2014-01-17Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Намнангийн Наранбаатартай таныг уулзуулж байна.
Тэрбээр 2000 онд СУИС-ийг төгсөөд "Бооцоо" нэртэй жүжгийг анхлан чадварлаг найруулснаар ажил, амжилтын гараагаа эхлүүлсэн гэж болно. "Надаар тоглосон хайр", "Жаргах гэж дурладаг уу", "Чи минийх", "Шөнө дундын бүжиг", "Нууц амраг чинь болъё", "Шөнө амталсан нулимс" зэрэг олон сайхан бүтээлийг тайзнаа амилуулснаар үзэгчдээс өндөр үнэлгээг авч чадсан юм. Харин дэлхийн сонгодог бүтээл Уилльям Шекспирийн "Гамлет" жүжгийг 2012 онд драмын теарын тайзнаа дахин амилуулж, түүний найруулсан "Тэнгэрийн хүү" жүжиг нь драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг "Гэгээн муза" наадмын шилдэг найруулагчийн эзэн болгосон байна. Тэрбээр найруулахаас гадна жүжиглэнэ, дуулна гээд олон талын авъяастай гэдгийг та бид мэднэ. Ингээд шинэ оны босгон дээр Монгол Улсын Төрийн соёрхолт болсон УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг оны эхний дугаараараа хилчидтэйгээ учран золгуулж байна.
-Нийт хилчдийнхээ өмнөөс Төрийн соёрхолт цол хүртсэнд тань баяр хүргэж шинэ оны мэндийг давхар уламжилъя?
-Баярлалаа. Эх орны маань дөрвөн зүг найман зовхист хүрэх "Эх орны манаа" сонины уншигчид та бүхэнд 2014 оны мэндийг хүргэе. Шинэ ондоо эрүүл энх, санасан сэдсэн ажил нь бүтэмжтэй, хийморь лундаатай байхыг хүсэн ерөөе.
- 2014 он таны хувьд хэрхэн эхэлж байна вэ?
-Шинэ он сайхан эхэлж байна. Бусдын адил хуучин оноо үдэж, шинэ оноо угтлаа. Шинэ оны эхэнд ажлаа сайн төлөвлөж, түүнийгээ бүтээхийн төлөө мэрийж ажиллана даа.
-Шинэ жилийн өмнөхөн та Төрийн Соёрхол хүртсэн. Тэгэхээр 2013 оноо үдэх баярын ёслол давхар баяр хөөр зэрэгцсэн онцлогтой болсон болов уу?
-Шинэ жил бол Европын соёл. Энэ соёлыг зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нар монголд оруулж ирэн, анхны шинэ жилийг нууцаар хийж байсан гэдэг түүхэн баримтууд байдаг. Тэр цагаас хойш шинэ оныг тэмдэглэх үйл ажиллагаа бидний дунд заншил болсон. Европоос эхтэй сүлд ногоон гацуурыг чимдэг баярыг багаасаа л ёолк хэмээн тэмдэглэж ирсэн. Баяр баярын дотор хамгийн сайхан нь шинэ жил. Оны хамгийн сүүлчийн өдрийг гэр бүлийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүлдэг. Өвөө маань шинэ он гарахад хүн юу хийж байна ирэх онд түүн шигээ байдаг гэж ярьдагсан. Багадаа хичээлдээ сайн хүүхэд байлаа. Тиймээс шинэ он солигдох тэр мөчид ном бариад суучихна. Манай хүүхдүүд миний тэр байдлыг дуурайсан. 2014 оныг манай гэр бүлийнхэн маш их баяр баясгалан, аз жаргал дүүрэн угтан авсан.
-Та ингэхэд яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?
-Зургадугаар ангид байхдаа тооны олимпиадад амжилттай оролцож, шагналд нь хүүхдийн "Найрамдал" зусланд амрах эрхийн бичгээр шагнуулсан юм. Бүлгүүдийн хооронд урлагийн үзлэг болоход тэнд амарч байсан пионерын ордны драмын дугуйлангийн хоёр хүүхэд "Найруулагчийн паян" инээдмийн номерт намайг болно гээд тоглуулчихлаа. Тэр үед их сонин мэдрэмж төрсөн л дөө. Ер нь болчихмоор ч юм шиг, хүмүүс их аятайхан хүлээж аваад л. Нөгөө хоёр хүүхэд ч намайг драмын дугуйланд яваач гэдэг юм байна. Ингээд би Хүүхдийн ордоны Даваахүү багш дээр очиж шалгуулан тус дугуйланд орсноор миний жүжигчин болох зам шулуудсан.
