Вероника үхэхээр шийдсэн нь “Солиорох хэрэгтэй. Гэхдээ бусдын анхаарлыг татахгүйгээр солиорч сурах хэрэгтэй. Бусдаас онцгой содон амьдарч чадахуйц зоригтой бай.” “Вероника үхэхээр шийдсэн нь” номоос...

“Паалантай тоосгоор доторлосон өрөөнд ороход өрөөний голд хулдаасан бүтээлэгтэй ор, дэргэд нь эмнэлгийн багаж байв.

- Та намайг цахилгаан гүйдлээр цохиулах гэж байгаа юм уу? гэж би Бенжамин Гаспар Гомез эмчээс асуулаа.

- Санаа зоволтгүй дээ. Эмчлүүлэх үед санаснаас хавьгүй бага өвддөг юм. Нэг их өвдөхгүй ээ.

Орон дээр хэвтмэгц сувилагч ирээд, аманд нэг гуурс шургуулахад хэлээ ч хөдөлгөж чадахгүй болчихов. Дараа нь чамархайд хоёр электрод зүүсэн нь яг л чихэвчний утас шиг санагдав. Өнөөх багажийг асаах үед би будаг нь ховхорсон тааз ширтэн хэвтэж байлаа. Удсан ч үгүй дээрээс хөшиг унаад ирэх шиг болоод, орчны зүйлс замхарснаа харанхуй нөмрөөд ирлээ.

Эмч үнэн хэлжээ. Нэг их өвдсөнгүй. Би дээрх эхийг сүүлчийн номноосоо ишилж аваагүй. Сэтгэцийн эмнэлэгт хоёр дахь удаагаа хэвтэж байхдаа энэ тэмдэглэлийг бичиж байсан юм.

1966 онд буюу Бразилийн цэргийн дарангуйллын хар бараан он жилүүдийн (1964-1989) эхээр, олон нийтийн зарим нэг хүчин чармайлтын ачаар дотоодын хавчлага шахалт бага ч атугай намжсан үе. Ийм хүнд хэцүү цагийн нөлөөгөөр дунд давхаргын сэхээтнүүд үр хүүхдээ, ач зээ нараа “урлагийн хүн” болгохоос зайлсхийж байсан цаг.

Тэр үед Бразилд “урлагийн хүн” гэдэг эгээ л ижил хүйстэн, коммунист, хар тамхичин, ажилгүй сэлгүүцэгч гэдэг үгтэй адилхан сонсогдож байлаа.

18 настай байхдаа би удахгүй сайхан амьдрах цаг үе ирнэ гэдэгт итгэдэг байсан юм. Олны талархлыг хүлээсэн хүн болохын тулд орой бүр хичээллэж, харин шөнө нь унтах үедээ л урлагийн хүн болох гэсэн бяцхан мөрөөдлөөсөө холддог байлаа. Хаанаас ч эхлэхээ мэдэхгүй би театрын дугуйланд элслээ. Мэргэжлийн жүжигчин болохгүй гэж боддог байсан боловч дугуйлангийнхаа хүмүүстэй үй зайгүй найзууд болж билээ. Бие биеэ хонь, чоно шиг үздэг хоёр ертөнцийг энх тайвнаар зэрэгцэн орших цаг ирнэ гэдэг өөдрөг үзлийг минь эцэг эх маань ойшоодоггүй байв.

Нэг орой нэлээн халамцуу гэртээ орсон намайг өглөө нь хоёр сувилагч сэрээв. (...)

Нэг л хачин, нэг л сонин, эрх чөлөөтэй болсон юм шиг мэдрэмж төрж билээ. Бусад хүмүүсийн хувьд бол хэзээ ч зөвшөөрөхгүй зүйлсийг надад зөвшөөрдөг боллоо. Би үеийнхээ залуусаас огт өөр хүн боллоо. Хорин нас хүрдэг жил гурав дахь удаагаа эмнэлгээс гарахдаа ийм л мэдрэмж мах цусандаа шингээсэн байсан. Гэвч тэр үед нийгэм өөрчлөгдсөн байв. Намайг дахиад “зүггүйтээд” ирэхтэй зэрэг эцэг эх маань ахиад сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлчихэв. Тэд надад мэдэгдэлгүйгээр намайг эдгэшгүй сэтгэцийн өвчтэй гэж эмч нарыг ятгаад, тэнд үлдсэн насаа өнгөрөөх тухай хэлэлцсэн байжээ. Миний зан ааш улам л ширүүн болсоор, уурлаж бухимдах маань ч хэрээс хэтэрлээ. Эмч нар хайхрах шинж алга. Эрх чөлөөг л мэдрэхийг хичээдэг боллоо. Нэг үгээр “урлагийн хүний амьдралаар” амьдрахыг мөрөөдсөөр. (…)

Бүтэн жил хүссэнээрээ амьдарсан даа. Гэтэл жүжгийн дугуйланг маань улс төрийн шалтгаанаар хааж орхив. Тагнуул туршуулууд хаа сайгүй үүрлэлээ. Миний бичсэн зохиолыг хэвлэх газар олдохгүй, ядаж байхад ирээдүйн баталгаатай ажил төрөл ч үгүй, номын дуу сонсож үзээгүй надтай үерхэх ч охид олдохгүй байв. Ингээд эцэст нь бүтэшгүй мөрөөдлөө хаяхаар шийдлээ. “Бодит ертөнцөд надад гишгэх газар олдохгүй нь. Ажил төрөл ч үгүй, хүсэл мөрөөдөл ч биелэхгүй. Та нарын зөв байжээ. Би хэнд ч хэрэггүй хүн юм, буцаж эмнэлэгтээ хэвтье дээ” гэж дотроо өөрөө өөртөө хэлж байлаа. Хувь тавилан их хатуу юм даа. Өрөөгөө буулгасны дараа ээж аав хоёр маань эмч рүү залгаж байгаа дуулдав. Эмч нар намайг холын аялалд авч явах гэж байгаа юм шиг бөөцийлж өгнө. Олс хүлэг барьсан хэдэн сувилагч дагуулсаар бага эмч орж ирэх нь тэр. Урагдаж навсайсан ном дэвтэр, цуу татсан хөшиг даавуун дунд суугаа намайг хараад, эмч тэнд байсан хүмүүсийг өрөөнөөс гарахыг хүслээ.

- Юу болоо вэ? гэж надаас асуув. Би юу ч дуугарсангүй. Сэтгэцийн өвчтөн угаасаа хүнээс ангид зүйл хийдэг шүү дээ.

-Дүрсгүйтэхээ боль гээд эмч “Би чиний өвчний түүхийг уншсан. Чи тийм ч тартагтаа тулсан өвчтэй хүүхэд биш. Чамайг эмнэлэгт хэвтүүлэхгүй” гэв. Эмч гарч яваад, тайвшруулах эм бичиж ээж аавд маань өгөөд (би үүнийг сүүлд олж мэдсэн л дээ) намайг “Нөхцөл байдлыг ухаарах чадваргүй болсон” гэж оношиллоо.

Жирийн хүмүүс цөхөрч, сэтгэл гутарсан үедээ заримдаа ингэж амьдралаас уйдах тохиолдол гардаг. Тэд амьдралын хатуу хүтүүг сөрөхөөс халширч, “өвчтэй” дүр эсгэдэг юм. Эцэг эх маань эмчийн зөвлөгөөг анхааралтай сонссон бөгөөд намайг дахиж сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээгүй.

1997 онд гурван муж улсаар тойрон аялсны дараа би нэг гайхалтай зүйлийг ажиглаж мэдсэн. Юу вэ гэвэл, нэлээн олон хүн, бага байхдаа ор дэрээ бусниулж дүрсгүйтэж байсантай минь адил зүггүйтэхийг хүсдэг ажээ. Бусдаас онцгой содон байхын оронд хэн ч юм бэ дээ хэн нэгний бодож боловсруулсан сургаал номлолыг баримтлан, томоохон оромжинд хүмүүс амьдрахыг хүсдэг юм билээ. (…)

Хэвийн байдал, гажиг хоёрын дунд “бусдаас содон онцгой байх” гэсэн завсрын үе байдаг. Хүмүүс “бусдаас содон онцгой” болохоос үнхэлцгээ хагартал айдаг. Би өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралд үндэслэн ном бичихээр шийдсэн юм.

Ингээд би “Вероника үхэхээр шийдсэн нь” нэртэй ном туурвисан. Өөрийгөө эмэгтэй дүрээр дүрсэлж, хөндлөнгийн гурав дахь хүний байр сууринаас бичсэн. Яагаад гэвэл, би сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байснаа өгүүлэхийг гол зорилгоо болгохыг хүсээгүй харин бусдаас содон байх ямар эрсдэлтэй болохыг мөн бие биетэйгээ адилхан байхын сул талыг өгүүлэхийг зорьсон юм.

“Вероника үхэхээр шийдсэн нь” зохиолоо Бразилд 1998 оны 8-р сард хэвлүүлжээ. Тэр оныхоо 9-р сард гэхэд надтай адил зовлон бэрхшээл амссан хүмүүсээс 1200 гаруй и-мэйл, захидал ирж билээ.

10-р сар гэхэд уг номд дурдсан гутрал, айдас хүйдэс, амиа хорлолт зэрэг нь улс үндэстний хувь заяанд хор хохирол учруулахуйц хэмжээнд хүрсэн талаар онолын бага хурал хүртэл зохион байгуулагдсан юм.

ЦАГ ТӨР