2013-11-15Ж.Оюунцэцэг.
(Монгол ахуйн зан заншлыг , монгол үг хэллэгийг хүүхдүүдэд таниулах гэсэн шинэ цагийн үлгэр)
- Ээжээ би маргааш аавтай цуг ороо буурлыг барих шургуу* үзэж болох уу?
- Болноо болно,миний хүү аавдаа хань болоод яваад ир.
- Манай эндээс Сараана, бас Сүмбэн явна гэж байна лээ.
- Өө, ямар сайхан юм бэ. Найзуудтайгаа морь уургалахыг үзэх сайхан шүү.
- Би ямар дээл өмсөх вэ?
- Наадамд өмсөг гээд ээж нь хүүдээ хүрэн тэрлэг хийсэн. Түүнийг өмсөөд яваарай.
- Баярлалаа,ээж ээ.
- Миний хүү энэ жилдээ хотгор хулаа унана шүү.
- Яагаад миний морийг хотгор хул гэсэн юм бэ?
- Яахав дээ, Хотгор хул нь чамайг морьдоход унагаачих вий гэсэн шиг хотойдог ухаантай морь. Хүүхдэд ээлтэй сайхан морь доо. Тэгээд л хотгор хул гэдэг нэр өгсөн юм.
- Хөөе ээжээ, Аав ирж явна.
- Өө,тийм байна.
Ээж нь аавыг угтан очиж,
- Та чинь юун морьтой ирээв?
- Доригийн адуунаас нэг эмнэг морь авч унаад ирлээ. Цоо эмнэг морь амар байдаг юм.Элдэв муу зан сураагүй.
- Тиймээ,хэдэн муу морьдынхоо нурууг хааяа ч гэсэн амраахүй бол энэ хавар баахан хатуурхаж магад
- Тиймээ,чи чинь миний бодлыг уншсан юм шиг мэдэж байх шив.
- Маргааш хойд биенийхэн Хишиг-өндөрт цугларч
Ороо буурлыг барих шургуу хийнэ гэж таньд дуулгасан шүү.
- Тэр хөө. Их сүргийн ороо буурал гэдгийг чинь морь унаж,мод барьсан хэнбугай ч толгойд нь хуйв хүргэж чадаагүй гэдэг шүү.Ороо буурал нас нийлээд* хэдэн ч жил болов доо.
( Банхар эзнийхээ ганзага дүүрэн ирсэнд баярлан хоёр ооно тэгнэсэн морины энд тэнд гарч сүүлээ шарван гүйнэ.)
Маргааш нь Их сүргийн ороо буурлыг барих шургуу хийх нь гэдэг зар сонссон адуучин, уургач эрчүүд толгойдоо салхинаас бусдыг хүргэж үзээгүй ороо буурал морийг барихаар уурга хуйваа* засч янзлан, уургын мордоо* хөтлөн болзсон газар цуглажээ.
Олон адуу цуглуулан олуул нийлж шургуу хийх гэдэг нь нэгэн ёсны эр хүний баяр бахдлын шалгуур билээ.Энэ шургуу наадамд Таху баян ирсэн байлаа.
Таху баян Бумбардайн аав аварга Батад морины толгойд хуйв хүрэв үү, үгүй юу налсхийтэл суугаад өгдөг уургын урт улаан морийг барьж өгчээ.
Шургуу хийхээр цугларсан олон уургачдыг Их сүргийн
адуучид зогсох байх газрыг нь заан өгч,адуугаа хэдэн давхар үүдлэхэд* Хишиг –өндөр уулын эгц ар өөд асаасан олон адуун дундаас намайг барих нь хэмээн анир авсан ороо буурал олон адуун дундаас цээжээ өндөр өргөн чихээ соотойлгоод хэсэг содон морьдын хамт газрын уруу шахагдан хуй салхи* мэт довтолгон дайрчээ.
Бумбардайн зүрх түг түг цохилоно. Бумбардай аавыгаа нүд салгахгүй харж байлаа.
Чухам энэ шахааны үүдэн дээр зогсч байсан Бумбардайн аав зэрэгцээ гурван морины цаад талд нь хошуу өлгөн шудран гарсан ороо буурлын толгойд оонын суран хуйваа ганцхан даялаад оров уу үгүй юу гэтэл галавхийн угзрахад давхиан дундах гурван морь ханаран унав. Энэ унах хүчинд эмээлийнх нь хойд угсуурга* пидхийн тасарч тонгосхийхэд уургач улаан урд хоёр хөлөөрөө сөхөрч өгөв гэнэ.
Бумбардайн аав уургаа алдалгүй тогтоон, морио хөлөөрөө хавчин чирэгдэн тэгсхийгээд тогтоход, адууны захад ганган хул морь унан зогсч байсан Таху баян,
- Хүүе хүүе,уургын улааныг минь алах нь. Алив таминь хурдлаач,ороо буурлыг бариач гэж шавдуулав.
Залуу адуучид ороо буурлыг тогтоон барьж авчээ.
Таху сая нэг тайвширч Бумбардайн аав дээр ирэн,
- За аварга минь таны энг гүйцэх нэг сайн уургын морь бэлдэхгүй бол болохгүй нь байна шүү. Таныг унахаар миний уургын урт улаан даага шиг л харагдаж байна гээд таатайяа инээв.
- Таны сүргийн ороо буурлыг би уургалж барилцах ёстой байжээ.Аргагүй л зүтгэж байдаг шүү. Эмээлийн угсуурга тасраагүй бол ч уургын улаан унахгүй л дээ гээд эмээлээ авч уургын улааныг адуунд нь тавихаар хазаарыг нь мултлаад магнайг нь гараараа нэгэнтээ шудрав
- Аргагүй л уургын морь байна даа,хөөрхий гэж.хэллээ.
Бумбардай аав руугаа гүйн очиж тэврэн авч баяр хүргэв.
Бумбадай аавтайгаа цуг ороо буурлыг уургалж аварга болсон мэт хөөр баяртай байлаа
Маргааш Сараанад ярина даа. Өнөөдөр Сараана яагаад ирээгүй юм бол доо? Хэрээ ирсэн бол миний аавын хүч чадлыг бахархан харах байсан даа.
Би ийм хүчит аавын хүү юм чинь Сараана,Сүмбэн хоёртой уралдахад заавал түрүүлэнэ дээ. Удахгүй л наадам болоосой гэж бодоод аавынхаа араас гүйн одлоо.
Шургуу--- Ороо морийг уургалахыг хэлнэ. Морь сайхан уургалах гэдэг монгол эр хүний нэгээхэн гайхамшиг болно.
Нас нийлээд----- Нас бие гүйцээд гэсэн утга.
Хуйв---- Уурга шилбүүрийн үзүүрт уядаг сур,оосор.
Үүдлэх---- Хэд хэдэн суурь адуу хураагаад олон уургачид тал талд нь үүд гарган , түүний аль нэгээр уургачийн самбаа алдуулан цойлон дүүлэн гарах ороо морийг уургалан барих арга юм.
Хуй салхи----Хэсэгхэн газрыг хамран эрчилсэн агаарын хуйлрал.