- Та айлын хэд дэх хүүхэд вэ. Аав, ээж тань аль нутгийн хүмүүс вэ?
-Манай аав, ээжийн тал бүгд Булган аймгийн гаралтай хүмүүс. Тэр дундаа Хутаг-Өндөр сумын хүмүүс. Хутаг-Өндөр суманд Намнан гэдэг мундаг хайрхан бий. Аавыг минь төрөхөд манай өвөө тэр хайрханы нэрийг хайрласан юм билээ. Аав минь айлын таван хүүхдийн том нь. Би бас айлын таван хүүхдийн том. Манайх Уран Боржигон овогтой айл байгаа юм. Хуучнаар бол Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны Мандал гэдэг тайж хүний удам угсаа. Түшээтхан аймгийнхан цэвэр Боржигон хүмүүс. Тэр дундаа Уран Боржигон овогтой хүмүүс их бий.
-Таны бага нас тэгвэл хэрхэн өнгөрсөн тухайгаа ярьж өгөөч?
-Би өвөө, эмээ дээрээ өссөн. Хоёр хөгшин маань насаараа Модон заводод ажилласан улс. Өвөө минь хоёр, гурван жилийн өмнө, эмээ минь өнгөрсөн жил өөд болсон. Хоёулаа их сайхан өндөр насыг насалсан даа. Модон заводынхон "Лууяагийн дэлдэн шар" гээд намайг анддаггүй байлаа. Ер нь өдөржин хөрөө рам дээр өнжинө. Мод хэрхэн боловсруулахыг харж өссөн гэхэд болно. Модон заводод миний хоолны аяга хүртэл тусдаа байдаг байв. Орой ажил тарахад өвөө, эмээтэйгээ хамт харина. Бараг орон тооны бус ажилтан шиг л байлаа. /Инээв/ Миний өвөө юм их уншдаг номын хүн байсан юм. Шашин шүтлэгтэй, өглөө ном уншина, цайны дээжээ өргөнө. Багаасаа тийм хүний хажууд өссөн болохоор өөрийн эрхгүй шүтлэгтэй болдог юм билээ. Бага нас минь Толгойтын Бага наранд өнгөрсөн. Усны худаг дээр бөглөө тоглоно, заримдаа мөнгөөр тоглож байгаад улсын сүлдтэй мөнгөөр тоглолоо гээд хүүхдүүдийн дэргэд өвөөдөө зодуулна. Тэвэг өшиглөнө, гүүдэг матик тоглоно гээд бусад хүүхдийн л адил өссөн дөө.
-Хөгшчүүл дээр өсөхөөр тэднээс их зүйлийг суралцдаг. Тэдний хэлж, хийж буй үг, үйлдэл бүхэн алсуураа мундаг ухаан байдаг шүү дээ?
-Хөгшчүүл дээр өсөхийн нэг онцлог бол үнэхээр монгол ухаанд илүү ихээр суралцдаг. Энэ нь тэр чигтээ амьдралын философи. Аяга зөв барина гэдэг ч учиртай. Ясыг бол маш сайн мөлжинө. Бас хавирганы бурамыг тал хүртэл нь идчихнэ. Сайхан амттай шүү дээ./Инээв/ Ер нь хөгшчүүлийн дэргэд байхаар их дэгтэй болдог. Аливаад хүлээцтэй, юмны учир начирыг нь олж байж дугарах жишээтэй. Бага насанд олгосон хүмүүжил тухайн хүний хожмын суурь болдог. Мэдээж бурхан шүтээнтэй хүнд дээдлэх юм байлгүй яахав. Амьдрал өөрөө баялаг учир ямар нэг бэрхшээлтэй тулгарахад заавал хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй болдог. Энэ үед аав ээж, найз нөхдөөс гадна хүнд бас хэлдэггүй нууц гэж бий. Гэвч тэр үл ойлгох зүйлийг хэн нэгэнтэй ярилцах хэрэг гардаг. Тэнгэр, бурханч байдаг юм уу. Түүнийг нь бодьжуулах юм бол өөрөө өөртэйгээ ярилцаж байгаа хэрэг юм. Чиний бурхан чиний зүрхэнд орших ёстой. Цаг гаргаж өөртөө дүгнэлт хийн ярилцаж, цаашдын гарцыг тодорхойлох хэрэгтэй гэдэг утгаараа шүү дээ. Би хүүхдүүдийнхээ хүмүүжлийн тал дээр их анхаардаг. Номыг их дээдлэх хэрэгтэй. Айлд жижиг, том гэлтгүй номын сан байх хэрэгтэй. Авралд хүн багтана гэх сайн үйлийг их хийх ёстой. Ядаж л бурханд зул, өргөл өргөх хэрэгтэй. Оюун санааны эрин зуун бидний өмнө айсуй гэж бодохоор илүү их материаллаг сонирхолоос илүүтэй оюуны капиталыг үнэлэх цаг мөч айсуй байна. Дээдсийн хүрээ гэж их ярих болж. Материаллаг, мөнгөтэй хүмүүсийг манайхан дээдсийн хүрээлэл хэмээн бодож эндүүрч байгаа нь тэр. Би харин язгууртан, дээдэс гэдэг илүү оюунлаг, нийгмийн төлөө бүтээлчээр ханддаг, зөв иргэнч байж чаддаг, бусдыг хайрладаг, хүндэлдэг, бусдын төлөө аливаа зүйлийг зориулж чаддаг, зөв зам мөрийг нээж явдаг хүмүүс гэж ойлгодог.
-Нээрээ бид хэт их материаллаг тал руугаа хандаж бэлтэй нэгнийг сэхээтэн хэмээн ойлгох сэтгэлгээний гажуудал бий. Миний бодлоор сэхээтэн, язгууртан хүн гэж арай өөр нэгнийг хэлмээр санагдах юм?
-Нийгэм маань эд материаллаг, том сайхан хауст амьдарсан, гоё ганган машин унасан, үнэтэй брэнд хувцас өмссөн хүнийг дээдэс гэх болжээ. Угтаа бол үгүй. Язгууртнууд гэдэг ондоо. Жишээ нь Ленин багш хувьсгалынхаа дараа, "Би нэг язгууртан буюу сэхээтнээр мянган пролетарийг солиход ч бэлэн байна" гэж хэлсэн байдаг. Учиртай байгаа биз. Сэхээтэн гэдэг оюунлаг, бүтээлч, тархины капитал өндөртэй хүмүүсийг хэлээд байгаа юм шүү дээ.
-Хувьсгалын үед манайхан сэхээтэн, язгууртнаа ихээр хэлмэгдүүлсэн гунигтай түүх бидэнд бий?
-Тэр бол цэвэр Оросын бодлого байлаа. Манайхан үеийн үед нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хоёр том гүрний дунд байрлалтай, геополитекийн хувьд зөв байрлалтай, маш их нөөц, баялагтай газар оронд шунахгүй байхын аргагүй. Тиймээс бид энэ үед маш ухаалаг байх хэрэгтэй. Сталингийн үед монголын сэхээтэн буюу тэр дундаа алтан ургийн хүмүүсийг устгах бодлого явагдсан. Үүнд Амар сайдаас эхлээд мундаг сэхээтнүүд нэрвэгдсэн. Нэг ёсны тэд үндэсний баялаг нь байсан хэдий ч эргээд төрж байгаа нь сайшаалтай. Манжийн үед ч мөн адил манай сэхээтнүүдийн дунд яс хаяж байсан. Хэрвээ нэгдчихвэл хүчирхэг болж өөрсдийнх нь аюулгүй байдалд нөлөөлнө гэдгийг мэдэж байгаа учир тэр. Түүхээс үзэхэд манай ноёд хэт материаллаг сонирхолтой байсан. Манайхны цусанд нь тэгэхээр бас юм байгаа биз. Энх-Амгалан хааны үед манжууд монголчуудыг хооронд нь түнжин Хагаралдуулж их тоглосон байдаг. Энэ байдлаас болж хүчирхэг байдлаа алдсан. Тэр байтгуай материаллаг сонирхол гэдэг улс оронд ямар аюултай гэдгийг түүх өөрөө харуулсаар ирсэн шүү дээ.
