2013-12-24Латвийн нийслэл дэх “Максим” супермаркет одоогоос нэг сарын өмнө болсон эмгэнэлт хэргийн улмаас
тус улсын Ерөнхий сайд Валдис -Домброскис огцорч байгаагаа мэдэгдсэн. Тэрээр энэ хэргийн төлөө улстөрийн хариуцлага хүлээж байгаагаа албан ёсоор хэлжээ.
-Палестины Ерөнхий сайд Салам Файяд энэ оны дөрөвдүгээр сарын эхээр албан тушаалаасаа огцров. Тэрээр гэнэтийн шийдвэрээсээ өмнө
-Ерөнхийлөгч Махмуд Аббастай эрх мэдлийн хязгаарын талаар ширүүн маргалдсаныг ойрын эх сурвалжууд нь баталсан байна.
-Чехийн Ерөнхий сайд Петр Нечас 2013 оны зургадугаар сарын 17-нд албан ёсоор суудлаасаа огцорч буйгаа зарлажээ. Шалтгаан нь өнгөрсөн баасан гаригт түүний зөвлөх Яна Надёва авлига, албан тушаалаа хэтрүүлсэн гэх таван хэргээр ял сонссонтой холбоотой аж.
-Үүнээс гадна Японы Худалдааны сайд Ёшио -Хачиро 2011 оны есдүгээр сард газар хөдлөлт, цунамид өртсөн Фукушима АЦС-ын бүсийг “Үхлийн хот” гэж хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ “Харамсалтай хэдий ч энэ бүс дэх хот, суурин, тосгон үхлийн хот юм” гэсэн ажээ.
-Харин манай “аваргууд” юу ч болж байсан тоодоггүй. Дургүй нь хүрвэл юу ч ярьсан болно. Хариуцлага байдаггүй гэсэн үг.
“Зууны мэдээ” сонин төрийн түшээдийн 2013 оны хамгийн хариуцлагагүй мэдэгдлүүдийг нэрлэж байна.
ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
“Өндөг 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй. Өндөг бол тансаг хэрэглээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг сагсанд хийгээд дундаж үнийг тооцоолж гаргадаг. 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Гарын таван хуруунд багтах мах, гурил, шатахуун, цементийн үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Бүх юмны үнийг тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ”
2013-10-31 “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын үеэр...
“Би цагаан будаа байхгүй бол гурил иднэ. Яагаад ингээд хэтэрхий тансаг, үрэлгэн байдлыг өөгшүүлээд байдгийг ойлгохгүй юм. Юм идэхгүйгээр өлсөж үх гэж хэлээгүй л байна. Гэхдээ байгаа юмандаа зохицуулалт хийгээд идчих. Манай арвайн гурил гэж галзуу гоё юм байна шүү дээ”
2013-11-21 “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын үеэр...
Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэр Орос, Хятад хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар асуусан сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг толгойгоо гудайлган, нүүр нь улалзан байж хэлэхдээ “Тэр хоёр хүн уулзана уу, байна уу. Хэнд хамаатай юм” хэмээн бувтнав.
2013-4-02 New.mn
БХБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН
“Орон сууцны үнэ 30-40 хувиар буурна”
2013-8-20 “Улс төрийн тойм” сонин
АН-ЫН ГЕНСЕК Ц.ОЮУНДАРЬ
“Ууланд олон хүн алхахыг харлаа. Утааны хүчинд хүмүүс агаарт алхдаг шинэ соёлтой болжээ”
Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь
УИХ-ЫН ГИШҮҮН, МАН-ЫН ДАРГА АСАН Ө.ЭНХТҮВШИН
“Махны үнэ 1200 төгрөг байна шүү дээ”
2013 оны хавар. Чингисийн талбайд.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭРДЭНЭЧИМЭГ
“Ц.Оюунгэрэл сайд америк нөхөртэй учир Батаарыг Монголд авчирсан”
2013-11 дүгээр сар. Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь...
ГИХАЭГ-ЫН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ
“Би энэ ажлыг авснаас хойш гурван зүйл дээр хүнд суртал гаргана гэж бодож байгаа. Нэг нь юу вэ гэхээр, 1990 оноос хойш монгол эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана”
Телевизийн ярилцлагаас...
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Н.БАТБАЯР
“Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Харин ч хоёр дахин буурсан”
2013-9-17. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгээс нь...
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ
“Би 1990 оноос хойш хууль зүйн салбарт ажиллаж байгаа. Тэгэхэд би хавтаст хэрэг бариад Хууль зүйн яам, Төрийн ордон руу ордог прокурор харж байгаагүй. Намайг “маажаад” нэмэргүй шүү. Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Монголын шүүх хэн болсныг ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм”
Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь
Н.АЛТАНХУЯГИЙН ХҮРГЭН Г.ДЭНЗЭН
/ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан/
“Өнгөрсөн жил Англид сурдаг нэг охинтой танилцаад үерхсэн. Сүүлд нь харин Н.Алтанхуягийн хамаатан гэдгийг нь мэдсэн. Н.Алтанхуягийн хамаатан гээд хайртай хүнээсээ сална гэж юу байхав. Би чинь хайрлаж, дурлах эрхтэй юм байгаа биз дээ.
Би долоон жилийн өмнөөс Н.Алтанхуягтай хамтарч ажиллаж байсан. Би түүнийг Ерөнхий сайд болчихно гэж бодоогүй”
2013-4-23 News.mn
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫН АЛБАНЫ ДАРГА Ч.БАТСАЙХАН
“Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил агаарын бохирдол нэмэгдээгүй. Хүмүүст угаар л үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан”
Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь
ИНЕГ-ЫН ДАРГА С.БУЯНДАЛАЙ
“... онгоц буух гэж байхад нисэх зурвас дээгүүр нь цэвэрлэгээний машин “гүйж” явсан. Дараахан нь Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн онгоц буух гэтэл үйлчилгээний фургон зурвас дээгүүр нь давхиж явсан. Сар шахмын өмнө дөө, Канадын амбан захирагчийн хөлөглөж ирсэн Боинг-767 онгоцыг “Чингис хаан” нисэх буудлын хоолойд холбогдоод байтал ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны онгоц халаагч “МП” маркийн машины банкнаас их хэмжээний бензин асгарч гал гарах шахсан гэж байгаа.
ИНЕГ-ын ажилтнаас өгсөн гэх иймэрхүү 10 хол давсан мэдээлэл цахим хуудсууд хийгээд цаасан сонинуудаар дүүрэн байна. Харин тус газрын дарга үүнийг огт тоохгүй байна гэсэн яриаг зарим хэвлэлээр өгчээ. “Хов живтэй зууралдах зав алга” гэж тайлбарласан байх юм”
2013-12-04 Polit.mn
Б.ДАМДИН
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН