2014-03-28Санаанд багтамгүй аварга могой, айдас төрүүлэм жаран хөлт зэрэг эдгээр амьтдыг хараад
21-р зуунд амьдарч байгаадаа, эдгээр амьтадтай хэзээ ч учрахгүйдээ баярлах ч шиг. Одоо нэгэнт устаж үгүй болсон эртний гайхалтай үлэмж биет амьтдын зургийг та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.
Нугасан хошуут заан. ( Platybelodon grangeri )
Платибелодон нь 4 сая орчим жилийн өмнө амьдарч байсан хошуутны багт багтах өвсөн тэжээлт амьтан юм.
Эдгээр аварга амьтад Африк, Европ, Ази болон Хойд Америкт амьдарч байсан бололтой. Платибелодоны биеийн урт 6 метр, өндөр нь 2,8 метр хүрдэг байна. Харин аймшигт хошуугаа ургамлын үндэс малтах төдийд л хэрэглэдэг байсан ажээ.
Аварга могой. ( Titanoboa cerrejonensis )
Колумбаас олдсон энэ аварга мөлхөгч ойролцоогоор 60 сая жилийн өмнө амьдарч байв. Тэдний урт 13 метр хүрч, хүнд нь тонн илүү байсан гэнэ.
Олзоо ороон боож алдаг энэ могой нь орчин үеийн анакондын өвөг байжээ. Титанобоа бүх цаг үеийн хамгийн том могой байсан төдийгүй, хэмжээгээрээ зөвхөн динозавруудын дараа орох том нугалмайтан байв.
Супер тэмээлзгэнэ. ( Meganeura monyi )
Тэмээлзгэнийн өвөг болох энэхүү нисдэг аварга нь 300 сая жилийн өмнө амьдарч байжээ.
Дэлгэсэн далавчны урт нь 65 см хүрч, дэлхий дээр амьдарч байсан хамгийн том шавж хэмээн тооцогддог юм байна.
Аварга хилэнцэт хорхой. ( Jaekelopterus rhenaniae )
2,5 метр урттай энэ хорхойг саяхан Германаас олсон байна. 390 сая жилийн өмнө амьдарч байгаад мөхсөн гэж судлаачид дүгнэжээ.
Хэмжээгээрээ матрын хирийн энэ хорхойн аймшигт хавчаар бүхий ам нь 46 см хүрдэг ажээ. Энэ махчин төрөл нэгтнээ ч идэхээс буцдаггүй байсан гэнэ.
Аварга шувуу ( Dinornis robustus )
Аварга Моа бол урьд хожид дэлхий дээр амьдарч байсан шувуудаас хамгийн том нь юм. Тэд Шинэ Зеландийн өмнөд арлуудаар амьдарч байсан ба 3,6 метр өндөр, 250 кг жинтэй байсан гэнэ.
Энэ урт чийрэг хөл, хурц хошуу, бахим хумстай гайхалтай шувуу одоо нэгэнт устан үгүй болжээ.
Хамгийн том гүрвэл ( Megalania prisca )
Энэ мангасыг “ Чөтгөрийн луу “ гэж нэрлэх нь цөөнгүй. 7 метр урттай, 400-700 кг жинтэй энэ амьтан хуурай газрын хамгийн том гүрвэлээр бүртгэгдээд байна.
Мегаланиг аль эрт сөнөсөн гэж үздэг ч Австрали тивээс олдсон араг ясны үлдэц ердөө 300 жилийн настай байжээ. Зарим эрдэмтэд тэднийг одоо ч Австралид амьдарч байгаа гэж итгэсээр байна.
Аварга жаран хөлт. ( Arthropleura )
Артроплевр нь дэлхий дээрх хамгийн том сээр нуруугүй амьтан бөгөөд уртаараа 2,6 метр хүрч байжээ. Тэд орчин үеийн жаран хөлтийн өвөг бөгөөд 340-280 сая жилийн өмнө амьдарч байсан байна.
Эдгээр амьтад сүүлэн хэсэг дээрээ босож / зогсож / чаддаг байсан нь бодохоос айдас төрүүлэм.
Аварга залхуу баавгай ( Megatherium americanum )
Залхуу баавгайн энэ аварга төрлийг бүгд өвсөн тэжээлт гэж үздэг ч, түүний урт савар, хурц хумс нь махчин амьтных гэж эрдэмтэд нотолдог.
Мегатери нь 2000 жилийн өмнө сөнөжээ. Тэд 6 метрийн өндөртэй, бараг 4 тонн жинтэй байсан ба хойд 2 хөл дээрээ явдаг байв.
Аварга загас ( Dunkleosteus terrelli )
Уртаараа 9 метр хүрдэг энэ аварга загас бол бүх цаг үеийн хамгийн аймшигтай, хэрцгий махчдын нэг юм. Дунклеостей 360 сая жилийн өмнө девоны галавын үед амьдарч байв.
Энэ загас шүдгүй боловч түүний тонгорог шиг хурц эрүү нь ямар ч акулыг голоор нь хувааж орхих чадалтай. Хооллоогүй үедээ Дунклеостей эрүүгээ хооронд нь хавиран хутга шиг хурцалдаг байсан гэнэ.
Аварга том яст мэлхий ( Protostega gigas )
Энэхүү супер яст мэлхий нь уртаараа 3 метр хүрдэг байв. Түүний хүчирхэг эрүү, хурц шүднүүд нь акул тэргүүтэй усны ямар ч амьтныг тасчиж дөнгөнө.
Гэвч тэдний хөдөлгөөн удаан, дээрээс нь болхи тул өөрсдөө акулын хоол болох нь элбэг байлаа.
Хамгийн том баавгай ( Arctodus Simus )
Аварга баавгай нь дэлхийн хамгийн том махчин амьтдын нэг байсан юм. 900 кг жинтэй энэ амьтан хойд хоёр хөл дээрээ босвол 3,5 метр хүрдэг байжээ.
Хүчирхэг эрүү ам, 20 см хүрэх хурц хумс, асар том бие нь бусад амьтдын айдсыг төрүүлж, өрсөлдөгчгүй ноёрхох боломжийг олгодог байлаа.
Аварга матар. ( Sarcosuchus imperator )
Саркозух бол 112 сая жилийн өмнө амьдарч байгаад сөнөсөн матрын төрөл юм. Дэлхий дээр амьдарч байсан хамгийн том матар төрөлтөнд орно.
Орчин үеийн матар ч харахад аймшигтай зэвүүн амьтан боловч, энэхүү 12 метр хүрдэг мангасын хажууд юу ч биш гэнэ. Эдгээр матрууд динозавраар хоолллодог байсан гээд бод доо.
Аварга акул. ( C. megalodon )
Мегалодон нь 28-1,5 сая жилийн өмнө амьдарч байжээ. Одоогийн цагаан акулын өвөг бөгөөд уртаараа 15 метр хүрч, хүнд нь 50 тонн татдаг байв.
Дэлхийн хамгийн том махчин загаст тооцогддог энэ амьтан автобусыг бүхлээр нь залгиж чадахаар тийм том гэнэ.
VIVA