-Эх оронч байна гэдгийг хүн бүр өөр өөрсдийнхөөрөө тайлбарладаг. Таны хувьд эх оронч үзлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Би Гүнжийн Сүхбаатар гуайн номыг уншиж байхдаа зургаан зүйлээс эх оронч үзэл бий болно гэдгийг хамгийн зүйтэй гэж үзсэн. Нэгдүгээрт эх оронч байна гэдэг хөдөлмөрч, бүтээлч байх ёстой. Хүн болж төрснийх иргэний бүтээлээс нийгмийн бүтээлийг бий болгоно. Хоёрт эх хэл. Монгол хэл хэмээх эх хэл байхгүй бол бид эх оронч байна гэдэг төвөгтэй болно. Гуравт ёс заншил, соёл урлаг. Ардын уламжлалаа маш их дээдэлж хамгаалж, хөгжүүлж байх хэрэгтэй. Дөрөвт нь их түүх. Их түүхээ мэднэ гэдэг бид сургамж авч байгаа юм. Тавдугаарт иргэнч байх. Энэ нь бусадтай нийцэж амьдрахыг хэлнэ. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдаж амьдарна гэдэг утгаар иргэнч байх ёстой. Эцэст нь газар шороо. Модун Шаньюй "Газар бол улсын үндэс" гэж хэлсэн байдаг. Ийм зургаан зүйлийг та эрхэм болгон мөрдөж чадвал таныг сая эх оронч хүн гэж хэлнэ. Түүнээс биш эх оронч гээд цээжээ дэлдээд байх нь гол биш. Дээрх зургаан зүйлийг эрхэм болгож даган мөрдвөл та эх оронч хүн юм.
-Эх оронч үзлийн хажуугаар түүний үнэ цэнийг мэдрэх нь бас чухал санагдаж байна?
-Эх орны үнэ цэнэ, баялаг нь ард түмэн. Гурван сая хүрэх гэж байгаа зон олон эх орныхоо үнэ цэнэ нь юм. Хэрэв бид байхгүй бол эх орон гэж яриад яах юм. Тэр дундаа ард түмний оюун тархи гэдэг хамгийн үнэ цэнэтэй. Манкуртизм гэж уншиж байсан биз. Хонины нэхийг халааж байгаад тархийг нь боочихож байгаа юм. Тэр нь хуйхтай наалдаж тархийг үхжүүлдэг. Түүнийг ганцхан хонь хариулах ёстой гэвэл тэрийгээ л хийнэ. Нэг ёсондоо тархи нь бүхэлдээ идэгдэж манкурт боол буюу өнөөгийнхөөр бол робот, зомби болж байгаа юм. Ийм болохгүйн тулд хүн ямар байх ёстой юм гэхээр оюунлаг байх хэрэгтэй. Ард түмэн оюунлаг байж гэмээнэ цааш том харна, холыг сэтгэнэ, зөв явна. Үүний тулд л урлаг үйлчлээд байгаа юм шүү дээ.
-Урлагаас хүн өөр өөрийн хэмжээнд тайшаал, мэдрэмжийг хүртдэг. Тэгвэл хүн урлагаар дамжуулж юуг мэдрэх ёстой юм бэ?
