2013-11-16Жиргээчдийн сүлжээнд нэгдсэн хүмүүс аль болох олон хүн дагуулахыг хүсдэг. Гэхдээ энэ нь тийм ч амархан биш.
Ихэнхдээ хүмүүс Twitter-ын “Profile summary” хуудсыг богинохон хугацаанд үзээд “Follow” товчыг дарах үгүйгээ шийддэг байна. Энэ богинохон хугацаанд л бусдад таатай сэтгэгдэл төрүүлж чадах хэрэгтэй ажээ.
Ингэхийн тулд яах хэрэгтэйг нийгмийн сүлжээний мэргэжилтэн танд зөвлөж байна.
1. Сүржин нэр хоч зүүхгүй байх
Өөртөө “Social media guru”, “expert” гэх мэт сүржин нэр өгөхгүй байсан нь дээр. Нийгмийн сүлжээ, технологи тасралтгүй хѳгжиж, суралцах шинэ зүйлс байнга бий болж байдаг тул ийм profile үүсгэх нь бусдыг үргээх аюултай. Үүнийхээ оронд илүү бүтээлч, загварлаг илэрхийлэл нь хүмүүст таалагдана.
2. Өндөг шиг харагдаад хэрэггүй
Өндөг шиг харагдах нь яавч сайхан санаа биш. Хүмүүс голдуу уг profile-ын цаана байгаа хувь хүнийг нь сонирхдог. Тиймээс таны profile-ын зураг нь “өндөг”, эсвэл хэн нэгэн алдартан, өөр этгээд, элдэв дүрс байх нь маш их эрсдэлтэй. Цэвэрхэн гарсан GIF форматтай зургаа оруулах нь хамгийн зѳв. Учир нь олон төрлийн компьютер, гар утас зэрэг төхөөрөмжийн дэлгэцэнд аль болох алдаагүй жигд дүрслэгдэх магадлал өндөр.
Дүрслэгдэх талбайн хэмжээ жижиг хэмжээтэйг бодолцож мөр толгой багтсан цээж зургаа оруулбал хамгийн тохиромжтой.
3. Харилцан дагадаг төрлийн хүн байх хэрэггүй
Bio дээрээ дагасан болгоныг эргэж дагана гэсэн амлалт тавих нь хүмүүсийг төдийлөн татахгүй. Twitter бол ямар нэгэн ач тусыг нь санаж, хүмүүсийг сохроор дагадаг хэрэгсэл биш. Харин хувь хүний зөвхөн өөрөө л бүтээж чадах онцлог контентын урсгал бий болгож, түүгээрээ хүмүүсийг татах тухай асуудал билээ. Чамайг дагасан хүмүүсийг заавал дагах албагүй. Энэ нь тийм ёс зүйгүй үйлдэл биш.
Хэрвээ ийм шалтгаанаар олон дагагчтай боллоо гэхэд таны үүсгэх контентын урсгал сонирхсон хүмүүстээ хүрэхгүй, үнэ цэнээ алдах болно.
4. Дагагч, дагуулагчийн харьцаа зохистой биш байх
Та маш олон хүнийг дагаж, таныг маш цөөхөн хүн дагасан байвал ихээхэн сэжиг төрүүлнэ. Өөрөөр хэлбэл таныг СПАМ явуулдаг этгээд гэж ойлгоод дагахаас зайлсхийнэ.
5. Bio-гоо гуравдагч этгээдээр бичүүлэхгүй байх
Магадгүй таны намтрыг гуравдагч этгээдийн байр сууринаас харж бичих нь илүү мэргэжлийн, албан ёсны мэт харагдах байх.
Жишээ нь: “Нөхөр Дорж нь бол нийгмийн сүлжээний том төлөөлөгч мөн” гэдэг ч юм уу.
Гэхдээ Twitter бол хувь хүнийг илэрхийлдэг хэрэгсэл тул өөрийн зүгээс бичих нь зөв. Эс бөгөөс таныг хэт ихэрхүү, хямсгар харагдуулж, хүмүүсийг өөрөөсөө үргээх болно. Энгийн, даруу, хөгжилтэй bio байх нь хүмүүст таалагдана.
6. Хэт олон жиргээ хүмүүсийг айлгана
Twitter 2006 оны дундаас ажиллаж эхэлсэн үйлчилгээ. Та хэрвээ Twitter-ын анхдагч байгаад өдөрт дунджаар 3 удаа жиргэсэн гэж тооцвол энэ тоо таны хувьд 8000 орчим байна. Үүнээс хэтэрвэл таны статистик дунджаас дээгүүрт тооцогдоно. Харин энэ тооноос хамаагүй илүү байвал хүмүүс таныг дагах эсэхдээ эргэлзэж магадгүй юм.
7. Өөрийгөө магтагч, алдар нэр горилогч байх нь муу талтай
“Profile summary” дээр сүүлийн хоёр жиргээг харуулдаг. Бидний судалгаагаар өөрийгөө дөвийлгөгч, алдар нэрний хойноос улайрагчдад жиргээчид таагүй ханддаг нь батлагдсан.
Хэрвээ таны сүүлийн хоёр жиргээ нь таньд ирүүлсэн магтаал, тал зассан үгс зэргийг Retweet хийсэн байвал хүмүүс дагах эсэхээ дахин бодож үзэх магадлал өндөр.
8. Автомат жиргээнүүд
Та цагийн хуваариар урьдчилсан хөтөлбөрийн дагуу автоматаар жиргэдэг бол, өөрөөр хэлбэл ямар нэг робот таны өмнөөс жиргэдэг бол үр дүн сайнгүй байх болно.
Хүмүүс бодит цагт, таны жинхэнэ дуу хоолойг сонсохыг хүсдэг.
Үүнээс гадна Twitter бол зөвхөн нэг урсгалтай хэрэгсэл биш, таны оролцоо, бусдын жиргээнд үзүүлэх хариу үйлдэл чухал билээ.
9. Арилжаа наймаа хийдэг бол
Та ямар нэг бараа зардаг, маркетинг хийдэг, энэ тухайгаа bio дээрээ бичсэн бол мөн олон хүнийг татахгүй байх магадлалтай.
10. DM spam хийдэг бол
Хэн нэгэн таныг дагамагц хариуд нь хувийн сурталчилгааны автомат DM ирдэг бол шинэхэн дагагчаа буцааж алдах магадлалтай. Дөнгөж дагаад байгаа хүндээ дагасанд нь талархахын хажуугаар ямар нэгэн линк дээр дарахыг шахах нь бүдүүлэг явдал.
Ийм улиг болсон сурталчилгааны аргаас татгалзахгүй бол дагагчдаа алдах магадлал өндөр болно.
http://www.ikon.mn/n/69