2014-03-22Дорнод аймгийн харьяат "Мак" сан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бөх аймгийн арслан Басгаадайн Батхуягтай энэ
удаагийн дугаарт хөөрөлдлөө. Арсланг "Алагдай Цэцэн" клубд хүчний бэлтгэл хийж байхад нь энэхүү ярилцлагаа хийлээ.
Тэдний клубд 2013 оны хүндийн өргөлтийн "паурлифтинг" төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдэж аварга болсон Э. Ууганбаяр, Дэлхийн аваргын мөнгөн медальт монгол улсын начин Д.Цогдолдорж нар бэлтгэл хийж харагдсан.
-Ярилцлагынхаа эхэнд Бөх сонин уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Дорнод аймгийн Баяндун суманд 1984 оны 5 сарын 13-нд айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн. Дороо нэг дүүтэй. Хүүхэд байхдаа бусадтай адил мал маллаж хөдөө өссөн дөө. Сумандаа наймдугаар ангиа төгсөөд, Дорнод аймгийн 12-р сургуулийг дүүргэсэн. Бэлтгэл сургууль хийж байгаад хотруу орж ирсэн.
-Бага байхдаа хэний барилдааныг үздэг байв?
-Хүүхэд байхдаа зургаан залуу зааны түргэн шуурхай, дайчин, уран барилдааныг нь үзэх дуртай байж билээ.
-Үндэсний бөхөөр хэзээнээс эхэлж барилдсан бэ?
-2001 онд өсвөрийн аймгийн аваргад оролцоод дөрөвдүгээр байр эзэлж байлаа. 2002 оноос тууштай бэлтгэл хийж барилдаж эхэлсэн.
-Анхны багш тань хэн бэ?
-Анхны багш Нэргүй гэж сумын заан байгаа.
-Таньд бөхийн удам байгаа юу?
-Миний аав сумын заан. Сумандаа нийт 10 түрүүлсэн. Завсаргүй 8 дараалж түрүүлсэн хүн байдаг. Манай суманд Аймаг сумын цолтой гаднаас олон бөх барилдаж байсан ч түрүүгээ алддаггүй байсан. Үндэсний бөхийн тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан нар оюутан байхдаа манай суманд барилдаж аавд маань унаж байсан гэсэн. Ааваасаа би барилдахыг нь өвлөж авсан гэж боддог.
-Анхны цолоо хэдэн онд авч байв?
-Дашбалбар суманд 2003 онд түрүүлж сумын заан болсон. Аймагтаа 2005 онд үзүүрлэж заан болж байсан. Харин аймгийн арслан цолыг 2008 онд хүртсэн. Хөвсгөлийн Энхзаяа аймгийн заан тухай үед аймгийн начин байлаа. Түүнтэй баруун золгоод давуулж гуядаж түрүүлсэн.
-Улсын баяр наадамд хэдэн удаа барилдаж байсан бэ?
-Зургаан удаа барилдсан. Хоёр удаа хоёр давсан, 2011 онд дөрөв давсан. Тавын даваанд Д.Рагчаа гарьдад унасан. Хамгийн анх ардын хувьсгалын 80 жилийн ойгоор хүүхэд байхдаа барилдаж байсан тэгээд Дорнод аймгийн Халх гол сумын харьяат аймгийн заан Н.Энхжаргал гэдэг хүн дунаж байсан.
-Улсын баяр наадамд сэтгэл зүй хэр байдаг вэ?
-Ер нь бол дажгүй тайван байдаг. Наадмын өмнөх орой гайгүй амарчихдаг. Тэгэхдээ бас бэлтгэл сайн байгаа үед жаахан гэгэлзэх тал бий.
-Заал танхимын барилдаанд нэг их харагдахгүй байх шиг?
-Тиймээ бэртэлтэй байгаа болохоор тогтмол барилдаж чадахгүй байна. Одоо ерөнхийдөө барилдаануудад оролцох санаатай байна. Ойрын 3 жил завсартай барилдлаа.
-Танай Дорнын барс дэвжээний бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хаана хийж байна?
-Үндэсний бөхийн бэлтгэлээ Хан уул дүүргийн спорт зааланд мягмар, пүрэв гарагт хоёр цагаас хийж байгаа. Манай дэвжээний бөхчүүд улсын начин Д.Цогзолдорж, Ж.Гансүх нарын удирдлага доор бэлтгэлээ хийдэг. Одоогийн байдлаар манай дэвжээнд 30 гаруй бөхчүүд бэлтгэл сургуулилт хийж байна.
Манай аймгаас барилдаж байгаа бөхчүүд гэвэл а.а Түмэнжаргал, Мөнхбат а.н Нямсайхан, Ариунмөрөн, Анар гэх мэт сайн барилдаж байгаа бөхчүүд бий. Ер нь барилдаж, бөх болох хүсэл эрмэлзэлтэй нутгийн хүүхэд залуучуудад манай дэвжээ нээлттэй.
-Үндэсний бөх болон хүчний бэлтгэлээ долоо хоногт хэрхэн зохицуулж байна?
-Дөрвөн өдөр үндэсний бөхийн бэлтгэл, хоёр өдөр нь хүчний бэлтгэл хийж байна.
-Үндэсний бөхөөс гадна өөр их спортуудаар хичээллэж байв уу?
-Аварга дээд сургуульд байхдаа жүдо, самбоор хичээллэж тэмцээн уралдаанд оролцдог байсан. 2007 онд Аварга дээд сургуулийг жүдо бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
-Танай ангиас цолонд хүрч сайн баилдаж байгаа ямар бөхчүүд байна даа?
-Архангайн у.н Р.Лүрэвдагва, Өвөрхангайн а.а Д.Батторж, а.х И.Зоригтбаатар а.н Дамдиндорж нар байна даа. Мөн Түвшинбаяр Энхбат бид хэд чинь нэг үе тэнгийн бөхчүүд. Аварга дээд сургуулийн байранд хамт амьдраад цуг бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан.
-Таны биеийн өндөр, жин хэдтэй байна?
-Өндөр 184 см, жин 127кг
-Та паурлифтинг буюу хүчний гурван төрлөөр хэзээнээс эхэлж хичээллэв? Клубынхаа талаар ярина уу?
-Хүчний бэлтгэл хийгээд хоёр жил болж байна. Тэмцээн уралдаанд нэг их орсон юм байхгүй. Манай клубийн хувьд паурлифтингийн төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг Алагдай цэцэн клуб. Монгол улсын шилдэг тамирчид энд бэлтгэл хийж байна. Дэлхийн аваргад түрүүлж медаль авч байсан тамирчид байгаа.
-Таны барилдааны талаар ярилцъя?
-Ерөнхийдөө баруун талтай. Шуудагны барьцнаас давамгай барилддаг. Давуулж гуядах мэх хийдэг.
-Таны сэтгэлд хоногшин үлдсэн барилдааныхаа тухайд...?
-Улсын баяр наадамд дөрөв даваад явж байхад сайхан байсан даа. Цогтжаргал начинтай барилдсан. Барилдааны тухайд надаас барьц сонгосон байсан. Тэгээд начин тахимдаад өөрөө суначихсан.
-Начин цол таны хувьд хэр ойрхон байсан?
-Ойрхон байсан. Тавын давааг тэр болгон аавын хүү даваад байдаггүй. Маш хянуур анхааралтай барилдахгүй бол хэцүү. Жаахан анхаарал алдвал унадаг л даа. Рагчаа гарьдтай давхар шуудганд хүрч барилдаад, гарьд сугадаад зайлж давсан.
-Харамсаж явдаг барилдаанаас дурдвал...?
-Улсын баяр наадмын барилдаанд 2009 онд хоёрын даваанд а.а Мэндбаярт барьцгүй шахуу тахимдуулаад унаж байсан. Ер нь унасан барилдаан болгондоо харамсдаг л даа. Дараа нь гэртээ очоод бодоход тийм юмнаас болоод уначихжээ гэж дүгнэлт хийдэг. Бас найз нөхөд маань чи тэгж барилдаад байна, ингэж барилд гээд зөвлөгөө өгнө дөө. Мөн аав маань бас зөвлөгөө өгнө.
-Бөхчүүдийн хөгжилтэй явдлуудаас ярьж өгнө үү? Уншигчдад маань сонирхолтой байх?
-Манай нэг бөх хотод оюутан болоод зааланд барилдсан гэнэ. Тэгээд шөвгийн дөрөвт үлдээд гэртээ очоод найзуудыгаа дуудаад баяр тэмдэглэж, монгол намайг мэддэг боллоо гээд ахиж барилдаагүй гэсэн. Тийм л нэг хөгжилтэй явдал байна даа.
-Гэр бүлийнхээ талаар танилуулахгүй юу?
-Би эхнэр хүүтэйгээ хамт амьдардаг. Миний эхнэрийг Хонгорзул гэдэг Хэнтий аймгийн хүн байгаа.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим ?
-Үнэн ч шудрага байвал болно гэж боддог.
-Өөрийгөө ямар авьяастай гэж боддог вэ?
-Дуулах л юм даа.
-Чөлөөт цагаараа сонирхдог зүйг хобби тань юу вэ?
-Хөдөө сайхан салхинд гарах Спортын суваг үзэх сайхан. Тэр тусмаа сагсан бамбөг NBA үзэх дуртай. Indiana Pacers, San Antonio багийг дэмждэг.
-Ирээдүйн зорилгоо хуваалцана уу?
-Бэлтгэлээ сайн хийгээд улсын цолонд хүрэх зорилготой доо .
-Манай сониноор дамжуулж хүндэлж явдаг хүмүүсдээ мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Бөх сониноороо дамжуулаад аав ээж болон нутгийнхаа ард түмэн, найз нөхөд,УИХ-н гишүүн Н.Номтойбаяр, Цагдаагийн хурандаа Н.Манлайбаатар болон дэмжиж тусалдаг бүх хүмүүст мэндчилгээ дэвшүүлье.
Арсландаа улсын цол авах болтугай гэж ерөөгөөд энэхүү ярилцлагаа өндөрлөе.
МУБИС-БТС Б.Нанзаддорж
Эх сурвалж: “Бөх” сонин