2014-01-20Тодорхойлолт: Цөсний чулуу нь холестерины болон билирубины солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн
цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Цөс чулуужих өвчин (ЦЧӨ) гэдэг нь цөсний коллойд шинж чанар алдагдан хоорондоо бөөгнөрсний улмаас үүссэн хатуу цуллаг биет цөс ялгаруулах замд тохиолдож буй байдлаар илрэх бүлэг өвчнийг хэлнэ.
Тархалт: Цөс чулуужих өвчин хөгжингүй орнуудын эрүүл мэндийн салбарын гол асуудлын нэг болж байна. Сүүлийн үеийн дэлхийн тархвар зүйн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 10 эрэгтэй тутмын нэг нь ЦЧӨ-өөр өвдөж байна. Энэ өвчин дэлхийн улс орнуудад өргөн тархсан өвчний нэг боловч өвчин үүсэхэд газар зүйн бүс, цаг агаар, уур амьсгал, удамшил, хоол тэжээлийн онцлогоос хамаардаг болох нь харагдана. Баруун Европын орнууд тэр дундаа Скандиновын орнууд, Хойд Америк, Чили зэрэг орнуудад нийт хүн амын 38-44%-д цөс чулуужих өвчнөөр өвддөг бол Ирланд, Африкийн зарим уугуул иргэдэд 1-5% тохиолддог байна .Эдүгээ АНУ-д 30 сая хүн ЦЧӨ-тэй, жил бүр 750.000 хүн цөсний хүүдий авахуулах хагалгаа хийлгэж, 1 сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, эмчилгээний зардалд 10.5 тэрбум доллар зарцуулж байна. Баруун Европын орнуудын хүн амын 5.9 – 21.9 хувь, АНУ-ын хүн амын 15-20 хувь нь энэ өвчинд нэрвэгдээд байна. ОХУ-д жил бүр 110 мянган хүн цөсний хүүдий авах хагалгаа хийлгэж байгаа бөгөөд ивэрхийн хагалгааны дараах байрт орж байна
Азийн улс орнуудаас өвчлөл ихтэй орны тоонд Тайван (10.7%), Энэтхэг (6.1%) тооцогдож байна. Харин Сахарын Африк, Азийн орнуудад ЦЧӨ харьцангуй бага тохиолдож байгаа боловч сүүлийн үед ихэсч буйг тэмдэглэх болсон.
Монгол улсын Эрүүл Мэндийн Статистикийн Төвийн мэдээгээр ЦЧӨ ба цөсний хүүдийн үрэвслээр1991 оны өвчлөлийг 2005 оны өвчлөлтэй харьцуулахад улсын дундаж өвчлөл 1.7 дахин ихэссэн бөгөөд энэ нь нийт хүн амын 0.9%-ийг эзэлж байна. 2005 онд ЦЧӨ ба цөсний хүүдийн үрэвслийн 23180 тохиолдол бүртгэгдсэн нь нийт дотрын өвчлөлийн дотор 3.1%, хоол боловсруулах эртхний өвчлөлийн12.2%, элэг цөсний өвчлөлийн 46.9 хувийг эзэлж байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өвчлөлийн харьцаа 1:1.76 – 1:1.97 болж, эмэгтэйчүүд өвчлөлд эзлэх хувь 63.7- 66.4 болж нэмэгдсэн нь энэ өвчнөөр эмэгтэйчүүд илүү өвддөгийг харуулж байна
Баруун Европын орнууд, Америкт тогтмол амьдардаг насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй ЦЧӨ-ны 75-80%-ийг холестерины, 15-20%-ийг нөсөөт чулуу эзэлж байдаг. Азийн орнуудын оршин суугчдад тохиолдож буй цөсний чулууны дийлэнхийг нөсөөт чулуу эзэлж байгаа хэдий ч холестерины чулуу сүүлийн жилүүдэд зонхилох болсныг тэмдэглэжээ. Орчин үед цөсний чулууг холестерины, нөсөөт (бор, хар), холимог хэмээн 3 ангилж байна
Шалтгаан, эмгэг жам: Цөсний чулуу үүсэх шалтгааныг одоо болтол бүрэн гүйцэд тайлбарлагдаагүй хэдий ч чулуу үүсэх эмгэг жамыг орчин үед дараах байдлаар тодорхойлон мөрдлөг болгож байна.
1-р үе буюу физик химийн үе – энэ үед элэгнээс холестеринээр баялаг цөс ялгарч эхэлнэ. Үүнийг литоген цөс гэх бөгөөд зөвхөн дээрх гэдэс хаймсуурдан цөсний хүүдийн цөсөнд холестерины талст болон бусад тунадас үүсч байгаагаар оношилно. Энэ үе удаан хугацаагаар үргэлжилнэ.
2-р үе буюу нууц үе – Энэ үед цөсний чулуу үүссэн байх ба чулууг тээх үе гэнэ. Эмнэл зүйн шинж илрээгүй (асимптоматик), өвчтөнд ямар нэгэн зовиур шаналгаа илрээгүй байна. Литоген цөс үүсэлт явагдахын зэрэгцээ цөсний зогсонгишол, үрэвсэл, цөсний хүүдийн салст гэмтэх зэрэг хүчин зүйл нөлөөлнө. Голдуу тохиолдлоор хэт авиан болон холецистографийн шинжилгээ хийх үед илэрнэ. Дээд гэдсийг хаймсуурдан цөсний хүүдийн цөсөнд цөсний коллойд шинж алдагдан бичил дурангаар холестерины талст, билирубинат кальци, лейкоцитийн тоо олширсон байдаг.
3-р үе буюу эмнэл зүй илэрсэн үе – Энэ үед өвчтөнд тодорхой зовиур шаналгаатай болсон байна. 2-р үеэсээ цөсний чулуу тоогоор олшрон хэмжээгэээр томорсон байна.
Нас – Нас бол ЦЧӨ үүсэхэд хамгийн гол хүчин зүйл болдог. Хүүхэд насанд маш ховор тохиолддог ба холецистэктомийн хагалгааны 5-аас бага хувьд тохиолдоно. Насанд хүрэгчдэд 40 насанд хамгийн элбэг байдаг талаар судлаач нар бичжээ. Италид хийсэн судалгаагаар 40-69 насанд залуу насныхнаас өвчлөл 4 дахин их байна гэсэн судалгаа бий. 75 насанд эрчүүдийн 20%, эмэгтэйчүүдийн 35%-д ЦЧ илрүүлсэн. ЦЧӨ нас ахих бүр ихэсдэг гэсэн судалгаа би
Хүйс – Аль ч бүлгийн насанд эмэгтэйд өвчлөл давамгайлна. Ихэнх судлаачид эмэгтэйчүүд ба эрчүүдийн өвчлөлийн харьцаа 1:3 -1:5 байна гэж тэмдэглэжээ. Италид хийсэн судалгаанаас харахад 30-39 насанд өвчлөлийн харьцаа эмэгтэй эрэгтэйд 1:2.9, 40-49 насанд 1:1.6, 50-59 насанд 1:1.2 болж буурдаг байна. Эм хүйсэнд өвчлөл их байгаа нь төрөлт болон эм бэлгийн даавартай холбоотой. 50 нас хүртэл эмэгтэйчүүдэд ЦЧӨ эрчүүдээс 2 дахин элбэг тохиолдоно.
Жирэмслэлт ба төрөлт – ЦЧ үүсэхэд төрөлт ба жирэмслэлтийн тоо аль аль нь нөлөөтэй. Олон төрсөн эмэгтэйчүүдэд ЦЧ төрөөгүй эмэгтэйчүүдийнхээс их тохиолдоно. Цөсний хүүдийн (ЦХ) агших үйл ажиллагаа суларснаас жирэмсний сүүл саруудад цөсний хүүдийд үлдэгдэл цөс ихсэж, цөсний зогсонгишол үүсдэг нь холестерины талст тунадасжих нөхцөл бүрдүүлнэ. Жирэмсэн үед голдуу цөсний өтгөрөл үүсэх ба төрсний дараа 2/3 хувьд өөрөө аяндаа арилна. Төрсний дараах үед ЦЧӨ 8-12%-д илэрч төрөөгүй эмэгтэйчүүдэд ЦЧӨ 1.3% тохиолдсон бол олон төрсөн эмэгтэйчүүдэд 12.2% тохиолдож, төрөлтийн тоо ихсэх тутам ЦЧӨ ихэсдэг.
Удамшлын нөлөө (угсаатны) – Гэр бүлийн ойрын гишүүд нь ЦЧ-тай хүнд ЦЧӨ-өөр өвдөх нь 2 дахин их байдаг. Сүүлд хийгдсэн судалгаанаас харахад гэр бүлийн ойрын төрлийн ЦЧӨ-тэй хүмүүст ЦЧ үүсэх магадлал 15.5% -д (хяналтын бүлэгт 3.6) тохиолдож байжээ. ЦЧө-ий удамшлын болон генетикийн нөлөө илэрхий ажиглагдсан угсаатан бол Хойд Америкийн Пима Индианчуудын 25 настай эмэгтэйчүүдийн 75%-д тохиолддог байна. Зарим судлаачид Апо Е, А1, бага нягтралтай липопротеины рецепторын генетикийн өөрчлөлттэй хүнд ЦЧӨ-өөр өвдөх магадлал өндөр.
Таргалалт – Жин ихтэй хүмүүст холестерины ялгарал ба нийлэгжил ихэсдэгээс ЦЧ үүсэх магадлал өндөр байдаг. Энэ нь хоол идсэний дараах ЦХ-н үлдэгдэл эзэлхүүний өөрчлөлттэй холбоогүй байдаг. Судалгаанаас харахад биеийн жингийн индекс 45 кг/м кв-аас их хүнд 7 дахин (тарган биш хүмүүстэй харьцуулахад) биеийн жингийн 120% түүнээс их байгаа тохиолдолд ЦЧӨ үүсэлт 3 дахин нэмэгдэнэ. Голдуу тарган, жин ихтэй эмэгтэйчүүдэд элбэг тохиолддо
Жин огцом буурах – Турах зорилгоор биеийн жинг хурдан хасч буй үед ЦЧ үүсэх риск болдог. Жингээ багасгах зорилгоор хоолоо сойж буй хүмүүсийн 25%-д, тарган хүмүүст хийгдэх ходоодны мэс заслын дараа ойролцоогоор 35-50%-д цөсний өтгөрөл үүсэх ба ойролцоогоор 6 сарын дараа ЦЧ үүснэ. Энэ нь илчлэг багатай (хоногт 2100 кДж) хоол хүнс хэрэглэснээс элэгнээс үүсэх холестерины ялгаралтыг ихэсгэнэ. Нөгөө талаас муцины ялгаралт ихэссэнээс ЦХ-н хөдөлгөөн буур
Хоол тэжээлийн хүчин зүйл – Баруун Европын улсууд ургамлын эслэг багатай хүнс хэрэглэснээс ходоод гэдэсний замаар удаан хугацаагаар дамжин өнгөрөх нөхцөл болдог. Энэ нь цөсөн дэх хоёрдогч цөсний хүчлийн (дезоксихолевын) хэмжээг ихэсгэнэ. Цэвэршүүлсэн нүүрс ус хэрэглэх нь цөсийг холестеринээр ханах боломжийг ихэсгэдэг бөгөөд бага хэмжээний архи эсрэг нөлөө үзүүлдэг. Цагаан хоолтон хүмүүст тэдний биеийн жингээс үл хамааран ЦЧ ховор тохиолддог. Хоол хүнсээр орж ирэх холестерины хэмжээ нэмэгдсэнээс ЦЧ үүсч байгааг хүнсний болон тархвар судлалын судалгаагаар тогтоожээ.
Чихрийн шижин - Чихрийн шижингээр өвдөх явдал ЦЧӨ-өөр өвдөх нөхцөлийг 4.8 хувиар ихэсгэнэ гэж судлаачид үздэгч шалтгааныг нь гүйцэд тайлбарлаагүй байна. Шижингийн үед ЦЧ үүсэх нь цусанд триглицерид ихэссэн, шижингийн невропатигээс ЦХ-н хөдөлгөөн алдагдсантай (гипомотор) холбоотой гэж үзэж байна. Зарим судлаачдынхаар инсулин цусанд ихсэх нь шижингүй байсан ч ЦЧ үүсэх нөхцөлийг ихэсгэдэг гэж үздэг.
Сийвэнгийн липид – Цусны холестерин их байх нь ЦЧ үүсгэх хүчин зүйл болохгүй. Харин сийвэнгийн триглицерид ба аполипопротеин Е3, Е4, Е2-ийн хэмжээ ихсэх нь өвчин үүсэхэд нөлөөтэй гэж үздэг. Цусан дахь триглицерид ба биеийн жингийн индекс хоёр хоорондоо хамааралтай тул тарган хүмүүс нэрвэгдэх нь илүү.
Элэгний хатуурал – ЦЧӨ үүсэхэд гол хүчин зүйл болдог. Цөсний хүүдийд нөсөөт чулуу үүсэх явдал нь элэгний эмгэг, элэгний билиар хатуурал, архины шалтгаант хатуурлын үед ихэсдэг нь элэгнээс эмгэг бүтэцтэй билирубин ялгаруулдагтай холбоотой. Элэгний хатуурлын үед ЦЧ үүсэх нь 10-30% их байдаг гэсэн судалгаа бий. Ялангуяа Чайлдын ангиллаар В ба С зэрэгтэй, биеийн жин ихтэй хүмүүст ЦЧӨ үүсэх магадлал их байдаг. Энэ нь элгэн дэх цөсний хүчлийн нийлэгжил ба зөөвөрлөлт буурах, эстроген болон холбоот бус билирубины хэмжээ их байх, ЦХ-н агших чадвар буурсантай холбоотой үүсдэг байна.
Гепатит – В вируст гепатиттай хүмүүст цөсний чулуу тохиолдох нь нэмэгдэж байна. АНУ-д С Вирусын гепатиттэй хүмүүсийн 23.8% нь ЦЧӨ-тэй байна. Энэ нь цөсний чулуутай хүмүүсийн 10-15%-ийг эзэлж байгаа бөгөөд эмэгтэйчүүд 31 %, харин эрэгтэйчүүд 18% эзэлж байна гэж мэдээлжээ.
Цусны эмгэг – Цус задарлын цус багадалт, хадуур хэлбэрт эсийн цус багадлын үед ЦЧӨ 9-35% хүртэл ихэснэ. Ямайка улсад гомозигот хадуур хэлбэрт эсийн анемитэй 311 өвчтөний 96-д ЦЧӨ илэрсэн бөгөөд тэдний 7 өвчтөн цөсний хүүдий авахуулах хагалгаа хийлгэжээ. Мөн Жилбертын хам шинжийн үед, пернициоз анеми, зүрхний ишеми, зүрхний трансплантацтай, цус задарлын гемолиз, нугасны гэмтэлтэй хүмүүс ЦЧӨ үүсэх өртөмхий бүлэгт орно.
Цөсний өтгөрөл – Энэ нь цөсөнд холестерины моногидратын талст, кальци билирубинатын мөхлөг ба бусад давсуудаас тогтсон өтгөн хэсэг бөгөөд 70% өөрөө арилдаг, 20%-д ЦЧӨ эсвэл цочмог холецистит үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон.
Цөсний хүүдийн зогсонгишол – ЦХ-н зогсонгишолтой хүмүүст ЦЧӨ-ний тархалт их байдаг. ЦХ усыг шимэх үүрэгтэй тул ЦХ-н цөс өтгөн байдаг. Иймээс ЦХ-н цөс удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байвал холестерины концентрац ихэсч чулуу үүсэх нөхцөл бүрдэнэ. ЦХ-н хөдөлгөөний алдагдлаас ЦЧ үүсэх тод жишээ бол нугасны гэмтэл, удаан өлөн явах, судсаар тэжээлийн тарилга хэрэглэх, соматостатины илүүдлийн үед өвчин үүсэлт ихэсдэг. Нөгөө талаас тарган хүмүүсийн цөсний хүүдийн хананд байдаг холецистокинины рецепторын мэдрэг чанар буурсан байдагтай холбоотой.
Биеийн хөдөлгөөн буурах – Хөдөлгөөн багатай ажил эрхлэгчдийн дунд цөсний замын эмгэгүүд элбэг тохиолдож цөсний хүүдийн агших чадвар буурсан байдаг. Энэ нь нас ахих тутам нэмэгддэг, тухайлбал 40-64 насныханд цөсний чулуу 1.72 хувьд илэрч байна. Судалгаанаас харахад цөс чулуужих өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 34 хувь нь хөдөлгөөний хомсдолтой ихэвчлэн суугаа ажлыг удаан цагаар эрхлэгчид байжээ.
Нарийн гэдэс тайруулах – Кроны өвчтэй хүмүүст нийт хүн амтай харьцуулахад ЦЧӨ илэрхий их байна. Өвчтөний нас, эмгэгийн байрлал, анамнез, гэдсийг хамарсан байдал, гэдэсний хагалгаа зэрэг нь ЦЧ-тай хамааралтай байна. Энэ нь цутгалан гэдэсний төгсгөлд байх цөсний хүчлийн рецепторын тоо арилснаас эргэн шимэгдэлт буурч цөсний хүчлийн хэмжээ багасч цөс литоген чанартай болсноос үүсч байна гэдгийг тогтоосон.
Эмийн бодис – Октреотид, судсаар тэжээлийн тарилга хийх, клофибрат эмчилгээ, цефтриаксон зэрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд чулуу үүсэх магадлал ихэсдэг байна. Судалгаанаас харахад ЦЧӨ-өөр эмэгтэйчүүд давамгайлан өвдөж байгаа бөгөөд шалтгаан нь дээр дурдагдсан хүчин зүйлүүдтэй холбоотой. Мөн 40-өөс дээш насныхан болон 4-өөс олон төрсөн эмэгтэйчүүд, илүүдэл жинтэй ба тарган хүмүүс илүү их өвчилдөг болох нь мэдэгдсэн.
Мөн ЦЧӨ үүсэхэд байж болох эрсдэлт хүчин зүйл нь цөсний хүүдийн ханын зузаарал ба хөдөлгөөний алдагдал, элэгний үрэвслээр өвдөх болон элэгний хатууралтай байх, хорт зуршилтай (архи, тамхи) хүмүүст илүүтэй үүсдэг болох нь нотлогдсон.
Цөс чулуужихаас сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд, 40-өөс дээш насныхан, олон төрсөн эмэгтэйчүүд, илүүдэл жинтэй буюу тарган хүмүүс жил бүр хэвлийн хэт авиан шинжилгээ хийлгэж байх шаардлагатай.
Хэрвээ цөсний хүүдийн хана зузаарсан (3 мм-ээс дээш), хүүдийн хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдан сунаж нугаларсан бол, элэгний үрэвслээр өвдөж байсан, элэгний хатууралтай, суугаа ажил эрхэлдэг бол цөсний чулуу үүсэх магадлал өндөрсөнө. Хэрвээ чулуугүй мөртлөө цөсний хүүдийн хана зузаарсан, хүүдий сунасан, баруун нумаар өвдөх, баруун гар дал мөрт дамжиж өвдөх шинж илэрсэн тохиолдолд цөсний хүүдийг хаймсуурын ба хаймсуурын бус аргаар угаах шаардлагатай. Цөсний хүүдий угаах аргыг эмнэлгийн нөхцөлд хийнэ. Гэрийн нөхцөлд хаймсуурын бус аргыг хэрэглэнэ. Гэрийн нөхцөлд цөсний хүүдий угаах арга:
Эсрэг заалт
Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний шархлаа, улайлт, хавдартай бол
Цээж хорсдог бол
- Магнийн төрлийн эмэнд харшилтай бол
- Жирэмсэн үед энэ аргыг хэрэглэхгүй.
Бэлтгэх зүйл
25 грамм магни сульфат (нунтаг) эсвэл шар сүү 1-1.5 л
- 100 – 150 мл буцалсан бүлээн ус
- Хатуу ор
- Жижиг дэр
Заавар: Өглөө өлөн үед 150 – 200 мл буцалсан бүлээн усанд 25 г магни сульфат хийж ширхэггүй болтол хутгаад ууна. Хэрвээ таны цээж хорсдог бол шар сүүг бүлээтгэж дор хаяж 1 л аажмаар ууна. Зогсоо байдалд 15-20 минут байна. Дараа нь хатуу орон дээр баруун хажуугаар хэвтэх ба баруун бүсэлхийн дор жижиг дэр ивнэ. Бүлээн жинг баруун хавирганы нумаар тавьж ивсэн дэрэн дээр хажуулдаж хэвтэнэ. өөрөөр хэлбэл бүлээн жин ба баруун хавирганы нум хоёрын хүрэлцэх талбай хамгийн их байхаар хэвтэнэ гэсэн үг. Жинг хөрөх үед сольж бүлээн байлгах ба 2-4 цаг тавина. Энэ хугацаанд 1-2 удаа гүйлгэсэн байх ба хамгийн сүүлд өтгөн хар ногоон өнгөтэй шингэн гарвал цөсний хүүдий угаагдлаа гэж ойлгоно. Эхний удаа угаахад гарахгүй байж болох ба цаашдаа баасны өнгө өөрчлөгдөнө. Иймээс цөсний эмгэгээс сэргийлэхийн тулд олон улсын хэмжээнд даган мөрдөж байгаа цөсний замын үйл ажиллагааны алдагдлыг илрүүлэх Ромын шалгуурыг танилцуулж байна.
Цөсний замын үйл ажиллагааны алдагдал илрүүлэх шалгуур
1. Сүүлийн 3- 12 сарын хугацаанд аюулхай, баруун нумаар хүчтэй өвдсөн
2. Өвдөлт нь 30 минут түүнээс дээш хугацаагаар өвдсөн
3. Өвдөлтөөс болж ажлаа хийгээгүй эсвэл эмчид хандсан
4. Цөсний хүүдий авахуулсан
5. Цөсний хүүдий авахуулснаас хойш аюулхай, баруун нумаар хүчтэй өвдсөн