2014-02-01Нэр: Жамъянхүүгийн НОМОНДАЛАЙ
Нас: 16
Төрсөн газар: Монгол Улс
Одоо: АНУ-ын Иллиноис мужид оршин суудаг
Хичээллэдэг спорт: Спортын гимнастик
Гаргасан амжилт:
Иллиноис мужийн Спортын гимнастикийн тэмцээний 3 удаагийн аварга
АНУ-ын 5 дугаар бүсийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медаль
“Pacific Coast Classic” АНУ- ын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
Нийтдээ 400 гаруй медаль төрөл бүрийн тэмцээн уралдаанаас хүртсэн байна.
Оролцох тэмцээн: Монгол Улсаа төлөөлж
Бүгд Найрамдах Узбекстан Улсын нийслэл Ташкент хотод 2014 оны 4 сард Өсвөрийн Тамирчдын Спортын Гимнастикийн Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээнд ямар амжилт үзүүлэхээс шалтгаалж БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2014 оны 8 дугаар сард Азийн Хүүхэд Залуучуудын 2 дугаар Олимпод оролцох эрхээ авах юм.
Гимнастик бол “Спортын цагаан толгой” гэгддэг. 1896 онд Афинд зохиогдсон анхны олимпийн наадмаас эхлэн хөтөлбөрт нь Спортын гимнастик багтсаар иржээ. Эхний 32 жилд зөвхөн эрчүүд өрсөлддөг байсан бол Амстердамд зохиогдсон 1928 оны зуны олимпоос хойш эмэгтэйчүүд Спортын гимнастикийн төрөлд хүч чадлаа сорих болсон байна. Монгол Улс анх 1964 оноос Олимпийн спортын гимнастикийн төрөлд тамирчнаа оролцуулж байсан ба олимпод оролцсон анхны тамирчдын хамгийн залуу нь спортын гимнастикчин Ядамсүрэнгийн Туяа байжээ. 1903 оноос бие даасан Спортын гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болж хамгийн сүүлд 2011 онд Япон Улсын Токио хотод зохиогдоод байна.
Спортын гимнастик харайлт, цагирагт дүүжин, чөлөөт хөдөлгөөн, модон морь, савлуур, дамжуурга гэсэн 6 төрөлтэй. Үүнээс модон морь, савлуур, дамжуурга, чөлөөт хөдөлгөөн нийлж байж амжилт нь тооцогддог спортын хүнд төрөл. Спортын гимнастикаар хичээллэж байгаа хүн чадвар, хувь хүний онцлог, уян хатан, үсрэмтгий, хамгийн чухал нь маш их тэвчээр хатуужил зэргээс шалтгаалж амжилтад хүрдэг.
Энэ сайхан удаан жилийн зузаан түүхтэй спортод амжилттай гялалзаж яваа Ж.Номондалай нь Монголд байхдаа 9 настайгаасаа спортын гимнастикаар хичээллэж эхэлжээ. Анхны дасгалжуулагч багш /“Сингапур 2010” өсвөрийн тамирчдын Олимпоос харайлтын төрлөөр Олимпийн аварга болсон Г.Эрдэнэболдын багш, 22 жилийн тэртээ Унгарт болсон Олон Улсын тэмцээнээс цагирагт дүүжингийн төрлөөр хүрэл медаль хүртэж байсан, улсын аварга болж байсан/ Цэрэнсодномын Алтантөгс нь “зуун мянгад нэг тохиолдох авьяастай хүүхэд” хэмээн дуу алдаж эцэг эхэд нь Америкт очсон ч цаашид бэлтгэл сургуулийн нь битгий таслаарай гэж зөвлөжээ. Багшийн мэдрэмж, туршлага алдсангүй. Үнэхээр л спортын гимнастикчин байхаар заяагдсан гэдэг нь Америкт ч батлагдсан.
Номондалайн ээж, аав хоёр хүүгийнхээ авьяасыг хөгжүүлэхээр зүтгэж Чикаго хотын төвд байх нэгэн спорт клубыг интернэтээр хайж олоод хүүгээ хөтөлсөөр очжээ. Мэдээж үнэ төлбөргүй юм гэж үгүй. Монголоос дөнгөж ирчихсэн байдаг. Ажил төрөл гэж үгүй. Гэтэл Украйн гаралтай дасгалжуулагч Аркадий Андрейшинко хүүг нь шалгаад нэг сар үнэгүй сургая гэжээ. Энэ бол үнэхээр баярламаар сэтгэл байлаа. Яг нэг сар хичээллэсний дараа дасгалжуулагч нь Номондалайг Иллиноис мужийн аваргын тэмцээнд өрсөлдүүлэхэд аргагүй л тасархай түрүүлж “Алтан медаль”-ийн болзол хангасан байна. Энэ тэмцээний дараа багш нь дахин хоёр сар үнэ төлбөргүй хичээллэх эрх олгожээ. Хоёр сар ч дуусаж АНУ-ыг 10 бүсэд хуваадаг бүсийн тэмцээнд орж дахин “Алтан медаль”-ийн эзэн болсон байна.
Дасгалжуулагч нь Номондалайн дүүг сонирхож спортын гимнастикчин болгохоор 5 настайгаас нь хичээллэж эхэлжээ. Дүү Ж.Тэгшмөрөн ч гэсэн спортын амжилт гаргасаар байгаа билээ. Энэ бол Америк. Үнэгүй юм гэж үгүй гэж дээр хэлсэн. Хоёр хүүхдийнхээ спортын сургалтын мөнгийг төлөхийн тулд эцэг эх хоёр нь 7 жил орой бүр хөвгүүдийнхээ хичээллэдэг спорт клубийг цэвэрлэж төлбөрийн нь төлж, өдөр бүр хүүхдүүдээ бэлтгэлд нь хүргэж, авдаг байна. Номиндалай түүний дүү долоо хоногийн 6 өдөр, өдөр бүр 3,5 цаг хичээллэдэг, сурагчдын зуны амралтаар ч тасралтгүй бэлтгэл сургууль хийдэг. Жилдээ 10-аад тэмцээнд ордог, тэмцээн бүрт багаар бодоход 200-аас дээш доллар төлдөг аж. Гэхдээ аав С.Жамьяанхүү, ээж Д.Болортуул нар нь энэ бүхэнд сөхрөөгүй ээ. Ээж, аавын хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлийн харгуй Олимпийн ирээдүйн аварга Монгол Тамирчны гараанд хөтөлж байгаа нь үнэхээр бахархууштай. Номондалай нэрэндээ тохирсон номтой хүү. Спортоор төдийгүй сурлагаараа тэргүүлдэг. Тэрээр дунд сургуулиа Академик медальтай төгссөн.
Монголын Спортын Гимнастикийн Холбооныхонтой холбоотой байж, оролцсон тэмцээн бүрийн нь бичлэг, материалыг илгээдэг аж. МСГХ-оос Бүгд Найрамдах Узбекстан Улсын нийслэл Ташкент хотод 2014 оны 4 сард Өсвөрийн Тамирчдын Спортын Гимнастикийн Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Монгол Улсаа төлөөлж хоёр тамирчин оролцуулах шийдвэр гаргажээ. Энэ хоёр бол Ж.Номондалай, н.Тулгаа хоёр юм.
Ж.Номондалай: Спортын гимнастикийнхаа 6 төрлөөс модон морь, савлуурт илүү дуртай. Өглөө 7 цагаас эхлээд хичээл, бэлтгэл сургууль үргэлжилдэг. Чөлөөт цаг гэж бараг гардаггүй. Шантрах үе байдаг аа. Гэхдээ энэ хүртэл явчихсан, бас ээж аавынхаа хичээл зүтгэлийг хараад шүдээ зуугаа л бэлтгэлээ хийх үе байдаг. Чөлөөт цаг гарвал найз нартайгаа тоглож, кино үзэж, хөдөлгөөнт тоглоомоор тоглох дуртай. 2008 оны зуны Олимпоос хүрэл медаль авсан АНУ-ын тамирчин Жастин Спрингийн арга барил, техник маш их таалагддаг. Миний ойрын зорилго бол Монголоо төлөөлж оролцох тэмцээнд амжилт үзүүлэх. 18 нас хүрээд Олимпийн тэмцээнд оролцох минь цаашдын том зорилго. Аав, ээж, найзууд нь хамтдаа “Тамирчны алдар” хандивын цэнгүүн зохион байгуулж надад туслах гэж байгаад их баяртай байгаа. Баярлалаа.
Хэмээн даруухан хүүрнэх сайхан монгол хүүгийн төлөө Америкийн Монголчууд аа.
Хосуудын гэгээн хайрын өдрийг монгол тамирчнаа дэмжих “Тамирчны алдар”-тай хамтатган гэрэлт хайрынхаа нэгэн үдшийг утга төгөлдөр угтан Үдшийн Цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Та бүхний гэгээн хайрын бэлэгдэл Монгол тамирчны спортын амжилтын медаль болон гялалзаг!
Монгол хүүгээ дэмжихээр “Тамирчны алдар” үдшийн цэнгүүнд Хөгжмийн зохиолч, дуучин Ш.Энхбат, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Б.Жамъянмядаг, Төгөлдөр хуурч Ганзориг, Хулан, DJ Бямбаа, “Соёмбо” хамтлагийн дуучин МУСТА С.Чинбаяр, дуучин Цогоо, “Улаан сарнай” хамтлаг, Чикаго хотын уран бүтээлч, яруу найрагчид уран бүтээлийнхээ шинэ соргог дээжээс өргөн барина.
Хэзээ: 2014 оны 2 сарын 14 ны 19 цагт.
Хаана: Lone Tree Manor (Restaurant Banquets) 7730 N Milwaukee Ave Niles, IL 60614
Харилцах утас:
(773) - 366- 9716
(773) - 701- 8605
(224) --735- 0511
(773) - 678- 6346
/Жич өөр хот мужид амьдарч байгаа монголчууд тамирчнаа дэмжих хүсэлтэй бол эдгээр утсаар холбогдоно уу/
Сэтгүүлч Д.Уранзул