-Урлагийн ард түмэнд өгөх ёстой үндсэн үйлчилгээ нэгдүгээрт гоо зүйн таашаал. Хүн өөрөө таван мэдэрхүйтэй. Түүгээрээ авч байгаа мэдрэмж хүний амьдралын гоо сайхны таашаал болж байдаг. Мэдээж гадаад гоо сайхан гэж бий. Бид байгалийн гоо сайхнаас таашаал авдаг. Эсвэл эмэгтэй хүний нүцгэн галбир, гайхалтай сайхан барилга архитектурыг харах гэх мэтээр гадаад гоо сайхны хүчин зүйл их бий. Энэ бол хүний хүртэх ёстой зүйл. Үүнээс гадна хүн хүндээ хандах хандлагын мөн чанарын дотоод гоо сайхныг урлаг хүнд хүргэх ёстой. Хоёрдугаарт соён гэгээрэх, танин мэдэхүйн үүрэг. Аливаа юмыг таньж мэдэн, зөв бурууг ялгах, соён гэгээрэх дотор гүн гүнзгий философи явж байдаг. Гуравдугаарт ёс суртахууны хэм хэмнэл. Ухамсарын ард ёс суртахуун оршиж байдаг. Ахмад үеэ хүндлэх, хэрхэн зөв сайхан байх. Дөрөвдүгээрт цэнгэн баясах. Хүн инээж, хөөрч баярлах ёстой. Ийм зүйлийг урлаг хүмүүст өгөх үүрэгтэй. Энэ утгаараа урлаг нь ард түмнээсээ түрүүлж, хөтөч нь байж, бид ард түмнийхээ оюуны талхыг бэлтгэх үүрэгтэй ажиллаж байна.
-Хүмүүс зөв амьдрах гэж ярьдаг. Манай залуучууд нэг үеэ бодвол их сайхан хөгжиж байна. Гэхдээ энэ нийгэмд тэд маань хэрхэн зөв амьдрах ёстой вэ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг бол?
-Ардчилал гарна гэдэг маш том алхам. Гэхдээ тэглээ гээд бүх зүйлийг шинээр эхлэхийг хэлдэггүй байх. Жишээ нь социалист нийгмийн үед тогтолцоо нь буруу байсан хэдий ч түүнээс авах юм олон байсан. Ардчилал гараад зөв зүйтэй зүйлийг нь авч үлдээд буруу хазгай, бурангуй байсан зүйлийг нь солиод явсан бол өнөөдрийн залуучуудын байгаа байдал арай өөр байх асан биз.Тухайн үед арван жилийн сургуульд уран зохиолын хичээл их ордог, хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх тал дээр анхаарч дугуйлан, секц их хичээллэдэг байсан. Секц, дугуйлан хүүхдийг зөв чигт явуулахад нөлөөлж, хүүхдүүдийг хөдөлмөрийн амт, ажлын амтыг мэдрүүлэх тал дээр зөв зүйтэй алхамуудыг хийдэг байж. Одоо энэ бүх зүйл алга болсон. Запуучууд юм уншихаа больсон байна. Мэдээллийн нээлттэй, хурдацтай нийгэмд амьдарч байна. Урьд байсан бүгдийг алга болгохоор одоо зөвхөн дүнгийн төлөө сурч байна. Одоо дипломтой цэвэрлэгч их байна гэх нь үнэн шүү дээ. Мэргэжил гэдэг мэргэшихийг хэлнэ. Тиймээс ч "Мэргэжил бүхэн сайхан" гэдэг үг гарсан. Боловсролыг дан ганц их дээд сургуулиас олдог зүйл биш. Хүмүүжил дээр нэмэх нь мэдлэг, амьдралын ухааныг нийлүүлж боловсролтой хүн болно гэж би хувьдаа бодож байна. Бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Дэлхий өөрөө энх тайванч үзэлтэй болчихлоо. Одоо буу бариад биенийхээ өөдөөс буудалцдаг цаг биш. Харин хүнсний аюулгүй байдал, үзэл суртлын дайн явагдаж байна. Хөдөө мал дээр цэвэр агаарт амьдарч архи уудаггүй хүн яагаад хавдар тусч байна вэ. Бодоод үзээрэй. Ердөө хүнсээр дамжиж буй хэрэг. Манай улсад хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдчихаад байна. Өнөөдөр хавдрын эмнэлэгт ор нь олдохгүй. Тэнд үзүүлж байгаа хүмүүс архи, тамхи, буруу хазгай юм хэрэглэсэн үү гэвэл үгүй. Энэ нь өөрөө аюул. Нэр төрөө алдвал хагасыг, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг биз дээ. Ард түмэн эрүүл байна гэдэг хамгийн чухал. Нөгөө тал дээр үзэл суртал. Өнөөдөр хүмүүс барууны соёлыг ихээр дуурайж эхэллээ. Солонгосын соёлын довтолгоо аймшигтай нэвтэрч байна. Солонгос машин унана, хоол иднэ, цуврал кино үзнэ. Одоо залуучуудыг хараарай. Эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй үсээ ургуулаад бариу өмд өмсчихсөн хүмүүс. Нөгөө монгол эр хүний дүр төрх, мөн чанар хаана байна вэ. Тэгээд солонгос сэтгэлгээтэй болж эхэлж байгаа юм. Ингэхээр цэвэр хараат болж эхэлж байна гэсэн үг. Энэ аюул шүү дээ. Гэтэл бид Солонгосыг бодвол өөрийн гэсэн түүх соёлтой, урлагтай, онцлогтой ардтүмэн. Ийм ардтүмэн нэг тал руу хэт хэлбийж болохгүй. Үүнд бид анхаарах ёстой.
-Уран бүтээлчдийн хувьд энэ байдлыг олж хардаг давуу талтай. Гэтэл нийгмийн нийт масс үнэн бодит байдлыг мэдэж, мэдэрч байгаа боловч яаж ч чаддагүй. Таны хувьд бүтээлдээ энэ байдлыг хэрхэн тусгадаг вэ?
-Найруулагч хүн нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг гарцаагүй ажиглаж байх хэрэгтэй. Бүр үүрэг гэж ойлгож болно.
-Та ингэхэд Монгол Улсынхаа хил, хилчдийн талаар ямар бодолтой явдагаа хуваалцаач?
-Хил гэдэг улс орны аюулгүй байдлын үндэс, харин үүрэг гүйцэтгэж буй ард түмний төлөөлөгч бат итгэлийг хүлээсэн хүнийг хилчин гэж байгаа юм. Эх орон өөрөөр тань дархан хилээ мануулж байна гэдэг бахархалтай. Нөгөө талаар асар их хариуцлага. Би өөрөө цэрэгт яваагүй. Гэхдээ би төсөөлж мэднэ. Хилээ манан зогсч байгаа хилчин хүнд асар том бахархал бий. Гурван сая орчим хүнийг тайван унтаж байхад хилчин хүн тэдний аюулгүй байдлыг хамгаалан зогсч байна гэдэг үнэхээр бахархалтай үйл. Ийм хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг гэж бодохоор хилчдээр би өөрийн эрхгүй бахархдаг.
-Харин цэргийн албаны тухайд эр хүн бүр өөрийн гэсэн бодолтой явдаг байх?
-Цэргийн албанд явъя гэхээр мэргэжлийн онцлог тулгардаг. Тийм болохоор би урлагийн манаанд зогсч, эх орноо хамгаалж байгаа хүн гээд өөрийгөө эвтэйхэн өмгөөлчихнө шүү.
-Таныг олон түмэн их сайхан гэр бүлтэй гэлцдэг. Гэр бүлийн үнэ цэнэ таны бодлоор юунд орших вэ?
-Мэдээж гэр бүлийн үнэ цэнэ хайр. Биедээ итгэх итгэл, эхнэр нөхөр, үр хүүхдийн хайр. Хайр байхгүй бол хахир хүйтэн орчин бий болно. Үүнээс хамгийн муу муухай зүйл үүдэн гарна. Би эхнэр, таван хүүхдийн хамт бусдын л адил амьдарч байна. Хүн энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг гэх хүний амьдралын философи байдаг биз дээ. Бас "Хүн үхэхдээ бэлэн байх хэрэгтэй" гэж Далай багшийн хэлсэн үг бий. Маргаашийн төлөө учиргүй их мөнгө хийгээд олсон мөнгөө эрүүл мэндийнхээ төлөө зарчихдаг. Тэгэхээр маргаашийг төлөвлөж өнөөдрөөрөө амьдрах нь хамгийн чухал байна. Үхэхгүй юм шиг амьдарч, амьдраагүй юм шиг үхдэг гэж бодохоор хүн зөв үйлийн үрийг л тарих хэрэгтэй. Чиний өөрийн амьдарч байгаа нас чинь чиний яг амьдралын эхлэл нь юм. Чиний үр хүүхэд, хүүхдийн хүүхэд хэрхэн амьдрах суурийг та өөрөө тавьж байдаг. Түүнээс биш ганц олдож байгаа амьдралд жаргана гээд байж болохгүй. Сайд дарга, баян тарган, ядуу хэн гуай нь ч бай үхэхээрээ яг адил шороон дор орно. Тэгэхээр тэр хүн нийгэмд юу хийсэн тэр үйлс, бүтээлээр ялгарна. Хэдий байхгүй хэрнээ байгаа юм шиг гэж ярьдаг биз дээ. Гэтэл бидний дунд байгаа хэрнээ байхгүй юм шиг амьдраад байж болохгүй. Үеийн үед дуурсагдах бүтээмжтэй, тэр үйлс нь өөрөө нэр төр болгодог, цаашид хоёр дахь удаагаа амьдарсан болдог гэдэг утга энд гарч байна. Тийм болохоор зөв үйлийн үр лүү зүтгэх хэрэгтэй. Гурван үе баян, гурван үе ядуу амьдардаг гэж монголчууд ярьдаг. Баян тансаг болоод ирэхээр зөв үйлийн үрээс холдож дараагийн үе нь түүнийг үүрдэг зовлон байдаг. Алтан ургийнхны онол зөв үйлийн үрийг тавих буюу дараа дараагийн дэвсгэрийг зөв тавих байсан. Үүний хамгийн тод илрэл зөв хүмүүжлийг олгох. "Хүн бүхэн математикч болохгүй, хүн бүхэн ээж аав болно гэдгий бүү март" гэж байдаг. Ерөөсөө амьдралын зарчим тэр.
-Таны гэр бүлдээ баримталдаг зарчим тэгвэл юу вэ?
-Гэр бүлд баримтлах зарчим байлгүй яахав. Жанжин шугамнаасаа хазайхгүй байх, сонгосон ханиасаа урвахгүй, үр хүүхэддээ үнэнч байх хэрэгтэй. Үр хүүхдээ зөв сайхан бодолтой, боловсролтой бие хүн болгоод улс нийгэмдээ тушаагаад өгчихвөл эцэг хүний үүрэг гэдэг тэр шүү дээ. Бие хүн гэдэг аливаа юманд дулдуйддаггүй, үзэл бодолтой хүн болгох хэрэгтэй. Тийм хүнийг бий болгоно гэдэг эцэг хүн болж байгаа нь тэр юм.
-Эхнэртэйгээ анх гэр бүл болж байсан сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-“Гарын таван хуруу" кинон дээр Шагдарыг Должин, "Би чамайг өндөр цалинтай инженер байхад суугаагүй шүү" гэдэг. Яг түүнтэй адил хүн үргэлж хэн байлаа гэдгээ хэзээ ч бүү март. Би эхнэртэйгээ дөнгөж сургуулиа төгсөөд танилцсан. ёстой нөгөө юу юу ч үгүй чемодантай хувцастайгаа ээж, аавынхаа жижиг өрөөнд гал голомтоо асааж, дараа нь айлын байр хөлсөлж амьдарсан. Хамгийн гол нь зөв бодолтой, бүтээнэ, чадна гэсэн итгэлтэй төлөвлөгөөтэй ажиллах юм бол болохгүй, бүтэхгүй юм байхгүй. Залуучуудад хандаж захихад хүний амьдралын амжилт бол мэргэжлээ зөв сонгох. Хүн ер нь эцэг эх, эх орон, бодгал бие гэсэн гурван зүйлийг л сонгохгүй. Бусдыг нь бол сонгоно. Хамгийн номер нэг сонголт бол мэргэжил. Түүндээ дурлах хэрэгтэй л дээ. Тэгж гэмээнэ сая амжилтыг үзүүлнэ. Тэгэхгүй хүсээгүй мэргэжил эзэмшсэн хүн яаж амжилтад хүрэх вэ. Хөгшчүүл гурван настай хүүхдийг хийж байгаа үйлдлээр нь ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг нь ажигллаж мэддэг байсан. Гоё сургуульд сурах сайхан л даа. Залуучууд болж л өгвөл бэлэн юманд хөрвөөх гээд байна. Би хүмүүсийг эзгүй арал дээр аваачвал ёстой хэн нь хэн бэ гэдгийг таньж мэдэх болов уу гэж боддог.
