2013-11-26Уншигч та бидний дунд “Хувь тавилангийн ээдрээ” киноны Алтангэрэлийн дүрээр танил болсон “Эмоци
продакшн”-ы жүжигчин Г.Эзэнмөнхтэй ярилцаж, ажил амьдралынх нь сонин хачнаас хуваалцлаа. Ингээд та бүхэндээ улсын компанид ажиллахын хажуугаар уран бүтээлээ тууштай хийж байгаа уран бүтээлчтэй хийсэн сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.
-Сайн байна уу. Таныг жүжигчин гэж төсөөлж байснаас ингээд ширээний ард сууж байна гэж бодсонгүй. Хүсэлтийг маань хүлээн авсанд баярлалаа. Ингээд хоёулаа яриагаа таны ажил мэргэжлээс эхэлье?
-Би сургуулиа төгссөнөөс хойш зургаа дахь жилдээ жүжигчнийхээ мэргэжлээр ажиллаж байна. Одоо “Эмоци продакшн”-д харьяалагддаг. Хажуугаар нь Мэдээлэл технологи шуудан харилцааны холбоо “Монгол шуудан” компанид зар сурталчилгаа олон нийттэй харилцах ахлах мэргэжилтнээр ажилладаг.
-Таны хувьд уран бүтээл, ажил амьдралын цаг завыг зохицуулахад хэр хүндрэлтэй байдаг вэ? Их шахуу цагийн хуваарьтай ажилладаг бололтой?
-Тийм шүү, их шахуу байдаг. Гэхдээ залуу хүн гэдэг утгаараа бүгдийг нь болгоё, бүтээе л гэж зүтгэж явна. Мэдээж би улсын байгууллагад ажиллаж байгаа учир хариуцлагатай байх шаардлагатай. Ажлынхаа хажуугаар театр продакшны ажил гээд их гүйнэ.
Цаг заваараа очиж жүжгийн бэлтгэлээ хийдэг. Хааяа жаахан ядрах, нойр хүрэх тохиолдол байдаг. Гэхдээ л би ядарлаа гэж хэлэх дургүй. Аль болох л бүгдийг нь амжуулья гэж боддог доо. Болдог бол энэ биеийг хоёр гурав хуваачихмаар л санагддаг шүү.
-“Хувь тавилангийн ээдрээ” киноноос хойш танд шинэ киноны санал ирсэн үү? Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?
-Энэ киноноос хойш хоёр кинонд тоглох санал ирээд байгаа. Зураг авалт нь хараахан эхлээгүй байгаа. “Хувь тавилангийн ээдрээ” киноны зураг авалт бүтэн жил үргэлжилсэн. Хамт олны маань хувьд бүтэн жилийн хөдөлмөр байсан.
-“Хувь тавилангийн ээдрээ” киноны зураг авалтын үеэр танд хамгийн хүнд нь ямар хэсэг байсан бэ?
-Энэ кинонд тоглож байхад эгчтэйгээ цуг бөө дээр очдог хэсэг байсан. Зураг авалтын багийнхан маань киногоо үнэмшилтэй болгохын тулд яг жинхэнэ бөөгийн гэрт очсон. Тэгээд зураг авалтад бид нар жинхэнэ онгод сахиусын эдлэл хэрэглэл хэц, хэнгэрэг, хувцсыг өмсч онго сахиусаас нь зөвшөөрөл авч байж зураг авсан .
-Тэр үед та бараг бөө болох дөхсөн шүү?
-Тийм шүү. Дүрийнхээ онцлогоос болоод бөөгийн шашны талаар жаахан судалгаа хийсэн. Гэхдээ л Монголчуудын эртээс шүтэж ирсэн бөө мөргөлийн зан үйлийг хараад их гайхсан. Бөөгийн шашин их хатуу дэг журамтай, ёс жаягтай байдаг юм билээ. Тахилтай гэрт орохоос эхлээд гарах хүртлээ нарийн дэг жаягтай байсан. Миний хувьд бөөгийн шашнаас жаахан эмээдэг гэхэд болно.
-Та өмнө нь Онгод сахиустай хүнд үзүүлж байв уу?
-Би амьдралдаа ганц л удаа бөөд үзүүлж байсан. Тэр үед жаахан ажил төрөл маань тавгүйтээд нэг л болж өгөхгүй болохоор очиж байлаа. Тэр хүн маань “Маск продакшны жүжигчин СТА Ц. Ганзориг ах маань байсан юм. Бүтэн шил архи уучихаад сахиус нь гараад явсны дараа амнаас нь огтхон ч архи үнэртэхгүй зүв зүгээр байж байхыг хараад их гайхаж байсан.
-Таны талаар юу хэлж өгсөн бэ, нууц биш бол?
-Миний хувьд жаахан цагаан хэл ам ихтэй байсан юм билээ. Гэхдээ хүн заавал ямар нэгэн юм болж бүтэхгүй боллоо гээд л Гандан орно, бөө дээр очно гэхээсээ илүү хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөөд, бурхан шүтдэг бол түүндээ мөргөөд л явахад хүний амьдрал тэр чинээгээр сайхан байна гэж боддог болсон.
Би ер нь нэг их шашин шүтээд байдаггүй. Ямарваа нэгэн зүйл болохгүй, тавгүй тиймэрхүү байвал ээж рүүгээ нэг залгаж хэлээд хоолойг нь нэг сонсчиход тайвширчихдаг. Би өмнө нь ажил төрөл бүтэхгүй байхад хааяа нэг Гандан орж ном уншуулдаг байсан.
Тэр үед би нэг үеийнхээ лам дээр очоод ном уншуулаад сууж байтал хажууд нь үе тэнгийн лам нар онигоо ярин инээлдэж байтал өнөө надад ном уншиж өгч байсан лам маань ном уншиж байхдаа инээчихдэг байгаа. Би ч тэрүүхэндээ хүүе энэ чинь юу болж байна аа гээд л нэг л итгэл үнэмшилгүй болчихдог байгаа.
-Танд их эвгүй санагджээ дээ?
-Тэгэлгүй яахав. Ер нь шашны хүмүүс тиймэрхүү үйл хөдлөл, үг хэл байдал гаргахад хүнд их сонин санагдаж, сэтгэл урагдах шиг болдог юм билээ. Мэдээж би тэр хүнд итгээд сүсэглээд ирж байхад ном уншиж байхдаа өөр хүн рүү хараад уншиж байгаа номондоо анхааралгүй инээгээд байхад эвгүй юм билээ. Гэхдээ залуу лам нар нь шүү дээ.
-Сүүлийн үед Монгол ёс заншил сэргэж байгаа. Бэр гуйхаас эхлээд л таны хувьд монгол ёс заншлын талаар ямаршуу бодолтой байдаг вэ?
-Монгол ёс заншил сэргэж байгааг их дэмждэг. Тэр дундаа монгол хүн бүрийг монгол гэрээ сайхан бариад хэрэглэлүүдийг нь зөв хэлдэг, ямар утга учиртайг нь мэддэг байгаасай гэж боддог. Жишээ нь гэрийн чагтага гэхэд л ямар учиртай, яагаад салхи шуурга тавихад данхтай ус дүүжилчихэд болдог гээд л.
Энэ бүхний ард ерөөсөө монгол ухаан л байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед ажиглаад байхад ихэнх хүмүүс гэрийн тотго гэж юуг хэлдэг юм бэ? Хаана байдаг вэ? гэхэд л босго руу зааж байх жишээтэй.
Иймд хүн болгоныг л монгол ахуйтайгаа бүрэн танилцаж мэддэг болоосой гэж хүсдэг. Монгол ёс заншил уламжлал бол биднийг монгол хүн гэдгийг илтгэх илэрхийлэх юм. Бэр гуйх ёслолын хувьд нутаг нутгийн ёс ондоо байдаг юм билээ.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач. Бэр гуйсан уу?
-Одоохондоо бэр гуйж амжаагүй байгаа, гэхдээ удахгүй байх. Тэр цагт хэрхэн гуйх асуудал яригдана. Манай хүнийг Уянга гэдэг Дарханы сайхан бүсгүй байдаг. Хувийн амьдралын хувьд бид хоёр одоогоор шинэ хүнээ хүлээж байгаа.
-Жүжигчин хүн бүрт бүтээхийг хүсдэг дүр байдаг. Таны хувьд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
-Би бусад хүн шиг тийм баатар ийм хааны эсвэл түүхэн кинонд тоглох юмсан гэж нэг их боддоггүй л дээ. Миний хувьд ганц хүний кинонд л дүр бүтээж үзэх юмсан гэж нууцхан бодож явдаг юм. Учир нь ганц хүний кинонд тоглоход жүжигчин хүнээс хамаг байдгийг нь шавхаж гаргадаг. Жүжигчин бүр өөртөө байгаа бүх чадвараа гаргасан дүр бүтээхийг хүсдэг шүү дээ.
-Залуу хүний хувьд таны сэтгэлийг эмзэглүүлдэг зүйл юу байна?
-Яривал байна аа байна. Миний хувьд хамгийн их эмзэглэдэг зүйл сайхан сайхан залуучууд энд тэнд өндөг зараад, архи уугаад явахыг харахаар их сонин байдаг. Би өөрийнхөө хувьд архийг “шингэн хар тамхи” гэж нэрлэдэг юм. Хүн гоё үед, хаана хэнтэй хэр зэрэг уух вэ гэдгээ мэддэг, өөртөө тохируулаад хэрэглэчихдэг байхад архидалтаас салж болно гэж боддог.
Харин нэг хүнээр юм хийлгэчихээд л архи барьж гүйдэг хүнд их дургүй. Тиймэрхүү үйлдэл нэгнээ хорлож буруу зам уруу түлхэж байгаа хэрэг. Дээр нь залуучуудын хувьд хүний ухамсар хүмүүжилтэй холбоотой байдаг юм уу.
Ярьж хэлж байгаа үг үйл хөдлөл, ухамсар нэг л дорой байгааг хараад жаахан эмзэглэдэг. Гэхдээ эх орон маань хөгжиж байна, залуу үеийнхэн боловсорч, улам л ухаажиж байна. Мөн эх орны маань бүтээн байгуулалт сайхан болж байна.
М.Болд
Эх сурвалж: Үнэн.мн