2013-11-19Энэ удаагийн дугаартаа "Зөрлөг", "Миний ахын эхнэр", "Валентины захидал", "Дэлхийд дурласан сар" зэрэг дэлгэцийн
бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ олны танил болсон жүжигчин "SBN" телевизийн Кино, гадаад нэвтрүүлгийн продюссер Б.Батзаяатай ярилцлаа.
-Оюутан насны дурсамжтай үеийн тухай ярьж ярилцлагаа эхэлье?
-2000-2004 оны хооронд Д.Жигжидийн нэрэмжит "Кино урлагийн дээд сургууль"-д Ардын жүжигчин П.Цэрэндагва Ардын жүжигчин Д.Мэндбаяр нарын удирдлаган доор суралцаж төгссөн. Арван жилд байхдаа их даруухан байлаа. Би дунд сургуулиа наснааса арай эрт төгссөн болохоор ангийнхан, үеийнхнээсээ нэг юмуу хоёр насаар дүү байсан.
Манай ангиас Н.Уранбилэг Дархан хотын театрт жүжигчнээр, Н.Сандагдорж Сүхбаатарын аймгийн театрт найруулагчаар, А.Цолмон "ЕТV" телевизэд, Н.Эрдэнэбаяр "ММ25-р суваг" телевизэд гэх мэтээр орон нутгийн театруудад болон бизнес, бусад салбарт ажиллаж байна. Зарим нэг нь хилийн чанадад байгаа.
Ангийнхаа хамгийн залуу хамгийн өндөр, хамгийн даруухан нь байсан даа. Ямар сайндаа намайг даруухан болохоор "Энэ залуу яаж жүжигчин болох юм бол" гэсэн асуулт олон удаа хоёр багшийн маань дунд эргэдсэн гэж ярьдаг Сайн багш нарын хичээл зүтгэлээр, ангийн сайхан нөхдийн дэмжлэгээр, би өөрөө ч их хичээсний үр дүнд энэ мэргэжлээ эзэмшсэн дээ.
-Яагаад энэ мэргэжлийг сонгох болов. Мэргэжлийнхээ чухам юунд нь хамгийн их татагдсан бэ?
-Энэ кинотой л холбоотой гэж би боддог Би Эрдэнэтийн унаган хүүхэд л дээ. Анх Эрдэнэтэд кабелийн телевиз тавигдсан цагаас л киноны сувгаас салдаггүй хүүхэд болсон. Ёстой нүд салгалгүй үздэг байлаа. Харанхуй шөнө ээж, аавыгаа унтсаны дараа кино үзээд л сууж байдаг байсан.
Яахав маш олон мэргэжил бодогдож байлаа. Гэхдээ бүх мэргэжлийн холимог, бүх мэргэжлээр ажиллаж, хувирах боломжтой тэр мэргэжил бол жүжигчин юм байна гэдгийг дунд сургууль төгсөхдөө ойлгосон.
Тэр үеэс л би жүжигчин болно гэж шийдсэн. Яг тэр жил би ээжийгээ алдсан л даа. Тийм болохоор ч тэр үү миний хийсэн сонголтыг аав минь эсэргүүцээгүй. Харин ч надад "Чи юу чадна, түүгээрээ амжилт олно" гэж хэлж байсан.
-"ТВ-1" студи, тэр дундаа "360 градус" нэвтрүүлэгтэй анх хэрхэн холбогдож байв?
-Оюутан байх үе юм даа. 2004 оны өвөл тухайн үед “ТВ-5" телевизэд ажиллаж байсан Т.Эрдэнэчимэг найруулагч ийм студи байгуулах гэж байна, хамтарч ажиллах уу гэсэн санал тавьсан. Тэр үед би төгсөх курсын оюутан, төгсөлтийн дипломын ажил болох Софоклын "Эдип хаан" жүжигтээ өөрийгөө бэлдээд үсээ мөрөө шүргэтэл ургуулчихсан хүн явж байлаа.
Тэгээд л анхны жүжигчдээр манай дээд ангийн оюутан Н.Бэгзсүрэн, доод ангийн оюутан Н.Баярсайхан Н.Содчимэг бид хэд ажиллаж эхэлсэн. Эхэндээ манай студи хуучнаар "STV" телевизэд цаг авч "360 градус" нэвтрүүлгээ гаргаж байсан. Дараа нь "МN25-р суваг" телевизэд өгч гаргадаг болсон.
Анх эхлэхдээ л нэвтрүүлгүүдээ нэлээн сенсацитай хийхээр оролдож байлаа. Нэвтрүүлгийн маань төрөл жанр ч гэсэн тухай үедээ өвөрмөц байсан гэж бодож байна. Цаг үеийн асуудлуудыг ёгтолсон, егөөдсөн байдлаар үзүүлэх, инээдмээр шүүмжлэлийг өгүүлэхийг хичээсэн. Ингээд л сургуулиа төгсөхөөсөө өмнө ажлын байртай болчихсон нь энэ.
-Орчуулгын киноны жүжигчнээр хэзээнээс ажиллах болсон бэ?
-КУДС-д сурч байхад минь Ш.Цэцэгээ багш бидэнд дуу оруулалтын хичээл заадаг байсан. Мэдээж нэг улирлын онолын хичээл байсан л даа. Гэхдээ ямар ч л байсан алтан үеийн дуу оруулагчдынхаа тухай, кинонд дуу оруулах тухай тодорхой онолын мэдлэгтэй болсон байсан. Гэхдээ ямар ч практик байхгүй.
Тэгээд "ТВ-1" студид орсныхоо дараа кинонд дуу оруулж эхэллээ. Бэгзсүрэн, Содчимэг бид гурав дуу оруулдаг байсан. Өдөржингөө нэвтрүүлгийн зураг авалттай байж байгаад, орой нь киногоо уншдаг байсан. 90 минутын кино унших гэж шөнийн 22:00 цагаас өглөөний таван цаг хүртэл суудаг байлаа.
Дундаа ганц микрофонтой, гурвуулаа хошуугаа нийлүүлэх шахаж байгаад л уншдаг байсан. Нэлээд "бөөсийг нь түүж", нарийвчилж уншдаг байсан гэхэд болно. Бас "Сансар" кабелийн телевизэд Т.Алтанчимэг эгч, М.Батмагнай нарынхаа хажууд дуу оруулж байсан.
-"SBN" телевизтэй амьдралаа холбоод хэчнээн жил болж байна вэ?
-2006 онд "SBN" телевизийг байгуулагдахад анх кинонд дуу оруулапчаар ажилд орсон. Тухайн үед би "ТВ-1" студиэс дөнгөж гарчихсан байсан үе. Тэгээд өнөөдрийг хүртэл энэ телевиз, хамт олонтойгоо нэр холбогдоод явж байна.
-Хэчнээн кинонд дуу оруулж байсан бол, ямар төрлийн кинонд дуу оруулах сонирхолтой бас хэцүү байдаг вэ?
-Ёстой тоолж байгаагүй. "SBN" телевизээр өнгөрсөн зургаан жилийн турш гарсан бараг бүх хүүхэлдэйн кино, уран сайхны кино, олон ангит кинонууд, шоу нэвтрүүлгүүдэд дуу оруулсан. Ганцаараа бүх эрэгтэй дүрүүдэд дуу оруулж байсан зөндөө кино бий. "Армагедон", "Сувдан эрэг” гээд л.
Тэр олон дүрийн тоглолтуудыг гаргаж ирнэ, текстүүдээ зөв унших ёстой. Тоглолтуудаа бодох хэрэгтэй. Тиймэрхүү ярвигтай зүйлүүд бас бий. Ер нь дүрүүдийн тоглолтын хэв маягийг аль болох гаргаж дуу оруулахыг хичээдэг. Хүүхэлдэйн кинонд дуу оруулах хамгийн "кайф"-тай. “Dragon ball Z” хүүхэлдэй кинонд дуу оруулах хамгийн сонирхолтой..
-Хамгийн анх ямар дэлгэцийн уран бүтээлд тоглож байв?
-Оюутан байхдаа бол киноны олны хэсэг, туслах дүрүүдэд бол орж байсан. Жишээ нь, "Жинжиймаа" киноны Соёлын төв өргөөний гадаа хэсэг дээр нэг цэнхэр курткатай залуу орж гараад л яваад байдаг даа. Тэр чинь би шүү дээ /инээв/. Харин яг гол дүр авч ажилласан нь гэвэл "ZMN" продакшны "Зөрлөг" уран сайхны кино. Энэ кинонд Манлай гэж залуугийн дүр дээр ажилласан.
-Мэргэжлээсээ шантрах үе байв уу?
-Анхнаасаа энэ мэргэжлийг сонгосны хувьд хэцүүг давах л ёстой. Хэцүү үе бол байлгүй л яахав. "Валентины захидал" дээр өвлийн хүйтэнд чихээ хөлдтөл зураг авахуулж л байсан. Мундаг жүжигчидтэй хамт тоглохдоо тэдэнд чирэгдчихгүй юмсан гэсэн тээш их хэцүү. Гэхдээ "одоо больё" гэж бодож байсан үе бол байгаагүй ээ.
Харин ч асуудал гарсан тохиолдолд "Би яагаад болохгүй, чадахгүй байна вэ" гэдэг дээрээ янз бүрийн гаргалгаануудыг гаргахыг хичээдэг Их ул суурьтай бодно, тунгаана, эргэцүүлнэ. Ер нь өөрөө өөртэйгөө л их "хэрэлддэг" хүн дээ. Түүнээс биш энэ мэргэжлээ сонгосондоо харамч байгаагүй. Багш минь ч "зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж яваарай" гэж захидаг байсан..
-Сүүлд "Дуудлага" кинонд тоглосон. Таны ажилласан анхны сэтгэхүйн аймшгийн төрлийн кино байх. Энэ тухайд?
-"Aurora" фильмийн бүтээл, найруулагч Б.Чингүүний найруулсан "Дуудлага" кинонд ажиллаж үзсэн. Б.Чингүүн бид хоёр уран бүтээлийн найзууд. Өмнө нь түүний найруулсан богино хэмжээний кино, дэлгэцийн бүтээлүүд дээр хамтарч ажиллаж байлаа. Бие биенийхээ занг мэддэг болохоор их амархан ойлголцдог.
Энэ киноны ийм дүр байна гээд надад санал тавьсан. Гэхдээ гол дүр бол биш. Тэгээд найзынхаа саналыг хүлээн авсан. Зураг авалт нь өнгөрсөн зургадугаар сараас долдугаар сар хүртэл үргэлжилсэн.
-"Сонголт" телевизийн олон ангит киноны тухай ярья. Олон ангит кинонд ажиллах хүндрэлтэй байсан уу. Эрхэттөр гэж дүрийн тухайд?
-Телевиз бүр өөрийн онцлогтой. Манай телевизийн хувьд хүний бэлэн юмыг гаргахаас илүү өөрсдөө хийж байя, телевиз өөрөө үйлдвэрлэгч байя гэж шийдвэрлэсний үндсэн дээр "Сонголт" киногоо хийхээр зориглосон. Би эхэндээ арын албанд ажиллаж байлаа. Энэ дүр дээр ажиллана гэж мэдээгүй.
Маш олон жүжигчидтэй проб хийж байсан. Найруулагчаар Д.Гансүх ах, Д.Бямбацогт ах жүжигчин хариуцсан найруулагчаар ажиллаж байсан. Эрхэттөрийн дүр дээр ч олон жүжигчид проб өгсөн. Би ч дүрүүдийн пробон дээр харьцаад, туслаад явж байлаа. Проб дууссаны дараа Д.Гансүх найруулагч намайг энэ дүр дээр ажилла гэлээ.
Тэгтэл Д.Бямбацогт ах "Энэ яагаад ч Заяа биш. Заяагийн темперамент нь ч ондоо, байгаа байдал нь ч өөр. Тэгээд ч үзэгчдэд өмнөх дүрээрээ хүрчихсэн. Энэ Эрхэттөр бол өөр" гээд нэлээд эсэргүүцсэн. Тэгээд явж явж найруулагч өөрөө шийдвэр гаргаад, "Заяаг би энэ дүр дээр авна, би өөрөө энэ дүр дээр нухаж тоглуулна, шахна" гээд, бараг л найруулагчийн мэдлээр энэ дүр дээрээ ажилласан.
Нэлээд л ярвигтай байлаа. Үйл явдлыг маш шуурхай үзүүлэхийг зорьсон. Шинэ юмнуудыг хийх гэж хичээсэн. Таван сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Тухайн үед бидний дунд "хамгийн дургүй хүнээ олон ангит кино хиймэр" гэж хараамаар юм байна гэсэн үг хүртэл гарч байлаа.
Миний хувьд амжилттай сайн болсон гэхээсээ илүү их олон зүйлийг сурсан, үзэгчдэд намайг арай өөр өнцгөөс харахад тусласан дүр гэж боддог Гэхдээ найруулагчийн өгсөн дүрийг нь хүссэнээр нь гаргахыг хичээсэн.
-Богино хэмжээний хэд хэдэн кинонд тоглосон. Энэ төрлийн кинонд тоглох нь бүрэн хэмжээний киноноос юугаараа ялгаатай байдаг юм бол?
-"Цэцэг", "Аквариум" гээд хэдэн богино хэмжээний кинонд ажилласан. Бүрэн хэмжээний киноны хувьд би өөрийнхөө дүрийг тоглохоос гадна, хамтран тоглож буй жүжигчид миний дүрийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин богино хэмжээний кинонд бол өөрөө нюансыг гаргахын тулд их л няхуур бодох шаардлагатай байдаг юм байна лээ.
Найруулагчтайгаа их тулж ажиллах бололцоог олгодог гэж боддог Миний ажиллсан энэ төрлийн бүтээлүүд надад миний хэзээ ч бодож байгаагүй дүрийг санал болгосон. "Аквариум" кинонд хараагүй хүний дүрд тоглосон байдаг. Харин "Нөмрөг" богино хэмжээний киноны найруулагчаар миний төрсөн дүү ажилласан. Кинонд ч санаанд оромгүй дүр оногдсон.
-Мэргэжлийн жүжигчний хувьд дэлгэцийн уран бүтээл, телевизийн ажлаас гадна тайзны уран бүтээл, тэр дундаа сонгодог жүжигт тоглох юмсан гэсэн хүсэл байдаг уу?
-Яг одоо бол төлөвлөсөн зүйл алга. Гэхдээ ний нуугүй ярихад тийм санаа бол байдаг. Оюутан байхдаа УДЭТ-ийн "Хүйтэн сэнтий" жүжигт оролцох том боломжоо би өөрөө алдсан. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайтай нэг тайзан дээр гарах, тэр агуу жүжигчинтэй хамтран тоглох алтан боломж байсан.
Одоо тийм гоё боломж гарвал би татгалзахгүй. Ялангуяа драмын театрын тайзан дээр тоглох боломж олгох юм бол татгалзахгүй хүлээж авна. Энэ тайзны араас бүтэн хоолойгоор яриад тайзан дээр гарч ирнэ гэдэг бол агуу зүйл шүү дээ. П.Цэрэндагва багштайгаа нэг тайзан дээр гарах, Д.Мэндбаяр багшийнхаа хүү нь болж тоглох юмсан гэсэн мөрөөдөл бол бий.
-Шинэ уран бүтээлийн санал хэр их ирж байна. Хэрхэн хариу өгч байна?
-Саналууд бол ирж байна. Кино зохиол нь бичигдээд дуусч байгаа шинэ саналууд ч байна. Гэхдээ телевизийн ажлын хажуугаар зав гарахгүй юм. Өглөө телевизийн шуурхай, араас нь захиргааны хурал, төсөл төлөвлөгөөний хурал, амралтын өдрүүдэд зураг авалт, нэвтрүүлгийн редактор хийдэг учраас монтаж гээд л ажил их байна даа.
Манай телевизийн "Сувдан даруулга" гээд олон ангит кино хийгдэх гэж байна. Дүрийн сонголтууд дуусч жүжигчдээ сонгосон. Зургийн объект, павьлион, хувцас хэрэглэл гээд бэлтгэл ажлууд ид хийгдэж байна. Он гарсны дараа зураг авалт эхэлнэ. Энэ кинондоо би өөрөө жижиг дүртэй орно.
Миний хувьд дипломын ажлаараа Софоклын "Эдип хаан" жүжигт тоглосноос өөр түүхэн уран бүтээлд оролцоогүй. Энэ кинонд ардын хувьсгалын өмнөх үеийг харуулна гэхээр одоогоос зуугаад жилийн өмнөхийг өгүүлнэ гэсэн үг. Бас жаахан ярвигтай дүр гаргахаар төлөвлөж байна.
А.Халиун
Эх сурвалж: