2014-01-30Миний хувьд хамгийн сайхан баяр гэвэл цагаан сар. Хөдөө өссөн болохоор манай сумынхан шинэ жил, мартын найман,
хүүхдийн баяр зэргийг нэг их сүр дуулиантай тэмдэглээд байснаа тэр бүр санадаггүй. Харин цагаан сар бол өөр л дөө. Угаасаа миний хүн болсноор тэмдэглэж үзсэн хамгийн сайхан баяр одоог хүртэл цагаан сар хэвээрээ байдаг.
Тиймээс энэ цагаан сарын өмнө яагаад миний хувьд энэ баярыг онцолдог гэхээсээ илүү хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэгээ хуучлах гэсэн юм. Миний бие аав, ээжийгээ залуухан байхад нь төрсөн болоод ч тэр үү, ер нь айлын ууган хүүхэд эмээ өвөөгийн "өмч" болчих гээд байдаг тэр л жамаар би хоёр настайдаа анх хөгшин аав, ээжийнхээ гэрт очсон гэдэг юм.
Түүнээс хойш бид гурав хичнээн цагаан сарыг ч хамтдаа тэмдэглэв дээ, бүү мэд. Аз, амны хишигтэйдээ би одоо ч тэр хоёртойгоо шинэ сарыг заавал хамт өнгөрүүлдэг. Би өвөө эмээгийнхээ гэрийг хар багаасаа манайх, миний гэр гэж яриад хэвшчихсэн нэгэн л дээ. Надад цагаан сар дөхөхөөр гэрээ цэвэрлэж бэлтгэх, бууз хийхээс өөр ажил үнэндээ байдаггүй юм.
Нэг үгээр бол өөрийгөө гоёж гоодох гээд байх хэрэг байдаггүй гэсэн үг. Учрыг хэлье л дээ. Миний эмээ, өвөө одоо 70 нас хэвийсэн хоёр сайхан буурай бий. Тэр хоёр маань хамаатан садан дотроо битгий хэл сумын төвдөө нас сүүдрээрээ дээгүүрт орно. Тиймээс өвөөгийнд ирж золгодог хүний тоог шууд хэлэхэд хэцүү.
Юутай ч шинийн нэгний өглөө ургах нартай уралдан хамгийн түрүүнд ирж золгодог хүний тоо 100 хол давчихдаг юм. Дээр нь манай өвөө төрсөн есөн дүүтэй. Эхээс арвуулаа. Гэхдээ багадаа өвөө хамаатныхаа айлд өргөгдөн очсоноор тэндээ дөрвүүлээ өсчээ. Нэг үгээр бол миний өвөө аль аль талдаа өнөр өтгөн хүн. Харин эмээ эхээс гурвуулаа.
Мөн насаараа бага ангийн багшийн ажил эрхэлсэн болохоор эмээг багш гэхээсээ илүүтэй ээж шигээ, эмээ шигээ санах хүн манай сумаар дүүрэн бий. Ингэхээр өвөө, эмээд ирж золгох хүний тоо дэндүү олон. За, тэгээд өвөө өөрөө тийм өндөр настай гэхээр дүү нар нь мэдээж нэлээд ахмад настай хүмүүс байж таарна шүү дээ. Тэдний хүүхдүүд гэж хар мянга.
Зарим нь эхнээсээ ачийнхаа хүүхдийг үзэж байна гээд бодохоор ганц том ахдаа очиж золгоно гэсэн хүмүүсийн цуваа манайх руу хэрхэн үргэлжилдэг нь тодорхой байгаа биз. Цагаан сардаа бид бараг арваад хоногийн өмнөөс бэлтгэж эхэлдэг. Миний хувьд битүүний оройноос л нэг амсхийдэг юм.
Маш олон хүн ирж золгодог болохоор 5000 орчим бууз хийх, хашаа хороогоо цэвэрлэх, гэр орноо цэгцлэх, өвөөдөө ууц чанахад нь туслах, боов боорцог хайрах гэдэг нэг их амар ажил биш байдаг л даа. Өвөө, эмээ хоёр маань үнэрлэх таван үртэй хүмүүс билээ. Тэд бүгд сум орондоо байдаг болохоор битүүний оройноос эхлээд аавындаа бөөнөөрөө ирж цуглана.
Хамтдаа инээж хөөрнө. Миний багаасаа цуглуулсан, одоо бараг 1000 орчим болоод буй шагайгаар минь тоглоцгооно. Ингээд ах эгч нарыг хүүхдүүдтэйгээ хамт буцсаны дараа бид гурав маргааш өглөөний их золголтод өөрсдийгөө бэлтгэж, дээл хувцасаа зэхсээр битүүний оройг үднэ. Ингээд шинийн нэгний өглөө болоход өвөө бид хоёр эмээгийн чанасан шинэ цайнаас уучихаад шуудхан сумын гандангаа зорьдог юм.
Учир нь манай сумын ганданд нутгийнхны ганц шүтээн, сахиус болсон бурхан бий л дээ. Бүхнээс түрүүлж сумынхан түүндээ мөргөнө. Тэгээд ч өвөөгийн минь аав манай сумын гандангийн суурийг тавилцаж явсан, хийддээ суудаг айхтар номтой хүн байсан гэлцдэг юм. Тиймээс өвөөгийнхөө гараас зүүгдэж өссөн хүний хувьд сумынхаа сахиусанд ихээхэн хүндэтгэлтэй ханддаг.
Ингэж явах замдаа хоёулаа мөрөө гаргана. Эргээд гэртээ ирэхэд өглөөний найман цаг нэлээд дөхчихсөн байдаг юм. Тэгэхэд өвөөгийн зарим нэг дүү ирчихсэн ахтайгаа эртхэн золгочих санаатай хүлээгээд сууж байх нь ч бий. Өвөө бас ирэх ёстой дүү нараа хүлээгээд, золгохгүй их юм болно л доо. Хүмүүс нэмэгдээд л байдаг. Өвөө, "За одоо тэр ирчихвэл гээд" хүлээх нь бий.
Ингээд ойролцоогоор 20-оод өрх айл бүрдсэний дараа бидний золголт эхэлнэ. Эмээ, өвөө хоёр хоймрын том бурхныхаа хоёр талд суучихаад нэг л их сайд, дарга нар шиг, за алив хүүхдүүд наашаа яваад байгаарай гээд л.... Бид гурвын жижигхэн дүнзэн байшин тэр олон хүнд юу болох вэ дээ багталцахгүй учир ихэнх нь үүдний цаана гарч цуван жагсана.
Би тэр хүмүүсийн хамгийн ард очоод зогсчихно доо. За, ингээд хүмүүс золгоод л байна, золгоод л байна. Бараг 20-оод минутын дараа би арай чуу өвөө, эмээтэйгээ золгож хоёр хацраа ээлжлэн үнсүүлнэ. Тэр хоёр бараг надтай золгож байгаагаа мэдэж байгаа юм уу, үгүй юу бүү мэд. Тэр хоёр хэлдэг ерөөлийн хэдэн үгсээ хэлээд л байна. Надад ч адилхан хэлнэ.
Ингээд л миний манарсан их ажил жинхэнэ агуулгаараа эхэлнэ дээ. Юуны өмнө энэ олон нөхдийг дайлах ажил шууд ногдож байгаа юм. Эхний хэдэн зочиддоо цай хийгээд өгч байтал гурван халуун сав тэр дороо л хоосорчихно. Аяга ч хүрэлцэхгүй тийшээгээ хандаад ирнэ. Тэгээд л бушуухан цай чанах болоод явчихна даа. Мөн юун нөгөө шинэ дээл.
Гал зууханд эргэлдэхэд ихээхэн тээртэй тул бушуухан тайлж шидчихээд тогоо шанаганы ажилдаа орно. Энэ хооронд хүмүүс нэмэгдэж ирээд л байдаг. Энэ хооронд хурдан буцалдаг тогоо шанага бас ч гэж дараагийн хүмүүсийг хурдхан шиг цайнд хүргэнэ л дээ. Мөн ганцхан тогоо, шанага хүлээгээд байж болохгүй учир байшингийнхаа нэг буланд халуун тогоо залгачихна.
Түүн дээр цай байнга буцлаастай. Үүднийхээ пинг галлаад тэндээ буузаа жигнэнэ. Тэр буузыг гарангуут түрүүний цай чанасан тогоондоо эргээд бууз жигнэнэ. Мэдээж дан жигнүүр биш. Гурван давхар жигнүүр дээр л үзээд байна шүү дээ. За, ингээд эхний 100-гаад хүн цай ууж, идээ шүүсний махнаас амсч, бууз идээд гарах болно. Яг ингээд гарахад бас нэг асуудал үүснэ.
Эмээ гэж хоймор малилзтал инээгээд л сууж байсан хүн чинь гэнэтхэн хүүө тэднийхэн явлаа, бэлгийг нь яалаа гээд л явчихна. Ингээд нөгөө тогоо шанагаа түр орхиод эмээгийн бэлгийг бэлтгэлцэх ажилд оролцоно. Хоол, цайны хажуугаар хэнд ямар бэлэг өгөхийг нь аваачиж гардуулна.
Бэлэг сэлтний ажил овоо цэгцэрч зарим айлыг үдэж өгөх ажилдаа томилогдоод, за баяртай гэхийн даваан дээр," Жижгээ надад /эмээгийн авгайлсан нэр/ бэлэг өгсөнгүй" хэмээн уйлагнах жаалуудын дуу мэр сэр хадаад явчихна. Хүүе, хаая болоод л нөгөө айлын жаалыг тэврээд эргээд гэр рүүгээ харайлгана даа. Ингээд нэг хэсэг түр амсхийнэ.
Бүр хүнгүй болохгүй л дээ. Хамгийн багадаа таван айл манайд тогтмол ирж, буцна. Өдрийн 12.00 цаг гэхэд миний бие хэд цай чанаж, хичнээн жигнүүр бууз жигнэснийг үнэндээ тоолохын аргагүй болдог. Бас хичнээн хүний аяга угааж цэвэрлэснийг ч бүү мэд. Ингэж байтал нэг айхтар том асуудал үүснэ. Тэр нь өвөө.
Үд хэвийх үед өвөөгийн нүд нэг л сонин болоод, дуу яриа нь гарахаа байчихсан байвал миний өвөө согтжээ гэсэн үг. Уг нь миний өвөө насаараа архинаас хол явсан хүн. Таван хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж ёстой л хайнагийн шар шиг зүтгэсэн гэдэг юм. Тиймдээ ч тэр үү 60 хүртлээ аавыгаа согтуу байхыг хараагүй хэмээн хүүхдүүд нь ярьдаг л даа.
Миний хувьд ч ялгаагүй. Өвөөгөө сүүлийн хэдэн жил л архинд нэлээд халамцахыг харж байгаа юм. Ингээд өвөөг унтуулах нэг том ажил надад ирнэ. Дуу нар нь яах вэ, ах сууж л байг гэнэ. Гэтэл үнэндээ суулгаад ямар ч нэмэр байхгүй л дээ. Ухаан санаа нь аль хэдий нь тасарчихсан хунийг ямар үзүүлэн биш суулгаад яахав унтуулах л хэрэгтэй.
Тэгж байж дараа дараагийн хэдэн хүнтэйгээ золгог гэж боддог юм. Манай өвөө чинь нэрнийхээ өмнө "өндөр" хэмээх тодотголтой нөхөр. Ер нь нуруу туруу сайтай. Тэгээд дээр нь сум орныхон маань ихэд хүндэлнэ. Их уран хүн л дээ. Өвөөгийн гар оролцоогүй зүйл манай суманд бараг байхгүй. Ингээд өвөөг унтуулахаар өргөж, зөөн орон дээр нь гаргах гэдэг тун хүнд.
