээ/