2014-02-13МЗХ-ны дэргэдэх “Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо”-ны тэргүүн Б.Оюун-Эрдэнийн өдрийн сонинд өгсөн
ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Монголын Залуучуудын Холбооны дэргэд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо” байгуулагджээ. Өнгөрсөн долоо хоногоос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус хорооны тэргүүнээр Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ сонгогдсон байна. Түүнтэй гэр бүлийн сэдвээр ярилцлаа.
МЗХ-ны дэргэд Гэр бүлийн хороо байгуулагдлаа. Энэ хороо Монгол гэр бүлд тулгамдаад буй асуудалд цэг тавьж чадах болов уу?
Бид залуу гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжиж, нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорилгоо болгож ажиллана. Энэ ажлын хүрээнд нэгдүгээрт, залуусыг гэрлэлтэд бэлтгэх, гэр бүлийн боловсролд зориулсан тогтвортой хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, залуучуудын гэр бүлийн сайн сайхныг сурталчлах, гэр бүлд ээлтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Ингэснээр нийгмийн уур амьсгалд тодорхой өөрчлөлт орно гэж бодож байгаа. Гол нь гэрлэлтийн талаарх залуучуудын хандлагыг өөрчлөх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг бид чухалчилсан. Гурвадугаарт, залуу гэр бүлд тулгамдаж буй асуудлаар тодорхой судалгаа хийж үр дүнг бодлогын түвшинд уламжилна. Мэдээж МЗХ-ны дэргэдэх “Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо” гэр бүлийн хүрээнд тулгамдсан зүйлийг нэг дор шийдвэрлэх боломжгүй. Залуу гэр бүлүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг бага ч болов шийдвэрлэх тал дээр анхаарна.
Гэрлэлтийн талаарх залуучуудын хандлага, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь залуу гэр бүлүүдийн салалт их байгаатай холбоотой гэж ойлгож болох уу?
Үнэнийг хэлэхэд өнөөдөр залуу гэр бүлүүд гэрлэлтээ цуцлуулах нь байдаг л үзэгдэл мэт болжээ. Монгол улсын хэмжээнд жилд 10,000 орчим хос гэрлэлтээ батлуулдаг. Гэтэл тэднээс жилд дунджаар 3000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн статистик мэдээ бий. Жилд 3000 хос гэрлэлтээ цуцлуулснаар 4000-5000 хүүхэд өрх толгойлсон эмэгтэй эсвэл ганц бие эцгийн гарт хүмүүжиж байгаа юм. Гэр бүлээ цуцлуулсан хосуудыг насны хувьд аваад үзвэл залуужсан. Ер нь 25-40 хүртэлх насныхан голлох хувийг эзэлдэг. Ингээд үзэхээр залуучуудыг гэрлэлтэд бэлтгэх, залуу гэр бүлд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, сургалт сурталчилгааны ажлыг хийх хэрэгтэй байгаа юм. Монголд залуу гэр бүлүүдийн төлөө МЗХ ажиллахгүй бол өнөөдөр хэн ажиллах ёстой юм бэ. Залуучууд өнөөдөр өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л хэлэлцэх ёстой.
Хоёр биендээ хайртай байхад бүх юм болж, бүтнэ гэсэн сэтгэлгээ залуусын дунд байдаг. Ер нь яавал гэр бүлийн үнэ цэнэ бат бэх байх вэ?
Одоогийн залуус болохгүй бол салчихна гэж ярьцгаадаг. Амьдралын талаар хэн нэгнээс үг дуулах дургүй. Юм л бол “Миний хувийн амьдралд оролцох хэрэггүй” гэцгээдэг. Залуу гэр бүлд тулгамдаж буй асуудлыг судлаачийн хувьд харахад, орчин үеийн залуус гэр бүлийн цаад утга учир, мөн чанарыг ойлгодгүй. Хайрлаж, дурлаад гэрлэвэл аз жаргалд хүрнэ гэж боддог нь үнэн. Гэтэл бодитоор тулгардаг бэрхшээлүүдийг урьдчилж хардаггүй. Хэт романтик, хийсвэр, үлгэрийн юм шиг сайхан амьдралыг хүсдэг. Харин гэр бүлийн амьдралаа зохиосны дараа анхны бэрхшээлүүд гараад эхэлмэгц, эндүүрч эхэлдэг. Тэр үед “би буруу хүнтэйгээ амьдралаа холбосон, буруу сонголт хийсэн” гэж ярьдаг. Тодруулбал, гэрлэлтээс хүсэн хүлээсэн зүйл бодит байдал хоёрын зөрүүнээс эхний асуудлууд бий болж эхэлдэг. Ер нь хайрлаж, дурлаж байж гэр бүл үүсч бий болдог. Тэсч, тэвчиж байж тогтдог гэдгийг залуучууд ойлгоддоггүй. Дардан цагаан замаар явсаар байгаад л насан эцэс хүрэх юм шиг амьдралыг төсөөлдөг. Тэгэхээр гэрлэлтийн бодит үнэнийг залуучуудад ойлгуулах цаг үетэй бид нүүр тулаад байна.
Гэр бүл судлаачид хосуудыг эдийн засгийн байдлаас хамаарч салж сарниж байгаа талаар ярьж, шүүмжилдэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
Залуус сэтгэлзүйн болоод эдийн засгийн бэлтгэлгүй үедээ гэр бүл болдог нь сүүлийн үеийн түгээмэл үзэгдэл болсон. 2010 онд Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдалд суурь судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын 30 хувь нь нийлмэл гэр бүл байсан юм. Тодруулбал, нэг өрөөнд хүү нь, нөгөө өрөөнд хүргэн нь амьдардаг гэсэн үг. Гэрлэсэн ч аав, ээж, хадмуудтайгаа хамт амьдардаг. Эдийн засгийн хувьд биеэ дааж тусдаа гарах чадваргүй үедээ хүүхэдтэй болж, гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн нийлмэл гэр бүлүүдийн хооронд их зөрчил үүсдэг. Энэ нь залуу гэр бүлүүдийн салалтын нэг шалтгаан болдог. Тэгэхээр залуучууд өөрийн гэсэн эдийн засаг, сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон үедээ хамтын амьдралаа эхлүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал юм.
Тэгвэл тогтсон амьдралтай дунд насны хосуудын хувьд гэр бүл салалтын судалгаанд дээгүүрт бичигдэх болсон нь ямар учиртай вэ?
Хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах гэсэн жам ёсны хэрэгцээн дээр үндэслэж, хүн гэр бүлийн амьдралаа зохиодог. Тэр хэрэгцээ цаашид хэр хангагдаж байна вэ гэдгээс гэрлэлтийн сэтгэл ханамж хамаардаг. Хүний амьдаралд насны онцлогийг дагаад, сэтгэл санаа, оюун ухаан, амьдралд хандах хандлага ч гэсэн өөрчлөгддөг. Гэр бүлийг амьдралын мөчлөгөөр нь залуу, дунд, ахмад гэр бүл гэж гурав хуваадаг. Дунд насныханд яах аргагүй олон асуудал тулгардаг. Дунд насны гэр бүл гэдэг бол гэр бүлийн амьдралын мөчлөг болоод насны хувьд ч маш чухал үе байдаг.
Яагаад?
Учир нь дунд насныханд өсвөр насныхантай адилхан хямрал явагддаг. Энэ үед хүний бие физиологид маш олон өөрчлөлтүүд гардаг. Эдгээр өөрчлөлтүүдээс шалтгаалсан, түүнтэй эвлэрч чадахгүй байх, өнгөрсөн амьдралаа эргэж харах үе байдаг. Амьдралдаа шинэ зүйлийг эрж хайдаг, амьдралдаа эргэлт гаргахыг хүсдэг. Сэтгэл санаа бие физиологид өсвөр насныхантай адил процесс явагддаг. Үүнээс болоод сэтгэл санаа нь тогтворгүй, тайван бус болдог. Дунд насандаа хүн дахин дурладаг гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг. Энэ үетэй холбоотойгоор дунд насны гэр бүлүүдэд асуудал үүсдэг.
Гэр бүлийн үнэ цэнэ юун дээр оршин тогтнодог вэ?
Гэр бүлийн гишүүд нь бие биеэсээ хүсэн хүлээсэн зүйлдээ сэтгэл хангалуун, харилцан бие биенээ хайрладаг, ойлгодог, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван, сэтгэл хангалуун амьдрах л гэр бүлийн үнэ цэнэ байдаг. Тэр хэрэгцээг хангаж чадахаа болиод эхэлбэл амьдрал нь үнэ цэнэгүй болдог. Тэгэхээр тогтвортой байдлыг хангахын тулд гэр бүлийн амин чухал, үнэн мөн чанарыг хадгалж байх ёстой. Гэр бүлийн гишүүд нийтлэг, нэгдмэл санаа зорилготой байх ёстой. Дээр нь гэр бүлийн гишүүд хамт байх нь чухал. Түүнчлэн хайр итгэлцэл. Нөгөө талдаа итгэл өөрөө хайрын гагнаас нь. Итгэл алдагдсанаар гэр бүл үнээ алдаад салах эхлэл тавигддаг. Тиймээс хосууд гэр бүлийн боловсролд суралцах хэрэгтэй. Хосуудын өссөн орчин өөр, амьдралын дадал хэвшил, зуршил, үзэл бодол нь өөр. Тэр бүү хэл сэтгэл санаа, бие физиологи нь ч өөр шүү дээ. Ийм эсрэг хүмүүс нэг гэрт орж амьдрахад ухаалаг, хүлээцтэй, тэвчээртэй байж чадсаных нь талд ялалт ирдэг. Гэр бүлийн амьдралыг авч явах мэдлэг, чадвар ухаанд суралцахгүйгээр гэр бүлийг сайн сайхан авч явна гэдэг хэцүү. Гэр бүл дэх хүний эрхийн асуудал маш ноцтой. Зодох, зодуулах нь байх л зүйл гэсэн сэтгэхүйгээс бид салах хэрэгтэй.
Ихэнх хос гэрлэлтээ батлуулахаас татгалздаг гэж байсан. Гол шалтгаан нь юу бол?
Залуучууд хариуцлагаас зайлсхийгээд гэрлэлтээ бүртгүүлэхээс татгалздаг нийтлэг жишиг байна. Ялангуяа хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийн дунд гэрлэлтээ бүртгүүлэхээс татгалзах явдал цөөнгүй гардаг. Энэ нь салбал эд хөрөнгөө хуваалцахаас татгалздагтай холбоотой. Тэгэхээр салж магадгүй гэдэг сэтгэлээр гэрлээд яах юм бэ. Ер нь сэтгэл эмзэглүүлсэн олон асуудал бий. Өнөөдрийн байдлаар нийт гэр бүлийн 68,4 хувь нь зөрчил маргаантай амьдардаг зодолддог. Ихэнх эмэгтэйчүүдийн 72,8 хувь нь нөхрөө архи бага уухыг хүсдэг. Хүүхдэдээ тавих анхаарал сайтай ээжүүд 57 хувьтай байхад, аавууд долоохон хувьтай байх жишээний. Энэ мэт бодит судалгаанууд гэр бүл судлаачдын сэтгэлийг эмзэглүүлдэг. Энэ утгаараа бид хувь хүний ёс суртахууны асуудалд анхаарахгүй бол болохоо байжээ.