Ганц нэг хүнээр алив цаанаас нь, наанаас нь гэсээр байгаад нэг юм орыг нь бараадуулна. Мөн өвөөг унтсанаас хойш юунд хүмүүс ирэхгүй байх вэ. Ирдгээрээ л ирнэ. Зарим нь бүр хаалгаар орж ирүүтээ, "Түй, ахыг "унахаас" өмнө гаръя гэж хэлсээр байтал, энэ нэг урагшгүй юм дороо эргэсээр байгаад" хэмээн эхнэртээ үглэх ах нар ч орж ирнэ.
Ингээд өвөө унтаж дүү нар нь бурхан эмээ хоёрт ээлжлэн золгоно. Өвөө унтсан хойгуур ирсэн дүү нар их урамгүй. Нэг тэгсхийж байгаад л явна. Зарим нэг хоржоонтой ах нар унтаж байгаа өвөөгийн минь толгой дээр хадаг тавьж намайг уурлуулна. Би та нар ямар үхсэн хүний толгой дээр хадаг тавьж байгаа биш гээд л авч өгнө.
Зарим нь өөрсдөө үнсүүлэх ёстой байтал унтаж байгаа өвөөг минь үнсээд гарна. Өвөө нэг цаг орчмын дараа өөрөө зөнгөөрөө сэргээд ирнэ. Дүү нараа ирэхийг л мэдээд байгаа хэрэг юм шиг билээ. Тиймээс зарим дүү нар нь ахыгаа сэрэхийг хүлээнэ. Зарим нь ч бас үр хүүхэд ирж золгох гээд хэмээн яараад буцна. Ингэхэд өвөө сэрснийхээ дараа дүү нараас нь хэн хэн ирснийг бүртгэнэ.
Дүү нарын хүүхдүүдээ ч ялгаагүй. Би ч тэр, энэ ирээд явсан гэдгийг нь хэлнэ дээ. Заримдаа яг "тасрахынхаа" өмнө ирээд явсан дүү нараа санахгүй дахин дахин ирсэн үгүйг нь асууна. Шинийн нэгний өдөр иймэрхүү дүр зураг ээлжилсээр өвөө гурвантаа "тасарч", сэргэхийн үед орой болсон байдаг. Хүмүүсийн хөл ч татарчихна.
Гэтэл өдөржин хүмүүст цай хоол өгч гүйсэн мөртөө би гэдэг амьтан өөрөө өлсөж ядран унах шахсан амьтан болсон байдаг. Эмээ ч ялгаагүй. Хүмүүстэй зэрэгцээд идэж уугаад байхгүй, завгүй золгож, хүмүүст ерөөл хэлж, бэлэг тараах эмээ минь ч нэлээд ядарчихсан байдаг. Ингээд хоёулаа өөрсдөө цай хоол идчихээд амарна даа.
Хамгийн гайхалтай нь гадаа чингэлэгт хийсэн буузны ихэнх тал нь хонхойчихсон байна. Эмээ түүнийг хараад, "Өө өнөөдөр ихэнх айл ирчихэж" гээд шуудхан дүгнэнэ. Амар ч юм шиг, хэцүү ч юм шиг Миний өвөө эмээгийндээ өнгөрүүлдэг цагаан сар нэг иймэрхүү байдаг.
Хоорондоо огт ялгаагүй, яг ижилхэн мэт санагдавч миний хувьд юутай ч зүйрлэмгүй хамгийн том аз жаргал, эрч хүчийг надад хайрладаг. Хүнд уншихад хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг миний энэ бичлэгийн гол дүр болсон эмээ, өвөөгийн минь буян заяаг уншигч та бүхэн минь аваарай. Та нар минь сайхан шинэлээрэй.
Дэд ахлагч Г.Нямгэрэл
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин