2014-03-10Макро эдийн засгийн үндсэн дөрвөн үзүүлэлт байдаг. Эдгээр нь хэрэглээний үнийн улсын индекс, мөнгөний
нийлүүлэлт, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл юм.
Хэрэглээний үнийн улсын индекс улс даяар хаана бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хаана буурсныг болон өөрчлөлтөд юу нөлөөлснийг харуулдаг. Шинэ жил болон Цагаан сар гэсэн хоёр том баяр ар араасаа тохиосон тул энэ үзүүлэлт өнгөрсөн хоёр сарын хугацаанд өсчээ. Үүнд гайхах зүйлгүй.
Улсын төсвийн хувьд оны эхний саруудад мөн л алдагдалтай гардаг жишиг тогтсон нь энэ удаад ахин давтагдлаа.
Ховд аймагт хэрэглээний үнэ хамгийн ихээр буюу 1.9%-иар өсчээ
Хэрэглээний үнийн улсын индекс 2014 оны хоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар өслөө. Ерөнхий индекс 2014 оны хоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Тэгвэл инфляци 2014 оны хоёрдугаар сард 0.9 хувиар өсчээ. Энэ өсөлтийн 60.8 хувь нь хүнсний бараа, ундаа, ус бүлгийн үнийн өсөлтөөс; 16.4 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн; 6.6 хувь нь тээврийн бүлгийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2014 оны хоёр сард өмнөх сарынхаас Увс аймагт өөрчлөлтгүй, бусад 20 аймагт 0.1-1.9 хувиар өсчээ. Ховд аймагт 1.9% буюу хамгийн их өсөлттэй байна.
Хадгаламж өсчээ
2014 оны хоёрдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 9.8 их наяд төг болж, өмнөх сарынхаас 174.4 тэрбум төг буюу 1.7 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 36.1 хувиар өсчээ. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 2.6 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн хадгаламж 1.2 их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 0.8 их наяд төгрөгөөр, валютын харилцах 0.4 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын төсөв 90.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2014 оны эхний хоёр сард 90.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Үүнд зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 28.5 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Төсвийн тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 2013 оны эхний хоёр сард 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол 2014 оны эхний хоёр сард 1.0 тэрбум төг-ийн алдагдалтай гарлаа. Үүнд урсгал зардлын өсөлт нь урсгал орлогынхоо 16.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.
Экспорт сэргэх хандлагатай байна
Монгол Улс 2014 оны эхний хоёр сард дэлхийн 92 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.2 тэрбум ам.долл, үүнээс экспорт 594.6 сая ам.долл, импорт 613.9 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний хоёр сард 305.1 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2014 оны эхний хоёр сард 19.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 93.7 хувиар буурчээ.
Үүнд экспорт өмнөх оны мөн үеийнхээс 17.5 хувиар нэмэгдэж, импорт 24.3 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.
Эдийн засгийн салбарын үзүүлэлтүүд
Манай эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай ч ХАА-н салбар мөн л чухал үрэг гүйцэтгэдэг. Энэ онд зүүн гурван аймагт шүлхий дэгдсэн. Гэвч энэ нь том малын зүй бус хорогдолд төдийлөн нөлөөлсөнгүй.
Том малын зүй бус хорогдол 2014 оны эхний саруудад улсын хэмжээнд 39.7 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 71.4 хувиар буурсан байна. Нийт хорогдлын 33.4 хувийг хонь, 45.3 хувийг ямаа эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2014 оны эхний хоёр сард нэг их наяд төг болжээ. Ийнхүү өмнөх оны мөн үеийнхээс 25.7 хувиар өсөхөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 40 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
Дотоодын үйлдвэрлэл өсчээ
Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр, баяжмал, газрын тос, зэсийн баяжмал, буталмал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 4.7 хувиас 2.1 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт сонин, хэвлэмэл хуванцар картууд, хиаман төрлийн бүтээгдэхүүн, тэмээний ноосон хөнжил, жимсний компот, шингэн сүү, металл бэлдэц, сүлжмэл эдлэл, нэхий дээл, зүсмэл материал, цахилгааны утас зэрэг бүтээгдэхүүнийн үйлдвэрлэл 2.1 хувиас 4.7 дахин өссөн байна.
Тээврийн салбар бас л бууралттай
Төмөр замын тээврээр 2014 оны эхний хоёр сард 2.8 сая.т ачаа, давхардсан тоогоор 533.7 мян.зорчигч зорчжээ. Өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 5.1 хувь, зорчигчдын тоо 12.6 хувиар буурсан байна. Энэ бууралтад дотоод, гадаадад тээвэрлэсэн төмрийн хүдэр (117.1 мян.т), нүүрс (110.0 мян.т) цементийн тээвэрлэлт (47.2 мян.т) буурсан нь голлон нөлөөлжээ.
Тэгвэл агаарын тээврээр 2014 оны эхний хоёр сард 498.5 тонн ачаа, давхардсан тоогоор 101.2 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 6.9 хувь, зорчигчдын тоо 6.4 хувиар тус тус буурчээ.
Эндээс харахад 400 байсан автобусны тасалбарыг 500 төгрөг болгосон нь инфляци өсөхөд хэрдээ нөлөөлжээ. Хүнсний барааны хувьд Цагаан сарын өмнө үнэ ташраараа нэмэгдэж, задгай сүү л гэхэд 1400 төгрөг болсон нь инфляцид хамгийн том ташуур болсон байна. Найман хувьд барина гэж зорьж байгаа инфляци өдгөө 12 хувьд хүрсэн. Өнгөрсөн жил махны үнэ өсөхөд инфляци дагаад өссөн бол энэ жилийн тухайд Үнэ тогтворжуулах хөтөбөрийн үр дүнд махны үнэ харьцангуй тогтвортой байгаа гэнэ.
Харин өмнөх сараас 0.9%-иар өссөн инфляцид импорт голлон нөлөөлсөн гэж ҮСХ-ноос мэдээллээ. Өнгөрсөн сард долларын ханшийн өсөлтийн талаар мэдээлэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мөн л импортын барааг гол буруутнаар зарлаж байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт МАН мэдэгдэл хийн, долларын ханшны огцом өсөлтийн улмаас дотоодын олон ААН үүдээ барихад хүрлээ гэсэн юм. Энэ мэдээлэл үнэн эсэхийг лавласан олон сэтгүүлчийн асуултад ҮСХ-ны газрын дарга нар тоймтой хариу хэлсэнгүй.
Б.Эрдэнэчимэг | GoGo.mn