2014-01-21Монголын хувьд эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүн нь цаасан дээр өсдөг хэрнээ амьдрал дээрээ
инфляцтайгаа зууралдаж, дотоодын мөнгөн тэмдэгийн ханш нь уруудаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь өдрөөс өдөрт өсдөг сонин тогтол цоотой улс.
Манай Засгийн газар бодит эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хөгжлийг хурдасгах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх гол арга бол гадаад улсаас өрийн бичиг буюу бонд гаргаж мөнгө босгох хэмээн бат итгэсэн бололтой. Эхэлж авсан "Чингис" бондын 2013 оны ашиглалт, өгөөж, зээлийн хүүг тойрсон элдэв яриа хөөрөө ид өрнөж байхад Японы зах зээлээс мөнгө босгох буюу, өр тавих "Самурай" бондын талаар шуугиан дэгдсэн нь өнгөрсөн оны есдүгээр cap юм. Тухайн үед багадаа 600 сая ам.доллартай тэнцэх иенийн бонд гаргах тухай яригдаж байсан.
Хөгжлийн банкны удирдлагын зүгээс "Дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдал Засгийн газрын бондыг ам.доллараар арилжих нь ашиггүй нөхцөл рүү түлхэж байгаа. Ийм нөхцөлд иенээр зээлжих бонд тун ашигтай харагдаж байна" хэмээн тайлбарлаж байв.
Мөн яг энэ үед Засгийн газар "Манай улс "Чингис" бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжсан бол "Самурай" бонд 2,0 орчим хувийн хүүтэй учир "Чингис" бондоос ашигтай..." гэхчилэн сурталчилсан. Энэ мэт зөвхөн бид л хожоотой "наймаа" хийж буй мэтээр ойлгуулах үүднээс эрсдэлийг үл тооцон зөвхөн нэг талыг барьсан хэтэрхий өрөөсгөл мэдээлэл цацсан нь өнөөгийн хурдтай хөгжиж байгаа нийгэмд хурц асуудалд хуумгай хандаж байгайгийн илрэл болж байна.
"Самурай" нэртэй бондоор хөрөнгө босгож хөгжилдөө ашиглахаар зүтгэсэн нь ганц Монгол биш. Тиймээс сайн муу нь хэдийнэ танигдсан эд. "Самурай" бондын тухай мэдээллийг нээлттэй түгээж буй эх сурвалжуудад Гадаад улсын Засгийн газар, компаниудын Япон улсын хууль журамд нийцүүлж, Токиод гаргасан иен давамгайлсан өрийн бичгийг "Самурай" бонд гэнэ. Бонд гаргагчид нь Японы хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож, дотоодын хөрөнгө оруулалтад зарцуулах юм уу, Японоос гаднах үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Гадны зээлдэгч нар "Самурай"-н зах зээлд гадаад валютын ханшийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зорилгоор оролцдог" хэмээн тодорхойлжээ.
Үүх түүхийг нь нарийвчлан үзвэл, тус бондын зах зээл 1970 онд нээгджээ. Тухайн үед Японы Сангийн яам гадаад улсын Засгийн газрын өндөр үнэлгээтэй хуулийн этгээдүүдэд "Самурай" бондыг тодорхой хэмжээ, заасан хугацаатайгаар гаргах эрх олгож, энэхүү хөрөнгийн зах зээлийн анхны шанг татсан. Энэ зах зээлд хөл тавигчдын гол зорилго Гадаад валютын нөөцөө өсгөх, мөн гадаад валютын дарамтыг эсэргүүцэх байв.