-Ингэхэд "Драмын дөрвөл" хамтлаг -яагаад уран бүтээлээ туурвихгүй нам гүм болчихсон юм бэ?
-Бид ажил их болохоор уран бүтээл хийж амжихгүй явна. Манай хамтлаг байгуулагдсанаасаа хойш хоёр удаа тоглолтоо хийж CD гаргасан. Ирэх 2015 онд манай хамтлаг байгуулагдсны арван жилийн ой болно. Тэр үед тоглолтоо хийнэ. Бидний дуунууд онцлогтой. Зохиогч нь мэдэгдэхгүй орцны олон сайхан дуунуудыг дуулснаар хүмүүст их хурдацтай хүрсэн юм болов уу. Дуу дурсамж авчирдаг гэдэг шиг дуугаар дамжуулж анхны хайр, анхны болзоог санагдуулдаг болохоор бидний дуу илүү хүнд хүрсэн байх. Түүнээс бид ямар мэргэжлийн дуучид биш. Гэхдээ бид чин сэтгэлээсээ дуулдаг.
-Өнгөрсөн оны тавдугаар сард та "Надаас хөврөх үнэн, хайрцаг хугацаа" нэртэй өөрийн бие даасан тоглолт хийсэн. Тоглолтын нэрний тухайд ямар учир утгатай байсныг асуух нь зүйтэй байх?
-Би аливаа юманд үнэн байхыг хичээдэг. Цаг хугацаа гэдэг миний орон зайн үзүүлэлт юм. Миний хийсэн бүтээлүүдийн ихэнх нь хайрын тухай өгүүлдэг. Манай УГЗ Б.Баатар найруулагч маань нэг удаа, "Чамайг хайр Пара гэж нэрлэнэ ээ" гэдэг юм байна. Яагаад гэсэн "Чиний уран бүтээл дандаа хайрын тухай өгүүлдэг" гэж хариулсан. Нээрээ бодсон хайр гэдэг мөнхийн сэдэв. Цэнхэр гараг дээр долоон тэрбум хүн байлаа гэхэд нэг нь нэгэндээ гарцаагүй дурлана. Тэгэхээр долоон тэрбум янзын хайр байна гэсэн үг. Гэтэл бид хичнээн хайрынх талаар өгүүлж чадаж байгаа билээ. Хайр гэхээр давтагдашгүй хайрын тухай хүмүүст уран бүтээл болгон хүргэнэ гэдэг хэзээд сонирхолтой. Хайр өөрөө тухайн хүнтэйгээ адил давтагдашгүй байдаг.
-Энэ ондоо хийхээр төлөвлөж байгаа томоохон уран бүтээл бий юу?
-Бурхан багшийн тухай жүжиг хийх гээд зохиол, судалгааны ажил дээр явж байна. Хүмүүс гэгээрэлд хүрнэ гэж ярьдаг. Зөв л дөө. Хүн гэгээрэх гэдэг зөв болохыг хичээж байна. "Хүний амьдралын утга учир амар амгаланг үүсгэх учир шалтгаан мөн" гэж Далай багш хэлсэн байдаг. Сэтгэл амар амьдарна гэдэг хүний амьдралын хамгийн гол утга учир, аз жаргал юм. Нийгэм стресс, бухимдалтай байхад амар амгаланг өөртөө яаж үүсгэх үү, бусдад атаархаж амьдрах уу, байгаадаа сэтгэл хангалуун амьдрах уу. Тэртээ тэргүй хүй нэгдлийн үеэс нийгмийн аль ч тогтолцооны үед давхарга байсаар ирсэн. Цаашид ч байсаар байна. Гагцхүү хамгийн гол нь байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай амьдрах хэрэгтэй. Хийх гэж буй уран бүтээл минь ард түмний соён гэгээрэлд нэмэртэй болох байх гэж найдаж байна.
-Сүүлийнхээ асуултыг өөрт тань үлдээе.
-Улсын дархан хилийг манаж байгаа нийт хилчдэд эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхнээрээ ард түмэн нь бахархаж, эх орон нь үргэлж харж байдаг юм шүү. Монгол Улсын дархан хил үргэлж бат бөх байх болтугай.
Ярилцсан Ахлагч О.Алтанцэцэг
-Баярлалаа.
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин