2013-11-26Хүмүүжигчдийг ял эдлэх хугацаанд нь нийгэмшүүлж, суллагдан гарахад нь нийгэмд бэлтгэх зорилготой хорих ангиас
бэлтгэсэн "Маргаашийн наран" нэртэй бодит нэвтрүүлэг гарч эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. "Royal" телевизээс санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү нэвтрүүлгийн хөтлөгчөөр "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан ажиллаж байгаа юм. Хорих ангийн үйл ажиллагааны онцлог, хорих байгууллагад ажиллаж буй албан хаагчдын ажил байдал, ял эдэлж буй хүмүүжигчдийг нийгэмшүүлж буй байдал, хорих ангиас суллагдсан иргэнийг нийгэмд гарахад нь бэлтгэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх зорилготой уг нэвтрүүлгийг арваад хоногийн өмнөөс Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн даалгавраар хаагаад байгаа аж.
Гэвч өнгөрсөн хугацаанд маш олон үзэгчтэй болоод байсан энэхүү нэвтрүүлгийг хаасанд дургүйцэх хүн цөөнгүй байгаа юм. Салбарын сайдын шинэчлэлийн хүрээн дэх асуудалд хорих ангиудад нээлттэй бодлого явуулах чиглэл, зорилго багтаж байгаа атлаа ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслийг боомилж байгаа нь зүйд нийцэхгүй асуудал хэмээн шүүмжлэх хүн ч байгаа юм.
Өргөст торны цаадхи амьдралыг телевизийн дэлгэцээр харуулж, шоронгийн амьдралыг дэлгэсэн анхны цуврал нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж, янз бүрийн шалтгаанаар гэмт хэрэгт холбогдож, эрх чөлөөгөө хасуулсан иргэдтэй нүүр тулан уулзаж байсан "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлантай уулзаж ярилцлаа.
Тэрбээр уг нэвтрүүлгийг үр өгөөжтэй болгохын тулд багагүй хичээсэн ч ийнхүү хаагаад байгаад сэтгэл гонсгор байгаагаа хэлж байв. Нэвтрүүлэг хийх хугацаанд багагүй ядаргаанд ороод зогсоогүй сэтгэл санааны өөрчлөлтөд орсон учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
-Хаанаас, ямар шалтгаанаар та бүхний нэвтрүүлгийг хаасан талаар мэдээлэл өгөөч. Өнгөрсөн хугацаанд хэдэн дугаар гарсан бэ?
-Арваад хоногийн өмнө хаасан. Өнгөрсөн хугацаанд 23 дугаар гарсан. ШШГЕГ-ын зүгээс олон нийтийн цахим хуудсуудаас бичлэгээ ав гэдэг шаардлага тавьсан. Энэ дагуу нэвтрүүлэг маань хаагдчихаад байгаа нь энэ. Гэхдээ бид энэ нэвтрүүлгийг ШШГЕГ-ын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гаргасаар ирсэн.
Нэвтрүүлгийн хамт олон ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ нэвтрүүлэг эфирээр гараад багагүй хугацаа өнгөрч байна. Тэр утгаараа бид цөөнгүй дугаараа бэлэн болгосон байсан. Барагцаагаар 27-28 дугаар бэлэн болсон байсан ч цаашид эфирээр гарах боломжгүй болчихоод байна л даа.
-Х.Тэмүүжин сайдын тушаалаар хаасан гэсэн мэдээлэл бий. Албан ёсоор нэвтрүүлгээ зогсоох албан бичиг ирүүлсэн үү. Ямар шалтгаанаар хаах болсноо тодорхой тайлбарласан уу?
-Энэ нэвтрүүлэг хаагдсан явдалд ШШГЕГ-ын буруу байхгүйг хэлэх нь зүйтэй байх. Учир нь бид анхнаасаа харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Хууль зүйн сайдын өгсөн чиглэлийн дагуу энэ нэвтрүүлэг зогссон гэж хэлж болно. Хэдийгээр ийм шийдвэр гаргасан боловч ямар шалтгаанаар хааж байгаагаа тодорхой тайлбарласан зүйлгүй байгаа. Ерөнхийдөө нэлээд хаалттай байгаа гэж ойлгож болно.
-Гэхдээ нэвтрүүлгийг хөтлөн явуулж байсан хүний хувьд хаагдах болсон шалтгааны талаар танд ямар нэгэн таамаг байгаа байх?
-Нэвтрүүлэг хэтэрхий ил тод байна гэдэг шүүмжлэл ирсэн байх л гэж ойлгож байгаа. Монголын шорон, төрийн нууцтай холбоотой нэвтрүүлгийг олны өмнө хэтэрхий ил тод гаргалаа гэж үзсэн юм шиг байна лээ.
Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн бусад байгууллагын зүгээс энэ төрлийн буюу ял эдэлж байгаа хүмүүсийн орчин нөхцөлийн талаар нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх, санал, хүсэлт тавьж байсантай холбоотой гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, бусад хэвлэлийн байгууллага барьцсан асуудал гарсан юм шиг байна лээ.
Энэ бол мэдээж миний сэжиг таамаг төдий зүйл. Гэхдээ баттайгаар энд нэг зүйлийг хэлэхэд, ШШГЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд бидний хийж байгаа нэвтрүүлгийн эвлүүлэгт оролцоод, юуг нь гаргаж болох юуг нь болохгүй талаар зөвлөөд явдаг байсан.
Нэг үгээр бол, бид дур мэдэж гаргасан зүйл огт байхгүй, бүх юм тэдний хяналт дор явдаг байсан. Тийм учраас нэгэнт ингээд явчихсан нэвтрүүлгийг хаалгах, олон нийтийн цахим хуудсаас авахуулах шаардлагагүй л гэж би хувьдаа үзэж байгаа. Нэгэнт гарчихсан нэвтрүүлгийг ингэж хаагаад ч хаалт болж чадахгүй шүү дээ.
-Нэвтрүүлгээ хаалгасны дараа учир шалтгааныг нь асууж, өөрсдийнхөө зорьсон санасныг ойлгуулж, үргэлжлэлийг нь гаргуулах талаар хөөцөлдөж үзэв үү?
-Энэ асуудлыг "Рояал" телевиз хариуцаж байгаа. Энэ нэвтрүүлэг бол тухайн телевизийн санаачлан хийж байгаа ажил учраас тэдний өмнөөс би ийш тийш нь асуудал тавьж явахгүй. Миний хувьд нэвтрүүлэгт хөтлөгчөөр л оролцсон. Гэхдээ мэдээж асуулт мэтийг өөрөө бэлдэж байсан л даа.
Энэ нэвтрүүлгийн хугацаанд бид "Номтой нөхөрлөе" клубтэй хамтраад 500-гаад номын фондтой номын сан хорих ангид нээж өгсөн. Түүнчлэн Эмэгтэйчүүдийн хорих ангийн нярайн тасагт 1000-аад живх өгсөн. Үүгээрээ тухайн телевизийн нэвтрүүлэгтэй манай ТББ хамтарч байгаа юм. Гэхдээ энэ үүссэн асуудлаар албан бланкаар харьцах хүн нь би биш "Рояал" телевиз юм.
-Нэвтрүүлгийг дундаас нь ингэж хааснаар үүсэх хохирлын асуудал яригдах байх. Мэдээж нэг нэвтрүүлгийн ард маш олон уран бүтээлч хөрөнгө мөнгө байдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ?
-Олон нийтэд хүрч, эфирээр цацагдахдаа зөвхөн хөтлөгч, хүмүүжигч хоёр гарч байгаа ч бидний цаана арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Зураглаач, монтаж, эвлүүлэгч, найруулагч, продюсер гэх олон хүний дэмжлэг, олон хоногийн хөдөлмөрийн үр дүнд нэвтрүүлэг үзэгчдэд хүрдэг
Түүнчлэн энэ нэвтрүүлгийг хаасан нь олон мянган үзэгчдийг хүндлээгүй асуудал юм. Хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхнээс авахуулаад гадаад дотоодын маш олон хүн үздэг байсан. Нөгөөтэйгүүр энэ нэвтрүүлгийг хийж байсан баг хамт олны урам зоригийг унтраачихаж байгаа юм.
Бид энэ нэвтрүүлгийн 50 цуврал зохиолыг бичсэн байсан. Цаашлаад маш том үр дүн хүлээж байсан. Хамгийн гол нь энэ нэвтрүүлэг шоу биш бодит нэвтрүүлэг байснаараа хүнд хүрэх нь илүү байсан. Тэр ч утгаараа бидний хүлээж байсан үр дүн байхгүй болно л гэсэн үг юм л даа. Тэр утгаараа энэ бол том хохирол.
-Энэ хохирол танаас илүү "Рояал" телевизийн хамт олонд хүнд тусч байгаа болов уу?
-Тэгэлгүй яахав. Надаас илүү телевизийн хамт олонд хүнд тусах нь гарцаагүй. Учир нь энэ бол маш том ажил. Бүх эфирийн цаг, төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байсан учраас.
-Өнгөрсөн хугацаанд цөөнгүй дугаар гарсан. Энэ тоолонд эрх чөлөөгөө хасуулж, нийгмээс тусгаарпагдсан хүмүүс, тэдний хоригддог байранд ажиллана гэдэг ч бас танд амаргүй байсан байх?
-Миний хувьд энэ нэвтрүүлэгт маш их хичээж, бүтэн хоёр сарын хугацаанд хүйтэн газар ажилласан. Үнэндээ өнөөдөр би эмнэлэгт хэвттэлээ л зүтгэсэн. Үнэнээр сэтгэл зүрхээрээ ажилласан л даа. Хүчирхийллийн хэрэг үйлдсэн, хүн худалдсан, алсан, хүмүүстэй нүүр тулж уулзаад ярилцана гэдэг бол асар их сэтгэлийн дарамт юм билээ.
Нэг тиймэрхүү хүнтэй ярилцсан өдөр нойр хүрэхгүй, хар дарж зүүдлэх гэх мэт асуудал багагүй гарсан л даа. Нэг үгээр бол, сэтгэл санааны өөрчлөлтөд орсон гэж хэлж болно. Маш их хөдөлмөрлөсөн л дөө.
-Анхнаасаа хаалттай сэдвийг хөндсөн гэдэг утгаараа тослийн багийнхан аливаа эрсдлийг тооцож үзээгүй гэж үү. Ингэж их хөдөлмөр, цаг зав гаргачихаад дундаас нь хаагдана гэдэг жаахан харамсалтай санагдаж байна л даа?
-Анхнаасаа бид ШШГЕГ-ын холбогдох бүх удирдлагуудаас албан ёсны зөвшөөрлийг нь аваад нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Тэд ч биднийг хүлээж аваад хорих ангийн бодит байдлыг гаргая гэдэгт санал нэгдсэн. Тиймээс бидэнд ямар ч эрсдэл тооцох шаардлага үүсээгүй.
-23 цуврал гарсан гэдэг багагүй цаг зав, хөрөнгө хүч. Багагүй хугацаа. Ийм олон дугаар гартал дуугараагүй атлаа дундаас нь ингэж тасалдуулж байгаа нь ямар учиртай юм бол?
-Салбарын сайд энэ нэвтрүүлгийг гарч эхэлснээс хойш ерөөсөө үзээгүй юм шиг байна лээ. Дундаас нь сураг сонсоод, нийгэмд их бага хэмжээгээр яригдаад эхлэхээр л анхаарал хандуулж, хаасан гэж ойлгож байгаа. Угаасаа нэвтрүүлгийн эхний хэдэн дугаар хорих ангийн талаар албаны хүмүүсийн яриа, байр суурь явсан.
Энэ утгаараа шийдвэр гаргах төвшний хүмүүс төдийлөн анхаараагүй байх гэж ойлгож байгаа. Харин дунд хэсгээсээ эхлээд ял эдэлж байгаа гомо залуу, эмэгтэйчүүд хүүхэд гараад ирэхээр нийгэм өөрөө шуугиж эхэлж таарна. Энэ үед л олж мэдсэн байх гэж таамагааж байгаа. Анхнаасаа анхаарал тавьж үзэж байсан бол ингэж гэнэт дундаас нь зогсоохгүй байх гэж бодоод байгаа юм.
-Үлдсэн цувралуудаа гаргах талаар Хууль зүйн сайдад албан ёсоор хандах уу?
-Энэ талаар "Рояал" телевиз уулзаж, ярилцах байх. Миний хувьд хүчилмээргүй байна. Гэхдээ энэ бол ганц телевиз юм уу миний асуудал огт биш. Угтаа энэ нэвтрүлэг маш олон үзэгчтэй болсон байсан. Өнөөдрийн байдлаар ял эдэлж байгаа 7000 гаруй хүний цаана ар гэр, хамаатан садан гээд нэг хүний цаана 10 хүн бий гэж бодоход 70 мянган хүний сэтгэлийн шаналгаа шүү дээ.
Өршөөлийн хууль яригдсаар жилийн нүүр үзэж байгаа энэ үед хорих ангиудын талаар цуврал үзэгчдэд хүрч, нийгмийн сэтгэлзүйг Өршөөлийн хуулийг батлах тал уруу шилжүүлж байгаа нэвтрүүлэг Энэ хууль батлагдах эсэхийг чих тавин хүлээж суугаа маш олон хүн байгаа.
-Алдаж эндсэн хүмүүсийн өргөст торны цаадхи амьдрал анх удаа телевизийн дэлгэцээр нээлттэй гарснаараа нийтийн анхааралд орж ирсэн. 50 дугаараас 23 нь гарсан гэхээр нэвтрүүлэг зорьсон зорилгоо хагас дутуу ч гэсэн биелүүлж чадсан гэж ойлгож болохуу?
-Энэ нэвтрүүлэг үзэгчдэд маш сайн хүрсэн. Сайн гэдэг нь шорон бол сайн сайхан газар юм гэж сурталчилж байгаа юм огт биш. Энэ дотор чинь ийм амьдрал байдаг юм байна шүү гэдгийг үзэгчдэд харуулж өгсөн. Шоронд орсон хүмүүс бүгдээрээ санаатайгаар хэрэг хийдэг юм биш, дандаа л хулгайч, худалч хүмүүс биш гэдгийг нэг талаас харуулсан.
Шоронгоос гарахаараа тэд чинь хүн болдог юм гэдгийг ч харуулсан. Энэ нэвтрүүлгийг хааснаар хорих ангийг нийгэмд сөргөөр харуулаад зогсчихож байгаа юм. Бнд анхнаасаа энэ нэвтрүүлгийг хэсэгчлэн хийхээр зорьсон. Ингэхдээ эхний удаад хорих ангийг эерэг талаас нь. Энэ нь хорих ангийн сайжирсан төрх.
Хөдөлмөр эрхлэлт, сургалт дамжаа гэх мэтийг харуулсан. Харий дараагийн хэсэгт чанга дэглэмтэй хорих ангиудыг харуулахыг зорьсон. Ингэж тал бүрийн төрх, байдлыг харуулж байж дэнслэх учиртай юм. Нэг үгээр бол, монголын шорон сайн муу, сайхан муухайтайгаа гарах байсан.
Гэтэл одоо ингээд тасалчихаар үзсэн хүн бараг шоронд орчихсон яахав гэсэн бодолтой үлдэж байгаа юм шиг нэг талдаа. Ингээд дуусгачихвал шоронгийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан хүн жирийн дэглэмтэй нэг хорихоор л монголын шоронгийн амьдралыг төсөөлчих гээд байгаа хэрэг
Уг нь үүний араас чанга, онцгой дэглэмтэй хорих ангиуд ямар аймаар байдаг, тэнд орсон хүн яаж зовдог, яаж ялаа үүрдгийг төсөөлөхгүй л үлдэж байгаа юм. Нөгөө талаас манай нэвтрүүлгийг үзсэн өсвөр насны хүүхэд ажил хийж мөнгө олох биш, хууль бус үйлдэл хийгээд эрх чөлөөгөө хасуулчихвал тийм сайхан орчинд очно гээд бодчихвол яах вэ. Товчхон хэлэхэд, энэ нэвтрүүлгийг тасалснаар сүүлд нь гарах сөрөг үр дагаврыг салбарын сайд бодолцож үзсэнгүй л гэж бодож байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Үнэн.мн