2013-11-18“Та минь ээ, цаана чинь манай эдийн засаг хямарч байгаа гэнэ шүү” хэмээн хэн нэгэн цуурч,
нийгэмд энэ мессеж асар хурдан тархдаг нь иргэд мэдээлэл муутай байгаагийн шинж юм. Тэгвэл эдийн засаг хямарна гэж яахыг хэлдэг вэ. Бодитоор бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг, улс оронд ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ.
Эдийн засагчдын ярьж буйгаар хямрал гэдэг бол энгийнээр тайлбарлахад тухайн улс өрийн дарамтанд орж, төсвийн алдагдал нь хэмжээ хязгааргүй нэмэгдэж, инфляц нь огцом өсөж, иргэд ажлын байраа алдаж, эдийн засаг өсөлтгүй болон буурахыг хэлдэг ажээ.
Иргэдийн цуурч байгаа шиг өнөөдөр Монголын нөхцөл байдал, эдийн засаг гацаанд орчихоог үй байна. Харин ч эсрэгээр, инфляц буурсан, гадаад өрийн хэмжээ зохистой түвшинд, ажлын байр хэвээр хадгалагдсан төдийгүй шинээр ажилд орсон хүний тоо огцом нэмэгдсэн, төсвийн алдагдал ч зохистой, бага хэмжээнд байгаа гэнэ.
2012 онд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ 40 хувиар буурахад Монголын эдийн засаг 1.3 хувиар унасан. Харин энэ онд нүүрсний үнэ 30 хувиар буурсан ч Засгийн газар, Монголбанкны хүчтэй тэлэх бодлогын үр дүнд эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөөд байна.
Олон дэд хөтөлбөр, “Чингис” бонд, мөн түүнчлэн төсвийн бодлого тэлэх бодлого явуулаагүй байсан бол эдийн засаг бодитоор 10 хувиар унаж хямрах байсныг эдийн засагчид хэлж байв. Үүнээс гадна хямралын шуурганд 204 мянган хүн ажлын байраа алдах аюул нүүрлээд байсан ч Засгийн газар ажлын байрыг хадгалж үлдэх оновчтой бодлого явуулж, ажилгүйдэл эрс буурсан.
Төрөөс хэрэгжүүлсэн энэхүү бодлого арилжааны банкуудад хамгийн том дэмжлэг, тулах багана болсон. Гадаад зах зээл муудаж, эх үүсвэр ховордож, нүүрсний үнэ унаж байгаа өнөө үед банкуудын эх үүсвэр дагаад хомсдох байв. Ингэснээр банкуудын зээл олгох чадвар суларч, зээлийн багцын өсөлт царцах байлаа.
2009 онд эдийн засаг хямрахад энэ удаагийнх шиг Засгийн газар, Монголбанкнаас эх үүсвэр өгөөгүй учраас банкууд эх үүсвэрийн тасалдалд орж зээл олголт нь мэдэгдэхүйц буурч, компаниуд зээлгүйгээр нам зогсож байсан удаатай. 2010 оноос дотоодын эдийн засаг уналтын дараа харьцангуй сэргэж эхэлснээр зээлийн өсөлт түүхэн дээд амжилт 72.8 хувьд хүрч байжээ.
2013 онтой золгосноор дахиад л хямрал, зээлийн удаашралыг тэд амсах байв. Хэрвээ Монголбанк, Засгийн газар гурван их наяд төгрөгийг банкуудаар дамжуулан эдийн засагт нийлүүлээгүй байсан бол өнөөдрийн зээлийн өсөлт 46.6 хувь биш 3.9 хувийн уналттай гарах байв. Зээл ийнхүү тасрахад компаниуд эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээлгүй болж, аливаа бизнесүүд тэр чигээрээ царцах байсан юм. Зөв эдийн засгийн бодлого бүх салбарт ийнхүү үр өгөөжөө өгдөг нь тодорхой харагдаж байна.
Арилжааны банкууд томорч, Эдийн засаг өсчээ
Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаар бүрдүүлж байна. Арилжааны банкийг макро эдийн засгийн толины тусгал ч гэж үздэг. Банкууд сайжирч томорч гэмээ нь тухайн эдийн засаг өсөж, тэр хэрээр эрүүл байна гэж ойлгож болно. 2012 оны эцэст арилжааны банкуудын нийт активын хэмжээ 12 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 18.2 их наяд төгрөгт хүрээд байна.
Энэ хугацаанд нийт 6.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Банкуудын нийт хэмжээ ийнхүү 18.2 их наяд төгрөгт хүрсэн нь энэ оны ДНБ-ий хүлээгдэж буй гүйцэтгэл болох 16.8 их наяд төгрөгөөс давсан үзүүлэлт юм. Тэгэхээр энэ онд арилжааны банкууд ихээхэн томорсон, энэ хэмжээгээр эдийн засаг өссөн гэж шууд дүгнэж болохоор байна.
Хямралын шинж тэмдэг нь банкны үзүүлэлтүүдээс тодорхой харагддаг. Тэгвэл хүмүүсийн яриад байгаа шиг үнэхээр манай эдийн засаг хямарсан бол банкууд төлбөрийн чадваргүй болж, зээл нь чанаргүйдэж хүндрэлд орсон байх учиртай. Гэтэл өнөөдрийн байдлаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар зохистой хэмжээнээс 60 хувиар илүү, чанаргүй зээлийн хэмжээ зохистой хэмжээнээс 40 хувиар бага байгаа юм.
Улс хөгжих, эсэх нь зээл дээр тогтдог
2011 онд төсвийн алдагдал 529 тэрбумд хүрч, 2012 онд 1.1 их наяд төгрөгийг шүргэж байв. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны төсвөө өөрсдөө зохион, захиран зарцуулалтаа мөн бие даан хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар ердөө 93 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа юм. Энэ нь олон жилийн дундаж жишгээс 4-5 дахин бага үзүүлэлт ажээ.
“Чингис” бонд, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтын зээлүүд бол өр биш юм. Манай улстай ойролцоо хүн ам, эдийн засгийн хэмжээтэй дэлхийн улс орнуудтай харьцуулаад үзэхэд өрийн хэмжээ болон ДНБ-ий харьцаа
50-70 хувьтай байхыг хэвийн, харин 100-гаас дээш давсан тохиолдолд эрсдэлтэй гэж үздэг байна. Монгол Улсын өр ДНБ-ий харьцаа 2012 онд 53.3 хувь, 2013 онд 49.8 хувьтай байгаа. Засгийн газар нэмж 2.1 тэрбум ам.долларын зээл авбал энэхүү харьцаа 2014 онд 50 хувьтай болохоор байгаа.
Энэ бол зохистой хэмжээ юм. Зээл авахгүйгээр явбал эдийн засгийн хөгжил удааширдаг нь эдийн засгийн онол, практикт батлагдсан зүйл. Өөрөөр хэлбэл, бидэнд асар их нөөц боломж, зах зээл байгаа учраас нэмж бонд гарган стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх шаардлага бий.
Улс орнуудын хурдан хөгжлийн загвар нь гагцхүү гаднын хөрөнгө оруулалт, зээл дээр тогтдогийг судлаачид дуу нэгтэй хэлдэг билээ.
М.Тэргэл