2014-01-22 Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, нэрт найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа өдгөө АНУ-д амьдарч байгаа
билээ. Тэрээр Монголдоо ирж өөрийн шавь нарынхаа хамт нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд түүнтэй Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Хишиг-Ундрал ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
Хүмүүс өш хонзон гэдгийг хэзээ нэгэн цагт өшөө хорслоо тайлах, сэлэм далайх гэсэн логик сэтгэлгээгээр ойлгоод байх юм. Таны хувьд бүдрээд шоронд нь хүртэл хайртай болж явахад дээрээс тань гишгэх гээд байсан хүн байсан болов уу?
Би энэ тухай нэг их боддоггүй. Яагаад гэхээр хүн аливаа нэг өш хонзонг агуулна гэдэг бол их мулгуу бөгөөд тэнэг хэрэг. Амьдрах орон зай маань хэдий хэмжээтэй билээ. Муу юм хийсэн, хэлсэн хүн болгоныг дотроо санаад явах юм бол шуудхан хэлэхэд өтлөлт маш хурдан явагдана. Амьдрах орон зай бага юм шиг санагдана. Тийм учраас өш хонзон гэдэг үг надад таалагддаггүй. Үгийн санд байж болохгүй. Агуу хүмүүс юмыг өршөөхийн тулд төрсөн байх ёстой. Өш хонзон санах юм уу, ямар нэгэн муу үг хэлж байсан зүйлүүдээ өршөөлөөр цайруулах ёстой гэж би боддог.
Заавал өш хонзонгоор биш цагаахнаар ургуулаад бодоход миний уран бүтээл хаагдаж байсан үеүүд, миний хийж байсан кинонуудын пелонк зүв зүгээр явж байсан атлаа яагаад ч юм хайчлагддаг, лаборатори дотроо алга болдог, хар болдог байсан гээд энэ бүхнийг ургуулаад бодоод байх юм бол өш хонзон гэдэг үг их муухай болоод эхэлнэ. Тэгэхээр үүнийг цайруулахын тулд санаандгүй юм болоо биз, миний үйлийн лай биз гэх мэтээр цайруулахаас өөр арга байхгүй. Ерөнхийдөө хааяа гомдох, гомдсондоо болоод нулимс унагах тохиолдол уран бүтээл хийж байх үед бишгүй байсан. Гэхдээ энэ нь хүнийг улам их хурцалж, урагш явахад түлхэж өгдөг болохоос биш татаж унадаг юм ерөөсөө биш. Атаа жөтөө, өшөө хорсол бага зэрэг байхад буруудахгүй. Гэхдээ үүний эсрэг муу юм хийж болохгүй. Тэнэг хүнтэй маргаваас гар цусдана, ухаантай хүнтэй маргаваас нэгийг сонсоно гэж гоё үг байдаг шүү дээ. Заримдаа өөрөө өөртэйгээ маргаж, таны хэлсэн үгийг цайруулах болж өгвөл өөрөөсөө зайлуулах тийм л аргыг хайна даа.
Биеэ тоох гэдэг алтан зарчим уран бүтээлч хүнд байгаасай гэж боддог. Өөрөө өөрийгөө тоохгүй бол өөр хэн тоох билээ дээ гэсэн бардам бодол байдаг. Социализмын үеийн хүнд хэцүү, үзэл бодлоо тулгадаг байсан тэр үед хүмүүс тань руу давшилж эсвэл таньд бялдуучилахад өөрөө өөрийгөө шүтмээр санагдаж байсан уу?
Шүтэх гэдэг үг ч хаашаа юм. Намайг 1974 онд ОХУ-д сургууль төгсөөд ирэхэд “Энэ хүн Улаанбаатар хотод ажиллаж болохгүй. Яагаад гэхээр энэ хүний үзэл бодол театрт таарахгүй, ийм хүнийг Улаанбаатар хотын урлагт ажиллуулж болохгүй. Дархан явуул гэсэн”. Өмнө нь би Монголд ирээд Хүүхэд залуучуудын театрт жүжиг хийсэн ч тэр маань хаагдаж байсан юм. Тэгээд би Дарханд 11 жил болсон. 11 жил болох хугацаанд “Тэр байтугай энэ хүнийг Дарханаас явуулж Өмнөговь аймаг руу цөлөх хэрэгтэй” гэж байсан. Уг нь аливаа бүтээл хүмүүсийг огшоож байх ёстой. Хүмүүсийг сэрээж байх ёстой. Тэгэхээр өөрийгөө хэт шүтэх юм бол бас болохгүй байх аа.
Өөрийгөө тоох гэсэн логик руу хандуулаад байгаа юм л даа?
Соёлын яамны сайд асан С.Лувсанвандан гуай намайг дуудсан юм. Тэгээд би Дарханаас хүрээд ирлээ. Өрөөнд нь Оюун багш байж байна. С.Лувсанвандан гуай намайг суу гээд “Чи ер нь яагаад байгаа хүүхэд вэ. Чамаас болоод өдөр бүр төв хороон дээр дуудагдаад бид ажлаа хийж чадахгүй байна. Чи ямар юм хийгээд байдаг хүн юм” гэхэд Оюун багш над руу хараад инээгээд байсан. Би “би нэгдүгээрт Орос тэр дундаа Москвад сургууль төгссөн. Надад барууны урсгал гаргах бодол байхгүй. Би тэр зүг рүү чинь хараа ч үгүй. Мэдээ ч үгүй. Яагаад та нар ийм юм яриад байгаа юм” гэж хэлээд би шууд босоод явсан. Тэгэхэд С.Лувсанвандан гуай миний араас оросоор үг хэлсэн. Би орос хэлийг 5-6 жил сурсан хэрнээ тэр үгийг мэддэггүй. Гарангуутаа юу гэж хэлэв гэж бодсон. Тэгээд очоод үзэхэд догшин, ширүүн, омголон гэсэн утгатай үг байсан. Нэг их ашиглагдаж байгаагүй үг учраас миний үгийн санд байгаагүй байж.
Таны омголон зан тухайн үедээ өөрийгөө чимж байна гэдгээ мэдэрсэн үү?
Энэ тоохдоо биш л дээ. Яагаад гэхээр хөгжмийн зохиолчийн хэллэгээр бол чиний дотор эгшиглэж байгаа энэ аялгууг зүгээр л хүн зогсоо гэхэд би зогсоомооргүй байна гэдэг л акорд үг шүү дээ. Тэгэхээр үзэл бодол гэдэг бол цаанаас эмзэглэж гарч байдаг. Ер нь хүмүүс намайг нулимсгүй, их зантай, омголон гэдэг талаас хардаг. Хэрэв миний дотор руу өнгийвөл нулимс надад хамгийн ойрхон, хамгаас амархан самсай шархирдаг, болж өгвөл ийш тийш харж самсай шархируулахгүй юмсан гэж хар шил хүртэл зүүх явдал гарна. /инээв/
Омголон гэдэг бол гадна талын үзэмж. Харин сэтгэл доторхи омголон бол ямар ч хүнд байна. Тэр дундаа уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой. Яагаад гэхээр өөрийнхөө үзэл бодол, хийх гэж байгаа юмандаа, хэлэх гэж байгаа үгэндээ итгэлтэй, үүнийг би хэлэхгүй бол надаас өөр хэн хэлэхэв. Үүнийг хүмүүс өөр өөрийнхөөрөө л ойлгоно биз.
Д.Маам гуай “Газар шороо” романаа биччихээд гэрийнхээ цонхыг бөглүүлж, шалаа хүртэл улаан, хараар будуулж хүнд дарамтыг туулан байж таньд авчирч өгсөн. “Газар шороо” гэгч бодь гал шинжийг өнөө эргээд бодоход ямар байна вэ. Эх орныхоо газар шорооны ширхэг бүрийг санаж байгаа биздээ?
Д.Маам гуай зохиолоо надад авчирч өгөхдөө “Гаваа үүнийг чамаас өөр хүн хийхгүй. Яагаад гэхээр газар шорооны төлөө дугарсан хүмүүс сайн явдаггүй юм. Чи үүнийг хийлээ гээд төр засаг чамайг үнэлэхгүй. Хойд, урд хөршүүд чинь сайн үг хэлэхгүй. Чи л үүнийг зоригтойгоор хийж чадна” гэж зохиолоо надад авчирч өгсөн. Эхлээд авахдаа би “за” гэж аваад хийлгүй жил гаруй хугацаа болсон. Яагаад гэхээр надад оюун санааны бүрэн төвлөрөл бий болж өгөхгүй байсан. Тэгээд санаандгүйгээр “Цахилж яваа гөрөөс” киногоороо Олон Улсын кино наадамд очоод байж байтал хэвлэлийн бага дээр Японы нэгэн сэтгүүлч надаас асуусан юм. “Та Хятадын аюул заналаас айдаг уу?” гэсэн би “юунаас ч би айдаггүй. Би тэр талаар бодож байгаагүй юм байна” гэж хэлсэн. Гэтэл тэр сэтгүүлч “Бид бол дандаа айж байдаг. Хэзээ нэгэн цагт энэ том гүрэн задраад завиа хэмхлээд манайд ороод ирэх вий гэж. Хэмхэрхий завьтай манай Японд орж ирээд уусдаг ч хүмүүс бий. Бид далай алгасаж байгаа хэрнээ айдаг. Гэтэл хил залгаа байдаг та нар яагаад айдаггүй юм бэ” гэсэн. Би тэр наадамд явж ирснээс хойш “хаа хол байгаа хүмүүс өнөөдөр тэрбум гаруй хүний амьдрал хэзээ нэгэн цагт задраад ороод ирвэл яана гэж айж байхад хажууд нь байгаа би энэ тухай бодсонгүй явж” гэж бодсон. Ингээд ирсэн даруйдаа Д.Маам гуайн зохиолыг хийх ёстой юм байна гэж бодсон. Тэр үед бид үзэгчидээ их алдаж байсан. Тухайн үед Гамлет жүжгийг таван цаг тоглоход миний зургаан настай охин Дарханы театрт яг томчуудтай адилхан суугаад үзэх чадвартай болсон байсан үе.
Зах зээл эхэлснээс хойш сууж үздэг үзэгчид, үгийг тунгаадаг үзэгчид багасаад, уншдаг нь ч мөн багассан байсан. Ерөөсөө зах зээл гэдэг бол золбин, тэнэмэл, дураараа байдаг амьдрал руу орсон. Бүх систем, театрууд хүртэл ганхаж эхэлсэн шүү дээ. Тэр үед би “Газар шороо”-г яг Д.Маам гуайн үгээр их тогтоцтой, зугуухан хийх ёстой юм байна. Америк стандарт шиг шуурч хийж болохгүй гэж бодсон. Тогтож үздэг кино хийе гэж бодоод плануудыг их тайван тавьсан. Аль болох хэрчихгүй юмсан гэж, жүжигчид камер дээр аль болох тогтуун тоглоосой билээ гэж, клипний аргаар биш хийхийг зорьсон. Тэр үед театрууд бүгд алдагдаж эхэлж байсан. Кинонууд бүгд алдагдаж эхэлсэн. Сууж үздэг, суурин хардаг юм байхгүй болсон. Тийм учраас би зориудаар монголын киноны үндсэн системээр, Европ зүгийн сонгодог системээр тогтуун хийхийг оролдсон.
Газар шороо кинон дээр намайг их шүүмжилдэг ганц хоёр хэсэг бий л дээ. Тэр юу вэ гэхээр “Нямгаваа дахиад бөгс бөөрний асуудал орууллаа. Сүүдэр шийний асуудал оруулаад, хүнтэй унтаж байгаа хэсгийг хүүхэлдэйний сүүдэр шийгээр хийлээ. Энэ ямар хэрэг байсан юм” гэж шүүмжилдэг. Түүнийг би бодоогүй биш бодсон. Би Д.Маам гуайн нэг ч текстэнд, нэг ч цэг, таслалд гар хүрээгүй. Бүх текстийг бүтнээр нь явуулж байсан. Би Д.Маам гуайн үгэн дээр за, зэ, аа, бэ, ба ямарваа нэгэн юманд хүрэхээс би айсан. Би цэг, таслалыг хүртэл маш нарийн тооцож, зохиогчид их хүндэтгэлтэй хандсан. Яагаад гэхээр хүн газар шорооны төлөө өгүүлбэр бичээд цэг тавина гэдэг, цэг тавьсны дараа дахиад түүнийгээ гурван цэг болгож тавина гэдэг бол энэ хүний мах, цусаараа зовж шаналсан үг, өгүүлбэр байдаг учраас би түүн дээр дураараа тоглож болохгүй гэдгийг ойлгодог.
Энэ кинон дээрх шалдир булдир гэж хэлээд байгаа тэр хэсгийг яасан гэхээр би Д.Маам гуайгаас асуусан юм. “Та яагаад Бээжин Даш гэдэг хүнийг Дарь Гангын бүх хүүхнүүдтэй явалдсанаар бичсэн юм бэ. Энэ юугаараа онцлог юм. Бээжин Даш гэгч ямар нэгэн эрхтний гажигтай хүн үү, юутай болоод энэ хүн миний монголын охидуудыг тэгж бусармагаар доромжлохоор та бичсэн юм бэ. Энэ хүн юу юм бэ. Харахад зүгээр л нэг Бээжин Даш гэх хятад хүн байна. Яагаад ингэсэн бэ” гэхэд Д.Маам гуай “яахав дээ зохиолд ингэж орсон” гэж хэлсэн. Тэгэхээр уншигдах зохиолд бол ингэж орж болно. Зарим тохиолдолд уншихад зориулагдсан кино хийж болдоггүй зохиол гэж байна. Д.Маам гуайн зохиол бол ерөнхийдөө уншихад зориулагдсан, кино хийхэд хэцүү байсан. Тэгээд би Д.Маам гуайд хэлсэн. “Тэгвэл би Бээжин Даш-д нэг юм хиймээр байна. Түүнд хүүхнүүдийг авчирдаг нэг арга байсан байна. Тэр бол хятадууд гэртээ сүүдэр ший хийдэг. Энэ нь манайхны яриад байгаа эротик, порно кинонууд шиг тийм юм хийсэн. Тэгж байж тэр охид хүүхнүүдийг хажуудаа байлгаад түүгээрээ далимдуулан дөрөөлж олон охидуудыг бузарласан” би ингэж хиймээр байна гэсэн. Д.Маам гуай “Их зөв. Чи наадахаа тэгж хийх хэрэгтэй” гэсэн. Бид одоо ч гэсэн ийм бусармаг юманд их автдаг шүү дээ.
Үргэлжлүүлээд би таньд асуулт тавих зай өгөхгүйгээр ярих гээд байна. Яагаад гэхээр “Газар шороо”-той асуудлыг би ингээд дуусгамаар байна. 1998 онд “Газар шороо” киног Японы кино судлаачид авсан юм. Бид үүнийг Японд гаргамаар байна гэж хэлээд авсан ч авангуутаа тэд юу гэсэн бэ гэхээр “Бид гаргаж болохгүй нээ” гэсэн. Яагаад гэхээр Америкийн хийсэн Далай ламын тухай киног Япончууд аваад гаргасан юм байна. Гэтэл түүнээс болоод Японд эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан юм байна. Япончууд хэлэхдээ “Хэрэв бид таны хийсэн Газар шороо киног авах юм бол бид ийм байдалд орох нь. 20 дугаар зууны шилдэг кино гэгдээд байгаа таны “Догшин Хутагт”-аас чинь “Газар шороо” 100 хувь илүү кино байна. Гэхдээ бид авч чадахгүй. Та бол монголын ард түмний өмнө том гавъяа байгууллаа” гэж хэлсэн. Яахав Нямгаваа 40 жил, 50 жил, 100 жилийн дараа алга болоход миний ард түмэн хожим дурсахад Нямгаваа худлаа хэлж байгаагүй тухай, Д.Маам гуайн эх оронч сэтгэлийг дэмжиж байсан тухайг гэрчлэх гэрч, нотолгоо нь “Газар шороо” кино байх болтугай гэж дотроо залбирч явдаг даа.
Сайхан сэтгэлийн төлөө харгис байх хэрэгтэй гэдэг. Таны харгис зан чанарууд урлагийн тайзнаа ажиглагдаж байсан. Эхнэрийнхээ аавыг насан өөд болоход Москвагийн театрт эхнэрээ уйлуулан байж тоглуулж байсан. Нөгөөтэйгүүр ээж тань таньд асар том сэтгэлийн захиас захисан. Нутгийнхаа тухай, зон олныхоо тухай дугараарай гэж. Гэтэл та түүнийг нь одоо болтол хийж амжаагүй байна шүү дээ?
Та юм мартдаггүй хүн юм. Их өнө эртний зүйл. Одоо гэхдээ үүнийг ярихаас өөр арга байхгүй. Би их харгис хүн нуух юм байхгүй. Би одоогийн УИХ-ын гишүүдийн хурлынхаа танхимд орохгүй байгаа, дуудуулж байгаа, ирэхгүй байгаа зүйлүүдийг телевизээр хараад “Өө хө миний жүжигчид тэгвэл тоглолтондоо, сургуулалтандаа ирэхгүй байж болох л байсан юм байна” гэж бодож байгаа. Яагаад гэхээр цагтаа эхэлдэггүй театр битгий байгаасай гэж би маш олон жил хариуцлагатай театр, хариуцлагатай жүжигчидтэй байхыг мөрөөдөж ирсэн. Гэтэл одоо УИХ-ын гишүүдийг хараад “эд нар ийм байгаа юм чинь миний муу сайн хэдэн жүжигчид ирэхгүй байж болох л байсан юм байна доо. Загнуулан загнуулан ирж байх ямар хэрэгтэй юм” гэж боддог. За энэ яахав өнгөрсөн асуудал.
Би харгис гэдэг нь юу вэ гэхээр миний гэр бүлийн хүний аав нь бурхан болоход “Гэр бүлээс нь аав чинь бурхан боллоо. Одоо чи Москвагаас наашаа гарч оршуулганд ир” гэсэн. Тэр үед би юу гэсэн бэ гэхээр “Чи очихгүй. Яагаад гэхээр чи энэ Орос гүрэнд тоглох гэж ирсэн. Чиний аав чамайг миний амьдралыг үргэлжлүүлж яв гэж тэнд бодож байгаа. Гэтэл чи шарил дээр очиж ёс гүйцэтгэх гэж явах гэж байна. Чи тэр хүний бодлыг энд үргэлжлүүлэх ёстой. Чи явахгүй. Явуулахгүй би чамайг. Чи өнөө орой тоглоно. Тоглохдоо чи юу ч болоогүй юм шиг тоглох ёстой. Миний ээж бурхан болж байхад би орой нь ажлаа хийж л байсан. Маргааш нь би оршуулчихаад сургуулалтаа хийж л байсан. Дараа нь би ханийхаа эхийг нас барж байхад жүжгийн хороонд тоглуулж л байсан. Яагаад гэхээр энэ үзэгчдийн өмнө гараад “Аав минь, ээж минь үхэж байна. Би тоглож чадахгүй” гэж яаж хэлж чадах юм. Юу ч болоогүй юм шиг тоглох ёстой. Өөрийнхөө зовлонг хэнд ч нялзайж болохгүй. Би өвддөг жүжигчинд дургүй. Өөрөө өвдөх бүр дургүй. “Ямар арчаагүй юм бэ” гэж би өөртөө уурладаг. Тийм учраас өвдсөн жүжигчин байх, миний өмнө шуугтнах, ханиад хүрлээ гээд ирэхгүй байх энэтэрт би үнэхээр харгис. Тэгвэл бүр мөсөн яв, гар, зайл. Яагаад гэхээр үзэгчид тийм зүйлийг үзэхийг хүсэхгүй. Энэ мэтээс эхлээд надад муу чанар их бий.
Ээжийнхээ захиасын тухайд хэн ч энэ хорвоогоос явна. Надад он жилүүдийн урсгал бол ирсэн нь үнэн, буцах нь үнэн. Гагцхүү 31 гэж өдөр байгаад маргааш нь 1-ний өдөр болдог тухай би огт тоодоггүй. Ирсэн минь үнэн шүү буцах минь үнэн. Гэхдээ энэ хоорон дахь тоон циклүүд надад ерөөсөө хамаагүй. Надад өдөр болгон шинэ жил, өдөр болгон баяр. Ийм л байхыг хүсдэг. Би ээжийнхээ захиасыг сайн биелүүлж чадахгүй байна оо. Эдийн засаг байна, бодол санаа маш их хол яваад байна. Зарим зүйлүүдийг үр ачдаа, найз нөхөддөө хэлж, ярьж үлдээх хэрэгтэй л болдог байх.
Таны зүрх сэтгэлийн хаалганы түлхүүрийг олсон хүн байгаа юу?
Олохгүй.
Яагаад?
Яагаад гэхээр хүн өдөртөө мянган юм бодоход нэг бодож байсан юм аа буруу гэж нэг бодно, зөв гэж бас нэг бодно. Тухайлбал сая бидний хийсэн “Хязгааргүй” гэж киноны зохиолыг анх хүлээж авахад миний хүүхдүүд багшаа авъя, хийе гэсэн. Нээрээ уншихад болмоор ч юм шиг санагдсан. АНУ руу над руу утасдаад “багшаа бид нар таныг хүлээж байна” гэсэн. За яахав би хүрээд ирлээ. Хүүхдүүдийн хүсэл байгаа хойно болох байх гэж бодсон. Дараагаар нь ажиглаад яг үүгээр кино хийнэ гэсэн чинь тэр зохиол гурав өөрчлөгдсөн. Тэгэхээр би яаж өөрийгөө олох юм, эд нар бас яаж намайг ойлгох юм. Бид нар очлоо, Дарханд зураг авахаар боллоо. Их зохиолоос гадна хамгийн сүүлийн дөрөв дахь вариантийг босгоод очоод зураг авах гэтэл эхэлж болдоггүй. Эхэлж болдоггүй.
Яагаад. Юун дээр гацаад байсан юм бэ?
Би өөрөө шоконд байсан юм. Яагаад шоконд байсан бэ гэхээр энэ кино яаж эхэлж, яаж дуусахыг сүүлдээ би мэдэхээ байсан. Би жаахан хошин маягаар “За миний хүүхдүүд эхлээд Америк киноны стиль оруулаад мотоцикльтой явъя. Эхний зураг. Дараагаар нь навчин бороотой зураг авъя. Энэ хооронд миний толгойд “энэ киноны ерөнхий драм руу яаж орох вэ” гэж бодсон. Орж болохгүй байна. Нуух юм байхгүй би хоёр хоног шавь нартаа загнуулан загнуулан виски ч балгаж явлаа, жоохон халамцаж ч үзлээ. Энэ кино бол тэр зохиолчоос үг байхгүй, зөвхөн сэдэвний тавны нэг нь байна. Тэгэхээр найруулагч гэдэг бол өөрийгөө байтугай хүний юмыг хүртэл хяддаг хамгийн харгис юм. Энэ зохиолч бол надад гомдоно.
Нэгэнт хөдөлсөн галт тэрэгний тасалбарыг худалдаж авдаггүй. Шавь нартайгаа нийлээд уран бүтээл хийлээ. Шавь нар чинь хэр өссөн байна вэ?
Нуулгүй хэлэхэд намайг СУИС-д юмуу ямар нэгэн газарт багшлахыг хүмүүс их хорьж байсан. Бүх нийтээрээ эсэргүүцдэг байсан. Хэрвээ Нямгаваа СУИС-д багшлах юм бол сургалтын систем тэр чигээрээ өөрчлөгдөнө гээд тухайн үеийн багш нар долоо хоног хичээлээ хаяж байсан үе бий. 1990-ээд оны эхээр. Яахав энэ надад онцтой санагдаагүй. Ер нь би өөрөө сурган хүмүүжүүлэх хүн биш юм билээ. Хүмүүстэй ажиллах, хүнд үг хэлэх чадвар надад их дорой. Учирлаж хэлэх, ойлгуулж хэлэхдээ би тааруухан.
Сургуульд би энэ хэдэн хүүхдүүдийг аваад төгсөхөд нь нэг үг хэлсэн. “Та нар энэ өдрөөс хойш намайг багшаа гэж хэлэхгүй. 2002 он шиг санаж байна. Яагаад гэхээр та нар Нямгаваагийн шавь гэх юм бол та нарыг ямар ч театр авахгүй. Ямар ч албан газар та нарыг авахгүй. Тэгэхээр намайг та нар март. Bye. Явцгаа” гэсэн юм. Цуван цуван ирсэн эд нарт би “Надаас л хол бай. Надад ойртох юм бол та нар сайн нэр хэзээ ч дуулахгүй” гэсэн. Ноднингоос эхлээд уулзсан. Энэ жил бүр сайн уулзсан. Би бас их оройтлоо. Өдийд хүн уран бүтээлийн том цөм рүү цөм цохиод орсон байх хугацаа болсон. Би их оройтож тавьж өглөө. Миний үг жаахан суурь муутай үг байж үү дээ гэж бодож байна. Гэхдээ л би эд нарт одоо оройтоогүй байна. Аливаа юм оройтоогүй. Ер нь уран бүтээлч хүмүүс хэт их алдаршиж ханах бас сайхан юм биш. Одоо та нарт алдаршихаас гадна хийх юм их байна. Түүнийгээ л хийгээсэй гэж “Хязгааргүй” гэдэг нэрийг өгч байгаа. Хязгааргүй сэтгэлтэй байгаа энэ хүүхдүүдээ л хүсч байгаа юм. Одоогоор өөр юм хүсэхгүй.
Яагаад “Хязгааргүй” гэж нэрлэсэн юм бэ?
Хязгааргүй гэдэг үгийн хувьд бид зүгээр нэг хүнд хайртай гэж хэлэх биш, би чамд, ханьдаа хязгааргүй их хайртай гэж хэлэх. Ер нь аливаа зүйлд зүгээр нэг наад талын үгээр биш байгаасай гэж бодоод зохиолыг задалж байхдаа бид энэ үгэн дээр яриад “Хязгааргүй” гэдэг үгээр энэ киног нэрлэх ёстой юм гэж үзсэн. Хүний бодол санаа өөрөө хязгааргүй. Ханах боломж алга.
Та өөр нийгэмд аж төрж байгаад ирлээ. Тэгэхээр догшин нүүдэлтэй өнөөгийн нийгмийг сэтгэлийнхээ толиндоо хэрхэн харж байна вэ. Хуучны Нямгаваатай яаж зөрчилдөж байна вэ. Би бодохдоо зөрчилдөхгүй байгаа, өнөөх л хэвээрээ байгаа гэж бодоод байна?
Би бол юутай ч зөрчилддөггүй. Ардчилал эхэлж байхад хүмүүс намайг энэ хүн сайхан болох байх. Яагаад гэхээр энэ хүн социалист нийгмийн үед их зовж байсан гэж. Би нэг их сайхан болоогүй. Ардчилал эхлэхэд би байдгаараа л, байсан юм шиг л байсан. Яваад орсон. Надад бол өөрчлөгдсөн юм байхгүй байна. Америкт очсон ч л өөрчлөгдөж байгаа юм алга. Миний бодол санаа хэвээрээ байна.
Уран бүтээлч хүний “ганцаардал” гэдэг зүгээр нэг ганцаардал гэдэг үгнээс тусдаа, том ертөнц гэж боддог. Ганцаардаж байж тухайн уран бүтээлээ туурвидаг юм болов уу?
Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний том охин надад нэг удаа захиа бичсэн юм. “Ааваа би ганцаардаж байна” гэж. Тэгэхээр нь би “өөрөө өөртэйгээ байхдаа ганцаардана гэдэг чинь юу гэсэн үг юм. Өөрөөсөө асуу, өөртэйгээ ярь. Хамгийн гол нь чи өөрөө өөртэйгээ байгаа чинь л сайхан. Чамд өөр хэн ч тус болохгүй. Ганцаардал гэдэг бол хамгийн дээд зэргийн таашаал” гэж хэлсэн. Ер нь хүн энэ хорвоод ганцаардаж байж, ганцаар бодож байж, ертөнцийг эргэцүүлж байх хэрэгтэй. Нэг их хамт олонсог болоод л бодол санаагаа шийдүүлэх гэж явснаас пелонкоор бол өөрөө хайчлаад, өөрөө монтажлаад л явах хэрэгтэй. Би ганцаараа байх дуртай, ганцаардах дуртай. Гэхдээ долоо хоногт нэг удаа хамт олонтой байх хэрэгтэй. Ерөнхийдөө ганцаардал гэдэг сайхан юм.
Ялахын төлөө ялагдах ёсон байж болно. Гэвч эцсийн тулаанд ялсан байх ёстой гэж би өөрийгөө зоригжуулдаг. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
Эцсийн тулаан гэдэг бол эцсийн мөчид амь тариа хийлгэж байх үе хүртэлх эцсийн тулаан шүү дээ. Ганцхан чи ялж чадах уу, үгүй юу гэдэг нь хэнд ч ирэх асуудал. Эргээд харахад би бодсон юмныхаа ямар ч байсан 50, 30 хувийг хийжээ гэж бодох. Би дээр хэсэг хүмүүстэй ярилцаад сууж байтал “та одоо юу хийх гэж байна” гэсэн. Тэгэхэд нь би “Хэрвээ би 150 наславал миний хийх ажил багтахгүй. Цаана нь үлдэх гээд байна. Даанч би 150 наслахгүй наана нь явна. Тэгэхээр дахиад л амжиж бодох, амжиж хийх, харамсахгүйгээр дуусгах, харамсахгүйгээр хүнийг хайрласан байх, хүмүүст хайр өгсөн байх, үг өгсөн байх, үлдээсэн байх. Тэгвэл юунд харамсах билээ. Баяртай. Сайн сууцгааж байгаарай. Дараагийн зуун жилд эргээд уулзъя. Явахаас.
Таньтай хамт ажиллаж байсан, найз нөхөд явсан олон уран бүтээлчид тэнгэрийн оронд очсон. Тэднийгээ эргээд дурсахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
Би аль болох хөнгөн бодохыг боддоггүй. Явсан найз нарынхаа араас юу гэж харамсдаг вэ гэхээр даанч өөрсөддөө хайртай байсангүй. Өөрсөддөө хайртай байсангүй. Ерөөсөө л бүхний төлөө зориулагдаж ирээд билүүдэгдэж байж байгаад л хүмүүс шиг амьдарч чадалгүй буцсан байдаг. Түүнд нь л харамсдаг. Анд нөхөдөө харуусаж бодохгүй, хэрвээ байсан бол ингэх байж, тэгэх байж гэж бодохгүй бол ямар анд нөхөр байхав дээ. Тэр бол харуусал.
Уран бүтээлч хүн бүрт дотоод сэтгэлийн нандин чавхдас байдаг. Тэр чавхдасаа тас татуулчихлаа гэж бодох хэцүү үе таньд байсан л биз дээ?
Надад хэцүү үе байхын хувьд байсан. Гэхдээ хэцүү үеүүд маань дандаа хөглөгдөж байсан. Хүн дахин босохын төлөө оршдог болохоос биш сөхөрч унахын төлөө биш. Хүн заавал цохилтонд орно. Тэр нокаут гараад амьдрал гэдэг рингэн дээр сайхан тоглож чадахгүй л бол энд оршихын хэрэг байхгүй.
Та яагаад дандаа хар нүдний шил зүүдэг юм бэ?
Өмнө нь нэг сэтгүүлч надаас яг ингэж асууж байсан. Тэгэхээр нь би “би хүний алергитай хүн” гэж хэлсэн. Алергий олон янз байна. Заримдаа хүнд нүдээ харуулмааргүй байх, хүний нүд рүү харахгүй байх, янз бүрийн энергийг өөр рүүгээ шингээхгүй байх юмсан гэж бодох үеүүд байна. Хэрэв чи бүсгүй хүн байсан бол би шилээ авна. Энэ удаад би шилээ авалгүй үлдээе.
Эх сурвалж: www.aravt.mn