2013-11-18Эрхэм гишүүн та шинэчлэлийн засгийн газрын эдийн засгийн шийдвэрүүдэд нухацтай хандаж буруу гэж үзсэн
зүйлсийг нь засаж залруулах талаар үгээ хэлж, чармайлт гаргаж ирснийг бид анзаарч, сайшаан харж байдаг.
Гэвч төсвийн төсөл дээр хариуцлагагүй ажиллалаа хэмээн УИХ-ын удирдлагыг буруутгахдаа өмнөөс нь хариуцлага хүлээхээр шийдэн УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзахаар өргөдөл гаргасныг бид зөв алхам гэж үзэхгүй байна.
Улс орны эрх ашигт холбогдсон чухал асуудал дээр зарчимч, зөв зүйтэй байр сууринаас хандаж шаардлага тавьж байгааг бид талархан дэмжиж байгаа. Энэ утгаар УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзаж УИХ-ын удирдлагын өмнөөс хариуцлага хүлээх хувилбарыг сонгоход ч бэлэн гэснийг иргэний эх оронч байр суурь гэж ойлгож болох ч, УИХ-ын гишүүн хүний хувьд сонгогчдийн эрх ашигт нийцсэн алхам биш юм.
Та сайд ч юм уу, ерөнхий сайд ч юм уу байгаад өөрийн удирдлагад байдаг хүмүүсийн ч юм уу, хариуцсан салбарын ажлын доголдлоос болоод огцорч байгаа бол бид таныг өндөр ёс суртахуунтай байна гээд талархан хүлээж авах байлаа. Гэвч УИХ-ын гишүүний суудал бол зөвхөн таны бие хүнтэй холбогдсон, зөвхөн таны хувийн эрх ашиг, эрх мэдэлтэй л холбогдсон зүйл биш ээ!
Өнөөдөр ихэнх монголчуудын хүсч байгаа нэн чухал зүйл бол шуудхан хэлэхэд АН-ын засаглалыг ядаж энэ сонгуулийн хугацаанд нь ганхуулахгүй хадгалаж, ажиллах боломж олгох явдал гэдэг дээр олон хүн, түүний дотор МАН намын улс орноо гэсэн бодолтой олон гишүүд, дэмжигчид ч санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Гэтэл таны УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзах санал нь УИХ-ын удирдлагад сайн ажиллахыг шаардсанаараа сайн талтай боловч, сөрөг хүчинтэйгээ суудлын тооны зөрүү багатай байгаа нөхцөлд Шударга ёс эвслийн суудлын тооны давуу байдалд эрсдэл учруулах бөгөөд иймэрхүү аливаа алхам нь АН-ын засаглалын тогтвортой байдалд заналхийлэх учраас наанадвал сонгогчид бидний эрх ашигт, цаашилбал улс орны язгуур эрх ашигт нийцэх биш, харин ч хор хүргэх юм.
Шинэ засгийн хийж байгаа зүйлсийн дотор бидэнд ч гэсэн таалагдахгүй юмс байгаа.
Том асуудлын жишээ гэвэл, юунд зарахаа бүрэн гүйцэд төлөвлөж, бэлтгэлийг нь зохих ёсоор хангалгүйгээр Чингэс хэмээх бонд түргэн түүхий гаргаж, улс орныг огт шаардлагагүйгээр өртүүлж, илүүц төлбөр төлөхөд хүргэж байгаа явдал бол улс орны удирдлагын түвшний хүмүүсийн хувьд байж боломгүй болчимгүй, мэдлэггүй, хариуцлагагүй ажил гэж олон хүмүүс үзэж байгааг бид ч бас хуваалцаж байгаа.
Одоо жижиг асуудлын нэг жишээ хэлье. Өр зээлээр санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж, хангаж чадахгүй амин чухал хэрэгцээ өдий төдий байгаа нөхцөлд Улаанбаатар хотыг гоё сайхан болгох нэрийдлээр хэдхэн сарын настай гудамжны цэцэг импортоор оруулж ирж хэдэн зуун сая төгрөгний үргүй зардал гаргасан нь, зөөлнөөр хэлэхэд, хойшлуулшгүй чухал хэрэгцээнээс үүдсэн зардал мөн үү.
Энэ мэтийг бодохоор АН- ын удирдлагатай хариуцлага тооцмоор нь үнэн ч Баабарын хэлдгээр жоомоо устгах гээд гэрээ шатаах юм хиймээргүй байна. Таны гишүүний суудлаасаа татгалзах алхам бол чухамхүү энэ жоомоо устгах гээд гэрээ шатаах гэгчийн нэг жишээ болчих гээд байна. Яагаад гэвэл Шударга ёс эвслийн засаглалд ганц ч атугай суудлаар эрсдэл учруулах гээд байна.
Тэр ч бүү хэл, чухамхүү Шударга ёс эвсэлийн төр барих эрхэд эрсдэл учруулахгүйн тулд бид гадаадад обшор данс нээлгэсэн гэсэн шуугианы бай болсон Баярцогт гишүүнийг гишүүний суудлаас нь татгалзуулж мөрдөн шалгах ажлыг ч гэсэн энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуустал хойш тавих ёстой гэж үзэж байгаа. Ганц түүнтэй бол 2016 оны сонгуулийн дараа тооцоо хийхэд оройтоод сүйд болохгүй. Өчүүхэн гайтай яарч зууралдаж байж төрөө ганхуулчихвал бүр ч дор, улс төрийн хувьд харалган, бас хариуцлагагүй явдал болно гэж бид үзэж байгаа. Гэхдээ ТВ гээр зүс үзсэнээс цаашгүй Баярцогтод хайртайдаа биш, өөртөө, өөрийн гэр бүлийнхэндээ хайртай учраас тэгж үзэж байгаа юм. Учир нь Шударга ёс эвслийн засаглалийг сонгогдсон бүрэн эрхийнх нь хугацаанд өчүүхэн ч атугай эрсдэлд учруулахгүй ажиллуулах нь улс орны үйл хэрэгт илүү өлзийтэй гэж бид үзэж байгаа. Тэгээд ч үүнийг бичигч би бол аль нэг намын гишүүн бус хүн.
Энэ удаа бол би өөрийг тань сонгосон сонгогчийн хувиар л үүнийг бичиж байна. Гэхдээ би тань шиг гишүүн болох гээгүй болохоор хэвлэлийн од болохгүйн тулд дор бүрэн нэрээ бичихгүй. Энэ нь хуулиар олгогдсон миний эрх. Тэгээд ч дугаар хорооны иргэний нэр хэнд сонин юм. Таны сонгогч, бас энэ улсын иргэн гэдэг нь ойлгогдож байхад л хангалттай. Харин хуулийн шаардлага гарвал холбогдох хүмүүсийн албан хэрэгцээнд зориулж бүрэн нэр ус, хороо хорин, гэрийн хаяг, регистрийн дугаар мэтийг өгөлгүй яахав. Тэр бол иргэн миний үүрэг.
Гэхдээ таны тойргийн сонгогч мөн гэдгээ, гол нь өөрт тань нотлохын тулд сонгуулийн үеийн та бүхний ч санаж байх ёстой зарим дурсамжаас хуваалцая.
Нэг удаагийн иргэдийн цуглаан дээр би нийтийн дунд дараах зүйлсийг хэлж байсан даа, санахаар содон юмс:
- 1. ”Энэ 3-ыг бол бид хэд бүү хэл улс орон даяар мэднэ ээ. Сонгогдоно гэдэгт нь итгэлтэй байна” гэж. Энэ нь Лу. Гантөмөр, Дашжамцын /казино гэхээр бүгд мэддэг дээ/ Баттулга, Та гурвыг хэлж байсан хэрэг. Тэр үг хэлж байхад би 3-уул дэвшиж байгаа юм байх гэж тааж байсан хэрэг. Гэтэл Баттулга бол хотод нэр дэвшиж байсан Бадарсанг танилцуулж, ер нь хуучин тэнд өөрөө нэр дэвшиж байсан хүний хувьд та 3-ыг сурталчилж явсан юм билээ, хожим ойлгохноо. Та 4, 4 үүлээ явсан, тэр үед.
2. Би та хэдийг 4 жилд ганц олдсон боломжоо ашиглан бухимдлаа илэрхийлэн шүүмжилж, зэмлээд авсан, бас. "Яагаад та нар тэр их хурлын гишүүдэд Н.Энхбаярын үеэс олгогдож ирсэн авилгыг хадгалаад, эвлэрээд байдаг юм бэ?!” гэж. Хариуд нь Лу.Гантөмөр яриан дундаа “энд тэнд асуудал тааралдаад байдаг, бас хэцүү байдаг” гэх ухааны юм бувтнаад өнгөрсөн.
3. Би бас хэлж байсан: “За энэ хотод дэвшиж буй нөхрийн нэрийг бол мэдэхгүй. Тогтоолгох гээд ч яахав. Цаана нь Бат-Үүл байгаа болохоор бусад нь ямаа ч байсан сонгогдоно. Бат-Үүл ясны шударга хүн, шударга бус юм хийхгүй байх. Хотын удирдлагыг МАН-ын луйварчдаас л салгах хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Тэр үед Улаанбаатар хот маань гишгэх, явах ч газаргүй, газрын луйвар замаа алдаж иргэдийн хуримтлагдсан бухимдал ч чинээндээ тулсан байсан үе болохоор би ч гэсэн хотын олон оршин суугчдын нэгэн адил тэднийг дээд зэргээр үзэн ядаж байсан хэрэг. Нэмж сануулахад та хэд баруун тийш хүүхдийн тоглоомын талбайн чигт хараад зогсож байсан, би зүүн тийш та нар руу хараад 10-20 иод метрийн зайнаас, олны дундаас юм хэлж зогссон.
Одоо өөрийн тань онцлон анхаарч бодож үзвэл зохих нэг зүйлийг хэлье. Лу. Гантөмөр та 2 олны итгэлийг хүлээж гарсан сайн нэр дэвшигчид мөн нь үнэн ч, зөвхөн та нөхдийн бурхан шиг чанарт болж сонгогчид бид гаргасан биш гэдгийг сануулахаас горьгүй шиг. Тэр тойрогт чинь УИХ-д МАН намаас Чулууны Ганхуяг, Цэдэнбалын Цогзолмаа хоёр бас дэвшиж байсан даа. Тэд чинь муу хүмүүс байгаагүй шүү дээ. Аль аль нь л олны танил, гайгүй нэр хүндтэй хүмүүс. Тэр хоёр МАН намын гишүүд байсан учраас л баталгаатай ялагдсан байхгүй юү.
Жишээ нь, би тэдний сурталчилгааны нэгэн цуглаан дээр очоод дунд нь нэг асуулт тавьсан: “Та нөхөд, энэ Улаанбаатар хотыг утаанаас салгахын тулд энэ утаагүй түлш, утаагүй зуух мэтийн төслүүдийг үргэлжлүүлэх үү?” гэж. Тэгэхэд Ганхуяг нь байгаагүй, нөгөө хотод дэвшсэн нөхөр нь /нэрийг нь тогтоогоогүй/ гадаадад удаан байсан хүн гэж байсан болохоор бодож үзээгүй байсан биз, юу гэж хариулахаа мэдэхгүй байхад нь Цогзолмаа: “Эдгээр ажил үр дүнгээ өгөхгүй байгаа гэж үзэж байгаа” гэж хариулсан юм. Тэгэхэд нь би чухамхүү энэ хариултынх нь төлөө түүний төлөө санал өгчихмөөр байсан ч, яалтай билээ, нөгөө “байгуулсан гавьяаг нь бодвол гэрэлт хөшөө босгомоор байгаа ч даанч харц гаралтай юм даа” гэж кинонд гардаг шиг даанч тэр, хотыг хорин жил засаглахдаа гунигийн балгас болгож хувиргасан МАН-ыг төлөөлж байсан л даа.
Би өөрт тань нэг энгийн арифметикийн бодлого санал болгоё.
Ярих зүйлийн шууд нотолгоо болж чадахгүй ч, хялбар ойлгоход илүү дөхөмтэй болгох байх. Өөрөө зөвхөн ерөнхий сайд байгаад зогсоогүй, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн цэл залуу, цоорхой толгойтой захирал байсан эдийн засагч хүн гэдгийг мэдэх болохоор лав учиргүй сандрахгүйгээр бодчихож чадах байх аа :)
Өгөгдөл:
Нэр дэвшигч бүр хоёр хүчин зүйлээр оноо авч тэднийхээ нийлбэрээр сонгуульд оролцож онооны дүнгээр ялалт байгуулна гэе.
Тэгэхээр 4 нэр дэвшигч хүн бүр хувийн нэр хүндээрээ нэг нэг оноо авна. За яахав, ялсан, бас хуучин гишүүн байсан 2-ынх нь нэр хүндийг бодоод нэг нэг бүтэн оноо өгөөд, нөгөө ялагдсан, бас хуучин гишүүн байгаагүй хоёрт нь тал тал оноо өгье.
Дараа нь намын гишүүнчлэлийн нэр хүндийн хүчин зүйлээр 4 нэр дэвшигч тус бүрт бас л нэг нэг оноо өгье.
Бодъё:
Гантөмөр та хоёрын хэн хэн нь хувийн нэр хүндийн 1 оноон дээр намын нэр хүндийн 1, бүгд 2 оноотой болсон.
Нөгөө хоёр хувийн нэр хүндийн тал тал оноон дээр намын нэр хүндийн 1 оноог нэмэх гэсэн чинь МАН-ыг ихэнх иргэд үзэн ядаж байсан болохоор намын нэр хүндийн 1 оноо нь сөрөг (-) тэмдэгтэй болсон. Үр дүнд нь тэд тус бүрдээ -0,5 оноотой болж ялагдсан.
Одоо төсөөл дөө:
Та хэд байраа сольсон, өөрөөр хэлбэл Гантөмөр та 2 МАН-аас , Ганхуяг, Цогзолмаа хоёр АН-аас нэр дэвшсэн гэж.
Тэгвэл Гантөмөр та 2-ын оноог хүн тус бүрээр гаргавал: Хувийн нэр хүндийн 1 оноо+Намын нэр хүндийн -1 оноо = бүгд дүн нь 0 оноо болно.
Харин нөгөө Ганхуяг, Цогзолмаа хоёрын хувьд: Хувийн нэр хүндийн тал оноо + намын нэр хүндийн 1 бүтэн оноо = дүн нь 1,5 оноо болно.
Хардаа, Гантөмөр та хоёр МАН-аас, нөгөө 2 AH-аас нэр дэвшсэн бол та 2 биш, Ганхуяг, Цогзолмаа хоёрын гарах магадлал илүү болчихож байгаа биз? :)
Эндээс харсан ч гэсэн таны их хурлын гишүүний суудал зөвхөн таны мэдлийнх биш юмаа. Таны сонгогчидтой байгуулсан гэрээний үр дүн. Танаас гадна танаар дамжуулж бид АН-ыг сонгосон хэрэг, бас. Тийм байхад та, хэдийгээр өөрийнхөө хувьд гэгээн сайхан зорилго тавьсан байлаа ч гэсэн, ганцхан хувийнхаа шийдвэрээр сонгогч бидний, цаашилбал улс орны удаан хугацааны эрх ашгийг хувь заяаны урсгалд зөнд нь орхиж, хөсөр хаяж болох уу?! Та ганцаараа нэг тал ч болж чадахгүй. Та АН-тай нийлж байж л нэг тал болно.
Тиймээс та эхлээд таныг нэр дэвшүүлсэн АН-аас, дараа нь таныг сонгосон биднээс зөвшөөрөл авч байж бидний саналын үр дүнгээс татгалзаж сонгуулиар байгуулсан гэрээг цуцлах эрхтэй болно. Энэ асуудалд чухамхүү ийм байр сууринаас хандах нь шударга, бас зөв болно.
Иймээс эрхэм гишүүн таныг сонгогч бидэнтэй сонгуулиар байгуулсан гэрээгээ бүтэн нэг тал ч болж чадахгүй өөрийнхөө хувийн шийдвэрээр хүчингүй болгож, агуулгаараа эрх зүйн чадамжгүй, бас жудаггүй зан гаргахгүй байж, улс орны эрх ашгийг бүхэлд нь хөндсөн асуудалд хариуцлагатай, ул суурьтай хандахыг шаардаж байна.
23-Р ТОЙРГИЙН ЗАРИМ СОНГОГЧДЫГ ТӨЛӨӨЛЖ
ДУГААР ХОРООНЫ ИРГЭН, СОНГОГЧ БЖ /Бийжей гэж дуудаж болно/
Ням, 2013 оны 11 дүгээр сар 17
Улаанбаатар хот