2013-11-16Хэлний дүрэмд өөрчлөлт оруулах “хошин шог” сүүлийн үед тоглогдож эхлээд байгаа. Хүмүүсийн элгийг ч хөшөөж эхэлж
байх шиг байна. Эх хэлээрээ “оролдох” ажилд 20 орчим эрдэмтэн оролцож байгаа бололтой. Тэд цагаан толгойн үсэгнээс Щ, Й-г авч хаяад, зөөлөн, хатуугийн тэмдгийг зөвхөн гадаад үг бичихэд л ашиглах гэж байгаа юм.
Тэгвэл энэ талаар МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Өнөрбаян өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Кирил монгол бичгийн дүрмийг боловсронгуй болгох асуудлыг зохиосон цагаас нь эхлээд л ярьж байсан. Янз бүрийн санал ч олон гарч байлаа.
Тэр утгаараа бид хэлний дүрмийг өөрчилж, зөв бичих дүрмийг журамласан толь гаргах хэрэгтэй гэж үзсэн. Гаргасан толио эрх бүхий байгууллагаар батлуулж, УИХ юм уу, Засгийн газрын хэмжээнд энэ толь бичгийг албан ёсоор хэрэглэнэ гэсэн эрхзүйн бичиг баримт гаргаж байж боловсронгуй болгох ёстой. Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон кирилл монгол бичгийн дүрэм маш олон ололттой.
Гэхдээ маш олон салангид дүрэм ихтэй. Жишээ нь, гээгдэх, гээгдэхгүй эгшгийн тохиолдол, зөөлний тэмдэг И болох, болохгүй тохиол гээд. Энэ дүрмүүдээ Ц.Дамдинсүрэн гуай өөрөө хүртэл цаашид боловсронгуй болгоё, дутуу дулимаг юм их бий гэж хэлж байсан.
Тийм учраас одоо гажилт багатай, эх хэлнийхээ онцлогийг тусгасан, үгийн бүтцийг эвдэхгүй байх зарчмыг баримталсан өөрчлөлт оруулж байна, манай ажлын хэсэг. Харин яг тэдэн сарын тэднээс энэ дүрмийн өөрчлөлтийг оруулна, тэр үеэс эхэлж мөрдөнө гэдэг шийдвэрийг бид гаргахгүй.
Бид кирилл монгол бичгийн дүрэмд хийж байгаа өөрчлөлтийг мэргэжилийн эрдэмтдийн хүрээнд, урьд өмнө нь гарсан, хамгийн олон давтагдаж байгаа саналыг тусгаж хийж байна. Төслийн хэмжээнд үгийн бүтцийг өөрчлөхгүй байх үүднээс гээгдэх, гээгдэхгүй эгшгийг өөрчилж байгаа.
Дээрээс нь, зөөлний тэмдгийг И үсгээр сольж байгаа. Ийм хоёр үндсэн өөрчлөлт орж байгаа. Мөн хатуу зөөлний тэмдэг, Й, Щ зэрэг үсгийн хэрэглээг хязгаарлаж байгаа. Зөвхөн гадаад үг бичихэд л хэрэглэнэ гэж зааж өгсөн. Энэ асуудал төслийн хэмжээнд л явж байгаа.
Бид дүрмээ боловсруулчихаад, журамласан үгийн толио хийчихээд, эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Тэд шийдвэрээ гаргах байх” хэмээн ярьжээ. Ямар ч байсан хэсэг бүлэг эрдэмтэд эх хэлний дүрмийг өөрчлөх төсөл боловсруулаад сууж байна. Харин УИХ-ын гишүүд энэ асуудалд ямар байдлаар хандах нь сонирхолтой байгаа юм.
Судлаач Г.Ням-Очир
Г.Ням-Очир: Ядуу эрдэмтдийн цалингаа нэмүүлэх гэсэн арга
Дүрэм өөрчлөх багийн төлөөлөл дээр дурьдсан маягаар янз бүрийн зүйл ярьж, өөрсдийнхөө байр суурийг хамгаалж байгаа. Тэгвэл олон судлаач, эрдэмтэд энэ өөрчлөлтийг буруу гэж үзэж байгаа. Тухайлбал, судлаач Г.Ням-Очир “Монгол Улсын Засгийн газраас, хуулиар баталгаажуулсан ганцхан үсгийн дүрэм байгаа.
Тэр нь Ц.Дамдинсүрэн багшийн гаргасан дүрэм. 1985 оны үед зөв бичих дүрмийн толь гаргаж, журамлаж байсан юм. Өнөөдөр зөв бичих дүрэм өөрчлөх зөвлөлд байгаа таван хүн бүгдээрээ нийлээд ч Да багшийн дайнд хүрэхгүй. Энэ цаг үед Монгол судлалыг хөгжүүлье, цаашаа хөгжөөд явъя гэвэл Да багшийн дүрэм гай болохгүй.
Харин ч сайн дүрэм. Энэ хүмүүсийн өөрчилснөөр дүрмийг баталлаа гэж бодъё. Тэгвэл зөв, буруу бичиж эхэлнэ. Хэлний аюулгүй байдал, цаашлаад үндэсний аюулгүй хөндөгдөнө. Тийм учраас энэ бол үндсээрээ буруу. Тэгээд ч энэ хүмүүсийн дунд монголчуудын 100 жилийн бичиг соёлын түүх, тэр хугацаанд ямар судар ном бүтээснийг судалдаг судлаач, шавь төрүүлсэн хүн нэг ч байхгүй.
Зүгээр л их, дээд сургуульд монгол хэл, монгол бичиг заадаг л байсан төдий хүмүүс. Өнөөдөр мэргэд ховордсон үед академич, эрдэмтэн цол зүүчихээд л явж байгаа болохоос биш. Би хатуу хэлнэ. Академич Д.Төмөртогоо 2.7 сая хүнээс зөрж өөрийнхөө дүрмээр бичдэг хүн шүү дээ.
Энэ бол бичиг үсгийн гэмт хэрэг. Бидэнд үүнээс илүү хийх ажил байгаа. Ер нь монгол судлаачид ядуу. Ядуу, жижиг буурай улсын ядуу эрдэмтдийн цалингаа нэмүүлэх гэсэн арга л гэж харагдана. Тиймээс арай өөр арга зам сонгож авах хэрэгтэй. Хэл гэдэг маш эмзэг.
Ердөө нэг л үг үсэг зөрүүлж бичихэд утгын маш том алдаа гардаг. Тийм болохоор дүрэм өөрчилвөл маш их зардал гарна. Бид Оюутолгой, Тавантолгойгоос мөнгө олж байгаа бол үсэг өөрчлөх мэт жижигхэн зүйл зарцуулж байснаас арай томхон зүйлд зарцуулсан дээр биз дээ” хэмээн ярьсан байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Ц.Оюундарь
Ц.Оюундарь: Олон хүнийг төлөөлж үүрэг хариуцлага хүлээсэн УИХ-ын гишүүн ийм шийдвэр гаргах ёсгүй
Хэлний асуудлаар эрдэмтэд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байх зуур УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын талаар ч өөрийн байр сууриа илэрхийлсэн хүн цөөнгүй байлаа. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Р.Амаржаргал УИХ-ын гишүүнд өрсөлдөxөөр нэр дэвшиxдээ Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын xэдэн арван мянган гишүүдийг төлөөлсөн намын xорооны xурлаар орж, нэр дэвшиx эрxээ авч, улмаар AH-ын төлөөллийн төв байгууллага болоx ҮЗХ-ны xурлаар үүнийгээ баталгаажуулж байсан.
Сүхбаатар дүүргийн xэдэн зуун мянган иргэдийг төлөөлөн төрийн эрx бариx дээд байгууллагад орж ажиллана xэмээн гарч ирсэн. Иймд УИX-ын гишүүнээс татгалзана гэдэг зүгээр нэг xувь xүнийxээ xувьд гаргаад байдаг шийдвэр биш гэж би xувь xүнийxээ xувьд үзэж байна.
Иргэн xүн төрийн шийдвэр гаргаx үйл явцад төлөөллийн ардчиллын зарчмаар өөрийгөө xамгийн сайн төлөөлж чадна гэж итгэсэн xүний төлөө саналаа өгч оролцдог.
Эдгээр xүмүүсийн итгэл, сонголтыг УИХ шийдвэр гаргахдаа нухацтай бодоx ёстой. Дайны цагт бол тулаанаас няцаж өргөдлөө өгсөн дайчны хүсэлтийг “За энэ xувь xүний л xэрэг юм даа” гээд шууд хүлээж авдаггүй.
Хэдий шантрах үе тохиолдовч тулааны талбарыг сайн дураар орхих эрх ялангуяа олон зуун мянган сонгогчдыг төлөөлж үүрэг хариуцлага xүлээж тангараг өргөсөн УИХ-ын гишүүн xүнд байх ёсгүй. Иймд УИХ Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээж авахгүй байx гэж би хувьдаа найдаж байна” хэмээн ярьжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
Ж.Батзандан: Би харамсаж байна
“УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг ийм шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргасанд миний бие харамсч байна. Р.Амаржаргал гишүүн шиг мэдлэг боловсролтой, үзэл бодолдоо тууштай хүн Монголын төрд хэрэгтэй гэж би боддог.
Тиймээс ч би Р.Амаржаргал гишүүнд хандаж “энэ хүсэлтээ эргэж хараач” гэж хэлмээр байна. Түүний хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломж хомс байна гэсэн зүйл ярьж байсан” хэмээн Ж.Батзандан гишүүн хэлжээ.
Өнөөдөр УИХ-д сууж байгаа 76 гишүүнээс эдийн засгийн ухааны мэдлэг, чадвараараа хамгийн мундаг нь Р.Амаржаргал гишүүн хэмээн онцолдог. Тиймдээ ч “төрд хэрэгтэй зайран” гэж тодотгох нь ч бий. Ийм хүнээ АН зүгээр нэг явуулчихгүй нь мэдээж.
Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга ч гэсэн хатуухан үгээр сануулж, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж болохгүйг сануулж байгаа. Мөн нам нэгт нөхдүүд нь ч гэсэн явуулахгүй байх талаас нь ярьж, хэлж эхэллээ. Нам, гишүүн хоёрын дунд юу болсон бэ гэсэн хардлага яваад байгаа. Гэхдээ л асуудал арай өөрөөр, үндсэндээ Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээ хэвээр хадгалж үлдсэнээр төгсөх болов уу.