2013-12-25Энэ удаагийн дугаартаа "Тусгай салаа" олон ангит уран сайхны киноны Хурцын дүрээрээ үзэгч, уншигчдын эчнээ
танил болсон жүжигчин Д.Мөнхбаттай ярилцлаа.
-Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье. Багадаа хэр хөдөлгөөнтэй хүү байв?
-Би Төв аймгийн Зуун модод төрж өссөн. Намайг наймдугаар анги төгссөний дараа манайх хот руу нүүж ирсэн. Хотод ирээд 44 дүгээр дунд сургуулийг төгссөн. Багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Гэхдээ энэ нь буруу зөрүү зүйл хийгээд, хэрэг төвөгт орооцолдоод явсан гэсэн үг биш. Эрэгтэй хүүхэд бүрт байдаг сахилгагүй зан л юм даа. Найзуудтайгаа нийлээд тоглодог, байнга л хамт байдаг хүүхэд байлаа.
-Жүжигчин мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв. Багаасаа энэ мэргэжилдээ татагдаж, дурласан байсан уу?
-Энэ бол миний хүүхэд байхаасаа л мөрөөдөж байсан мэргэжил. Би бүр бага байхдаа, одоо санахад гуравдугаар ангид л байсан болов уу. Зурагтаар Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай дуулж байсан. Яагаад ч юм тэр хүн над руу хараад, нэг их гоё инээгээд байх шиг санагдаж билээ.
Тэр үеэс л дотроо зурагтаар гардаг хүн болно гэж боддог болсон.Тэр мөрөөдөл минь явсаар байгаад өнөөдрийг хүрсэн байна. Тэгээд яг сургуулиа төгссөн жилээ СУИС-д элсэлтийн шалгалт өгөөд уначихсан. Бүтэн жил өнжиж байгаад дараа жил нь дахиж шалгалт өгч тэнцээд орж байсан даа.
-Таны гэр бүлийхэн дунд урлагийн хүн байдаг уу?
-Яг миний төрсөн ах дүү нар дунд урлагийн хүн байхгүй ээ. Аав ээж минь ч өөр мэргэжилтэй хүмүүс. Харин "А-сарреllа" хамтлагийн дуучин, жүжигчин Д.Төмөрчөдөр миний эгчийн хүүхэд. Харин сүүлийн үед миний охины авьяас тодроод байгаа шүү. Цэцэрлэгээ төлөөлөөд "Бяцхан тод авьяастан" тэмцээнд саяхан оролцсон. Гэхдээ би охиноо урлагийн хүн болгохгүй гэж боддог Одоохондоо бол яахав өөрийгеө задлаад, хегжүүлээд явж байхад гэмгүй.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэрийг минь Ариунзаяа гэдэг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хуулийн зөвлөхөөр ажилладаг Охиныг минь Анхлан гэдэг Одоо дөрвөн настай.
-Оюутан насныхаа тухай, ангийнхныхаа тухай ярихгүй юу?
-СУИС-ийг 2002 онд Н.Ганхуяг багшийнхаа удирдлаган дор төгссөн. Мэдээж оюутан нас минь миний амьдралын хамгийн сайхан дурсамжтай үеүд минь болж үлдсэн. Жүжигчин Ч.Ундрал, "ТВ коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Батаа, найруулагч А.Миеэгомбо гээд манай ангийнхан бараг ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж байгаа.
Сургууль дээрээ хонож хичээлээ давтдаг, хамтарч шалгалтандаа бэлддэг байлаа. Өлсөнө, цангана гээд ядарсан оюутнууд ямар л байдаг билээ. Тийм л баяртай, гунигтай өдрүүдийг бүгдийг нь туулсан. Энэ нь ч их сайхан дурсамж үлдээж дээ.
-Тэр дурсамжийнхаа багахан хэсгээс манай уншигчидтай хуваалцаач?
-Манай ангийнхан сургуулиа тегсөхдөө Антон Павлович Чеховын "Эгч дүү гурав" гээд жүжгээр дипломын ажлаа хамгаалж байсан. Би тэр жүжгийн гол дүр болох цэргийн даргын дүрд тоглож байсан л даа. Бас ажилласан дүрийнхээ тухай бичвэр ажил хийдэг байлаа.
