2014-02-11Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, уран мэхт, улсын аварга Чойжилын Бээжин улсынхаа их баяр наадамд 1970
онд түрүүлж, 1964 онд үзүүрлэж, 1961,1965 онд 7, 1958, 1968 онд 6, 1957,1963, 1967, 1969, 1971 онд 5 давж, нийтдээ 11 удаа шөвгөрсөн бөх. Бээжин аваргын тухай хуучлах хүн олон. Үе тэнгийнх нь алдарт бөхчүүд түүнийг ийн дурсчээ.
1. Ж.Мөнхбат /Дархан аварга/: 1964 онд цэнгэлдэхийн барилдаанд шөвгийн дөрөвт Дамдин, Бээжин, Пүрвээ бид дөрөв үлдээд би Бээжинтэй тунав. Бээжин гуайд би газар тэнгэр хоёр ижилхэн цэнхэр харагдтал тонгоруулж тунч чанга унаж билээ.
2. Д.Цэрэнтогтох /Дархан аварга/: 1972 оны наадмын дараа хүүхдийн паркад болсон нэг барилдаан дээр Бээжин аварга намайг амлаад авлаа. Барилдаж байгаад хоёр ч удаа тонгорлоо. Би тэсээд үлдлээ. Гурав дахиа тонгороод зэгсэн чанга хаяж билээ. Манай хүн надад хоёр дараалан /улсын наадмын тавын даваанд, дараа нь морин тойруулга дээр/ унасандаа шаралхан бүр амлан авч унагаж санаа нь амарсан юм.
3. Ө.Чүлтэмсүрэн /Улсын арслан/: Бээжин бол хамрын нүхээр багтаж, хазахаас бусдыг хийдэг хэцүү хүн дээ.
4. Ц.Бадамсэрээжид /Улсын арслан/: Бээжин аваргын мэхний хувилбарыг залуу бөхчүүдэд эзэмшүүлэхсэн. Үгүй тэр, тонгороог яаж тэгж сурав аа. ёстой монгол бөхийн цэвэр тонгороо бол яах аргагүй Бээжингийнх юм даа. Үүнээс гадна хөл татаа, өсгийлдөх мэхийг бөх хүн заавал сурах хэрэгтэй юм даа.
5. Л.Сосорбарам /Улсын арслан/: Бээжин аваргын барилдаан үнэхээр хурц дайчин, хийсэн мэх нь оновчтой, хөдөлгөөн нь шаламгай, хурдан байдгаараа онцлогтой. Би Бээжин аваргатай олон удаа барилдаж байсан. Аваргыг мэх хийх үед бүх биеийнх нь хүч үнэхээр дийлэхийн аргагүй болдог. Өөрийн эрхгүй барьцаа алдахад хүрдэг нь хурдан хурц хөдөлгөөнтэй нь холбоотой байдаг болов уу гэж санагддаг. Бээжин аварга бол бөхийн хорхойтнуудын бишрэн хүндэтгэж явах ховор сайн бөх байсан юм.
6. Ө.Эрдэнэ-Очир /Улсын арслан/: Би Бээжин аваргатай нэгэн үед бөхийн дэвжээнд зодоглосон хүн дээ. Бид хоёр олон жил найз нөхрийн журмаар үерхэж, бас ч олон наадамд гарч барилдсан. 1957 оны улсын их баяр наадамд зодоглож, тэр жил Бээжин бид хоёр начин цол хүртэж, бөөн баяр болцгоож байсан юм.
Бээжин маань Чойжилсүрэн, хулгар Дамдиндорж нарыг хаяж, би Жамъян, Даавасүрэн нарыг 5, 6-ийн даваанд шороодуулж билээ. Ер нь манай Бээжин маш хурц барилдаантай, баруун зүүнгүй тонгорно, суйлна, хөл татаа хийнэ, тойрч татна, дунгуйлдана, бөхийн мэхийг элдвээр хийдэг ёстой онцгой бөх байсан юм шүү.
Хоёр мөрөндөө мөн ч их бяртай даа. Сэнжигдэн бариад халахад нь хурууны үзүүр халуу оргиод дахиад барьж болдоггүй л байсан. Барилдахдаа учраа бөхийнхөө хийг андахгүй, зайлж татаад болохгүй бол суйлж татна, өсгийлдөж татна. Бээжингээс нэг мэх ирнэ гэж байхгүй, заавал угсраа мэх ирнэ.
Ийм учраас Бээжингийн мэхэнд тогтоно гэдэг ч хэцүү шүү дээ. Бээжин ямар ч бөхтэй барилдахдаа мэхийн хувилбарыг тун чадамгай хийдэгсэн. Хав дөрвөлжин барьцнаас хар өсгийгөөр нь хөлөөрөө өхийлдээд татчихна. Мөрөндөө их хүчтэй болохоор гуд татчихна. Тэгэнгээ хөлөөрөө заавал давхар мэх хийнэ.
Бээжинг 1970 онд түрүүлдэг жил шөвгийн дөрөвт Дамдин аварга, Дэмүүл, Бээжин бид нар үлдэж Дамдин намайг хаяж, Бээжин Дэмүүлийг хав барьцнаас хөлөөрөө өсгийлдөн давж Дамдинтай үзүүр түрүүнд үлдсэн. Тэгээд Дамдин татахад нь Бээжин ард нь үлдэж хаяж билээ. Тун уран барилдаантайдаа. Одоо Бээжин шиг олон хувилбар мэхтэй уран барилддаг бөх ховор харагдах юм.
7. Г.Дэмүүл /Улсын арслан/: Миний үед арга мэхийн хувьд Ч.Бээжин аварга, Ц.Бадамсэрээжид арслан, А.Нагнайдорж начин нар ёстой хазахаас бусдыг хийдгээрээ илүү сайн байсан. Харин бярын хувьд бидний үеийнхнээс Ө.Эрдэнэ-Очир арслан, арай хожуухнаас Д.Хадбаатар аварга нар л байлаа.
8. Л.Дорлиг /Улсын заан/: Бээжинг надтай зүйрлэвэл хангал азаргыг хамгийн номхон хонь гэсэнтэй ижил болно.
9. Ж.Жигмэддорж /Улсын начин/: Бээжин учрыг тайлах аргагүй угсраа олон мэхтэй.
10. Т.Артаг /Улсын начин/: Би армид ирээд "Алдар" нийгэмлэгт байлаа. Чөлөөт бөхөөр хичээллэнэ. Тэгэхэд Бээжин аварга бас хичээллэдэг байсан. Чөлөөт бөхөд үндэсний бөхийн мэх үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг Бээжин гуайн барилдаанаас мэдэж авсан шүү. Уран мэх, хурц барилдааныг нь харж байхад бахархмаар санагддаг.
Яаж ийм хурдан хөдөлгөөнтэй, уран мэхтэй болъё доо гэж бодогддог сон. Ер нь тэгж харж бахархаж, дуурайж явсны хүчинд л би бөхийн мэх хийх дертэй болосон болов уу. Бээжин гуайг хурц шаламгай, уран мэхтэй гээд байгаа нь зүгээр нэг магтах гэсэн үг биш, үүний цаана маш нарийн ёс дэг журамтай шинжлэх ухаан байгаа хэрэг гэж би боддог.
11. Н.Өлзийбат /Сэтгүүлч/: Бээжин аварга бол монгол бөхийн уран мэхийг урлаг шиг эзэмшсэн хүн.
12. Гончигжав: Бээжин зогсохгүй угсардаг мэхтэй хүн.
13. Ш.Мягмар /Бөхийн сэтгүүлч/: Бээжин уран мэхийг угсруулан хийдгээрээ улс даяар цуутай бөх бөлгөө. Ардын хувьсгалын 43 жилийн ойгоор дөрөвт үлдээд байхдаа Дархан аварга Дамдинд хандан "Чи тун их хүчтэй байх шиг бололтой. Хэн нь илүүгээ өнөөдөр нэг шалгаад орхиё" гэж хэлээд гарсан гэдэг. Тэр жил Бээжин Дамдин аваргыг хаяж Мөнхбаттай үлдэж үзүүрлэж байжээ.
14. Н.Лхагвадорж /Задгай шар, аймгийн арслан/: Бээжингийн дунгуйлдах, өхийлдөх, суйлах, тонгорохыг нэгэн удаа өнгөрөөсөн хэрнээ унасан юм. Бээжин хэзээний угсраа мэхээ хийгээд түр амсхийдэг зуршилтай, энэ үед нь би бараг л ард гарч тэврээд автал "тавилцъя" гэхээр нь барьцаа суларуултал ганцхан түлхчихээд дэвчихдэг байгаа.
15. Б.Шүрхүү /Засуул/: Уран хурц барилдаантай Бээжин аварга ам бөхтэйгээ яаж барилдахаа байнга асууж гардаг сан.
16. Хоёр Мөнхийг 1970 онд чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнд АНУ-руу явсан үед болсон олны дундах яриа: Бээжин арслангийн бэлтгэл ханасан бол уран мэхийг ч ёстой нэг уралдуулах биз гэцгээж байтал энэ наадмын наймын даваанд дархан аварга Дамдин улсын заан Эрдэнэ-Очирыг амаллаа гэж зарлав.
Мөн энэхэн үед Бээжин Дэмүүлийг барахгүй, бяртай хүнд гэхээс мэхтэй хүнд хөдөлдөггүй суурьтай бөхдөө гэж ам түргэнтэй нэгэн нь хэлжээ. Тэр үед хоёр арслан өрлөө. Бээжин барьц халангуут хоёр талаараа ээлжлэн хавирах, өсгийлдөх, тонгорох зэрэг арваад мэх угсруулснаа Дэмүүлийг хүчээ цээжиндээ өгөн цахдах агшинд гараараа самгардуулан хуурамч суйлснаа огцомхон больж хөлөөрөө гүйцээгээд суйлчихжээ.
Энэ үед улсын заан Дорлиг "Хай яа, мөн ч олон мэх өнгөрөөсөн дөө. Түр амсхийх нь гээд тайвширах агшинд гүйцээчихлээ. Уг нь Дэмүүл тулдаа тэссэн сэн, гэнэдүүлж орхилоо" гэсэн гэдэг.
17. Галя/Аваргын гэргий/: Манай Бээжин гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай, байнга анхаарал тавьдаг сан. Ямар сайндаа бидний амьдралыг бодоод сургуулиа хаяад ирэхэв. Тэрнээс биш Бээжин маань Орос улсад танкийн академид сурч байсан юм шүү дээ. Хүүхдүүд жижигхэн, байр сууцгүй гээд хүний амьдралд аль бэрхшээл тохиолдохыг тэр гэхэв. Тэгээд биднийгээ бодоод л тэр шүү дээ. Энэ хэдэн хүүхдээ гараасаа салгахгүй түвшин сайхан өсгөсөн дөө. Түүний хүчинд өнөөдөр би сэтгэл тайван сууж байна.
18. Б.Нямсүрэн /Бага охин/: Би аавыгаа үргэлж дагаж явдаг сан. Аав мииь надад үнэхээр хайртай. Ер нь ганц надад ч биш л дээ. Гэрийнхэндээ бүгдэд нь хайртай байсан. Хэрвээ би эрэгтэй байсан бол аавынхаа бүх л мэхийг сурах байсан даа гэж яагаад ч юм бодогддог. Гэхдээ миний аав сайн бөх, сайхан ч аав байсан гэж үргэлж бахархаж явдаг.
"Домогт бөхчүүдийн омогт барилдаан" номоос:
Эх сурвалж: "Бөх" сонин