Зам тээврийн сайд А.Гансүх энэ сарын 9-12-ны өдрүүдэд БНСУ-д айлчилсан. Айлчлалын үр дүн, яриа хэлэлцээрийн
-Та БНСУ-д айлчлаад ирлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Айлчлалын явцад Солонгос улсын гадаад хэргийн дэд сайд, Газар, тээврийн сайд, Солонгосын экспорт, импортын банк болон бусад томоохон компаниуд, Самсунг гэх зэрэг компаниудын төлөөлөгчидтэй уулзлаа. Солонгос улс өндөр технологитой. Дэд бүтэц, тээвэр өндөр хөгжсөн. Монгол Улстай улс төр, эдийн засгийн маш тааламжтай харилцаатай. Гуравдагч хөрш гэж тооцогддог улс байгаа. Энэ утгаараа бид Солонгос улстай дэд бүтцийн салбарын харилцааг өргөн хүрээтэй хөгжүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс Солонгост айлчилж, дэд бүтцийн салбарынхаа хөгжлийн асуудлыг ярьж байна. Өмнө нь ярьж байсан зарим нэг төсөл, яриа хэлэлцээрээ сэргээж, шинээр юу хийх вэ гэдгээ ярилаа. БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн онд шинээр байгуулагдсан. Шинэ сайдтай нь уулзаж, ажил хэргийн харилцаа тогтоож, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон хэмжээний төсөл, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Тухайлбал, төмөр зам, автозам, агаарын тээврийн салбар дахь төслүүд байна. Ганц дэд бүтэц ч биш хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүчний чиглэлийн мэдээллүүдийг өгч, санал солилцож, хэлэлцээ хийлээ. Үр дүнд нь хоёр тал ямар ч байсан маш хурдан хугацаанд засгийн газар хоорондынхоо комиссыг зохион байгуулж, анхныхаа хуралдааныг хийе. Манай талаас бол Улаанбаатарт хийгээч гэсэн санал тавьсан байгаа. Мөн ирэх долоо хоногоос манай яамнаас мэргэжлийн баг ирж, Солонгосын Эксим банкныхантай уулзаж, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн асуудлуудыг ярихаар тохирсон. Мөн ирэх сард Элчин сайдын яамтай хамтраад, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон хэмжээний төслүүдийн талаар Солонгосын компаниудад танилцуулга хийхээр тохирлоо. Түүнчлэн Солонгосын холбогдох яамдуудын сайд нарын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
-Шинэ төмөр замын төсөл анхаарлын төвд байгаа. Төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд Солонгосын талтай хамтран ажиллах асуудал яригдсан. Энэ талаар?
-Бид гол нь төмөр замынхаа дэд бүтцийн салбарт Солонгосын компаниудын шууд хөрөнгө оруулалт, Солонгосын банк, санхүүгийн байгууллагуудаас зээлийн санхүүжилт хийх боломж юу байна вэ, мөн Солонгосын төмөр замын барилгын томоохон компаниуд Монголд ирж ажиллах гэсэн гурван чиглэлээр санал солилцож, явлаа. Одоогийн байдлаар “Самсунг” компани манай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дээр ажиллаж байгаа. “Самсунг” компани цаашид манай Монголд үргэлжлүүлэн ажиллах сонрхолтой гэдгээ илэрхийлж байна. Солонгосын “Эксим” банк зарим нэг чиглэлээр, төмөр зам дээр ч тэр, өөрийнхөө зүгээс болон Солонгосын бусад банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүжилт хийх боломжтой, энэ чиглэлээр нарийвчлан ярилцъя гэж тохирлоо. Бас тодорхой, урьдчилсан нааштай яриа хэлэлцээрүүд байна. Үр дүн гарах байх гэж найдаж байна.
-Шинэ төмөр зам барихад нийтдээ хэчнээн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа вэ. Солонгосын талаас үүнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой байгай бол?
-Бид эхний ээлжинд 1800 км төмөр зам барихаар төлөвлөсөн. Ажлын зураг хийгдээд дууссан. Санхүүжилтийнхээ асуудал дээр хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж байгаа. Нийтдээ 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай. Одоогийн байдлаар 20 орчим компаниас бид дөрвөн компанитай нь хэлэлцээр хийж байна. Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас хэн нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг ярихад арай эрт байна. Гэсэн хэдий ч бид бусад, өөр боломжуудыг судалж, ялангуяа Солонгосоос ямар хэмжээний боломж байна вэ гэдгийг судалж байгаа. Яагаад Солонгос вэ гэвэл Солонгос улс өөрсдөө Солонгос-Алс Дорнод-Сибирийн дэд бүтэцтэй холбосон төмөр зам, автозам, эрчим хүч, логистикийн дэд бүтцийг байгуулах санаачилга дэвшүүлсэн орон. Өнгөрсөн оны аравдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор мэдэгдсэн. “Евразийн санаачилга” гэж төсөл дэвшүүлж байгаа. Энэ санаачилгын хүрээнд Солонгос улсыг Евроазитай холбосон төмөр зам, дэд бүтэц байгуулах, ингэснээрээ байгалийн баялаг ихтэй Сибирь, Алс-Дорнодын бүс нутаг руу дэд бүтэц тавиад, ирээдүйд тэндээс эрчим хүчнийхээ хэрэглээг хангана гэсэн томоохон хэмжээний, холыг харсан төсөл дэвшүүлсэн байгаа. Солонгосын энэ санаачилга нь өөрөө манай төмөр замын бодлоготой нийцэж байгаа. Тийм учраас бид энэ санаачилгатай нь уялдуулаад, өөрсдийн төмөр замын бодлогоо танилцуулж, уялдаа холбоог нь хангах чиглэлээр холбогдох сайд, дарга нартай нь ярилцаж байна.
-Айлчлалын үеэр автозамын салбарт ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлууд хөндөгдсөн. БНСУ-д автозамын технологи өндөр хөгжсөн. Харин манай улсад автозамын чанар нэлээд маргаан дагуулдаг сэдэв байгаа. Тэгэхээр автозамын чанарыг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд Солонгосын талтай цаашдаа хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?
-Автозам, агаарын тээвэр, төмөр замын чиглэлээр хүмүүсээ сургах чиглэлийн асуудал яригдаж байна. Солонгосын технологийн сургууль болон өөр бусад холбогдох чиглэлд оюутан сургах, давтан сургах гэх зэрэг асуудлыг ярьж байна. Хамгийн гол нь мэргэжилтэй боловсон хүчин байх ёстой. Өндөр мэргэжлийн боловсон хүчинтэй болж байж, бид өндөр чанартай зам, стандарт, норм, нормативыг тогтооно. Нөгөөтэйгүүр замын чанар маань өөрөө замынхаа төсөвт өртөгтэй их хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл, нэг км замыг бид ойролцоогоор 500 сая төгрөгөөр барьж байна. Илүү өндөр чанартай зам баривал нэг км замын маань нэгж өртөг нь тэрбум орчим төгрөг болох байх. Тэгэхээр санхүүгийн боломждоо баригдаж байгаа тал бий.
-Үүнээс гадна агаарын тээвэр, далайн тээврийн хамтын ажиллагааны асуудлууд ч яригдсан байгаа?
-Далайн тээврийн хувьд бид харьцангуй үр дүнтэй, шуурхай ажиллаж байгаа. Солонгос улсыг бид далайн тээврийн хамтрагчаараа сонгоод, хамтын ажиллагаа өрнүүлж байна. Мөн далайн мэргэжлээр оюутан сургаж байгаа. Эхний 10 оюутан сурсан. Эдгээр оюутан далайд гараад, дадлага хийгээд явж байна. Ер нь бол бид 100 далайчин бэлтгэх зорилт тавьсан. Мөн далайн тээврийн хамтарсан компани байгуулагдаад, үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон байгаа.
-Агаарын тээврийн хувьд?
-Хоёр орны агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн яриа, хэлэлцээрүүд явагдаж байна. Ирэх дөрөвдүгээр сард хоёр тал агаарын тээврийнхээ хэлэлцээрийг хийх байх. Тэр үед тодорхой үр дүн гарах болов уу гэж бодож байна. Ер нь бол агаарын тээврийн харилцаа маань өөрөө иргэдийн чөлөөтэй зорчихтой холбоотой байдаг. Монгол Улсын иргэд чөлөөтэй зорчиж чадаж байна уу, үгүй юу. Яагаад гэвэл Солонгосын визийг авахад хүндрэлтэй байдаг. Тэгэхээр бид агаарын тээврийнхээ харилцааг визний хөнгөлөлт, чөлөөлөлттэй уялдуулж авч үзэж байгаа.
-Айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд, яриа хэлэлцээрүүдийн үр дүн харагдаж эхлэх хугацааг та хэрхэн харж байна вэ?
-Бид яаж ажиллахаас л шалтгаална. Бид яриа хэлэлцээрийнхээ хойноос бодитой, санаачилгатай, ажил хэрэгч ажиллах хэрэгтэй. Тэгж байж, үр дүн гарна. Тийм учраас дараа долоо хоногоос эхлээд манай ажлын хэсгүүд ажиллаж эхлэхээр тохирсон байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
С.Энхзаяа