1970 онд нэг ам.доллар 360 иентэй тэнцэж байсан бол 1971 онд 308 иен болж, улмаар 1973 онд хөвөгч хүүтэй систем рүү шилжжээ. Эхэн үедээ зөвхөн гадаад улсын Засгийн газрын байгууллагуудад энэ зах зээлд нэвтрэхийг зөвшөөрч байв. Азийн хөгжлийн банк хамгийн анхны "Самурай" бондыг 1970 оны арваннэгдүгээр сард гаргасан бол хувийн байгууллагуудаас хамгийн анх "Blue chip" корпораци 1978 онд энэ зах зээлд хөрөнгө босгосон түүхтэй. Бонд гаргалтын урсгалыг хянахын тулд тусгай хэмжүүрүүд бий болгосон төдийгүй зээлийн зарцуулалт, үр ашиг, эргэн төлөлтийг хянадаг өндөр хяналтын системтэй болсон. 1972 онд Австрали 10 тэрбум иентэй дүйцэхүйц, анхны гадаад валютын бондыг "Самурай"-н зах зээлд гаргасан байна.
Аажмаар бонд гаргагчдад тавигдах шаардлагуудыг хөнгөвчилж, өрийн бичгийн хэлбэрүүдэд өөрчлөлт хийснээр энэ зах зээлд оролцогчийн тоо улам өссөн байна. Хоёр өөр мөнгөн тэмдэгтээр уг бондыг гаргаж, хүү болон үндсэн зээлээ алинаар нь ч төлөх боломжтой болгожээ. 1984 оноос зээл авагчдад тавих шалгуураа цөөлж, хоёр А-аас нэг А-тай байгууллагад ч "Самурай"- н зах зээлд гарах боломжийг олгож эхэлсэн байдаг.
1991 оноос гурван В (ВВВ) үнэлгээтэй гадны хуулийн этгээдүүдэд ч зөвшөөрөл өгч эхэлжээ. Энэ мэтчилэн "Самурай"-н зах зээлд өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газар, эдгээр улсын компаниуд төдийгүй Африкийн улс орнууд ч бонд гаргаж байв. Энэ бүгдээс харахад Япон улс бондын зах зээлдээ оролцох тоглогчдод тавих шаардлагаа улам бүр хөнгөвчилж ирсэн байдаг юм. Мэдээж өөрийнх нь санхүүгийн зах зээлд ашигтай учраас тэр. Гадны санхүүгийн сайтуудад "Самурай" бондын сул болон давуу талыг ингэж тодорхойлсон байдаг.
ДАВУУ ТАЛ:
-Олон хувилбартайгаар хөрөнгийн гүнд нэвтрэх боломжийг олгодог.
-Харьцангуй бага хүүтэй.
-Японд гаргадаг учраас Японы томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахад дөхөм.
-Японы эдийн засаг Америк болон Европын зах зээлийн хөгжил, өөрчлөлт, хямралын нөлөөнд хялбар автдаггүй.
СУЛ ТАЛ:
-Зах зээлд гаргахад татварын хэмжээ өндөр,
-Нөхцөл нь уян хатан бус учраас орж ирсэн хөрөнгө оруулалтыг ашиглах боломж хязгаарлагдмал.
-Бонд гаргагчид захиргааны өндөр ачаалал, үүрэг хариуцлага үүрдэг.
-Европын зах зээлийг бодвол "Самурай" бонд гаргахад ажиллагаа нь илүү түвэгтэй, олон шат дамжлагатай.
Эндээс харахад "Самурай" бонд гаргахад Японы талаас авах татварын хэмжээ өндөр гэдгийг гол сул тал хэмээн онцолсон нь анхаарал татаж байгаа юм. Гэтэл манай Засгийн газар хүү багатай гэхээс хэдий хэмжээний татвар төлж байгаа талаар ам ангайхгүй байна.
Энэ талаар дуугарах нь бүү хэл гадны зээлдэгчдээс "Самурай", "Чингис" бондыг авахын тулд манай улсын хийсэн хэлэлцээрүүд нууц байдаг нь эргэлзээ төрүүлж, таамаг дагуулсаар. Японы зах зээл дээр гаргасан иенийн бондын ч төлөвлөснөөс бага хөрөнгө шинэ оны дараахан Хөгжлийн банкны дансанд орж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлж байгаа холбогдох албаныхан нь энэ талаар ам ангайхгүй байгаа нь хардлага төрүүлэхээс аргагүй юм.
Бонд гаргаж босгосон хөрөнгөөрөө богино хугацаанд үр ашиг өгөх төслүүдийг шалгаруулан санхүүжүүлэх нь хамгийн чухал. Мөн энэ зээл нь хэтдээ эдийн засгийг урт хугацаандаа эрсдэлд оруулахгүй, улс орныг өрийн дарамтаас хол байлгах зарчимд тулгуурласан байх ёстойг ч мартаж болохгүй юм. Түүнчлэн нарийвчилсан тооцоогүй, үр ашгаа өгөх бэлэн төсөлгүй зээл авснаар улс орныг асар их хүүгийн дарамтад оруулдаг. Тухайлбал, "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллараас 2013 оны байдлаар 930 тэрбум төгрөгийг ашигласан гэсэн тооцоог дарга нар дуулгаж байгаа. Үүний 10 гаруй хувьтай тэнцэх мөнгө буюу 110 тэрбум төгрөгийг 2013 онд зөвхөн бондын хүүнд төлжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг олон чухал салбарын 204 орчим төсөлд 2.0 их наяд төгрөг шаардлагатай байгаа учраас бондын хөрөнгийг үүнд зарцуулж байгаа талаар мэдээлсэн. Гэвч зөвхөн авто замыг сайжруулах төслүүд, нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг сааруулах зорилготой "Гудамж" төсөлд 300 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Учир нь эдгээр төслүүд дэд бүтцийг сайжруулах хэдий ч эргээд өгөх хөрөнгийн шууд өгөөж үгүй.
Төсвийн бусад орлогоор шийддэг байсан асуудлуудад бондын мөнгөө зараад эхэлвэл гадаад өр яах билээ. Япон улс экспортоо дэмжих, валютынхаа статусыг дээшүүлэх, гадаад зах зээлд нэвтрүүлэхээр хийж байгаа бодлогын арга хэмжээний хүрээнд л "Самурай" бондыг дэмждэг. Мөн тус улс бондын хэлцэл хийдэг Японоос техник, тоног төхөөрөмж, технологи худалдан авахыг гэрээний нөхцөлдөө тусгах замаар гаргасан хөрөнгийнхөө нэлээдгүй хувийг буцааж өөрийн эдийн засагтаа шингээх бодлого барьдаг.
Тиймээс Японы иенээр босгосон зээлийн хөрөнгөөр ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ гэдгээ юуны түрүүнд бодох ёстой юм. Мөн тухайн төслийг хэрэгжүүлчихээд эргэж төлөхдөө ханшийн эрсдэлээс яаж сэргийлэхээ урьдчилан тооцож байж ийм хэмжээний өр тавих хэрэгтэй. Харамсалтай нь энэ бүгдэд ямар ч хариулт алга. Английн "Financial times" сэтгүүлд "Ашигт малтмалын нөөц ихтэй Монгол Улс суларсан эдийн засгаа сэргээх гэж олон улсын бондын зах зээлд эргэн ирлээ.. Өр бол нэг хэрэг, сайн төлөвлөгөө бас хэмжээ хязгаар хэрэгтэй. Эс бөгөөс нуруунд чинь гал асна.
Самурай дайчид сэлмээ хэрхэн хурцлахаа сайн мэддэг улс..." хэмээн бонд босгосондоо хөөрч, яаж үрэхээ мэдэхгүй догдлон буй бидэнд зориулан бичсэнийг анхаарахгүй өнгөрч боломгүй. Тэгээд ч бонд бол буцааж төлөхгүй хандив тусламж биш. Хүүтэй нь эргүүлж өгөх өр гэдгийг мартах учиргүй юм. Энэ мэт олон шалтгааны улмаас "Самурай" бондын талаар хүү багатай, ам.доллараас илүү ашигтай гэх тархи угаасан тайлбар биш эргэн төлөх нөхцөл, элдэв татвараас гадна зээлээ ашиглах арга гэхчилэн олон зүйлийн талаар мэдээлэл хэрэгтэй байна, Ерөнхий сайдаа. Нэг үгээр самурайн сэлэмний өмнөөс таны далайх сэлэм хэр бөхийг мэдэх хүсэл бидэнд байна.
Г.Батболд