Намайг яг бичвэрийн ажлаа хамгаалж байхад багш нар "Дүрийн хүрээгээ юу гэж авч үзсэн бэ, чи юу гэж бодож байна вэ, яагаад заавал энэ дүрийг сонгож байгаа юм бэ" гээд л асууцгаасан. Тэгэхээр нь би "Хөгширсөн жороо азарга" гээд хэлчихлээ.
Багш нар бөөн инээдэм болоод. Би ч өөрөе их эвгүй байдалд орсон. Гэхдээ энэ дүр чинь угаасаа эгч дүү гурвын дунд гүйдэг, өөрийнхөө нас намбыг бодолгүй залуу бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэдэг дүр шүү дээ.
-Оюутан байхдаа "Мөнхрөх ч биш дээ хоёулаа" дууны клипэнд тоглож байсан?
- МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан хоёр манай нөгөө ангид, дуулаачийн ангид сурдаг байсан л даа. Гуравдугаар курсын өвөл тэр хоёр над дээр ирээд "Бид хоёр нэг ийм дуу дуулсан. Тэрэндээ клип хийх гэсэн юм. Чамд боломж байна уу" гээд асуусан. Тэгээд тэр дууны нь клипэнд тоглосон. Морь унасан хөдөөний залуу болсон доо.
-Тэгвэл хамгийн анх ямар дүрээр камерийн өмнө гарч байв. Бүрэн хэмжээний уран сайхны киноны хувьд шүү дээ?
-Бүрэн хэмжээний киноны хувьд хамгийн анх 2002 оид "Вансэмбэрүү" кинонд тоглосон. Яг хонхны баярын зугаалгандаа явчихаад дөнгөж ирж байтал МУГЖ Н.Батцэцэг эгч над руу залгасан. Тэгээд "Эгч нь нэг киноны зурганд гарах гэж байна. Чи нэг пробонд ороод үзээдэхээч.
Чиний байгаа байдал манай энэ киноны дүртэй тохирох юм шиг харагдаад байна" гээд санал тавьсан. Батцэцэг эгчтэй дэлгүүрийн ойролцоо уулзаж, проб өгч байсан санагдаж байна. Хамгийн инээдтэй нь би хонхны баяраараа жоохон зүггүйтээд нүдээ хөхрүүлчихсэн уулзаж билээ.
Батцэцэг эгчийн “Гурав хоногийн дараа Завхан аймаг руу зураг авалтандаа хөдөлнө. Чи хувийн бэлтгэлээ хангаад, зохиолоо сайн уншаарай. Бас наад нүдээ янзлаарай" гэж байсан нь санаанаас гардаггүй юм.
Ингэж л "Вансэмбэрүү" киноны Тулга гэж гол дүр дээр ажиллах завшаан олдож байлаа. Завхан аймгийн бүх л байгалийн үзэсгэлэнт газруудад очиж зураг авалтаа хийж байсан даа. Энэ миний хамгийн хайртай дүр.
-МҮОНР-той хэрхэн ажил, амьдралаа холбож байв?
-Манай ах радиогийн хүн байдаг Ах маань надад радиод ажиллах санал тавьсан. Ер нь радио гэдэг маань сонсох урлаг шүү дээ. Тэгээд л саналыг нь хүлээж аваад хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. Яваандаа өөрөө тэр ажилдаа дурласан даа.
-"Тусгай салаа" кино таны ажилласан анхны олон ангит кино байв уу. Хурц гэж дүр тантай хэр ойр, төстэй дүр байсан бэ?
-Хурц зан аашийн хувьд надтай харин их ойр дүр байсан. Харин цэргийн хүн гэдэг үүднээсээ бол огт өөр шүү дээ. Ядаж л би цэргийн алба ч хаагаагүй. Амархан дүр гэж юу байхав. Энэ дүр дээр ажиллаж байхад бидэнтэй зөвлөхүүд хамтарч ажилласан л даа.
Надтай хоёр зөвлөх ажилласан. Нэг нь миний яриа хэллэг, нөгөөдөх нь алхаа гишгээ, биеэ авч явах байдал дээр минь тусалж ажилласан. Энэ дүр дээр ажилласан минь ч тэр хоёр зөвлөхийн минь гавъяа. Дээрээс нь найруулагчийн зааварчилгаа.
Энэ бүхэн дээр миний хедөлмөр нийлж энэ дүр боссон гэж би боддог. Зураг авалт гурван сар гаруй хугацаанд үргэлжилж байлаа. Цэргийн 013 дугаар ангид байрлаж зураг авалтаа хийсэн. Кино маань үзэгчдэд маш сайн хүрсэн шүү.
-Одоо ямар нэгэн студи, продакшнд харъяалагдаж байгаа юу?
-Одоо бол би чөлөөт уран бүтээлч.
-Жүжигчин хүний хувьд цаашдаа драмын жүжиг, тэр дундаа сонгодог жүжигт тоглох бодол бий юу?
-Анх төгсөлтийн дипломын жүжгээрээ тайзан дээр гарч үзсэн. "Тусгай салаа" киио гарсны дараа Дэндэв, Сүлд хоёртойгоо нийлээд тоглолт зохион байгуулж, орон нутгуудаар явж тоглосон. Тайзан дээр тоглох үнэхээр сайхан. Хүнийг ииээлгэчихээд алга ташилт, инээдээр шагнуулна гэдэг үнэхээр аз жаргал юм билээ. Ер нь тайзны уран бүтээлд орох сонирхолтой. Бодож л явна.
-Чөлөөт цаг хэр гарч байна вэ. Юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?
-Оюутан байхдаа бол ном унших дуртай байлаа. Одоо бол усанд сэлэх дуртай. Бас ангийн хоббитой. Найзуудтайгаа нийлээд агаарт гарангаа ан хийх дуртай.
-Одоо ном хэр их уншиж байна вэ. Хамгийн сүүлд ямар ном уншсан бол?
-Яг одоо тийм ч идэвхитэй уншигч биш. Цаг зав ч хомс болчих юм. Оюутан байхдаа бол багшийн даалгавар, өөрийн сонирхлоор нэлээд их уншдаг байлаа. Уран зохиолын номыг түлхүү уншдаг байлаа. Манай эхнэр бас ном унших их дуртай.
Эхнэрийнхээ уншсан номнуудаас харж байгаад л уншдаг даа. Ажлын байдлаас болоод барьж тавьж нэлээн юм болж байж л уншиж дуусгах юм даа.Хамгийн сүүлд "Чонон сүлд"-ийг уншсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн зохиолын баатар, бүтээх юмсан гэж хүсч мөрөөдөж явдаг дүр байдаг уу?
-"Монте Кристо гүн" зохиолын Эдмон Дантесийн дүр таалагддаг. Хэрэв энэ зохиолыг монголд кино болгож хийх юм бол энэ дүрд л тоглох юмсан гэж мөрөөддөг Харин кино уран бүтээлийн хувьд сайхан "Мандухай цэцэн хатан" кинон дээр гардаг Мянхай шиг тийм баатрын дүр бүтээх юмсан гэж мөрөөддөг дөө.
-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав?
-Сүүлд МҮОНТ-ийн бүтээл "Огцом эргэлт" олон ангит кинонд тоглосон. Бас "Хориотой загвар" гээд уран сайхны кинонд нэг дүр дээр ажилласан.
-Шинэ уран бүтээлийн саналд хэрхэн хариу өгч байна вэ. Дараагийн уран бүтээл хэзээ гарах бол?
-16 ангитай олон ангит киноны гол дүрд тоглох санал ирсэн байгаа. Он гаргаад энэ кино руугаа орох төлөвлөгөөтэй байна. Энэ кинон дээр давхар хоёрдугаар найруулагчаар ажиллаж магадгүй. Миний өмнөх дүрүүдээс өөр, намайг нэлээд өөр өнцгөөс харуулсан дүр болох болов уу.
А.Халиун
Эх сурвалж: