2014-03-17Морин хуурч, "Домог" хамтлагийн хөгжимчин Д.Шинэцог уран бутээлийн бие даасан анхны тоглолтоо хийх гэж буй юм
Тэрбээр "Морин хуур мину" тоглолтоо Төрийн ордонд энэ сарын 21-нд хийнэ. Язгуур урлагийн дэлхийн аварга, Ф.Шубертийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байрын эзэн түүнтэй тоглолтынх нь талаар ярилцсан юм.
-Тоглолгын бэлтгэл сайн уу. Өдөр бүр симфони найрал хөгжимтэй нийлж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Нэлээд хэд хоног нийллээ. Харин хувийн бэлтгэлээ нэг сургууль дээр хийж байгаа. Голдуу оройн цагаар сууж байна.
-Яагаад уран бүтээлийн анхны тоглолт гээд байгаа юм. Өмнө нь нэг бус удаа тоглосон санагдах юм...
-Өмнө нь сургууль төгсөх тайлан, дипломын ажил гэх зэргээр бие даасан тоглолт хийж байсан. Хамтлагтайгаа нэлээд олон удаа тоглосон. Түүнээс яг уран бүтээлчийн хувиар бие даасан тоглолт хийж байгаагүй. Тийм болохоор анхныхыг нь боломжийн түвшинд хийчихсэн гэж бодож явснаа хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тэгээд л Төрийн ордонд VIР тоглолт хийхээр шийдсэн. Урилгаар 800 хүн үзнэ.
-Тэгвэл анхны тоглолт гэхэд далайцтай хөдөлж байгаа юм байна. Дан урилгаар юм уу?
-Тийм.
-Тэгэхээр таны хүч, хөдөлмөрийн хөлс, үнэлгээ, симфони найрал хөгжмийн үнэлгээ гэх зэрэг зардлууд яах болж байна?
-Ивээн тэтгэгчид бий. Тэгээд ч ашиг олох гэхээс илүүтэй нийгэм, олон нийт рүү морин хуураа дээдэлье. биширье гэсэн үзэл санаагаар хандсан тоглолт байлгах гэсэн юм.
-Зөв зөв. Дөрвөн том зохиол нэг дор тоглох юм билээ. Дандаа морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концертууд байна. Хэцүү биш үү? " -Хэцүү. Гэсэн ч тоглоё гэж шийдсэн. Тооны бэлгэдлийн үүднээс тав байлгая гэж бодсон чинь арай хүчрэхгүй юм шиг байна. Тэгээд ч симфони найрал маань дөрөв байхад болно гэсэн. Гэхдээ тав дахь бүтээлийг заавал байлгая гэж байгаа Том. Бөмбөртэй ч юм уу ер нь цохивор хөгжимчинтэй нийлсэн импровизац байлгая гэж ярилцаад цохивор хөгжимчин Ганхөлөгтэй хамтрах гэж байна.
-Нэрт хөгжмийн зохиолч З.Хангал агсан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нарын морин хуурын концертыг тоглох юм байна. Чингис хааны ой тэмдэглэх төрийн том концертоор морин хуурын таван концертыг таван өөр морин хуурч тоглоход хүчирхэг гоё байсан. Одоо та дөрвийг нь ганцаараа тоглох нь. Ингэж нэг хөгжимчин дараалан тоглоход концертуудын ялгаа, Хөгжмийн зохиолч тус бүрийн дотоод сэтгэл, сэтгэлгээний өөр өөр байдлыг мэдрэх боломжтой байх даа?
-Тэгнэ. Энэ дөрөв бүгд мундаг бүтээлүүд, дөрвөн өөр өнгө аястай. З.Хангал агсан бол морин хуурын концертын хувьд анхдагчдын нэг. 1989 оны хавар Н.Жанцанноров гуай морин хуурт зориулсан концертоо бичсэн бол З.Хангал агсан намар нь туурвисан юм билээ. Тэгэхээр оноор нь яривал аль алийг нь анхдагч гэж хэлж болохоор. З.Хангал гуай үндэсний хөгжимд бичсэн ганц бүтээлтэй, тэр нь морин хуурын концерт гэж ярьдаг. Орчин цагийн, хөгжим бичлэгийн өрнө, дорнын сонгодог уламжлал, дэг сургуульд тулгуурласан монгол шкоол гэж ийм юм байх ёстой гэдгийг харуулах гэсэн бүтээл гэж ойлгодог. Морин хуур, хийл, цохивор хөгжим, төгөлдөр хууртай их өвөрмөц бүтээл.
-Н.Жанцанноров гуайн концерт бас гоё. Энэ удаа таны сонголтод багтаагүй байна аа?
-Хэмжээнээс нь болоод нөгөө дөрвийг нь сонгосон юм. Н.Жанцанноров гуайнх 20 гаруй минутынх. Тэгээд ч энэ тоглолт анхных нь, үргэлжлүүлж цуврал хийх болохоор дараа тоглож болно.
-Б.Шарав гуайн концерт ямар онцлогтой вэ?
-Монгол үнэртэй бүтээл гэж боддог. Морин хуур болон икэл хөгжмөөр тоглодгоор онцлог.
-Икэл гэдэг мөн л морин хуур тийм үү? -Тийм. Морин хуурын өвгө. Б.Шарав гуайн концертын бүтэц энэ хоёр зэмсгийг ашиглаж тоглохоор бичигдсэн. Каденц буюу хөгжимчин ганцаараа ур чадвараа харуулж тоглох хэсгийг нь икэлээр тоглодог. Өөр хөг дээр бичсэн хэсэг л дээ. Өөрөөр хэлбэл, тэр концертыг хуур сольж тоглоно.
-Сонирхолтой юм аа. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын концерт ямар онцлогтой вэ?
-Гурван ангитай, аялгуу техник эрс ондоо. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурын концерт хэмнэл түргэн, эрч хүчээр дүүрэн.
-Ийм мундаг концертууд, бас нэгэн өвөрмөц хослол бүтээл бүхий гоё тоглолт Төрийн ордонд болох нь ээ. Ингэхэд Төрийн ордонд тоглолт хийх зөвшөөрөл авах амархан юм уу?
-Нэлээд ярьж, харилцан ойлголцож байж зөвшөөрүүлсэн. Энэ сүүлийн тоглолт болог гэж байна билээ.
-Яагаад. Дахиад хэн нэг уран бүтээлч тоглолтоо хийе гэвэл танхимаа өгөхгүй нь ээ? -Дуучин Д.Болд, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар өмнө нь тоглолт хийсэн, энэ гурав дахь нь болж байгаа юм байна л даа. Өмнөх хоёр тоглолт чимээ ихтэй, нүргэлсэн хүчтэй байсан болохоор болгоомжлоход хүрчээ. Байшин олон жилийн настай болохоор их чимээнд удаа дараа доргиод байвал аюултай гэж болгоомжилж байсан.
-Дахиад Төрийн ордонд тоглолт болохгүй гэхээр тиймхэн л юм. Орост гэхэд Кремльд уран бүтээлчдийн тоглолт тасардаггүй. Түүн шиг уг нь үргэлжилж байвал гоё л юм...
-Симфони найрал хөгжмийн тоглолт зөөлөн аядуу л даа. Хүчтэй өсгөгч олонтой болоод ирэхээр сүр хүч жигтэйхэн байсан байх.
-Нээрэн сая Америкт ямар тоглолт хийгээд ирэв ээ?
-АНУ-ын Сан Франциско хотод Стэнфорд, Берклийн Хөгжмийн дээд сургуулиудын концертын танхимд Пан Азийн орнуудын хөгжмийн наадам болсон. Түүнд манай "Домог" хамтлаг, УДБЭТ-ьш гоцлол дуучдын төлөөлөл зэрэг уран бүтээлчидтэй хамт тоглолтод оролцоод ирсэн. Миний хувьд "Bing vonvert hail"-д Стэнфордын Хөгжмийн дээд сургуулийн симфони найрал хөгжимтэй Б.Шаравын морин хуурын концертыг тоглосон. Удирдаач нь манай улсад удаа дараа ирж уран бүтээл хийсэн Жин Дон Цай байлаа.
-Үзэгчид анх удаа морин хуур харж, сонссон болов уу?
-Тэгж санагдсан.
-Энэ монголчууд чинь ямар гээчийн хүмүүс вэ. Хачин хөгжмөөр ямар гоё аялгуу сонсгоод байна аа гэж бодсон нь олон байсан байх?
-Бүр гайхаад байх шиг байсан. Алга ташаад зогсохгүй, би оркестртойгоо бараг зургаа, долоон минут зогссон. Ёслоод л байлаа. Концертын танхим нь их гоё. Акустик сайтай, япончууд барьсан гэж байна билээ. Бараг л бие даасан тоглолтоо тэнд хийчихмээр санагдсан шүү (инээв).
-Монголын хөгжимчид тийм гоё зориулалтын тайз, танхимд уран бүтээл хийх цаг ирнэ гэж боддог уу?
-Ирэх байх аа.
-Таны хуурын эгшгээр Ордны жавар үргээж, хурсан олны сэтгэлийг ариусгах сайхан тоглолтод амжилт хүсье.
-Баярлалаа. Хичээх болно оо. Тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа Д.Сосорбарам ах, удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Улсын филармонийн симфони найрал хөгжмийн хамт олонд маш их талархаж байна.
Р.ОЮУНЖАРГАЛ