2013-12-06
Хүний нийгмийн хамгийн гол хөдөлгөгч хүч нь итгэл, юуны төлөө тэмцэж байгаагаа мэдрэхээс эхэлдэг гэх. Чамд ирээдүйд итгэх итгэл, юуны төлөө амьдарч байгаагаа мэдрэх мэдрэмж байхгүй бол гутранги үзлийн шарилж эргэн тойронд чинь багсайтал ургах болно гэсэн үг бий.
Аливаа улс гүрэн хөгжил дэвшилд хүрэхийн тулд хүн ардаа нэгтгэх үзэл баримтлал, итгэл үнэмшлийг юуны өмнө бий болгохыг зорьдог. Хэрэв бий болгох аваас тухайн улс орон хөгжиж, эс чадсан нь мөхдөг гашуун үнэн түүхийн туршид мөрдөгдсөөр ирэв. Зарим философичид үүнийг хувьсгалын буюу нийгмийн тохироо гэж үзэх нь бий.
Харин бидэнд энэ тохироо, үзэл баримтлал, итгэл үнэмшил байна уу. Би монгол хүн гэж омогшин бадарч, эрх чөлөөний тухай олон жил ярьсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл ард түмэн нь нэгнээ хулгайч, луйварчин, авилгачин, ядуу гэсэн ангилалд хуваан үзэн ядах, өширхөн гоморхох үзэлд баринтаглагдсаар ирэв. Яс үндэс, нийгмийн гарвал, нутаг усаараа талцан маргаж, сүүлийн хэдхэн жилийн дотор нам хэмээх том ангалд үйгээд байна.
Чингис Хаан
Бид Чингис хааны үр хойч, Чингисийн Монгол хэмээн омогшдог ч хөргийг нь архины шилэн дээрээ нааж, брэнд болгож чадахгүй хогийн саванд хаяж байгаадаа сэтгэл эмзэглэдэггүй. Үүнийг нь харахаар Чингис хаанаараа бахархаад омогшоод байгаа нь худал ч юм шиг. Нэг л хуурамч хийрхлийн гал эндээс дүрэлзэхгүй байна гэж үү. Хэтэрхий үндэсэрхэг үзлийн хийрхэл улс үндэстэнийг нэгтгэх бус харин ч эвдрэлцүүлдэгийн жишээ бидний өнгөрсөн түүхэнд их бий.
Монгол хэмээх нэрийг өмчлөхдөө зөв өмчилж, зөв бахархахгүй бол нэг л өдөр мөхөл, сүйрлийн билиг тэмдэг болон үлдэх вий. Дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ жилүүдэд аливаа улс орныг ард түмнийх нь итгэл, эв нэгдэл аварсан нь цөөнгүй. Солонгосчууд улс орондоо нүүрлэсэн эдийн засгийн хямралыг давахын тулд өөрсдийн үнэт эдлэлээ хандивлаж байсан түүх бий.
Улс орноо гэхээсээ илүүтэй солонгос хүн солонгос хүндээ хүндэтгэлтэй хандах үзэл баримтлал, корей гэсэн нэгэн сэтгэлийн дор нэгдэж чаддаг нь өнөөдөр ч тэднийг хүчирхэг байлгаж байна. Холын Америк, Англи хаана л бол хаана Солонгосын бүхэл бүтэн хороолол бий болж, хоолны газрынх нь сүлжээ дэлхийг хэрсэн гэхэд болно.
Тэдний хувьд би солонгос хүн гэсэн омогшил, итгэлцэл, улс орноо гэсэн зүтгэл өчүүхэн газар нутагтай, товойгоод байхааргүй түүхтэй улсыг дэлхийд таниулж ирэв. Манай өмнөд хөрш Хятад Улсын хувьд тэд Күнз, Сүнзийн сургаалийн үзэл баримтлалыг ягштал баримталж, хятад бол дэлхийн төв гэсэн дээрэнгүй атлаа гинжин хэлхээ нь үл тасрах үзлийг хэдэн зуун жил баримталж ирэв.
Хятад хүн бөхийж танилцаад бөхийлгөж зарах ёстой гэсэн зарчим мөн ч олон нүүдэлчин аймгуудыг өөрийн гэх ёс заншилгүй болтол нь уусган залгив. Тэдний бусдыг залгих санаархал өнөөдөр бидэнд нүүрлээд байгаа нь ч нууц биш. Тэд ч энэ үзлээ ил, далд янз бүрийн аргаар илэрхийлсээр байна.
Чингис болон Хубилай хааны талаар хятадууд ихэд хүндэтгэлтэй ханддаг. Учир нь тэд манай Дундад улсыг нэгтгэж өгсөн гавьяатай хэмээн өргөмжилдөг. Харин бид их хаадаа өргөмжлөх бус бизнесийн ашиг сонирхол, түүгээр дамжуулан өөрсдийгөө бусдад таниулах хэрэгслээ болгохоос хэтэрсэнгүй.
Чингис хаан бол Монголын төдийгүй дэлхийн хаан. Тэр их хүнийг бид өргөмжлөн дээдэлж, алдар нэрийг нь өмчлөх эрхтэй ч хэн нэгний бизнесийн сурталчилгаа төдийгөөс хэтэртэл мандуулж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг болжээ.
Шашин
Бид ямар үзэл санаа, шашин дор нэгдэж, итгэж, улс орноо хөгжүүлэх тухай мөрөөдлөөр жигүүрлэж байна вэ. Манай улсад албан болон албан бус мэдээгээр дэлхийн гурван том шашны 80 гаруй урсгал, чиглэл үйл ажиллагаа явуулдаг гэх. Гэхдээ үндэсний шашин гэх буддизм байр сууриа тэдэнд арай ч алдчихаагүй байна.
Гэвч жил бүр уламжлалт цагаан сарын баяр дөхөөд ирэхээр улс орон даяараа хоёр гурав хуваагдан талцаж, хэдийд золгох шинэлэхээ мэдэхээ болин төөрөлдөж эхэлдэг. Хүн бүр зурхайч болж, цагаан сарын баярыг зохион байгуулагч, удирдагч болохын нууцхан санаа нуугаад байсан ч цухалзаад байдаг.
Уг нь ард түмэн маань төрийнхөө сүлдэнд сүсэглэдэг, шашин нь нөлөөтэй байх ахуйд “Төгс буянтын ” гэх зурхайг бий болгосон байдаг. Манжууд монголчуудыг эрхшээлдээ байлгасан он жилүүдэд колончлогч орны журмаар Хятадын хар зурхайн он тооллыг даган мөрдүүлж байв.
Тиймээс ч 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд Жавзундамба хутагтыг хаанд өргөмжилж, тусгаар улсын энгээр сэтгэж, олон зүйлийг өөрчилсний нэг нь улс даяар мөрдөх он тооллыг өөрчилсөн явдал юм.
Монгол мэргэдийн эх орныхоо газар орны онцлогыг тооцож туурвисан зурхайн ёсыг авч хэрэглэхээр болсон нь бид тусгаар улс гэдгээ нотлоод зогсохгүй, өөрийн гэсэн тусгай дэг жаяг бүхий зан суртахуунтай ард түмэн гэдгээ дэлхий дахинаа нотлоход оршиж байж. Харин өнөөдөр үүнийг үгүйсгэгчид гарч ирэв.
Өөр өнцгөөс сэтгэгчид байж болохгүй гэсэн хэрэг биш. Гагцхүү улс орны тусгаар тогтнолтой холбогдол бүхий аливаа асуудалд нэгдмэл байр суурьтай, монгол гэсэн онцлогийг хадгалах цул үзэл бодол байхгүй болж буйн нэг илрэмж энэ. Лалын шүтлэгт улс орон хийгээд еврей нарын нэгдмэл цул байж чаддагийн нууц нь маш энгийн.
Тэд шүтэж буй шашнаа хэдэн зуун жил шүүмжлэхийг эсэргүүцэж, шашиндаа нэг ч хоромд эргэлзэж байгаагүйд оршдог. Израйльд шашны хуулийн дагуу жилд нэг өдөр нялх балчраас эхлээд өтгөс буурал нь хүртэл нэг удаа 24 цаг мацаг барьдаг. Юу ч идэхгүй, юу ч уухгүй. Та еврейн шашинтан мөн бол энэ хуулийг ягштал мөрдөх ёстой.
Гэтэл монголчуудын хувьд шашны хувьд дагаж мөрдөх ёс жаяг хийгээд түүнийг бүрэн төгс бишрэн сүжиглэдэг хүн байдаг гэдэгт эргэлзээтэй. Тиймээс ч шашны талаар нэгдмэл байх тухай ойлголт өнөөдөр төлөвших нь ёстой л “үлгэр” болсон. Төр нь шашнаа, шашин нь төрөө хүндэтгэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт нь бүх шашныг адилхан авч үзэх хэмжээнд гаргасан заалт уу, аль эсвэл зөвхөн ламизмд зориулсан тунхаг уу гэдэгт хариулт байхгүй.
Шашнаа хүртэл хөрөнгө мөнгөөр үнэлсэн улс орон манайхаас өөр бий гэж үү. Та бодоод үзээрэй. Гандан хийдэд буяны ном хуруулахаар очиход бүхий л хурал номын үйл ажиллагаа тусгай тариф бүхий үнэлгээтэй. Ийнхүү шашин нь бүхнийг зоосны нүхээр хараад эхлэхээр шүтэж буй хүний сэтгэлд түүнд итгэх итгэл байхгүй болж эхэлдэг.
Шүтдэг шашнаа зоосны нүхээр харсан хүнд шашин шүтүүлж байгаа лам нь зоосны нөгөө тал болж харагдах нь дамжиггүй. Үүний улмаас бидний шашнаар дамжин нэгдэх, хамтрах тухай ойлголт эргээд зоосны нуруун дээр л уулзах хэрэгтэй болж байх юм. Харамсалтай шүү.
Гэтэл лалын шашинтаны хувьд та лалын шашинтай хүн бол лалын шашинтай хүний ах дүү, түүнд дутагдаж буй зүйлээр туслах анд найз нь байдаг. Харин бид ах дүү байх нь бүү хэл хамт суугаад залбирч чадахгүй өнөөг хүрлээ.
Монголын бүхий л хийдийн хамба лам нар нэг өдөр хамтран буян хурж, ном хурсан өдөр өнөөдрийг хүртэл байхгүй гээд хэлчихэд худал болохгүй байх аа. Тэгэхээр шашин бол монголчуудын нэгдмэл байх, бишрэн шүтэх “туг” биш гэдэг нь ойлгомжтой болов.
Итгэл үнэмшил
Аливаа улс орныг ямар ч хүнд цаг үед ард түмний нэгдмэл итгэл, улс орныхоо төлөө гэсэн хичээл зүтгэл нь аварч байдаг гэх. Дэлхийн II дайнд ЗХУ ялалт байгуулсан нь нам хэмээх нэгдмэл цул зохион байгуулалт, иргэдийнх нь коммунизмд итгэх итгэл байсан гэдэг. Худал гэж хэлэхэд хэцүү.
Тухайн үед монголчууд ялалтын төлөө гэхээсээ илүүтэй ЗХУ-ыг түшиглэн тусгаар улс байх гэсэн итгэл найдвар нь тэднийг дэмжиж, дотроо нэгдмэл байх шалтгаан байсан талаар О.Латтимор гэх эрдэмтэн дурссан нь бий. Хожим монголчууд коммунизм байгуулах тухай тунхаглал, социалист системийн уриан дор нэгдэж байлаа.
Тэр цагт ард түмний улс орныхоо төлөө гэсэн зүтгэл, коммунизмыг байгуулах итгэлийг нам хэмээх байгууллагаар дамжуулан удирдан зохион байгуулж байж. Тухайн үеийн олон ололт, амжилт өнөөдрийн нийгмийн хөгжлийн эх суурь болж байгаа. Түүний нэг нь Эрдэнэт хот.
Шашнаараа дамжуулан нэгдэж чадахгүй байгаа улс орны хувьд шашингүйн үзлийг удирдан чиглүүлэх хамгийн шударга засаглал нь чанга, шударга, хүчтэй хууль, түүнийг хэрэгжүүлэх засаглал. Гэтэл манайд хууль нь гууль, засаглал нь үлбэгэр дорой болов. Иргэдийн хувьд зөвхөн хувиа борлуулах сэтгэлгээн дээр л оршин тогтнож байна гээд хэлчихэд болно.
Аливаа улс орны иргэд бүхий л зүйлийг улс төржүүлж, үзэл санааны хувьд нэгдмэл байж чадахгүй болсон тохиолдолд тухайн улсын хөгжлийн тухай хөтөлбөр нь үл биелэх мөрөөдөл буюу утопизм болон хувирдаг байна. Манай улсын хувьд хүн ард нь үзэл бодлынхоо туг болгох уриалга, үндэстний хувьд нэгдэх хөшүүрэг байхгүй.
Тиймээс ч монгол хүн, монгол хүнээ “тамын тогоо”-ны үлгэрээр төсөөлдөг болоод удаж байна. Эх оронч үзлийг залуу үед төлөвшүүлэх талаар арга хэмжээ авна гэдэг ч Монголын түүхийн хичээлийг хасах тухай яриа өрнөх болсон билээ.
Эх хэл буюу тусгаар тогтнол
Монголчууд мөхөж буй үндэстэн. Тэдэнд 500 жилийн хугацаа буй гэж Оросын түүхч Л.Гумилев үзсэн байдаг. Хүн амын өсөлтийн хувьд биш оюун санааны нэгдэл, улс үндэстнийг урагш нь хөтөлж байдаг үзэл баримтлалын хувьд нэгдэж чадахгүй мөхөх хугацааг тэрээр олж харсан нь тэр байх.
Гадаадын зарим улс оронд хүүхдээ 11 нас хүртэл нь гадаад хэл заахыг хориглодог байна. Эх хэлээ хамгаалан үлдэх нь улс, үндэстний тусгаар тогтнол, үндэстний оршин байхын дархлаа болдог. Харин манай улсын хувьд эх хэлний аюулгүй байдал гэж байдаг бол тэр нь алдагдаад удаж байгаа талаар хэл шинжлэлийн эрдэмтэд байнга сануулсаар ирсэн.
Гэтэл манай улсын сэхээтэнлэг хэсгийнхэн хүүхдээ багаас нь англи, орос, хятад хэлний сургалттай сургуульд явуулах болоод удаж байна. Хүүхдийнхээ сурч буй гадаад хэлийг нь сайн сургахын тулд гэртээ монголоор ярихыг хориглож гадаад хэлээр ярихыг чухалчилдаг болсон тухай нэгэндээ гайхуулан ярьдаг болсон.
Хүүхдээ боловсролтой болгож буй нь сайн ч, эх хэлийг нь мартуулж байгаа нь улс орныхоо тусгаар тогтнол, ирээдүйн эсрэг хийж буй гэмт хэрэг гээд хэлчихэд болно. Хятадууд өнөөг хүртэл дүрс бичгээ солиогүй. Учир нь хятад бичиг байхгүй бол хятад хүн байхгүй болно гэсэн мөрдлөг амь бөхтэй байсаар ирэв.
Хятад хүүхэд эхлээд ханзаа сурсны дараа гадаад хэл сурах бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ нь цаагуураа эх хэлнийхээ яруу тансгийг үл мартуулж буй хэрэг юм. Өнгөрсөн жил Герман яваад ирсэн нэгэн “Би монгол хүндээ хэлмэрч хийнэ гэж ердөө бодож яваагүй. Намайг наашаа нисэх гэж байтал нэг хүүхэн хүүдээ хэлмэрч хийгээд Монголд очиход нь туслаа ч гэж гуйсан.
Хүү нь Тэмүжин гэдэг гоё нэртэй. Даанч монголоороо ярьж чаддаггүй. Австрид өссөн юм билээ. Хэдийгээр гадаад хэлийг эх хэл шигээ эзэмшсэн ч гэсэн монголоороо ярьдаггүй гэхээр их эмгэнэлтэй санагдсан шүү” хэмээн ярьж байсан. Эмгэнэл гэхэд ч багадах биш гэж үү. Дагестаны зохиолч Р.Гамзатов нэгэнтээ Францад очиж. Тэнд Дагестанаас багадаа гарсан нэгэн зураачтай тааралдан хууч хөөрөхөд тэрээр авар хэлээ ор тас мартсан нэгэн байсан гэдэг.
Хожим Дагестанд ирснийхээ дараа түүний хамаатан садан байдаг эсэх талаар сураг тавьж ээжийг нь олж уулзжээ. Ээжид нь хүүгийнх нь талаар ярихад ээж нь -Миний хүү ээжийнхээ цагаан сүүтэй хөхөж өссөн авар хэлээ мартсан бол тэр миний хүү биш. Хүү минь нас барсан гэж хэлсэн гэдэг. Аливаа анкет бөглөх, ажилд ороход хамгийн түрүүнд ямар гадаад хэлтэй вэ гэсэн асуулт бидний өмнө тулгардаг.
Харин монгол хэлээ хэр эзэмшсэн талаар тэнд нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Үнэндээ бид эх хэлээ шүтэх үзлээ аль эрт мартсан ард түмэн. Гадаадад ганц хоёр жил болоод ирсэн нэгэн таван үг хэлэхдээ дунд нь нэг гадаад үг хавчуулж гайхуулдаг сэтгэхүй зөвхөн монгол хүнд л байдаг.
Монгол хэлээ үр хүүхэддээ сургах гэхээсээ илүүтэй гадаад хэл эзэмшүүлэх нь тэдний ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэж үзэгсэд олширлоо. Үнэндээ ч монгол хэл эх орондоо хоёрдогч хэл болоод байгаа билээ. Бүхий л дэлгүүр, албан газар, жижиг цайны мухлаг хүртэл гадаад нэр, хаяг зүүж чамирхах болсон. Ийнхүү монголчууд бид нэгдсэн шүтээнгүй, сүр сүлдгүй, бахархан гайхуулах зүйлгүй ард түмэн болж хувираад байна.
Энэ бол бидний мөхөл. Чингис хааны үед монголчууд хатуу чанга хуулийн дор нэгдэж чадсан нь дэлхийн хэмжээний эзэнт гүрнийг байгуулах хүч чадлыг өгсөн нь түүхэн үнэн. Харин бид өнөөдөр “хоёр толгой”-гоос өөр найдах, бишрэх зүйлгүй болоод байна.
Төрдөө, шашиндаа, хүн арддаа, эх хэлэндээ итгэх итгэлгүйгээр амьдрах нь ирээдүйтэй гэж үү. Коммунизмыг байгуулах, таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө өнгөрсөн зуунд монголчууд тэмцэж байлаа. Харин одоо бид юуны төлөө, юунд итгэн тэмцэж, амьдарч байна вэ. Бидэнд бүтээн байгуулах,гэрэл гэгээтэй сайхан ирээдүйн дүр зураг, эвлэлдэн нэгдэх тэр хүчин зүйл байна уу. Үүнийг хэн,, хэрхэн бий болгох ёстой юм бэ.
Д.Лхагва-Очир
Эх сурвалж: